Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2016/0328

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хатиган овогт Ц*******ийн Б*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг даалгасан шийдвэр гаргуулах, ажилгүй байсан 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулж, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, С.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б******* нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Ц.Б*******, түүний өмгөөлөгч Ц.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Ц*******ийн Б******* улсад 31 жил ажилласнаас, Нийгмийн даатгалын байгууллагад байцаагч, хяналтын байцаагч, хэлтсийн даргаар тасралтгүй 25 жил ажилласан. Дээд газрын шийдвэрээр 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар шилжүүлж ажилласан болно.

Тус аймагт ажилласан үр дүнгийн гэрээний биелэлтийг 2013 онд 93.03%, 2014 онд 96.03%-тай дүгнүүлж ажилласан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын мэдэлд шилжүүлсэн боловч өнөөг хүртэл ажилд томилоогүй байна.

Би өөр ажил, албан тушаалд шилжих талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт огт гаргаж байгаагүй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалын дагуу ажилласан хугацааны ээлжийн амралтаа 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлж байхад ажлаа хүлээлгэж өгөх тухай тухайн үеийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга Д.Мэндбаяр нэг удаа хэлээд шууд ажил хүлээлцэнэ гэж тулган миний оролцоогүйгээр Г.Болормаад хэлтсийн даргын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 10-нд хүлээлгэн өгсөн байдаг.

Миний бие нь ээлжийн амралтаа эдэлж байхад дээрх шилжүүлж, чөлөөлсөн тухай тушаалыг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор хүлээн авч, улмаар дараагийн ажилд томилуулах тухай өргөдлөө 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газын дарга Ц.Уртнасанд, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн албаны салбар зөвлөлд тус тус гаргасан боловч өргөдлийн дагуу ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд хариу ирүүлээгүй.

Шат шатны байгууллага, албан тушаалтанд хандсаар байхад ажлын байраар хангахгүй байгаагаас үзэхэд намайг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлаас халсан гэж үзэж байна.

Миний бие дээрх хууль бус шийдвэрээс шалтгаалан өнөөдрийг хүртэл эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй хохирч байна.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гаргасныг харьяаллын дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн албан салбар зөвлөлд шилжүүлсэн боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл ирүүлээгүйг дурдан та маргаантай асуудлаараа хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан баталгааны дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг даалгасан шийдвэр гаргаж, өнгөрсөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойших цалинг төлүүлж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Миний цалин ТЗ-9-5-аар 864.211 төгрөг, ахлах түшмэл тэргүүн зэргийн нэмэгдэл 25% 216.053 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25% 216.053 төгрөг хоолны зардал 40.000 төгрөг бүгд сарын цалин 1.336.317 төгрөг бөгөөд 1 дүгээр сарын 28-ныг хүртэлх хугацааны нийт цалин 7.617.001 төгрөг болно гэв.

Нэхэмжлэгч Ц.Б******* нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

...Ц.Б******* би Захиргааны хэргийн шүүхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаар эгүүлэн томилохыг даалгасан шийдвэр гаргуулж, ажилгүй байсан 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхэлж шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Мөн энэ хугацааны Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, Нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, Д.Н******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Б*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт мэргэжлийн дагуу ажлын байраар хангахыг үүрэг болгосон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн гаргасан юм.

Мөн энэхүү албан тушаалтай холбогдуулан Ц.Б*******гаас ажлын байраар хангахыг хүссэн өргөдөл гаргасан байна. Уг тушаал болон өргөдөл дардсан асуудлыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга 2015 оны 10 дугаар 21-ний өдрийн 8/2297 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн албаны даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр шилжүүлж, түр хугацаагаар орлого шимтгэлийн байцаагчаар ажиллуулахаар санал тавьсан байна. Гэтэл Ц.Б******* өөрөө энэхүү ажлаас татгалзсан байна. Ийнхүү Ц.Б*******г ажлын байраар хангах процесс идэвхитэй явагдаж байгаа нь нэхэмжлэлд дурдсан ...өнөөг хүртэл ажилд томилоогүй... гэх үндэслэл бүрэн хангагдахгүй байна. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан заалтын дагуу ажилд шилжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ц.Б*******г Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэсэн үндэслэлээр тушаал гаргасан бөгөөд өөрийг нь шилжүүлэн ажиллуулах асуудлаар хуулийн дээрх заалтын дагуу түүнтэй тохиролцохоор Тамгын газрын дарга утсаар ярихад ямар нэг татгалзсан хариу хэлээгүй, харин хотод ажиллах асуудлаар зөвшөөрсөн нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ц.Б******* нь нэхэмжлэлдээ Шат шатны байгууллага, албан тушаалтанд хандсаар байхад ажлын байраар хангахгүй байгаагаас үзэхэд намайг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлаас халсан гэж үзэж байна гэсэн нь Ц.Б*******г ажлаас чөлөөлсөн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэл болгосон байх тул нотлох баримтаар хангагдахгүй байна. Харин Ц.Б*******гийн нэхэмжлэлд дурдсан ажлаас халсан.. гэх ойлголт нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1. дах заалтад буюу сахилгын шийтгэлийн төрөлд хамрагддаг зохицуулалт юм.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар Ц.Б******* халагдаагүй тул нэхэмжлэлд дурдсан асуудал үндэслэлгүй байна.

Ц.Б******* нь гаргасан нэхэмжлэлдээ хууль бус шийдвэрээс шалтгаалан ...хохирч байна гэсэн нь үндэслэлгүй болгох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны Б/166 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэж, хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаснаар хууль ёсны болох нь нотлогдож байна.

