Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 394

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
    
Нэхэмжлэгч: Д.Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Ад холбогдох
 
“Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
        
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:
    
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 06 тоот шийдвэрээр Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/68 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн Б.Ө, Д.М нарын өмчлөлийн газрын хил заагийг харуулсан газрын байршлын кадастрын зургаас үзвэл гуравдагч этгээдийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 1 дүгээр баг, Амгалангийн 5-4 тоотод байршилтай, 19674173039165 нэгж талбарын дугаар бүхий 700 м2 газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 1 дүгээр баг, Амгалангийн 4-4 тоот /одоогийн 5-3 тоот/-д байршилтай, 19674173012166 нэгж талбарын дугаар бүхий 1512 м2 газартай ямар нэгэн давхцалгүй байгаа тул Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Д.М /Н.Д/ -ийн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 224 дүгээр захирамжаар Н.Дид 700 м2 газар өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Н.Д асанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.

Н.Д асан нь 2000 оны 8 дугаар сард Халзан сумаас аймагт нүүж ирээд өөрийн ураг болох Хоролсүрэнтэй ярилцаж тохиролцон тэдний зүүн талд /хоосон газар/ гэр, хашаагаа бариад тэндээ тасралтгүй 2014 оны 3 дугаар сар хүртэл 14 жил амьдарч байгаад улмаар хүнд өвчний учир 2014 оны 3 дугаар сард нас барсан. Тухайн үед багийн дарга болон холбогдох газрын албаны мэргэжилтнүүдээс албан ёсны зөвшөөрөл авч 2004 онд газар өмчлөлийн дагуу амьдарч байсан газраа өмчилж авсан. 2001 онд анх ирж буухад Өлзийбаярынх гэдэг айл тэр газар дээр байгаагүй ба төвд “Их-Уул” буудлын арын хашаанд манаачаар ажиллаж тэнд гэртэйгээ амьдарч байсан. 2002 онд хөрш Хоролсүрэн гуай Улаанбаатар хот шилжиж өөрийн төрсөн охин болох Урмаа нь /АНЭ-ийн нярайн их эмчээр/ уг газарт амьдарч байгаад 2004 онд  Улаанбаатар хот шилжсэн. Түүнээс хойш Хоролсүрэн гуайн  хашаанд Өлзийбаярынх гэдэг айл нүүж ирсэн.

2007 онд Д гуайг амьд байх хугацаанд Өлзийбаярын хүү Тэгшжаргал нь шөнө болгон өвгөн настай хүнийг бүдүүлгээр доромжилж хашааг машинаар дайрч унаган 2 м газрыг шууд авсан. Сүүлийн 4 жилд хүнгүй байгаа, Д гуайг нас барсан зэрэг байдлыг далимдуулж эзэмшлийн дайман хаалгыг өөрсдийн дураар нээж, мөн газрыг өөрийн эзэмшилд байлгах зэргээр эзэгнэх болсон. Бид өөрсдөө уг хашааг тогтмол эргэж тойрдог ба 2016 онд 2 удаа дайман хаалгыг цүү хадаж цоожилсон боловч 2 удаа цүүг мулталж хаалгыг нээн чөлөөтэй орж гарч байна. Д гуайг амьд сэрүүн байх хугацаанд буюу 2007 онд 2 м газрыг дээрэлхэж авснаас хойш газрын талаар огт гомдол гаргадаггүй байсан.

Д гуайн төрсөн охин Нарантуяа миний бие өрх толгойлсон эмэгтэй одоогоор 2 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдарч байна. Уг айл нь өрх толгойлсон эмэгтэй намайг биеэ хамгаалах чадваргүй эмэгтэй хүн гэдэг байдлаар удаа дараа хэл амаар доромжилж, дайрч давшилан хашаа, эд хөрөнгө /малын пүнз/ зэргийг нураасан. Аав Н.Д маань амьд сэрүүн байхдаа 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 224 тоот захирамжаар иргэн бүрт эзэмших 0.7 га газрын гэрчилгээг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж авсан боловч 2014 онд Н.Д нас барсан тул уг газрыг өөрийн хүү болох Д.Мэд шилжүүлэх хүсэлт гаргаж албан ёсны 0000334032 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болно. Бид хашаандаа гэр орноо барьж амьдрах гэсэн боловч хүч хэрэглэн дайрч давшилж, аавын минь гэрийн буйранд төрсөн хүүгийнхийгээ буулгаж бид бүхний газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.4.17-ны өдрийн 06 тоот шийдвэрийг үл хүндэтгэн биелүүлэхгүй байна.
Иймд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 4-5 тоот газрыг Ш.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх анх аймагт шилжиж ирэхэд энэ хашаанд манай ургийнх байсан. Манай зүүн талд айлгүй хоосон газар байгаа гэж хэлээд манайх хоосон газарт хашаа татаж буусан. Манай аав өөд болохдоо энэ газрыг хүүд өгөөрэй гэж захисан. Тиймээс хууль ёсны эзэмшигч нь манайх мөн гэж үзэж байна. Газрын гэрчилгээ нь ч байгаа. Энэ нь кадастрын зургаар нотлогдсон. Кадастрын зураглалд ямар ч давхцал байхгүй. Өлзийбаярын газар хэвээрээ, Мөнгөнсүхийн газар нь ямар нэгэн давхцалгүй гэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 онд гарсан. Хариуцагчийнх манай хашааны дайман хаалгыг нээчихээд чөлөөтэй орж гарч байна. Манай хоёр хашааны дундуур байсан хашааг буулгасан. Одоо нэг гэрээ манай газарт оруулж барьсан байгаа. Иймээс уг газрыг Ш.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Ө нь хүргэн ах Хоролсүрэнгийн хамт эмнэлэгийн байранд амьдарч байгаад 1994 онд Амгаланд нүүж ирээд нэг хашаанд баруун, зүүн талд амьдарч байгаад зүүн талын газрыг 1998 оны 100 дугаар тогтооын дагуу 16/030056 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй 580 м2 газрыг 2001 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Д.Н нь Газрын тухай хууль зөрчиж өрх толгойлсон хөгшин миний газрыг хууль бусаар авах гэж олон янзын оролдлого хийж байна. Нарантуяа нэхэмжлэлдээ буруу ташаа, дандаа худал гүтгэсэн зүйлүүд бичсэн байна. Шүүх үнэн зөвөөр нь шалгаж өгнө гэдэгт итгэлтэй байна. Уг газарт хууль бусаар буугаагүй учир чөлөөлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тэгшжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 1994 онд манайх энд буусан. Манай хашааны зүүн талаар аймгийн цэвэр усны шугам явдаг. Тиймээс манай хашааг татуулж, 25 метрийн зайд байх ёстой гэсэн. Тухайн үеийн газрын алба манай газрыг татуулсан. Энэ талаараа тухайн үеийн газрын даамал хийж байсан Түвдэндорж нь бичиг хийж өгсөн. Энэ бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн 2006 оны кадастрын зураг байгаа. Энэ зурагт цэвэр усны шугамнаас манай хашааг татуулсан. Нэхэмжлэгчийнх одоо цэвэр усны шугам дээр буусан байгаа. Манай ээж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байсан. Манайх бол нэхэмжлэгч талын эрх ашгийг зөрчөөгүй. Кадастрын зурагт хашаанууд доголтой гарсан байгаа. Анх бол шулуун байсан. Анхнаасаа газрыг татуулахгүй байх байсан. Гэтэл сүүлд айл буулгасан учраас уг газрыг манай газар гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
    Нэхэмжлэгч Д.М нь Ш.Агийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
 
Хариуцагч Ш.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
 
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” 224 дүгээр захирамжаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 5-4 тоот хаягт,  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг иргэн Н.Дид өмчлүүлэхээр шийдвэрлэж, газрын хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Н.Дийг бүртгэж газар өмчлөх эрхийн 000066856 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгожээ.
 
160201652 нэгж талбарын дугаартай газрын хууль ёсны өмчлөгч Н.Д нь 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр нас барж түүний өмчлөлд байсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 5-4 тоот хаягт байршилтай 700 м2 газрыг хүү Д.М хууль ёсоор өвлөснөөр уг газрын хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Д.Мийг бүртгэж газар өмчлөх эрхийн 000334032  дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр олгосон байна.

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” 299 дүгээр захирамжаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 4-4 тоот (одоогийн 5-3 тоот) хаягт,  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 957 кв.метр газрыг иргэн Б.Өт өмчлүүлэхээр шийдвэрлэж, газрын хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Б.Ө, Ш.А, Ө.Жаргал, Ө.Төгсжаргал нарыг бүртгэж газар өмчлөх эрхийн 000044916 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгосон байх бөгөөд эдгээр газар нь хөрш зэргэлдээ байрлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Агийн нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 224 дүгээр захирамжийн Н.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх үйл баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримт тул дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар нэхэмжлэгчийг маргааны зүйл болсон газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх тул энэ хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах, 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Д.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
Нэхэмжлэгч Д.Мийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Агаас  улсын тэмдэгтийн хураамжинд  70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мэд олгохоор шийдвэрлэлээ.
 
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “Амгалан”-гийн 5-4 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1213002886 дугаарт бүртгэлтэй, 19674173039165 нэгж талбарын дугаартай, 0.07 га газрыг  хариуцагч Ш.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
 
         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Агаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
 
    3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
 
    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
 
 

 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ЭРДЭНЭЗУУ