Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0399

 

 

 

 

2016 оны 6 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0399

Улаанбаатар хот

С.Ганзоригийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч С.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, Д.Цагаандарь, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны орон нутгийн ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшигчид холбогдох баримт материалаа аймгийн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд өгсөн. Нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 04-нөөс 09-ний өдөр явагдаж дууссан. Гэтэл аймгийн Засаг дарга А.Энхболд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр намайг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилох захирамж гаргасныг би дараа өдөр нь буюу Сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдэх сүүлийн өдөр мэдсэн.

Намайг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Засаг дарга А.Энхболд хууль зөрчин ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан байсан бөгөөд миний бие шүүхэд хандаж анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Улмаар Засаг дарга давж заалдах гомдол гаргаснаар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал зарлагдсан байсан ба 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн зүгээс гомдлоо буцаан авснаар шүүгчийн захирамж гарсан тухай давж заалдах шатны шүүхээс надад болон өмгөөлөгчид огт мэдэгдээгүй. Миний бие ажлаас халагдсаны дараа МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн... 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр миний бие төрийн албанд ороогүй, төрд ажиллаагүй, төрийн албан хаагч биш гэдгийг аймгийн Сонгуулийн хорооныхон мэдсээр байж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус. Иймээс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэр дэвшигч С.Ганзоригийг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан гол үндэслэл нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/48 дугаар захирамж байгаа. Энэ захирамжаар нэр дэвшигч С.Ганзоригийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар томилсон байсан. Тэгээд бид 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр буюу томилогдсоны 1 хоногийн дараа дээрх шийдвэрийг гаргасан. Нэр дэвшигч нарын шаардлагад нийцэхгүй нэг зүйл нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д бүрдүүлэх материалыг зааж өгсөн. Гэтэл бүртгэгдэхээс 1 өдрийн өмнө төрийн албан хаагчаар томилогдсон байсан учраас нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл болсон гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн Монгол Ардын Намаас 15 дугаар тойрогт нэр дэвшигч Сүхбаатарын Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Монгол Ардын Намаас 15 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож, хэргийн үйл баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн. Шүүх тогтоох хэсэгтээ дан ганц Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь заалтыг баримтлаад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Шүүх энэхүү заалтыг баримталсны учир нь “С.Ганзориг нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа” хэмээн үзсэн бололтой. Шүүхийн энэхүү дүгнэлт үндэслэлгүй байна.

С.Ганзоригийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажилд нь буцаан томилж шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй болох тухай Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж салаа утгагүйгээр заавал. Хуулийн энэхүү заалт, шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээд аймгийн Засаг даргаас С.Ганзоригийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэгт ажилд нь томилсон Б/48 дугаар захирамж 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Ийнхүү С.Ганзоригийг Төрийн жинхэнэ албанд томилсон шүүхийн шийдвэр, уг шийдвэрийг биелүүлсэн аймгийн Засаг даргын захирамж хоёулаа өнөөдөр ч гэсэн хуулийн хүчин төгөлдөр байна. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг огт анхаарч үзсэнгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Мөн С.Ганзориг гэж иргэний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол “Сонгуулийн хорооны тэмдэглэлийг зохих ёсоор хөтлөөгүй, оролцогчдыг бүрэн тусгаагүй” нь түүний эрхийг зөрчсөн мэт дүгнэлт хийжээ. Хамгийн гол нь Сонгуулийн хорооны тогтоол хуулийн тодорхой зүйл заалтыг тодруулбал, хориглосон хэм хэмжээг зөрчиж байж хууль бусад тооцогдох ёстой. Гэтэл аймгийн Сонгуулийн хорооны тухайд хууль зөрчсөн явдал байхгүй байхад ийм шийдвэр гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/61 дүгээр захирамжаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Ганзоригийг “аймгийн Аудитын газрын албан шаардлагыг биелүүлээгүй, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулаагүй зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг баримтлан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

            Дээрх Б/61 дүгээр тушаалыг эс зөвшөөрч гаргасан С.Ганзоригийн нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба хариуцагчаас тухайн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад давж заалдах гомдлоосоо татгалзсан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШЗ2016/0677 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргаагүйд тооцжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь давж заалдах гомдлоосоо татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/48 дугаар захирамжаараа нэхэмжлэгч С.Ганзоригийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон байна.

            Дээрх дүгнэлтээр нэхэмжлэгч С.Ганзоригийг орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр холбогдох баримт материалыг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлэх хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд төрийн алба хашиж байгаагүй, тэрээр 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан эсэхийг мэдээгүй,  мөн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш төрийн албаны ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул нэр дэвшигч С.Ганзориг нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “...орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

            Тодруулбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/48 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Ганзоригийг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон атлаа 2 хоногийн дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/49 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр ажил, албан тушаалаас нь халсан шийдвэрийг гаргажээ.

Нэхэмжлэгч С.Ганзориг нь Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 15 дугаарт тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчээр бүртгүүлэхээр холбогдох баримт материалаа 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн, төрийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан эсэхийг мэдээгүй байхад хариуцагч аймгийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигч С.Ганзоригийг нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж” шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Мөн Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь маргаан бүхий акт болох 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “...хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР