Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2016/0238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гааль, татварын ерөнхий газар,

Хариуцагч: Буянт ухаа дахь гаалийн газрын бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Ч.Пүрэвсүрэнд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ...М******* ХК-ийн нисэх бүрэлдэхүүний хувцсыг Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2, 217 дугаар зүйлд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхэд татваргүй барааны горимоор мэдүүлсэн материалыг хүлээн авахыг гаалийн байгууллагад даалгуулах, тус компанийн гаальд мэдүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 05-2101006-15-I31193 дугаар мэдүүлгээр төлсөн 18.189.865,26 төгрөгийн татвар, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 05-2101006-14-I31189 дүгээр мэдүүлгээр төлсөн 15.621.235,79 төгрөгийн татварыг гаргуулах, 2015 онд 700 горимоор буюу татваргүй горимоор гаалийн бүрдүүлэлт хийсэн боловч горим буруу сонгосон гэдэг шалтгаанаар 100.000 төгрөгөөр торгосон торгуулийн арга хэмжээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... М******* ХК нь Улс хоорондын тээврийн үйлчилгээнд ажиллаж буй өөрийн компанийн нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцсыг ХБНГУ-ын агаарын хөлгийн нисгэгч болон бүхээгийн үйлчлэгч нарын дүрэмт хувцас үйлдвэрлэгч Neofashion Europa Gmbh компаниас гэрээний дагуу импортлон оруулж ирдэг. Нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцас нь Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2-т заасны дагуу Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршуулах бараанд тооцогдож тус хуулийн 217 дугаар зүйлд заасны дагуу... тус барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар үл ногдуулан... гэсэн заалтаар татвараас чөлөөлөгдөх учиртай.

М******* ХК болон Гаалийн ерөнхий газар хоорондын уулзалт хэлэлцүүлгээр М******* ХК-ийн зүгээс нисэх бүрэлдэхүүний хувцасны тухайд Гаалийн тухай хууль шинэчлэн батлагдсан 2008 оноос өнөөдрийг хүртэл Гаалийн байгууллагын шаардлагаар татвартай горимд байршуулан импортолж ирсэн цаашид татваргүй горимоор мэдүүлэх тухай хүсэлт тавьж байсан.

2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхийн 268 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар талд Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зорчигч багийн гишүүдийн аяллын хугацаанд хэрэглэх бараа нь улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршихаар тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч М******* ХК нь нисэх бүрэлдэхүүний хувцсыг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд улс хоорондын тээврийн үйлчилгээний горимоор гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй байжээ хэмээн тодорхойлсон билээ.

Тус тогтоолын дагуу 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ХБНГУ-аас импортолсон нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцсыг М******* ХК нь гаальд мэдүүлэхдээ Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2 дугаар зүйлийг удирдлага болгон 700 горимоор буюу татваргүй горимоор гаалийн бүрдүүлэлт хийсэн боловч горим буруу сонгосон гэдэг шалтгаанаар 100.000 төгрөгөөр торгосон бөгөөд Гаалийн байгууллагын шаардлагаар 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400 горимоор буюу татвартай горимоор мэдүүлж 18.189.865,22 төгрөгийн татвар төлсөн.

Энэхүү татвар ногдуулсныг эс зөвшөөрч Гаалийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн боловч 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02-7/4372 дугаар албан бичигт дурдсанаар нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцас нь аяллын хугацаанд хэрэглэгдэх бараанд хамаарахгүй гэсэн хариуг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Иймд М******* ХК-ийн нисэх бүрэлдэхүүний хувцсыг Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2, 217 дугаар зүйлд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхэд татваргүй барааны горимоор мэдүүлсэн материалыг хүлээн авахыг гаалийн байгууллагад даалгуулах, тус компанийн гаальд мэдүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 05-2101006-15-I31193 дугаар мэдүүлгээр төлсөн 18.189.865,26 төгрөгийн татвар, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 05-2101006-14-I31189 дүгээр мэдүүлгээр төлсөн 15.621.235,79 төгрөгийн татварыг гаргуулах, 2015 онд 700 горимоор буюу татваргүй горимоор гаалийн бүрдүүлэлт хийсэн боловч горим буруу сонгосон гэдэг шалтгаанаар 100.000 төгрөгөөр торгосон торгуулийн арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гааль, татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам-ын 1.3-д горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна /хилийн чандаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат агуулахад 700 горимоор гаалийн бүрдүүлэлт хийж оруулна/ мөн журмын 3.4-д Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч Гаалийн хяналтад байгаа хяналтын тэмдэг дарна гэж заасан байдаг.

