Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 16

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02895 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б-т холбогдох

Худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 345 775 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт 140 570 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагч Л.Б-, түүний өмгөөлөгч Д.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О-, Л.Б- нар 2016 оны 2 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд мөнгө болон тамхи зээлдэг, буцааж шилжүүлдэг харилцаатай байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Бичгээр хийсэн гэрээ байхгүйг бид мэддэг. Л.Б-аас нийт 722 092 800 төгрөг зээлсэн. Үүнээс хугацаандаа 914 530 000 төгрөг төлж ямар ч тооцоогүй болсон. Олон хүнтэй харьцаж, тооцоо нийлээгүй явж байсны улмаас үндэслэлгүйгээр 345 775 000 төгрөгийг илүү шилжүүлсэн гэж үзэж байна. Тамхиа авахын тулд эхлээд мөнгөө өгдөг байсан, ийм байдлаар явж байгаад олон хүнээс мөнгө шилжсэн учраас зөрүү гарсан. Иймд илүү төлсөн 345 775 000 төгрөгийг Л.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Б-, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Л.Б-, Б.О- нар 2016 оны 2 сараас эхэлж 2017 оны 5 сарыг хүртэл хугацаанд бизнесийн харилцаанд орж, зээлийн харилцаатай байсан. Б.О- нь Л.Б-аас тамхи зээлээр авдаг, бэлэн мөнгө хүүтэй зээлж авдаг байсан. Нэлээн мөнгөн дүн өндөртэй харилцаа үүссэн. Л.Б- 387 062 800 төгрөгийн үнэ бүхий тамхийг Б.О-д зээлээр худалдсан. Тамхи хүлээлгэж өгч байсан талаар Л.Б-ын хар тэмдэглэлд бичигдсэн. Бэлэн мөнгөний зээл бол Б.О-ын хүсэлтээр олгогдож байсан, хүүтэй зээл байдаг. Худалдааны захууд дээр тогтсон зээлийн харилцаа байдаг. Тодорхой хэмжээний мөнгийг аваад богино хугацаанд өгдөг, ийм байдлаар 396 030 000 төгрөг зээлсэн байдаг. Л.Б- бол Б.О- гэж бичсэн мөнгөө ялгаж ярьж байгаа. Энэ зээлүүдийг нийлүүлээд тооцвол 783 092 800 төгрөг болж байгаа. Б.О-аас энэ мөнгөнүүдийг эргүүлж Л.Б-т төлдөг. Бэлэн мөнгөний зээл дээр хүүтэй зээлдэг байсан. Зээлийн гэрээ энэ гээд үзүүлэх баримт байхгүй ч гэсэн Б.О- бэлэн мөнгөний зээлээ хүүтэй зөвшөөрч аваад буцаагаад хүүтэй нь өгдөг байсан. Тухайн үедээ бүрэн хэрэгжээд, дуусаад явж байсан, сүүлд 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.О- нь Л.Б-аас 90 000 000 төгрөгийн тамхи,               50 000 000 төгрөг бэлнээр зээлж авах үед өглөг авлагын тооцоо дууссан, ямар нэгэн тооцоогүй болсон байхад Б.О- хүсэлт гаргаж дээрх зүйлийг авсан. Б.О- бол Л.Б-т үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. 914 000 000 төгрөг шилжүүлсэн гэж байна, тийм зүйл харагдахгүй байгаа. Л.Б- болон түүний ээжийн дансны хуулга хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг байгаа, шүүж үзэхэд тийм мөнгөн дүн гарахгүй байгаа. Нэхэмжлэл өөрөө тодорхой байх ёстой, 345 700 000 төгрөг нэхэж байна үүний хэд нь тамхиных юм, хэд нь зээлийн мөнгө вэ? гэдгийг ялгаж тодруулах шаардлагатай. Зээлийн олон удаагийн харилцаа байгаа. Энэ бүгд дээр хүү тооцож төлдөг байсан. Хүүг бичгээр тогтоох зүйл яриад байна. Хэдэн зуун сая төгрөг огт хүүгүй зээлдэг харилцаа байхгүй. Б.О- Л.Б- нарын хооронд аман зээлийн гэрээ байгуулагдаад, хэрэгжээд дууссан. Зээл болгон дээр хүүгээ төлөөд л яваад байсан, ямар нэг хэл амгүй биелүүлснийхээ дараа огт хүү байдаггүй байсан гэж үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч Л.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хувиараа тамхины наймаа хийж байх хугацаандаа Б.О-д бараа зээлээр өгдөг байсан, үүнийг Б.О- өөрөө мэднэ, 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 90 570 000 төгрөгийн бараа авч дээрээс нь 50 000 000 төгрөг авсан байж аваагүй мэт ярьж уг мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцэн тохиролцсон хугацаандаа өгөөгүй. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр надаас 145 890 000 төгрөг нэхэмжилж байгаа нь худал хэлж гүтгэж байна. Иймд Б.О-аас 140 570 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ 50 000 000 төгрөг, 90 570 000 төгрөгийн тамхийг зээлж авсан, хүлээн зөвшөөрч байгаа. Манайх энэ мөнгийг урьдчилаад өгсөн, 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 58 000 000 төгрөг бэлнээр, 4 020 000 төгрөг дансаар шилжүүлсэн, 5 дугаар сарын 03-ны өдөр М.Ариунцэцэг гэх хүний данснаас Л.Б-т Б.О-аас гээд 30 000 000 төгрөг шилжүүлсэн. Тамхины мөнгө бол ингэж төлөгдөөд дууссан, зээлийн мөнгөний тухайд илүү шилжүүлсэн мөнгө байсан, түүндээ суутгаад төлсөн гэж ойлгож байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Л.Б-аас 345 775 000 /гурван зуун дөчин таван сая долоон зуун далан таван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Б.О-аас 140 570 000 төгрөгийг гаргуулан Л.Б-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан Б.О-ын төлсөн 2 202 800 төгрөгөөс 2 197 725 төгрөгийг, Л.Б-ын төлсөн 860 800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 5 075 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан Б.О-д, Б.О-аас 860 800 төгрөгийг гаргуулан Л.Б-т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн Б.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарт хэлсэн үгийг дутуу, мөн хэлэгдээгүй үг оруулж бичиж, тайлбарын утга санааг илэрхий алдагдуулсаи байна.Улмаар энэ нь шүүхийн дүгнэлт, шийдвэрт нөлөөлж шийдвэр илтэд утга агуулгын хувьд алдаатай бичигдэж, нэхэмжлэгч миний эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчсөнийг засуулах боломжгүй байна. Шүүх хуралдаанд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай тайлбар гаргахдаа "хариуцагчтай 2016 оны 2 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын дунд хүртэл зээлийн болон бизнесийн харилцаатай байсан. Мөнгө, тамхи зээлдэг, буцааж мөнгө шилжүүлдэг зээлийн харилцаатай байсан. Үүнээс болоод нилээд олон хүнээс мөнгө шилжүүлэгдсэн байдаг. ...дансны хуулгаар тооцоо хийгээд үзэхээр Л.Б-аас нийт 722 092 800 төгрөгийн зээл авсан байдаг, үүнийгээ буцаагаад хугацаанд нь зээлүүдийг төлсөн ба нийт 914 530 000 төгрөгийг буцаагаад хийчихсэн байдаг. Тэгээд ямар ч тооцоогүй гээд бодоод яваад байгаа. Гэтэл энэ харилцаанд нь нилээд олон хүмүүс оролцож мөнгө шилжүүлж байсны улмаас... мөн Л.Б- нь тооцоо нийлээгүй, тооцоо нийлэхгүй байсны улмаас 345 775 000 төгрөгийг Б.О- илүү шилжүүлчихсэн байдаг. Мөнгө ч зээлдэг, бараа ч зээлдэг, буцаагаад бараагаа авахын тулд эхлээд мөнгөө өгдөг байснаас үүссэн илүү шилжүүлэгдсэн мөнгө. Сая гаргаж өгсөн хүснэгтэд тодорхой харагдана. Яагаад ингээд зөрүү гарч ирсэн бэ гэхээр нилээд олон хүнээс мөнгө шилжүүлэгдсэн төдийгүй эхний бараагаа авахын тулд эхлээд мөнгөө шилжүүлдэг байсантай холбоотой" гэж ярьсан атал шүүх хуралдааны тэмдэглэлд “722 092 800 төгрөг зээлээд, үүнийгээ буцаагаад хугацаандаа 914 530 000 төгрөг болгож төлөөд ямар тооцоогүй байж байтал олон хүнтэй харьцаж, тооцоо нийлээгүй явж байсны улмаас 345 775 000 төгрөгийг илүү шилжүүлсэн байдаг" гэж ярьсан зүйлийн утга, агуулгыг илтэд өөрчилж бичсэн байх ба шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт мөн ингэж оруулсан байна. Ийнхүү шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг зэрэг нь хуульд заасан хугацаанд танилцах шаардлага хангасан байдлаар гараагүйн улмаас Б.О- би эдгээртэй шүүхийн шийдвэр баталгаажсантай зэрэгцэн танилцсан. Гэвч энэхүү алдаатай бичигдсэн тэмдэглэлд өөрчлөлт оруулах, шүүхийн шийдвэрт зөв тусгуулах боломжгүй болж эрх ашиг маань ноцтой зөрчигдсөн юм. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч, түүний өмгөөлөгч нэхэмжлэгч Б.О-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хүсэлтэд тайлбар гаргасан байх боловч шүүх шийдвэрлэлгүй үлдээсэн. Бодит байдал дээр Б.О- миний бие Л.Б-ын тамхийг зарж өгч түүний борлуулалтын орлогыг нэмэгдүүлж өгдөг бизнесийн харилцаатай байсныхаа тухайд түүнээс мөнгө зээлж өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэхийн зэрэгцээ тамхины орлогыг ч тодорхой хугацаагаар ашиглаад буцаан өгдөг байснаас биш түүнээс хүүтэй зээл авч байгаагүй болно. Энэхүү харилцааны төлбөр тооцоог бид дансаараа л авч өгөлцдөг байсан ба тодорхой хэдхэн тохиолдолд бэлнээр өгч авалцсан байдаг. Мөнгө илүү шилжүүлсэн гэдгээ нэхэмжлэгч би мэдэж байсан. Харин би яг хэдэн төгрөг шилжүүлснээ сайн тооцож чадахгүй байсан тул би түүнтэй тооцоо нийлэхийг хүсч байсан. Энэ нь шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан СD-д үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдох ба уг бичлэгийг шүүх хуралдаанд бүрэн эхээр нь шинжлэн судлуулсан болно. Мөнгө шилжүүлэгдсэн шалтгаан нь Л.Б-аас тамхи авахдаа өөрийн биеэр очиж авч байгаагүй утсаар яриад Г.Амартүвшин, Г.Эрдэнэбилэг гэх хүмүүсийг хөлслөн тээвэрлүүлж, борлуулагч Н.Мандахбаяр. Н.Нямжав нарт шууд хүргүүлдэг байсан. Харин тамхины орлогыг болон тамхи захиалж авч байгаа мөнгийг, мөн түүнчлэн өөрийн зээлсэн мөнгөний зарим төлбөрийг өөрөөс гадна Н.Мандахбаяр, Ч.Хишигмаа, Н.Нямжав, М.Ариунцэцэг, С.Нямлхагва. С.Оюунчимэг нараас Л.Б-ын дансанд шилжүүлүүлдэг байсан нь зөвхөн Л.Б-ын дансаар л харагддаг. Гэтэл Л.Б- илтэд шунахай зан гаргаж, данс руу нь бэлэн шилжүүлсэн орлого болон дээрх хүмүүсээр шилжүүлүүлсэн орлого, төлбөрийн мөнгийг тооцоонд оруулахгүй их хэмжээний мөнгө илүү шилжүүлснийг нуун дарагдуулж, тооцоо нийлэхгүй байсны улмаас маргаан гарч, шүүхэд хандсан юм. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст өгсөн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр /хх-ийн 153-155/, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр /хх-ийн 156-157/ мэдүүлгүүдэд Л.Б- нь "...Б.О- надаас нийт 320 сая төгрөгийн тамхи авч 240 сая төгрөгийн тамхины мөнгийг надад өгсөн, харин 90 сая төгрөгийн тамхины тооцоо, 50 сая төгрөгийг авах авлагатай юм..." гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр энэхүү иргэний хэрэгт Л.Б-ын өгсөн зээлээр худалдсан тамхины тооцоо буюу 319 295 000 төгрөгийн тооцооны хүснэгтээр /1хх-ийн 181/ харагддаг. Би 319 295 000 төгрөгийн тамхи авснаа  хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Л.Б-аас гадна нь гэрч Г.Амартүвшингийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст өгсөн 2017 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн /2хх-ийн 42-43/, /1хх-ийн 146/ мэдүүлэг, мөн Г.Эрдэнэбилэгийн /1хх-ийн 140/, Н.Мандахбаяр, Н.Нямжав, Ч.Хишигмаа нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн тамхины тоо хэмжээ, үнэ нь хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтүүдэд /1хх-ийн 124, 156/ дурдсан баримттай тохирдог тул би хүлээн зөвшөөрч маргадаггүй болно. Харин Л.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.О-д зээлээр өгсөн тамхины бүртгэл гэх Л.Б-ын хувийн тэмдэглэлийн дэвтрийг хавтаст хэрэгт гаргаж өгөхдөө 1 017 800, 100 000, 400 000, 1 180 000, 20 070 000 төгрөгийн тамхийг илүү бичсэн, тамхи хүлээлгэж өгсөн, авсаныг нотлох хэний ч гарын үсэггүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт юм. Би Л.Б-аас 2016 оны 2 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 390 030 000 төгрөг зээлсэн гэдэг нь 2 талын дансны хуулгын орлого, зарлагын гүйлгээний тооцоо, талуудын тайлбараар тохирч нотлогддог. Харин хариуцагч нь гэрч Н.Эрдэнэбилгээр 6 000 000 төгрөг надад хүргүүлсэн гэдэг боловч /Н.Эрдэнэбилэг нь би өөрийн дансандаа шилжүүлээд Б.О-ын данс руу шилжүүлсэн /1 хх-ийн 140-141/ гэдэг боловч түүний дансны хуулгыг шүүхээр бүрдүүлж /1хх-ийн 65-66/, шүүж үзэхэд түүний дансанд 6 сая төгрөгийн орлого, зарлагын ямар ч гүйлгээ хийгдээгүй тул энэ нь нотлогддоггүй. Дээрх миний болон Л.Б-ын дансны хуулгыг шүүж үзэхэд би өөрөө болон бусдаар нийт 914 530 000 төгрөг шилжүүлсэн байдаг ба үүнээс би 390 030 000 төгрөгийг төлсөн, тамхины 319 295 000 төгрөг ч бүрэн төлөгдсөн. Иймээс 205 205 000 төгрөгийг би Л.Б-т илүү шилжүүлсэн байдаг. Энэхүү мөнгийг Л.Б-аас гаргуулж надад олгох бүрэн үндэслэлтэй. Б.О- би 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Л.Б-аас 90 750 000 төгрөгийн тамхийг шилжүүлж авч байгаа үйлдэл нь тэрээр надад зээл өгч байгаа үйлдэл биш ба би тамхи зардаг хүмүүсийн захиалгаар тамхины мөнгийг урьдчилж өгөөд тамхийг авч байгаа үйлдэл юм. Харин 50 000 000 төгрөгийг тооцоо нийлж байж илүү шилжүүлэгдсэн мөнгөнөөс суутгуулах зорилготой авсан байсан. Б.О- намайг 914 530 000 төгрөг төлөөд Л.Б-тай тооцоогүй болсон гэж алдаатай дүгнэлт хийж зээл аваагүй байж урьдчилж мөнгө төлөх үндэслэлгүй тул    140 570 000 төгрөгийг төлөөгүй гэж үзнэ гэж Б.О- надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Л.Б-т холбогдуулан худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 345 775 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л.Б- эс зөвшөөрч Б.О-д холбогдуулан худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт      140 570 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчдын хэн алин нь хүүгийн талаар тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулсан атлаа хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь буруу байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,  38 дугаар зүйлийн 38.1 дах хэсэгт тус тус зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхаас гадна мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлдэг.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөх үүргийн хүрээнд өөрсдийн ХААН банкин дах харилцах дансны хуулгууд, түүнчлэн хэд хэдэн гэрчийн мэдүүлгүүд, тэдгээрийн ХААН банкин дах харилцах дансны хуулгууд, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн бичмэл нотлох баримтууд зэрэг нэлээд нотлох баримт хэрэгт авагдсан байх боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу  зохигчдын гаргасан  эдгээр нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн эсэх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримт байгаа эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд  үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй.

 

Анхан шатны шүүх хуульд заасан дээрх чиг үүргийг хэрэгжүүлээгүй атлаа “...зээлсэн мөнгөний хэмжээг тодорхойлох боломжгүй...”, “...шаардлагын үндэслэл тодорхой бус байна...”  гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Нэхэмжлэл, шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл  болохоос гадна анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, өөрчлөх боломжгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болно.

 

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн сидид бичигдсэн ярианы бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр үзлэг хийсэн боловч уг үзлэгт оролцсон хөндлөнгийн гэрчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, үзлэгийн тэмдэглэлд оролцогчдоор бүрэн гарын үсэг зуруулаагүй зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 51 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдаагүй гэж үзэхээр болжээ. /хх-ийн 201/

 

Түүнчлэн, тэмдэглэлийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан гэрчилж тодорхойлсон бичмэл нотлох баримтад хамаарах бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргаж өгсөн гэх Л.Б-ын хувийн тэмдэглэлийн дэвтрийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байхаас гадна тэмдэглэлийн дэвтрийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар хэрэгт авагдсан, уг тэмдэглэлийн дэвтэр хаана байгаа нь тодорхойгүй байна. /2хх-ийн 4, 208/

 

Нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх баримтуудыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй хэдий ч зохигчид өөр, өөрсдийн байр суурийг эдгээр баримтад тусгагдсан гэх үйл баримтад үндэслэж байгаа тохиолдолд шүүх зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай болно.

 

Мөн шүүх 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2018/03107 дугаар шүүгчийн захирамжаар гэрч Г.Амартүвшин, М.Бямба-Очир нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дах хэсэгт заасныг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02895 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 747 625 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ          

                                                          ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ           

                                                                                                     Н.БАТЗОРИГ