Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 51

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    Хэргийн индекс:114/2016/0035/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 24 дүгээр  байрны ******* тоотод   оршин суух  *******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

         “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн Монгол Ардын Намаас 15 дугаар тойрогт нэр дэвшигч Сүхбаатар овогтой ******* гэснийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                          С.*******                

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч:                                 Н.Баттунсаг, Д.Цагаандарь

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                      Д.Зоригтбаатар

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:           Б.Саранчимэг  нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны орон нутгийн ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшигчид холбогдох баримт материалаа аймгийн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд өгсөн.Сонгуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар нэр дэвшүүлэх ажиллагаа 5 дугаар сарын 04-нөөс 09-ний өдөр явагдаж дууссан. Гэтэл аймгийн Засаг дарга А.******* 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр намайг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилох захирамж гаргасан бөгөөд энэ захирамжийг би дараа өдөр нь буюу Сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдэх сүүлийн өдөр мэдсэн.Намайг 2015 оны 12 сарын 09-ны өдөр Засаг дарга А.******* хууль зөрчин ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан байсан бөгөөд миний бие шүүхэд хандаж анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.Улмаар Засаг дарга давж заалдах гомдол гаргаснаар 2016 оны 5 сарын 18-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал зарлагдсан байсан ба 2016 оны 5 сарын 16-ны өдөр хариуцагчийн зүгээс гомдлоо буцаан  авснаар шүүгчийн захирамж гарсан  энэ тухай давж заалдах шатны шүүхээс надад болон өмгөөлөгчид огт мэдэгдээгүй болно.Миний бие ажлаас халагдсаны дараа МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн.Ингээд орон нутгийн сонгуульд оролцохоор хуулийн дагуу бүх нэр дэвшигчид тавигдах шаардлагаа хангаад сонгуулийн ажилдаа орсон байгаа.Гэтэл аймгийн Засаг дарга А.******* нь ажилд эргүүлэн томилох захирамж гаргасан байна.Учир нь А.******* миний өрсөлдөхөөр нэр дэвшиж буй Дархан сумын 15 дугаар тойрогт мөн нэрээ дэвшүүлэн сонгуульд оролцож байгаа тул шударга өрсөлдөхөөс айж  өрсөлдөгчгүйгээр сонгуульд орох гэсэн санаа нь ойлгомжтой. 2016 оны 5 сарын 17-ний өдөр миний бие төрийн албанд ороогүй, төрд ажиллаагүй, төрийн албан хаагч биш гэдгийг аймгийн сонгуулийн хорооныхон мэдсээр байж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна. Иймээс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 05 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн Монгол Ардын Намаас 15 дугаар тойрогт нэр дэвшигч Сүхбаатар овогтой ******* гэснийг хүчингүй болгож нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандариас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  С.*******ийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасан энэ хугацаанд нэрээ дэвшүүлэхээр сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгсөн ба энэ хугацаанд С.******* ажил үүрэг гүйцэтгээгүй. Төрийн албан хаагч биш байсан. Сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан хугацаанд өөрөөр хэлбэл 5 дугаар сарын 09-ний өдрөөс 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сонгуулийн хороо ирсэн материал дээр бүрдлийг нь үзэж байгаад нэр дэвшигчээ бүртгэх хамгийн эцсийн өдөр 05 дугаар сарын 17-ны өдөр Засаг дарга А.******* С.*******ийг ажилд эргүүлэн авах тухай захирамж гаргасан. Гэтэл энэ асуудал шүүх дээр явж байсан ба Засаг дарга А.******* өөрөө анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр давах шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүх хуралдаан 18-ны өдөр товлогдсон байдаг.Гэтэл 16-ны өдөр Засаг дарга давж заалдах гомдлоосоо татгалзаад 17-ны өдөр Давах шатны шүүхийн магадлал гарсан байсныг С.*******ийн хувьд мэдээгүй,  гомдлоосоо нөгөө тал чинь татгалзсан шүүх хуралдаан болохгүй гэсэн мэдээлэлийг ч өгөөгүй байсан.  5 дугаар сарын 17-ны өдөр Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэгт томилогдсон ажлын албаны хүмүүс *******ийг дуудаж  захирамжийг С.*******т танилцуулсан байдаг. С.*******ийн хувьд миний бие орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн, өрсөлдөх гэж байгаа учраас би энэ ажлыг хүлээж авахгүй гэсэн тайлбарыг протоколд бичүүлээд өөрөө ажлаа хүлээж авахгүй гээд гарын үсгээ зураагүй байдаг.Сонгуулийн хороо 17-нд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. 18-ны өдөр Аймгийн Засаг дарга А.******* нь С.*******ийг ажлаас нь халсан тухай захирамж гаргасан. Энэ бол ашиг сонирхолын зөрчил байна. 15 дугаар багт С.*******ийн нэр дэвшүүлсэн багт Аймгийн Засаг дарга бие даан нэрээ дэвшүүлж байгаа юм байна. Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 зааснаар энэ хүн ажлаа авсан эсэх талаар лавлагаа авч байж энэ шийдвэрийг гаргах ёстой байсан. Гэтэл сонгуулийн хороо энэ ажлаа гүйцэтгээгүй зөвхөн засаг даргын захирамж гарсан байна гэсэн үндэслэлээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байсан мөн хуралдааны дэгийг биелүүлээгүй хуралдааны тэмдэглэлгүйгээр хэн нь ямар санал өгсөн нь тодорхойгүйгээр дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж хууль бус тогтоолыг гаргасанх тул сонгуулийн хорооны 5 дугаартай тогтоолын С.