Энэ горимд байршиж байгаа барааг Монголын бараа гэж үзэхгүй.

Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Киото конвенцийн тусгай хавсралт J, 4 дүгээр бүлгийн татваргүй бараа гэсэн тодорхойлолтын Ирж байгаа усан онгоц, нисэх онгоц, эсхүл галт тэргэн дэх татваргүй бараа гэсэн ойлголтын 4 дүгээр бүлгийн татваргүй бараагаар хангах гэсэн хэсэгт 15. Стандарт, Гадагшаа явах усан онгоц болон нисэх онгоцонд татвараас чөлөөлсөн дараах барааг авч явахыг зөвшөөрнө, а. Гаалийн байгууллагын зорчигч болон багийн гишүүд, мөн аялал эсхүл нислэгийн хугацаа болон түүн дээр өмнө нь байгаа татваргүй барааны тоо хэмжээг харгалзан шаардлагатай гэж үзсэн тоо хэмжээ бүхий татваргүй барааг, б. Онгоцон дээр байгаа татваргүй барааны тоо хэмжээг харгалзан аяллын эсхүл нислэгийн хугацаанд онгоцны ажиллагаа болон үйлчилгээнд зохистой гэж үзсэн тоо хэмжээний хэрэглээний зохицуулалттай татваргүй барааг онгоцны ажиллагааны болон үйлчилгээний зориулалтаар, 16. Стандарт, Гаалийн нутаг дэвсгэрт ирсэн бөгөөд гаалийн нутаг дэвсгэр доторх сүүлчийн зогсоол явах үеийн аялалд зориулан усан онгоц болон нисэх онгоцонд татваргүй бараагаа нөхөн сэлбэхийг зөвшөөрнө гэж заасан байдаг бөгөөд үндэсний хууль тогтоомжид дараах байдлаар зохицуулсан байдаг.

Гаалийн тухай хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн тухайн аяллын үед зорчигч болон багийн гишүүдийн хэрэгцээнд, түүнчлэн тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан барааг гаалийн хилээр нэвтрүүлдэг тусгай горим юм. Нисэх бүрэлдэхүүний хувцас нь аяллын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулсан бараа биш тул Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2, 217 дугаар заалтын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй.

Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим хэрэгжүүлэх журам-ын 4 дүгээр зүйл Олон Улсын аяллын үйлчилгээнд хэрэглэх бараа материал нь гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой баглаа боодолтой байн, мөн тус журмын 5 дугаар зүйлд Улс хоорондын тээврийн аялал үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим барааг зориулалтаар нь зарцуулснаар дуусгавар болно гэж тус тус заасан байдаг.

Дүрэмт хувцсыг аяллын хугацаанд зарцуулж дуусгавар болдоггүй бараа тул 05-2101006-15-I31193, 05-2101006-14-I31189 дүгээр мэдүүлгээр бүрдүүлэлт хийж төлсөн гаалийн татварыг буцаан олгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудас, шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараах журмаар давж заалдаж болно гэсэн хуулийн хугацааг өнгөрөөсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Буянт-Ухаа дахь гаалийн газрын бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Ч.Пүрэвсүрэн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

...Буянт ухаа дахь Гаалийн Газрын бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан Гаалийн Улсын байцаагч Ч.Пүрэвсүрэн би 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр М******* ХК-ны 05-2101006-15-131193 сүлжээ дугаартай гаалийн мэдүүлгийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж, барааны гаалийн үнийг хянахдаа Гаалийн тухай хууль, Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 680 дугаар тушаалаар батлагдсан Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим хэрэгжүүлэх журам-ыг хэрэгжүүлэн баримталж ажилласан.

Барааны үнийн дүн 51.244,48 евро, 1.207 еврогийн тээврийн зардалтай эрэгтэй, эмэгтэй, ханцуйтай, ханцуйгүй хүрэм, өмд, цамц, юбка, нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцас гэж нэг нэр төрлийн барааг Улс хоорондын тээврийн үйлчилгээний бараанд хамруулж татваргүй оруулахаар Гаалийн баталгаат агуулахад оруулах гаалийн бүрдүүлэлтийн 700 горимын код сонгож мэдүүлсэн.

Гаалийн тухай хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д Улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа нэвтрүүлэх горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн тухайн аяллын үед зорчигч болон багийн гишүүдийн хэрэгцээнд, түүнчлэн тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан барааг гаалийн хилээр нэвтрүүлнэ, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.1-д Улс хоорондын аяллын хугацаанд тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагаа, техник үйлчилгээг хангах бараа, 216.1.2-т Зоригч багийн гишүүдийн аяллын хугацаанд хэрэглэх бараа, 216.1.3-д зорчигчид зориулан борлуулах татваргүй барааны дэлгүүрийн горимд байгаа бараа, Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим хэрэгжүүлэх журам-ын 2.1-д горимд Гаалийн тухай хуулийн 216.1-д заасан барааг байршуулна, 4.1-д Олон Улсын аяллын хугацаа, аяллын үйлчилгээнд зарцуулах бараа материалын норм хэмжээг тухайн аяллыг зохион байгуулж буй байгууллага гаалийн байгууллагад урьдчилан гаргаж өгсөн байна, 4.2-т Олон Улсын аяллын үйлчилгээнд хэрэглэх бараа материал нь гаалийн горимоор тэмдэглэгээ хийх боломжтой сав чингэлэгт хийгдсэн байна, 5.1-д Улс хоорондын тээврийн аялал үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим барааг зориулалтаар нь зарцуулснаар дуусгавар болно гэж тус тус заасан.

Гаалийн тухай хуулийн горим хэрэгжүүлэх журамд нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцас Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршихаар заагаагүй, тухайн аяллын хугацаанд л хэрэглэдэг бус, байнга өмсдөг, гаалийн байгууллага хяналт тавих тэмдэглэгээ хийх боломжгүй, горимын шаардлага хангахгүй тул 400 горимын кодтой буюу татвартай нэвтрүүлэх горимд байршуулж 18.189.865,22 төгрөгийн татвар ногдуулсан.

Гаалийн мэдүүлэгт горимын 700 кодыг сонгож буруу мэдүүлсэн тул Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.4 дэх заалтыг үндэслэн 100.000 төгрөгийн торгууль ногдуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд нэхэмжлэгч М******* ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М******* ХК нь маргаж байгаа асуудлаар Гаалийн ерөнхий газарт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/3482 дугаар албан бичгээр хандсан бөгөөд Гаалийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02-7/4372 дугаар албан бичгээр Гаалийн тухай хуулийн 216.1.2-т зорчигч, багийн гишүүдийн аяллын хугацаанд хэрэглэх бараа гэдэгт зөвхөн аяллын хугацаанд хэрэглэх барааг ойлгох бөгөөд нисэх бүрэлдэхүүний дүрэмт хувцас хамаарахгүй болно. Энэ талаарх тайлбарыг Гаалийн хяналт бүрдүүлэлтийн хэлтэс болон Буян-Ухаа дахь гаалийн газраас удаа дараа өгч байсан болно хэмээн уг өргөдлийн хариуг өгсөн байна.

М******* ХК нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 05-2101006-14-I31189R мэдүүлгээр 15.621.235,78, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 06-2101006-15-I31193R мэдүүлгээр 18.189.865,22 төгрөгийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлжээ.

Гаалийн Улсын байцаагч Ч.Пүрэвсүрэн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бүрдүүлэлтийн горим буруу мэдүүлсэн гэх үндэслэлээр Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.4 дэх заалтыг баримтлан 100.000 төгрөгөөр М******* ХК-д шийтгэвэр ногдуулсан байна.

Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.1.2-т ...зорчигч, багийн гишүүдийн аяллын хугацаанд хэрэглэх барааг улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршуулна..., 217 дугаар зүйлийн 217.1-д Улсын хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн болон бусад татвар үл ногдуулна гэж тус тус заасны дагуу дээрх мэдүүлгүүдээр мэдүүлсэн багийн гишүүдийн хувцсыг гаалийн хилээр нэвтрүүлэхэд татвар ногдуулсан нь хууль бус хэмээн нэхэмжлэгчийн маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Гаалийн тухай /цаашид Хуулийн гэх/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т гаалийн бүрдүүлэлтийн горим гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг ойлгох бөгөөд улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршуулахаар заасны дагуу нисэх бүрэлдэхүүний хувцсыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ улс хоорондын тээврийн үйлчилгээний горим-оор гаалийн байгууллагад мэдүүлэхээр зохицуулсан байхад хариуцагч Хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасныг зөрчиж /400 татвартай горимоор/ татвар ногдуулжээ.

Өөрөөр хэлбэл тусгай горим буюу Хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6.1 д зааснаар улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэх горимыг хуулиар зохицуулсан байхад зөвхөн аяллын хугацаанд хэрэглэх барааг ойлгох бөгөөд нисэх бүрэлдэхүүний хувцас хамаарахгүй гэх хариуцагчийн тайлбар үндэсгүй байна.

Улмаар Хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.4-т заасныг зөрчсөн хэмээн 100.000 төгрөгөөр торгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн гэх үйлдэлд шийтгэвэр ногдуулж байгааг хүчингүй болгох нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл хууль тогтоомжид заасан горимыг гаалийн удирдах төв байгууллагаас журамлаагүй, улс хоорондын тээврийн үйлчилгээний горим-оор барааг гаалийн хилээр нэвтрүүлэх эрхийг нь олгоогүй атлаа торгох шийтгэвэр, татвар ногдуулж байгааг хууль бус гэж үзэв.

Харин ...М******* ХК-ийн нисэх бүрэлдэхүүний хувцсыг Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2, 217 дугаар зүйлд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхэд татваргүй барааны горимоор мэдүүлсэн материалыг хүлээн авахыг гаалийн байгууллагад даалгуулах шаардлагын тухайд шүүхээс ирээдүйд зөрчигдөж болзошгүй эрх болон үйл явдалд дүгнэлт өгч нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг ойлгох тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.1.2, 217 дугаар зүйлийн 217.1, 290 дүгээр зүйлийн 290.2.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, М******* ХК-ийн гаальд мэдүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 05-2101006-15-I31193 дугаар мэдүүлгээр төлсөн 18.189.865,26 төгрөгийн татвар, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 05-2101006-14-I31189 дүгээр мэдүүлгээр төлсөн 15.621.235,79 төгрөгийн татварыг Гааль, Татварын ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгон, Буянт ухаа дахь гаалийн газрын бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Ч.Пүрэвсүрэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн М******* ХК-д 100.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан 0009345 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг М******* ХК-ийн нисэх бүрэлдэхүүний хувцсыг Гаалийн тухай хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.2, 217 дугаар зүйлд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхэд татваргүй барааны горимоор мэдүүлсэн материалыг хүлээн авахыг гаалийн байгууллагад даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА