Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02395

 

 

 

 

 

 

 

 

 

     2019 оны 11 сарын 11 өдөр

              Дугаар 183/ШШ2019/02395

                          Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

 Хариуцагч:  Т /РД:/,

 

Хариуцагч: О /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 585 361.50 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даалтын гэрээний дагуу Г.Оээр үүрэг гүйцэтгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т нь 2018 оны 4 сарын 25-ны өдөр №ЗГ010000303395 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 000437263 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Үтоот дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө гудамж, барьцаа хөрөнгөөр хангуулж, С.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй тохиолдолд 2018 оны 4 сарын 25-ны өдрийн ЗГ010000303395-1 тоот батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Г.Оээр үүрэг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Мөн гэрээний үүргийг хамтад нь хүлээхийг даалгаж Х байрны Х тоот, Х мкв хоёр өрөө орон сууцыг барьцаалж, 26 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 4.3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тул хариуцагч С.Тээс үндсэн зээл 25 972 360.90 төгрөг, зээлийн хүү 19 165 775.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 447 224.Х төгрөг, нийт 46 585 361.50 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал 4 660 000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байсан боловч энэ зардлыг хасаж, нийт 46 585 361.50 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн батлан даалтын гэрээний хариуцагч Г.Од дээрх төлбөрийг төлөх үүргийг хуульд зааснаар хариуцуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Тээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа боловч мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Батлан даалтын гэрээний дагуу Г.Оийг гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах гэж хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэнээс шаардаж байгаа нь тодорхой бус байна. Мөн  Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагуудын 2018 оны жилийн эцсийн тайланд дурдсанаар “2018 оны жилийн эцсийн байдлаар зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй нийт 492 ББСБ байгаа ба олгосон зээлийн дээд хүү нь 10%, доод хүү 1.16%, жигнэсэн дундаж хүү 3.3% байна”. Өөрөөр хэлбэл урт хугацааны зээлийн гэрээнд зах зээлд байхгүй өндөр хүү болох нэг сарын 4.3 хувийн хүү тогтоосон нь хариуцагчийн тулгамдсан санхүүгийн хэрэгцээг далимдуулан зах зээлийн дундаж хүүний хэмжээнээс хэт өндөр, нэг талд ашигтай, өөртөө илт давуу байдал бий болгосон байх тул зээлийн гэрээний хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь үндсэн зээл 25 972 360.90 төгрөг, зээлийн хүү 19 165 775.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 447 224.Х төгрөг шаардсан үндэслэлгүйгээр хэт өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байна. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаас илүү хүү төлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн зээлийн тооцоололд гэх баримтад дурдсанаар2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь үндэслэлээ тодорхой болгох шаардлагатай. Хариуцагч талаас нийт 5 150 460 төгрөгийг эргэн төлсөн байдаг. Энэ дүнг зээлийн үндсэн, нэмэгдүүлсэн хүүнээс хасаж тооцох нь хуульд нийцнэ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан. Тийм учраас зээлдэгчийн төлсөн 5 150 460 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдсэн дүнгээс хүү тооцох ёстой. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж байсан эсэх талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд  Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ гэж тодорхойлсон. Барьцаа болон батлан даалтыг барьцаа болон үүргийн гүйцэтгэлээр хангахаар нэгэн зэрэг хангуулж болох эсэхийг тодруулах шаардлагатай. Уг хуульд барьцаа эсхүл батлан даалтын аль нэгнээр зохицуулах харилцаа гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 460.4-т батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээгээр ямар хэмжээгээр хариуцлага хүлээх асуудлыг зохицуулаагүй байна. Иргэний хуулийн 462.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс ямар байдлаар хэрхэн, яаж батлан даагч Г.Од мэдэгдсэн бэ гэдгийг ямар баримтаар нотлох вэ. Тийм учраас Батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 462.1-т заасан шаардлагыг хангаагүй, гэрээний гол нөхцөл, агуулга тодорхойгүй байна. Мөн батлан даагчид мэдэгдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК хариуцагч С.Т, Г.О нарт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 46 585 361.50 төгрөг, өмгөөллийн зардалд 4 660 000 төгрөг, нийт 51 245 361.54 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даалтын гэрээний дагуу Г.Оээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын өмгөөллийн зардлын 4 660 000 төгрөгийг багасгаж, 46 585 361.50 төгрөг гаргуулах, бусад шаардлагуудаа дэмжиж оролцоно гэж тайлбар гаргажээ.