Харин ...ажилгүй, цалин орлогогүй хохирч байна гэсэн нь албан тушаалд томилохын тулд Авилгатай тэмцэх газарт Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар хүргүүлж, дүгнэлт гаргуулах ёстой тул холбогдох мэдүүлэг, материал бүрдүүлж өгөөгүй, өөрөө татгалзсан зэрэг өөрөөс нь шалтгаалсан идэвхитэй үйлдлээр илэрч байна. Мөн байгууллагын зүгээс ажлаар хангах идэвхитэй үйл ажиллагаа явуулсан нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын ерөнхий газраас хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 8/2297, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн 19/55 дугаартай албан бичгүүдээр тус тус нотлогдож байна.

Ц.Б******* нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэсэн заалтыг зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг 4 сараар хэтрүүлсэн нь шүүхэд гомдол гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ц.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.16, 4.17 дах заалтыг тус тус үндэслэн Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц******* овогтой Б*******г 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилон ажиллуулсан байна.

Мөн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/31 дүгээр тушаалын дагуу Ц.Б******* 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 26 хоног ээлжийн амралтыг авсан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 126 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Б*******г 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдэлд шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Ц.Б******* Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасанд 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Төрийн албаны зөвлөлд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус тус өргөдөл гаргасан байна.

Нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэмээн үзэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар албан бичгээр ...Төрийн албан зөвлөлийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд таны өргөдлийг шилжүүлсэн болно. Таны ажил, албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой асуудлаар тус салбар зөвлөл комисс томилон маргааныг шийдвэрлэх чиг үүрэгтэй ч өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэсэн талаар манай зөвлөлд хариу мэдээлэл ирүүлсэнгүй. Иймд та маргаантай асуудлаараа хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй хэмээн хариу өгчээ.

Иймд нэхэмжлэгч тушаалыг хүлээн авч мэдсэнээс хойш тушаалыг эс зөвшөөрч захиргааны акт гаргасан албан тушаалтан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зэрэгт гомдол гаргаж, хариу өгөөгүйн улмаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, мөн Төрийн албаны зөвлөлд гомдол гарган дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн ...нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдож очоод үр дүнтэй ажиллаж байсан гэдэг нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/121, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/61, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/85 дугаар тушаалуудаар нотлогдож байна.

Ц.Б*******г ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан бөгөөд хуулиар зохицуулсан шаардлагыг хангаагүй байхдаа хариуцагч тушаалыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/2955 дугаар албан бичгээр Ц.Б*******г ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулахдаа тохиролцсон эсэх талаарх баримтыг шаардахад Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 8/577 дугаар албан бичгээр ...Тамгын газрын дарга Д.Мэндбаяр утсаар ярьж ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай хэлэхэд татгалзсан зүйл хэлээгүй байсныг нэхэмжлэгч Ц.Б******* нэхэмжлэлдээ ...ажлаа хүлээлгэж өгөх тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга Д.Мэндбаяр нэг удаа шууд хэлээд гэж өөрөө дурдаж нотолсон болно гэж хариу өгснийг нэхэмжлэгч Ц.Б*******тай ажилд шилжүүлэн ажиллуулах талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл түүнтэй тохиролцон бичгийн зөвшөөрлийг зайлшгүй авсан байхыг шаардах бөгөөд эрх бүхий албан тушаалтан дан ганц өөрийн санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх эрхийг энэхүү хуулийн зохицуулалтаар хязгаарласан гэж ойлговол зохино.

Түүнчлэн албан ажлын зайлшгүй ямар шаардлага гарсан болохыг шүүхэд хангалттай нотлоогүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэг ажлын байран дээр албан тушаалтныг удаан хугацаагаар ажиллуулах нь ажлын ахиц гарахгүй, үр дүнд сөрөг гэх зэргээр баримт, судалгаагүй тайлбарыг шүүх хүлээн авч хариуцагчийг зөвтгөх боломжгүй байна.

Хариуцагч Ц.Б*******г ажлаар хангах зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 8/2297 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн албаны даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлж, түр хугацаагаар орлого шимтгэлийн байцаагчаар ажиллуулахаар санал тавьсан боловч өөрөө татгалзсан хэмээн маргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Б******* нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өргөдөл өгсний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтанцэцэгт 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Танай хэлтсээс энэ онд өндөр насны тэтгэвэрт гарч байгаа Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн албаны дарга Ц.С*******гийн оронд уг албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Б*******г шилжүүлэв гэсэн 8/2297 дугаар албан бичгийг хүргүүлжээ.

Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн албаны дарга Цэрэнгийн С*******г өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байх бөгөөд энэ нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нэхэмжлэгч Ц.Б*******г 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 8/2297 дугаар албан бичгийн дагуу ажлын байраар хангасан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж байна.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ц.Б*******г ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай Б/166 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцээгүй, хариуцагч албан ажлын зайлшгүй шаардлагагүй, нэхэмжлэгчтэй тохиролцоогүй байхдаа Ц.Б*******г албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчсөн байх тул тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг /цалингийн дэлгэрэнгүй 2015 оны 5, 6, 7 дугаар сарууд/ 1.296.316, төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх нийт 164 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /1.296.316: 21,2=61.147х164/ 10.028.108 /арван сая хорин найман мянга нэг зуун найм/ төгрөгийг Ц.Б*******д олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан Ц.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ц.Б*******г ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай Б/166 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б*******г өмнө эрхэлж байсан Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 10.028.108 /арван сая хорин найман мянга нэг зуун найм/ төгрөгийг Ц.Б*******д олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА