Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 22

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн захирал Ц.Э
Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 402 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч “Л” ХХК-ийн давж заалдах гомдлоор түүний “эд хөрөнгийн үнэлгээний хөлс 700000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Н.Тад холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, ахмад А.Манлайбаяраас 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр баг У гэх газар нутаглах иргэн Н.Тын 4 ханатай монгол гэр, тавилга, эд хогшлын хамт шатаж эд зүйлийн үнэлгээ хийлгэх шаардлага гарсан тул шинжээчээр Л ХХК-ийн үнэлгээчин Ц.Эыг томилсугай гэсэн тогтоолыг хүлээж авсан. Тогтоолыг хүлээлгэж өгөхдөө мөрдөгч А.Манлайбаяр нь хариуцагч Н.Т, өмгөөлөгч Б.Баярмаа нарын хамт миний ажлын өрөөнд ирсэн. Тэдгээрээс тухайн эд хөрөнгийн шинж чанар, үнэлгээ хийхийн тулд юу судлах ёстой зэрэг талаар ярилцаж, энэ талаар тайлбарыг авсан. Үүний дагуу үнэлгээ хийгдсэн. Үнэлгээний хөлс төлөгдөнө гэдгийг би Н.Т болон өмгөөлөгч Б.Баярмаа нарт хэлж байсан. Тухайн үед үнэлгээний хөлсийг дараа болъё гэж хэлсэн учраас би үнэлгээг хийж бэлэн болгосон. Мөрдөгч А.Манлайбаяр үнэлгээ гарсан бол үнэлгээг авъя гэж асуухад нь үнэлгээний хөлс төлөгдөөгүй байгаа учраас өгөхгүй гэхэд шүүх хуралдаан болох гээд байна, та надад нэхэмжлэх бичээд өгчих, би эдгээр хүмүүсээр төлүүлээд өгье гээд дүгнэлтээ аваад явсан. Үүнээс хойш шинжээчийн хөлс төлөгдөөгүй байгаа. Н.Таас нэхэмжлээд байгаа шалтгаан нь Н.Т надаар үнэлгээ хийлгүүлэх санал гаргасан. Хэн үнэлгээ гаргуулах санал гаргасан тэр хүн нь үнэлгээний хөлсийг төлөх ёстой байдаг. Тиймээс миний хувьд Н.Таас нэхэмжилж байгаа. Харин Цагдаагийн байгууллага үнэлгээний хөлсийг шүүхийн зардалд оруулж өгөөгүй учраас гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг тавьсан. Хавтаст хэргийн материалд Ц.Хыг үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан гэсэн баримт байгаа учраас Ц.Хыг мөн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан гэв.
 Хариуцагч Н.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би үнэлгээний хөлс 700 000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Миний гэрийг Ц.Х шатааж үнэлгээ нь 18 000 000 төгрөг гарсан байдаг. Би уг үнэлгээг зөвшөөрөхгүй, бага байна гэж үзэж дахин эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр хүсэлт гаргасан. Гэтэл Сүхбаатар аймгийн Прокурорын газраас миний дахин үнэлгээ хийлгэхээр гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Харин өмгөөлөгч  Эрдэнэбаатар “Ц.Хын шатаасан гэрт түүний эд хөрөнгө болох ор, авдар зэрэг хөрөнгө байсан тул дахин үнэлгээ гаргаж үнэлгээний дүнгээс хасч өгнө үү” гэж хүсэлт гаргасныг холбогдох байгууллага нь хүлээн авч үнэлгээ гаргуулсан байсан. Үнэлгээгээр өмнөх 18 000 000 төгрөгийн үнэлгээнээс хасуулж, 14 762 500 төгрөг болгож, эд хөрөнгөө үнэлүүлж Ц.Хын өмгөөлөгчийн хүсэлт хангагдсан байсан. Мөрдөгч А.Манлайбаяр нь намайг шатсан гэрт юу байсан тухай тайлбараа үнэлгээний газарт очоод өг гэхээр нь би өмгөөлөгчдөө хэлж хамт очсон. Надаас Ц.Хын ямар эд хөрөнгө байсан талаар тодруулж асуухад хэлсэн. Иймд надад үнэлгээний хөлс гэх 700 000 төгрөг төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний хүсэлт хангагдаагүй гэжээ.
 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд миний бие өмгөөлөгчөөр ажилласан. Н.Тын саналаар дахин үнэлгээ хийж 14 762 500 төгрөгийг тогтоосон гэж нэхэмжлэлд дурдсан байна. Н.Тын зүгээс хэргийн зүйлчлэл буруу, үнэлгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй байгууллагаар үнэлгээ хийлгэсэн гэсэн үндэслэлээр Прокурорын газарт гомдол гаргасан. Харин Прокурорын газраас гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Үүний дараа Ц.Хын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын зүгээс мэргэжлийн үнэлгээчин томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Мөрдөгч А.Манлайбаярын зүгээс Н.Тыг дуудаад, нөгөө талаас дахин үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргасан. Тиймээс та хоёр үнэлгээчин дээр очоод эд зүйлийнхээ талаархи мэдээллээ өг гэж хэлээд Н.Т бид хоёрыг дагуулаад Ц.Э гэдэг үнэлгээчин дээр ирж асуултанд хариулсан. Тиймээс үнэлгээний хөлсийг Н.Таар гаргуулах үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шинжээчийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж байгаа. Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардлыг аль нэг талаас нэхэмжилсэн зүйл байгаагүй. Тиймээс энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь Н.Т биш учраас хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Хт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөгч, цагдаагийн ахмад А.Манлайбаяр шалгасан. Шалгагдаж байгаа хэрэгт хохирлыг тогтоохдоо тухайн гэмт хэрэг гарсан газрын сум, орон нутгийн үнэлгээний комиссоор үнэлгээг гаргуулдаг. Тухайн хэрэг гарсан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газраас үнэлгээний комисс гаргаж үнэлгээ хийгдсэн. Тухайн үнэлгээг хохирогч болон яллагдагчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар хүлээн зөвшөөрөхгүй гэж хүсэлт гаргасны дагуу мөрдөгч А.Манлайбаяр нь Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Л” ХХК-аар үнэлгээ гаргуулахаар тогтоол үйлдсэн байдаг. Үүний дагуу “Л” ХХК үнэлгээг гаргаж Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Уг үнэлгээний хөлсийг гаргуулахаар манай байгууллагад хүсэлт, нэхэмжлэх ирүүлээгүй. Хэрвээ тухайн үед “Л” ХХК-аас нэхэмжлэл ирүүлсэн бол иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод үнэлгээний хөлсийг гэм буруутай этгээдээр нь төлүүлэх боломж байсан гэж үзэж байна гэв.
 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй. Харин Н.Т дахин үнэлгээ хийлгэнэ гэж хүсэлт гаргаж байсан. Энэ талаар мөрдөгч А.Манлайбаярын зүгээс чиний хэрэг дахин шалгуулахаар ирж байгаа, хохирогч Н.Т дахин үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргасан гэж надад хэлж байсан. Н.Т хүсэлт гаргасан учраас үнэлгээний хөлсийг өөрөө төлөх ёстой гэж үзэж байна. Миний хувьд тогтоосон үнэлгээнээс илүү хөлсийг Н.Тад төлж байсан. Би Н.Тад тогтоосон үнэлгээнээс 2 200 000 төгрөг илүү төлсөн, илүү төлсөн гэж тооцолгүй өгч байсан гэв.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 402 дугаар шийдвэрт: .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Л” ХХК-аас Н.Тад холбогдуулан гаргасан Эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсны хөлсөнд 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Л” ХХК захирал Ц.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцсон Ц.Х нь энэ хэргийн хариуцагч гэж үзэж байгаа. Учир нь Н.Тын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож энэ асуудлыг нь анхан шатны эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т  “энэ хуулийн 28.1 дүгээр зүйлд заасан байдал шүүх хуралдааны явцад тогтоогдвол нэхэмжлэгч, хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулна” гэж заасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг солих ажиллагааг хийлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь миний эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 402 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  
ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Л” ХХК нь “Н.Таас эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс 700000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээ шүүхэд ирүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

    Анхан шатны шүүх зохигчдын шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Хыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны 04 цагийн үед иргэн Н.Тын 4 ханатай гэр, тавилга, эд зүйлсийг шатааж, 14762500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Энэхүү эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу “Л” ХХК нь шинжээчээр томилогдож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг хийсэн байна. /хх 34-36, 6-8, 37-49, 50-57/   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн гаргуулна” гэж шинжээчийн зардалд тооцогдох үнэлгээний төлбөрийг гэм буруутай этгээд хариуцахаар хуульчилжээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч Ц.Хыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх тул эрүүгийн хэргийн хохирогч Н.Тыг энэхүү иргэний хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж зааснаар  нэхэмжлэгч  “хариуцагчийг солиулах тухай” хүсэлтээ гаргаагүй байна. Түүнчлэн энэ хэргийн жинхэнэ хариуцагч болох Ц.Х нь Хэнтий аймгийн Баянхутаг суманд орших суух хаягтай, одоо Хэнтий аймаг дахь ШШГА-ны харьяа хорих 0419  дугаар ангид хоригдож байх тул хариуцагчийг солих ажиллагааг хийгээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

 Иймд нэхэмжлэгчийн “шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, миний эрх ашгийг хохироосон” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  
   
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Л” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

    Хоёр. Нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Гурав. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.



                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ
                                                  ШҮҮГЧИД                           С.ОЮУНТУНГАЛАГ
                                                                                              Д.БАЙГАЛМАА