 

Харин хариуцагчийн төлөөлөгч “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа ба С.Тээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа боловч мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Батлан даалтын гэрээний дагуу Г.Оийг гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах гэж хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэнээс шаардаж байгаа нь тодорхой бус байна. Мөн  Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагуудын 2018 оны жилийн эцсийн тайланд дурдсанаар 2018 оны жилийн эцсийн байдлаар зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй нийт 492 ББСБ байгаа ба олгосон зээлийн дээд хүү нь 10%, доод хүү 1.16%, жигнэсэн дундаж хүү 3.3% байна гэсэн байхад С.Тд олгосон урт хугацааны зээлийн гэрээнд зах зээлд байхгүй өндөр хүү болох нэг сарын 4.3%-иар тооцсон нь хэт өндөр байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн дээрх зээлийн гэрээнд салбарын захирал Э.Мөнхсайхан гарын үсэг зурсан байгаа уг гэрээг зохих этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн гэж үзэх боломжгүй гэж” тайлбар гаргаж, маргажээ.   

       

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч С.Т нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ010000303395 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Б ХХК нь 26 000 000 төгрөгийг, дутуу барьсан барилгад ашиглах зориулалтаар, сарын 4,3  хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 10-12/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Х-р байр Х тоот хаягт байрлах 60.12 м.кв талбайтай Ү дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ./хх-ийн 12,16/

Мөн дээрх гэрээний баталгаа болгон 2018 оны 04 сарын 25-ны өдөр Зээлийн батлан даалтын гэрээг Г.Отэй байгуулж, уг гэрээгээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдсон, ...зээлдэгч зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгө болон үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөөр нөхөн төлөх баталгааг гаргаж тохирчээ./хх-ийн 13/

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийг Б ХХК гаргаж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсгээ зурж, тамгаа дарсан нь хууль зөрчөөгүй байх ба хуулийн этгээдийн болон салбар, нэгжийг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүдийг хэрэгт ирүүлсэн байх ба дээрх гэрээг тус бүрийг Б ХХК-ийн Баянгол дүүрэг дэх салбарын захирал Э.Мөнхсайхан байгуулж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх ба хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч С.Тид 2018 оны 4 сарын 25-ны өдөр  26 000 000 төгрөгийг Б ХХК нь ХААН банкны шилжүүлгийн баримтаар түүний ХААН банкны дансанд шилжүүлэн өгсөн байх ба хариуцагч С.Т нь уг зээлийн төлөлтөд нийт 5 178 000 төгрөгийг төлж, харин үлдэх төлбөрүүдийг зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байх ба хариуцагч С.Тид гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхийг удаа, дараа шаардлага хүргүүлж шаардаж байсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснээр нэхэмжлэгч Б ХХК нь дээрхийг шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна гэж шүүх дүгнэв.    

Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 10 сарын 01-ний өдрөөр гэрээний үүргийг тооцох нь зүйтэй байна.

Дээрхийг нэгтгээд хариуцагч С.Тээс үндсэн зээлийн 25 972 361 төгрөг, үндсэн хүү 16 671 564 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 447 225 төгрөг, нийт 44 091 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр, талуудын хороонд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.3-т “зээлийн үндсэн хүүгийн хэмжээ нэг сарын 4,3%”, 2.4-т “Зээлдэгч нь зээлийн хүүг энэхүү гэрээний хавсарлт №1-д заасан хуваарьт өдөр төлбөл гэрээнд заасан хүүгээс 1,0% хөнгөлөлт эдэлнэ.” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Б нь хариуцагч С.Тид зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд хөнгөлөлттэй нөхцлөөр хүүг тооцох боломжийг олгосон байх ба талуудын тохирсон хүүг хэт өндөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.”, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан байх ба хариуцагч Г.Оээс зээлийн гэрээний үүргийг шууд шаардах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар үүрэг гүйцэтгэгч С.Т нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу гүйцэтгэх боломжгүй болсон, түүнчлэн Г.О нь нөхөх хариуцлага зайлшгүй хүлээх талаар баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлага үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсныг  хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Тээс зээлийн гэрээний үүрэгт 44 091 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 2 494 211.50 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Г.Оээр батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Т нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Х-р байр Х тоот хаягт байрлах 60.12 м.кв талбайтай Ү дугаарт бүртгэлтэй, 2 өрөө С.Тийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 554 458 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Тээс улсын тэмдэгтийн хураамжинд 378 405 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