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******ийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-р  нэр дэвшихээс бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан байх ба энэ талаар тодорхой  үнэлэлт дүгнэлт өгч үндэслэл бүхий хууль ёсны шийдвэр гарч чадаагүйгээс С.*******ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. С.*******ийн хувьд тухайн Сонгуулийн тухай хуульд заасан эцсийн хугацаанд хууль ёсны  дагуу бүх материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл  хууль ёсны захирамжуудаас С.Ганзорийг төрийн албан хаагч гэж үзээд байна. Аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/48 дугаар захирамж нь өөрөө хууль зөрчсөн.Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль үйлчлэх ёстой. Хоёр талын харилцан сонирхолоор энэ хүн албан тушаалаа хүлээн авч байж энэ хүн албан тушаалдаа орсноор Албан тушаалтан гэсэн эрх нь үүснэ. Гэтэл энэ захирамж гарснаар энэ хүнийг төрийн албан хаагч мөн юм байна гэж  үзсэн нь сонгуулийн хорооны алдаа гэж үзэж байна. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хоёр захирамж гарч С.*******ийн томилоод байгаа албан тушаалд Б.Идэржавхлан гэдэг хүн ажиллаж байсан ба 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б/47, Б/48 дугаар захирамжийг гаргажээ. Б/47 захирамжаар Б.Идэржавхланг ажлаас нь чөлөөлсөн нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан сонгуулийн хорооны гишүүнийг ажлаас халахыг хориглоно гэж зааснаар өөрөө хууль зөрчиж байна. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С.*******ийг халж байгаа нь санаатайгаар иргэдийн сонгох сонгогдох эрхэд саад учруулсан нь гэмт хэргийг шинжтэй үйлдэл болчихсон байна. С.*******ийн асуудлыг шийдвэрлэхдээ хуулийн дагуу болсон уу үгүй юу гэдэг нь бүрэн эргэлзээтэй, хуралдааны тэмдэглэл байхгүй байгаа нь тогтоол хууль ёсны болж чадаагүй хууль бус тогтоол учир тогтоолын С.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Зоригтбаатараас шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэр дэвшигч н.*******ийг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан гол үндэслэл нь  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/48 дугаар захирамж байгаа. Энэ захирамжаар нэр дэвшигч н.*******ийг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар томилсон байсан. Тэгээд бид 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр буюу томилогдсоны 1 хоногийн дараа дээрх шийдвэрийг гаргасан. Нэр дэвшигч нарын шаардлагад нийцэхгүй нэг зүйл нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д зааснаар “төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг нотариатаар батлуулсан хуулбарын хамт ирүүлнэ гээд бүрдүүлэх материалыг зааж өгсөн байгаа. Гэтэл бүртгэгдэхээс нэг өдрийн өмнө төрийн албан хаагчаар томилогдсон байсан учраас нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл болсон гэв.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн Монгол Ардын Намаас 15 дугаар тойрогт нэр дэвшигч Сүхбаатар овогтой *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.******* нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшигчид холбогдох баримт материалаа бүрдүүлэн аймгийн сонгуулийн хороонд өгсөн байна. Гэтэл Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэсэн заасныг үндэслэн Монгол ардын намаас 15 дугаар тойрогт нэр дэвшигч *******ийн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/48 дугаар захирамжаар нэр дэвшигч н.*******ийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар томилсон байсан ба бүртгэгдэхээс нэг өдрийн өмнө төрийн албан хаагчаар томилогдсон байсан учраас нэрсийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байх боловч аймгийн сонгуулийн хороо нь нэр дэвшигч С.*******ийн материалыг хүлээн авч шалгасан эсэх, аймгийн сонгуулийн хорооны хуралдааныг хэдийд яаж хийж, хэн хэн оролцсон, ямар санал, шүүмжлэл, хэдэн хүний саналаар асуудлыг хэлэлцэж яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, *******ийг ямар үндэслэлээр бүртгэхээс татгалзсан талаарх нотлох баримтууд болон сонгуулийн хорооны  хуралдааны тэмдэглэл байхгүй байгаа нь шүүхээс аймгийн сонгуулийн хорооны баримтад үзлэг хийсэн тухай 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “би гарын үсэг зурсан байхаа” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагч аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн   27 дугаар зүйлийн 27.2-д “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр  аймгийн сонгуулийн хорооны 05 дугаар тогтоолыг Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нь гарын үсэг зурж  гаргасан хууль бус шийдвэр байх тул аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Монгол ардын намаас 15 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг хариуцагч аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг  тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны  2016 оны 05 дугаар сарын 17 -ны өдрийн 05 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн Монгол Ардын Намаас 15 дугаар тойрогт нэр дэвшигч *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Монгол Ардын Намаас 15 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг аймгийн  Сонгуулийн хороонд даалгасугай.

 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Д.НАРАНТУЯА