Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 18

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
  Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань /онлайнаар/
           Хариуцагч: Сүхбаатар аймаг дахь Шын
итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С
Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 268 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн давж заалдах гомдлоор Б.Бийн “үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18/01 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, үнэлгээчин Д.Алтанцэцэгийн мөн оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/18 тоот үнэлгээний дагуу албадан дуудлага худалдааны анхны үнэ тогтоохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай” нэхэмжлэлтэй тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ктай эвлэрч, Сүхбаатар аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.29-ний өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамж гарсан. Б.Б миний эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг Сүхбаатар аймгийн ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 17170284/03 тоот шинжээч томилох тогтоолоор томилогдсон үнэлгээчин Ц.Энхжаргал 2018 оны 1 сарын 30-ны өдрийн №18/01 дугаартай үнэлгээг хийсэн байх ба үнэлгээний тайланг надад 2018.2.07-ны өдөр танилцуулсан. Дээрх үнэлгээ нь миний газар, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнээр үнэлсэн байх тул энэ үнэлгээнд үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандаж байна. Үүнд: 1.Миний өмчлөлийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ төвийн 2 давхарын Ү-1213002235 улсын бүртгэлийн дугаартай, 000196914 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 443м2 худалдаа үйлчилгээний зориулалттай хөрөнгийг, мөн миний өмчлөлийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүрийн 1 давхарын Ү-121001551 улсын бүртгэлийн дугаартай, 000187261 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 165 м2 худалдаа үйлчилгээний зориулалттай хөрөнгийг тус тус зах зээлийн жишиг хандлагын аргаар үнэлэхдээ Сүхбаатар худалдааны төвийн барилгын худалдаалагдсан бодит үнийг жишиг болгон сонгож авсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Сүхбаатар худалдааны төвийн барилга нь Есөн Эрдэнэ төвийн барилгаас хийц, байршил, барилгын дотоод засал, тохижилтоороо эрс ялгаатай. Жишээ нь: Сүхбаатар худалдааны төвийн барилга нь сэндвичэн хана, дээвэртэй, пильта шалтай, төв замаас хол байрлалтай бол Есөн-Эрдэнэ төвийн барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгоор дүүргэж, шавардаж, эмульсдсэн, паркетан шалтай, төв зам дагуу байршилтай, гадаад, дотоод засал тохижилтоороо Сүхбаатар худалдааны төвөөс илүү гэж үзэж байна. Нөгөө талаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын бүсчлэлээр 1 дүгээр бүсэд хамаарах, худалдаа үйлчилгээний зориулалттай, барилгын хийцийн хувьд ижил төстэй, байршил, тохижилтын хувьд ойролцоо худалдааны төвийн талбайн худалдсан болон худалдаж байгаа зах зээлийн бодит үнэ 1м2 нь 1 700 000-1 900 000 төгрөгийн үнэтэй байна. Жишээ нь: Есөн-Эрдэнэ худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Зүүн бүсийн худалдааны төв-ийн худалдаа үйлчилгээний 1м2 талбайн худалдсан үнэ 1 700 000-1 800 000 төгрөг, бүсчлэлийн 1 дүгээр бүсийн Залуус хотхоны 1 дүгээр давхарын худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн худалдах 1м2-ын үнэ 1 900 000 төгрөг тус тус байна. Гэтэл үнэлгээчин Ц.Энхжаргал нь барилгын хийц, байршлын хувьд ойролцоо худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн худалдаж байгаа зах зээлийн үнэ байсаар байтал жишиг болголгүй, зөвхөн Сүхбаатар худалдааны төвийн арилжааны жишиг үнийг авч миний хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнээр үнэлсэнд гомдолтой байна.
    2.Миний эзэмшлийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүрийн баруун талын 130200992 нэгж талбарын дугаартай, 0110360 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 766м2 газрын үнэлгээг иргэдэд өмчлүүлэх газрын үнэлгээгээр тооцсон байна. Гэтэл энэхүү газар нь худалдаа үйлчилгээний зориулалттай газар бөгөөд иргэнд өмчлүүлэх газраас үнийн хувьд илүү үнэлгээтэй байх ёстой гэж үзэж байна. Газар эзэмших эрхийн арилжааны үнийн мэдээлэл олдоогүй нь уг газрын үнийг харьцуулах боломжгүй үнэтэй жишин үнэлэх үндэслэл биш гэж үзэж байна. Иймээс миний эзэмшил, өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018.1.30-ны өдрийн №18/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү /Жич: үнэлгээний тайлантай танилцаад хуульд заасны дагуу гомдлоо 2018.2.12-нд гаргасан боловч анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 147/ШЗ2018/00233 тоот захирамж гарч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Захирамжинд гомдол гаргасны дагуу хэлэлцэн дээрх захирамжийг хүчингүй болгосон тул дахин нэхэмжлэлээ гаргаж байна/ гэжээ.
