Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 21

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа
Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 394 шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тын давж заалдах гомдлоор Д.Мийн нэхэмжлэлтэй Ш.Агийн “хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай”  иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 06 тоот шийдвэрээр Б.Ө, Д.М нарын өмчлөлийн газрын хил заагийг харуулсан газрын байршлын кадастрын зургаас үзвэл гуравдагч этгээдийн өмчлөлийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, ... тоотод байршилтай, 19674173039165 нэгж талбарын дугаар бүхий 700 м2 газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 4-4 тоот /одоогийн 5-3 тоот/-д байршилтай, 19674173012166 нэгж талбарын дугаар бүхий 1512 м2 газартай ямар нэгэн давхцалгүй байгаа тул Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн /Д.М, Н.Д/ бид Сүхбаатар аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 224 дүгээр захирамжаар Н.Дид 700 м2 газар өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Н.Д асанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Н.Д асан нь 2000 оны 8 дугаар сард Халзан сумаас аймагт нүүж ирээд өөрийн ураг болох Хоролсүрэнтэй ярилцаж тохиролцон тэдний зүүн талын хоосон газарт гэр, хашаагаа бариад тэндээ тасралтгүй 2014 оны 3 дугаар сар хүртэл 14 жил амьдарч байгаад нас барсан. Тухайн үед багийн дарга болон холбогдох газрын албаны мэргэжилтнүүдээс албан ёсны зөвшөөрөл авч 2004 онд газар өмчлөлийн дагуу амьдарч байсан газраа өмчилж авсан. 2001 онд анх ирж буухад Өлзийбаярынх гэдэг айл тэр газар дээр байгаагүй ба төвд Их-Уул буудлын арын хашаанд манаачаар ажиллаж тэнд гэртэйгээ амьдарч байсан. 2002 онд хөрш Хоролсүрэн гуай Улаанбаатар хот шилжиж өөрийн төрсөн охин болох Урмаа нь /АНЭ-ийн нярайн их эмчээр/ уг газарт амьдарч байгаад 2004 онд Улаанбаатар хот шилжсэн. Түүнээс хойш Хоролсүрэн гуайн хашаанд Өлзийбаярынх гэдэг айл нүүж ирсэн. Сүүлийн 4 жилд хүнгүй байгаа, өвөөг нас барсан зэрэг байдлыг далимдуулж эзэмшлийн дааман хаалгыг өөрсдийн дураар нээж, мөн газрыг өөрийн эзэмшилд байлгах зэргээр эзэгнэх болсон. Бид өөрсдөө уг хашааг тогтмол эргэж тойрдог ба 2016 онд 2 удаа дааман хаалгыг цүү хадаж цоожилсон боловч 2 удаа цүүг мулталж хаалгыг нээн чөлөөтэй орж гарч байна. 2014 онд өвөө Н.Дийг нас барсны дараа уг газрыг ээж Нарантуяа надад шилжүүлэх хүсэлт гаргаж албан ёсны 0000334032 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болно. Бид хашаандаа гэр орноо барьж амьдрах гэсэн боловч хүч хэрэглэн дайрч давшилж, аавын минь гэрийн буйранд дээр хүүгийнхийгээ буулгаж бидний газар өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.4.17-ны өдрийн 06 тоот шийдвэрийг үл хүндэтгэн биелүүлэхгүй байна. Иймд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 4-5 тоот газрыг Ш.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх анх аймагт шилжиж ирэхэд энэ хашаанд манай ураг Хоролсүрэн гуайнх байсан. Манай зүүн талд айлгүй хоосон газар байгаа гэж хэлээд манайх хоосон газарт хашаа татаж буусан. Манай аав өөд болохдоо энэ газрыг хүүд өгөөрэй гэж захисан. Тиймээс хууль ёсны эзэмшигч нь манайх мөн гэж үзэж байна. Газрын гэрчилгээ нь ч байгаа. Өлзийбаярын болон Мөнгөнсүхийн газар нь ямар нэгэн давхцалгүй гэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 онд гарсан. Хариуцагчийнх манай хашааны дааман хаалгыг нээчихээд чөлөөтэй орж гарч,  хоёр хашааны дундуур байсан хашааг буулгаад, одоо нэг гэрээ манай хашаа, газарт оруулж барьсан нь биднийг өөрийн өмчлөлийн хашаа, газартаа гэрээ бариад амьдрах эрхийг зөрчөөд байна. Иймээс уг газрыг Ш.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
 Хариуцагч Ш.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Ө нь хүргэн ах Хоролсүрэнгийн хамт эмнэлэгийн байранд амьдарч байгаад 1994 онд Амгаланд нүүж ирээд нэг хашаанд баруун, зүүн талд амьдарч байгаад зүүн талын газрыг 1998 оны 100 дугаар тогтооын дагуу 16/030056 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй 580 м2 газрыг 2001 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Д.Нарантуяа нь Газрын тухай хууль зөрчиж өрх толгойлсон хөгшин миний газрыг хууль бусаар авах гэж олон янзын оролдлого хийж байна. Нарантуяа нэхэмжлэлдээ буруу ташаа, дандаа худал гүтгэсэн зүйлүүд бичсэн байна. Шүүх үнэн зөвөөр нь шалгаж өгнө гэдэгт итгэлтэй байна. Уг газарт хууль бусаар буугаагүй учир чөлөөлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.
 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 1994 онд манайх энд буусан. Манай хашааны зүүн талаар аймгийн цэвэр усны шугам явдаг. 25 метрийн зайд байх ёстой гэж манай хашааг татуулсан. Энэ талаараа тухайн үеийн газрын даамал хийж байсан Түвдэндорж нь бичиг хийж өгсөн. Энэ бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн 2006 оны кадастрын зурагт цэвэр усны шугамнаас манай хашааг татуулсан байгаа. Нэхэмжлэгчийнх одоо цэвэр усны шугам дээр буусан байгаа. Манай ээж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байсан. Манайх бол нэхэмжлэгч талын эрх ашгийг зөрчөөгүй. Кадастрын зурагт хашаанууд доголтой гарсан байгаа. Анх бол шулуун байсан. Анхнаасаа газрыг татуулахгүй байх байсан. Гэтэл сүүлд айл буулгасан учраас уг газрыг манай газар гэж үзэж байна гэжээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр шийдвэрт: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, ... тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1213002886 дугаарт бүртгэлтэй, 19674173039165 нэгж талбарын дугаартай, 0.07 га газрыг хариуцагч Ш.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Агаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т давж заалдах гомдолдоо: Уг маргаад байгаа газарт манайх 1994 онд анх буусан. Манайхыг анх энэ газарт буухад манай хажууд айл байгаагүй. Энэ талаар гэрч Чойжоо мэдүүлсэн байгаа. Бидний хувьд хууль бус газар буугаагүй. 1994 онд Түвдэн гэдэг хүн манайд ирээд “танайх хашаагаа аймгийн төвийн цэвэр усны шугаманд тулгаж татсан байна, газрын тухай хуулийн дагуу төв цэвэр усны шугамаас 25 метрийн зайнд хашаа байх ёстой гээд манайх хашаагаа татуулсан. Үүнээс хойш газрын албанд хандаад хашаагаа зүүн тийш нь тэлмээр байна гэхэд хашааны зүүн талд цэвэр усны шугам явж байгаа учир хашааг тэлэх боломжгүй гэсэн. Тэгтэл 2001 онд энэ айл ирээд буусан. Тэгээд танайд яагаад энэ газрыг өгсөн юм бэ?, цэвэр усны шугаманд тулсан хашааг тэлэх боломжгүй гээд өгөөгүй талаар хэлэхэд Дагвадорж гуай “ах нь газрын гэрчилгээгүй, ах нь нүүнэ” гэж хэлсэн.  Энэ маргааныг шийдвэрлэх гол нотлох баримт бол манайд байгаа 2006 онд газар өмчилж авсан кадастрийн зураг байсан боловч анхан шатны шүүх энэ баримтыг аваагүй. Энэ баримтаар аймгийн төв цэвэр усны шугам манай хашааны хаагуур явж байгааг харуулж байгаа юм. Би газрын албанаас удаа дараа манайх хашаагаа цэвэр усны шугамаас болоод татуулж байсан гэсэн баримт авах гэсэн боловч газрын алба тэр талаар баримт гаргах боломжгүй гээд өгөөгүй юм. Анхнаасаа айл буулгах байсан бол манай хашааг юу гэж татуулсан юм гэдэгт гомдолтой байгаа. Манайх анх 1994 онд ирж буусан, харин нэхэмжлэгч тал манайхаас сүүлд 2000 онд ирж буучихаад өргөдөл дээрээ манайхыг буухад хажуу талд айл байгаагүй нь үндэслэлгүй юм. Миний хувьд манайхыг хашаагаа тэлье гэхэд цэвэр усны шугаманд тулгаж татсан гэсэн атлаа энэ айл цэвэр усны шугаман дээр буучихаад энэ манай газар гэж маргаад байгаа юм бэ, үүнийг ойлгохгүй байна. Сүүлийн жилүүдэд хашаандаа байхгүй, эзэнгүй байгаа, манайх хашааг нь эргэж, тойрч харж хандаж байдаг. Энэ газрын асуудал хуулийн дагуу үнэн зөвшөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь “Манай аав Н.Дийнх анх энэ газар дээр бууж хашаа татаад, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Манай газар хариуцагчийн газартай давхцаагүй талаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн 2 газрыг тусгаарласан хашааг авч, өөрийн хашааны дааман хаалгыг хааж, манай дааман хаалгыг нээж, түүгээр орж гарч, манай газар дээр нэг гэрээ барьж, өмчлөх эрхийг минь зөрчсөн Ш.Агийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлснийг хариуцагч “Аймгийн цэвэр усны шугамнаас 25 метрийн зайтай иргэдэд газар эзэмшүүлнэ гэж манай хашааг анх татуулсан. Гэтэл сүүлд нэхэмжлэгчийнх цэвэр усны шугам дээр буусан. Бид өөрсдийн газар дээр гэрээ барьсан тул нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй“ гэж маргажээ.  

    Анхан шатны шүүх зохигчдын шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Баруун-Урт сумын 1 дүгээр багийн ... тоотод байршилтай 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь иргэн Д.М болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 224 дугаар захирамж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх 6-11/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.М нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан  “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрх”-ийг эдлэхээр байна.

Түүнчлэн хариуцагч нь зохигчдын өмчлөлийн газрыг тусгаарласан хашааг буулгаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр гэрээ барих, дааман хаалгаар нь орж, гарч ашиглах зэргээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон үйлдлийг хийсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч нь хариуцагчийн хууль бус эзэмшил, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрх үүсчээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн харилцаанд хамааралгүй шударга эзэмшигчтэй холбоотой зохицуулалтын талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.  
Мөн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлахаас гадна энэ зүйлийн 106.2 дахь хэсгийг орхигдуулсан байх тул түүнд зохих нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
    
    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэсний дараа “106.2” гэж нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Дөрөв: Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.




                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ
                                                  ШҮҮГЧИД                           С.ОЮУНТУНГАЛАГ
                                                                                              Д.БАЙГАЛМАА





















ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Батсайхан хариуцагч Т.Жавзанпагма, Я.Саранчимэг нараас өөрийн өмчлөлийн 8000000 төгрөгийн үнэтэй Соната-NF автомашин, 2019 оны 2 дугаар сарын 16-наас одоог хүртэлх түрээсийн орлого 3300000 төгрөг, машинаа авахаар Улаанбаатар хот Сүхбаатар аймгийн хооронд явсан зардал, машины үнэлгээ хийлгэсэн 763400 төгрөг,  бүгд 12063400 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлжээ.
    Хариуцагч нар  Батсайханыг танихгүй учир  машин түрээслэх гэрээ хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талууд С.Батсайхан Т.Батжаргал нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан автомашин түрээслэх  гэрээний талаар маргаагүй байна.
Маргааны зүйл болсон Соната-NF автомашиныг хариуцагч нар Т.Батжаргалаас худалдан авсан гэх боловч, үүнийгээ нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, зохигчдын хооронд ямар нэгэн гэрээний дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Харин Соната-NF автомашины өмчлөгч С.Батсайхан  мөн болох нь автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт  “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар С.Батсайхан хариуцагч Т.Жавзанпагма, Я.Саранчимэг нараас тухайн автомашиныг нэхэмжилсэн нь үндэслэлтэй төдийгүй анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг  хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ./хх-6,40,39,43/
 Түрээслэгч Т.Батжаргал нь автын осолд орж цаашид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон, түрээсийн гэрээгээ цуцлах тухай хүсэлтээ түрээслэгч С.Батсайханд  2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бичгээр мэдэгдсэнийг тэрээр хүлээн авч машинаа авахаар Баруун-Урт суманд ирж хариуцагч нартай уулзсанаар  С.Батсайхан Т.Батжаргал нарын хооронд автомашин түрээслэх гэрээ цуцлагдсанд тооцсон талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч С.Батсайхан хариуцагч нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул  2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл олох байсан орлого 3300000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой байтал шүүх С.Батсайхан, Т.Батжаргал нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх хугацааны түрээсийн төлбөр 120000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

 Нэхэмжлэгч Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 3 удаа машинаа авахаар явсан зардлын талаарх баримтуудаа шүүхэд ирүүлсэн хэдий ч  бусад зардлын үнийн дүн зөрүүтэй, ямар машинаар явсан нь тодорхойгүйн зэрэгцээ газ авсан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шуудангаар явсан баримтууд давхацсан байх тул шүүх бусад зардлаас 51900 төгрөгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.   
Иймд анхан шатны шүүхийн 376 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв,   

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “олох байсан орлого 120000 төгрөг, бүгд 171900 төгрөг” гэснийг  хасч, 2 дахь заалтын “3891500 төгрөгийг” гэснийг “4011500 төгрөг” гэж, 3 дахь заалтын “145700 төгрөгийг” гэснийг “143780 төгрөгийг” гэж тус тус өөрчилсүгэй.

    Хоёр. Хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
 
           Гурав. Хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ
                                                  ШҮҮГЧИД                           С.ОЮУНТУНГАЛАГ
                                                                                              Д.БАЙГАЛМАА