Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 17

 

“БИД ББСБ” ХХК-ийн                                                                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02395  дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “БИД ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Т, Г.О нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 585 361.50 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр №ЗГ010000303395 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 000437263 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2206032653 тоот дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө гудамж, барьцаа хөрөнгөөр хангуулж, С.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй тохиолдолд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ010000303395-1 тоот батлан даалтын гэрээний дагуу хариуцагчаар Г.Отгонгэрэлийг татан оруулж, барьцааны гэрээний үүргийг хамтад нь хүлээхийг даалгаж 89 байрны 88 тоот, 62.12 мкв хоёр өрөө орон сууцыг барьцаалж, 26.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 4.3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тул хариуцагч С.Тээс үндсэн зээл 25.972.360,90 төгрөг, зээлийн хүү 19.165.775,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.447.224,89 төгрөг, түүнчлэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ010000303395 тоот гэрээнд заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа авсан зардал 4.660.000 төгрөгийг хасаж, нийт 46.585.361,50 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Тээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа боловч мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Батлан даалтын гэрээний дагуу Г.Отгонгэрэлийг гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах гэж хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэнээс шаардаж байгаа нь тодорхой бус байна. Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагуудын 2018 оны жилийн эцсийн тайланд дурдсанаар 2018 оны жилийн эцсийн байдлаар зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй нийт 492 ББСБ байгаа ба олгосон зээлийн дээд хүү нь 10%, доод хүү 1.16%, жигнэсэн дундаж хүү 3.3% байна. Өөрөөр хэлбэл, урт хугацааны зээлийн гэрээнд зах зээлд байхгүй өндөр хүү болох нэг сарын 4.3 хувийн хүү тогтоосон нь хариуцагчийн тулгамдсан санхүүгийн хэрэгцээг далимдуулан зах зээлийн дундаж хүүний хэмжээнээс хэт өндөр, нэг талд ашигтай, өөртөө илт давуу байдал бий болгосон байх тул зээлийн гэрээний хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь үндсэн зээл 25.972.360,90 төгрөг, зээлийн хүү 19.165.775,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.447.224,89 төгрөг шаардсан үндэслэлгүйгээр хэт өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаас илүү хүү төлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн зээлийн тооцоолол гэх баримтад дурдсанаар 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь үндэслэлээ тодорхой болгох шаардлагатай. Хариуцагч талаас нийт 5.150.460 төгрөгийг төлсөн байдаг. Энэ дүнг зээлийн үндсэн, нэмэгдүүлсэн хүүнээс хасаж тооцох нь хуульд нийцнэ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан. Тийм учраас зээлдэгчийн төлсөн 5.150.460 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдсэн дүнгээс хүү тооцох ёстой. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж байсан эсэх талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна. Барьцаа болон батлан даалтыг барьцаа болон үүргийн гүйцэтгэлээр хангахаар нэгэн зэрэг хангуулж болох эсэхийг тодруулах шаардлагатай. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт “батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээгээр ямар хэмжээгээр хариуцлага хүлээх асуудлыг зохицуулаагүй байна. Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс ямар байдлаар хэрхэн, яаж батлан даагч Г.Отгонгэрэлд мэдэгдсэн болохыг ямар баримтаар нотлох вэ. Тийм учраас Батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 462.1-т заасан шаардлагыг хангаагүй, гэрээний гол нөхцөл, агуулга тодорхойгүй байна. Мөн батлан даагчид мэдэгдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг  тус тус баримтлан хариуцагч С.Тээс зээлийн гэрээний үүрэгт 44.091.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БИД ББСБ” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 2.494.211,50 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Г.Отгонгэрэлээр батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Т нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 89 дүгээр байрны 88 тоот хаягт байрлах 60.12 м.кв талбайтай Ү-2206032653 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө С.Тийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554.458 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Тээс улсын тэмдэгтийн хураамжид 378.405 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “БИД ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээлдэгч гэрээнд заасан хугацааны тохирсон хүү болох нийт 7.386.924,13 төгрөгийг төлөх, мөн хэтэрсэн хугацааны хүү буюу 4 дүгээр сарын хүүг төлүүлэх нь дээрх хуулийн хэм хэмжээнд нийцэх атал хариуцагчаас үндсэн хүү 16.671.564 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлүүлэхийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцож төлүүлсэн нь үндэслэлгүй. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн тооцоолол гэх баримтад хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүгээс гадна гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүг бодож нийт 3.795.241,99 төгрөг шаардсан. Энэ нь дээрх хуулийн хэм хэмжээг зөрчиж үндэслэлгүйгээр хүү шаардсан гэж үзэхээр байна.         Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт гэж заасны дагуу зээлдэгчийн төлсөн 5.178.000 төгрөг нь үндсэн зээлээс суутгагдаж төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлээс хугацаа хэтрэлтийн хүү бодогдох ёстой.

            Түүнчлэн, С.Т болон "БИД ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр №ЗГ01000303395 дугаар "Зээлийн гэрээ"-нд зээлдүүлэгчийг төлөөлж салбарын захирал Э.Мөнхсайхан гэх хүн гарын үсэг зурсан байх боловч тэрээр "БИД ББСБ” ХХК-ийн нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх эрхтэй этгээд мөн эсэх тус салбарын чиг үүргийг тодорхойлж нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх тухайн гэрээ төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн хооронд байгуулагдсан эсэхийг хяналгүйгээр шууд дүгнэсэн. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч "БИД ББСБ” ХХК нь хариуцагч С.Т, Г.О нарт холбогдуулж Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51.245.361,54 төгрөг төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч С.Т үүргээ гүйцэтгэх боломжгүй тохиолдолд батлан даалтын үүргийг хариуцагч Г.Отгонгэрэлээр гүйцэтгүүлэх нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн зардлын 4.660.000 төгрөгийг багасгаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 46.585.361,50 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ010000303395 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч "БИД ББСБ” ХХК нь зээлдэгч С.Тид 26.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 10, 11/

Зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн ХААН банкин дахь 5585052149 тоот дансанд шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр №ЗГ010000303395 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.Тийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 89 дүгээр байрны 88 тоот  хаягт байршилтай 60.12 м.кв, 2 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр байна.

Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч С.Т нь  зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 5.178.000 төгрөгийг төлсөн боловч зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй, улмаар гэрээний хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Талууд зээлийн гэрээнд зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцсэн тул хариуцагчийн төлсөн 2.802.343,80 төгрөгийг зээлийн гэрээний хугацааны үндсэн хүүд, 2.348.017,10 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус тооцсоныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх "БИД ББСБ” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тооцож үндсэн зээлийн үлдэгдэл 25.972.361 төгрөг, гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү нийт 16.671.564 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.447.225 төгрөг, бүгд 44.091.150 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон гэрээнд нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгч "БИД ББСБ” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02395  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 378 405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ          

                                                          ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ           

                                                                                                     Н.БАТЗОРИГ