    Нэхэмжлэгч Б.Б 2018.5.02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт гэх байгууллагад хандаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг урд үнэлсэн дүгнэлт үндэслэлтэй эсэх, өнөөгийн зах зээлийн ханш хэдэн төгрөг байгаа талаарх үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасны дагуу тус байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үнэлэн тайлан гаргаж тус эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн бодит ханшийг 995 533 400 төгрөг байна гэж үзсэн. Тодруулбал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу миний өмчлөлийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ төвийн 2 давхарын Ү-1213002235 улсын бүртгэлийн дугаартай, 000196914 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 443м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ төвийн 1 давхарын Ү-121300151 улсын бүртгэлийн дугаартай, 000187261 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 165м2 талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээнээс даруй 4 дахин илүү гэх дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хийгдсэн шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай, миний эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн нь тодорхой харагдаж байгаа юм. Шүүхэд тус үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг нэгэнт гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын дүгнэлтээр тогтоосон 995 533 400 төгрөгийн үнээс дуудлага худалдааны анхны үнийг тогтоож явуулахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.
 Хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь ШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.5.29-ний өдрийн 231 тоот шүүгчийн захирамжаар иргэн Б.Б нь Кинд 256 999 540 төгрөгийг төлөх шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017.8.23-ны өдрийн 17170284 дүгээр тогтоолоор үүсгэж, 2017.9.01-нд шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул эрхийн улсын бүртгэлийн 000196914, 000187261, 0116350 дугаарт бүртгэлтэй Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2017.12.09-ний өдрийн 17170284/02 тоот хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин Ц.Энхжаргалыг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан. Шинжээчийн тогтоосон үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2018.2.07-ны өдөр төлбөр төлөгч Б.Бт танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж заажээ. Төлбөр төлөгч Б.Бийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээг шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилон оролцуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 268 дугаар шийдвэрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018.1.30-ны өдрийн 18/01 дугаар үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны анхны үнийг дахин үнэлгээ хийсэн үнэлгээчин Д.Алтанцэцэгийн 2018.03.24-ний өдрийн 01/18 дугаар үнэлгээнд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтээс 2019.4.15-ны өдөр магадлан шалгалт хийж тогтоосон 726 855 149 төгрөгнөөс тооцож явуулахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймаг дахь Шаас улсын тэмдэгтийн хураамжинд 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 1 536 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бээс гаргуулж Монголын Мэргэшсэн Үнэлгээний Институтийн Худалдаа Хөгжлийн банкны 4041986688 тоот дансанд шилжүүлэхийг даалгаж, Тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1195 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1263 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авсан. Уг захирамжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын дүгнэлт гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хийгдсэн үнэлгээг үндэслэл муутайг тогтоосон. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн зардлыг хуульд зааснаар хуваарилаагүй, нэхэмжлэгчид хариуцуулсан нь хууль зүйн үндэслэл муутай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д  шинжээчийн зардлыг шүүхийн зардалд оруулан тооцохоор тогтоосон ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр заасан тул шинжээчийн зардал 1536000 төгрөгийг хариуцагч төлөх нь хууль хэрэглээний хувьд зөв юм. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
К ХХК дахь банкны эрх хүлээн авагч давж заалдах гомдолдоо: Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Бээс 256999540 төгрөг гаргуулж Кинд олгохоор шийдвэрлэсэн. Зээлдэгч Б.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир бид албан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Тус алба нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 17170284 дүгээр тогтоол үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоосон талаар анхан шатны шүүх үндэслэх хэсэгт дурдсан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох боломжтой. Төлбөр төлөгч, авагч  нарын үнийн санал тохиролцоогүй тул шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба 2018 оны  01 дүгээр сарын 08-ны өдрийн 17170284/03 тоот  шинжээч томилох тухай тогтоолоор Б.Бийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлалтай “Есөн-Эрдэнэ”  дэлгүүрийн худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар тогтоолгосон нь хууль зөрчөөгүй юм. Үнэлгээчин Д.Алтанцэцэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Олон улсын үнэлгээний стандартын хорооноос  баталсан үнэлгээний стандарт зэргийг мөрдөж, хуулийн хүрээнд үнэлгээний дүгнэлт гаргаагүй, хийсвэр дүгнэлт хийсэн. Үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18/1 тоот үнэлгээний тайлангийн дүн 245000000 төгрөг, үнэлгээчин  Д.Алтанцэцэгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 75/А тоот үнэлгээний тайлангийн дүн 726855149 төгрөг гэж зөрүүтэй үнэлгээ хийгдсэн. Иймд хөндлөнгийн бүрэлдэхүүнтэй үнэлгээчид томилж, хөрөнгийг үнэлүүлэн зах зээлийн бодит ханшийг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
    Нэхэмжлэгч Б.Б нь “Ц.Энхжаргалын 18/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж, Д.Алтанцэцэгийн 01/18 дугаартай үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэ тогтоохыг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
    Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “төлбөр төлөгч Б.Бийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу явуулсан, дахин үнэлгээг манай байгууллагаас шинжээч томилоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
    Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр захирамжаар Б.Бээс 256 999 540 төгрөгийг гаргуулж “К”-нд олгохоор шийдвэрлэжээ.
    Гэтэл төлбөр төлөгч Б.Б нь энэхүү эвлэрлийг баталсан захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  алба нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, мөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутагт байрлах  “Есөн-Эрдэнэ” худалдаа үйлчилгээний төвийн зориулалттай байрны 1 дүгээр давхрын 165 м2 талбай /УБД-000187261/,  2 давхарын  443 м2 талбай /УБД-000196914/, 766 м2 газар /ГЭГ-0116350/ зэргийг хураан авч, шинжээч-үнэлгээчнээр Ц.Энхжаргалыг томилсон байна. /1 хх 36-45 дугаар тал/.
Үнэлгээчин Ц.Энхжаргалын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18/01 дугаартай тайлангаар дээрх үл хөдлөх хөрөнгийг нийтэд нь 248 827 300 төгрөгөөр үнэлсэн бөгөөд түүнийг төлбөр төлөгч Б.Б эс зөвшөөрч, дахин үнэлгээ хийлгэхээр Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтэд хүсэлт гаргасны дагуу үнэлгээчин Д.Алтанцэцэг тухайн объектүүдийг 995 533 400 төгрөгөөр үнэлжээ. /1хх 48-68 дугаар тал/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К”-ны хүсэлтийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1263 дугаар шүүгчийн захирамж гаргаж, шинжээч-үнэлгээчнээр Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтийг томилсон байна. /1хх 218-221 дүгээр тал/.
Тус институт нь 4 үнэлгээчнийг томилж, тэдгээр нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр магадлан шалгалтын тайлангаар тухайн объектүүдийг 726 855 149 төгрөгөөр үнэлжээ. /2хх 2-9 дүгээр тал/.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дотоод итгэлээрээ үнэлж, Ц.Энхжаргалын 18/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгож, Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр магадлан шалгалтын тайлангаар Д.Алтанцэцэгийн хийсэн үнэлгээг өөрчилж,  726 855 149 төгрөг болгосон бөгөөд энэ үнийн дүнгээс үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны анхны үнэ тогтоож явуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.  
“З” ХХК-ийн тэргүүлэх үнэлгээчин Ц.Алтанцэцэг нь үнэлгээний зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийг газар дээр нь очиж үнэлгээ хийсэн нь түүний 01/18 дугаартай үнэлгээний тайлангийн гуравт бичигдсэн байна. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм. /1хх-52 дугаар тал/.
Нэхэмжлэгч Б.Б нь давж заалдах гомдолдоо:  “миний шүүхэд гаргасан нэхэмжлэл бүрэн хангагдсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн хөлс 1 536 000 төгрөгийг хариуцагч төлөх ёстой. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү”  гэжээ.
Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтын шинжээч-үнэлгээчдийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр магадлан шалгалтын тайлангаар тухайн хөрөнгийг алдаатай тооцоолсноос үнэлгээ 268 678 251 төгрөгөөр зөрүүтэй гарсан байх тул анхан шатны шүүх шинжээчийн хөлс 1 536 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч Б.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Капитал” банкны эрх хүлээн авагчийн давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.
   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж,  Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Нэхэмжлэгч Б.Бээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Гурав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.  
Дөрөв. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг  буруу  хэрэглэсэн,   шүүх хуулиар  тогтоосон  хэрэг   хянан    шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

           
                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.БААТАРСҮХ
                                      ШҮҮГЧИД                             С.ОЮУНТУНГАЛАГ
                                                                                     Д.БАЙГАЛМАА