Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 402

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
    
Нэхэмжлэгч: “Л” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,
     
Хариуцагч: Сүхбаатар аймаг, Түвшинширээ сум, 4 дүгээр баг, Н.Тад холбогдох
     
“Эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсны хөлсөнд 700 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
        
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Хр, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрыг төлөөлж Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
                    
ТОДОРХОЙЛОХ нь:
    
Нэхэмжлэгч “Л” ХХКомпанийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, ахмад А.Манлайбаяраас 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр баг “У” гэх газар нутаглах иргэн Н.Тын 4 ханатай монгол гэр, тавилга, эд хогшлын хамт шатаж эд зүйлийн үнэлгээ хийлгэх шаардлага гарсан тул шинжээчээр “Л” ХХКомпанийн үнэлгээчин Ц.Эыг томилсугай гэсэн тогтоолыг хүлээж авсан. Тогтоолыг хүлээлгэж өгөхдөө мөрдөгч А.Манлайбаяр нь хариуцагч Н.Т, өмгөөлөгч Б.Баярмаа нарын хамт миний ажлын өрөөнд ирсэн. Тогтоолыг хүлээж аваад Н.Т, өмгөөлөгч Б.Баярмаа нараас тухайн эд хөрөнгийн шинж чанар, үнэлгээ хийхийн тулд юу судлах ёстой зэрэг талаар Н.Ттай ярилцаж, энэ талаар тайлбарыг авсан. Үүний дагуу үнэлгээ хийгдсэн. Үнэлгээний хөлс төлөгдөнө гэдгийг би Н.Т болон өмгөөлөгч Б.Баярмаа нарт хэлж байсан. Тухайн үед үнэлгээний хөлсийг дараа болъё гэж хэлсэн учраас би үнэлгээг хийж бэлэн болгосон. Мөрдөгч А.Манлайбаяр үнэлгээ гарсан бол үнэлгээг авъя гэж асуухад нь үнэлгээний хөлс төлөгдөөгүй байгаа учраас өгөхгүй гэхэд шүүх хуралдаан болох гээд байна, та надад нэхэмжлэх бичээд өгчих, би эдгээр хүмүүсээр төлүүлээд өгье гээд дүгнэлтээ аваад явсан. Үүнээс хойш шинжээчийн хөлс төлөгдөөгүй байгаа. Н.Таас нэхэмжлээд байгаа шалтгаан нь Н.Т надаар үнэлгээ хийлгүүлэх санал гаргасан. Хэн үнэлгээ гаргуулах санал гаргасан тэр хүн нь үнэлгээний хөлсийг төлөх ёстой байдаг. Тиймээс миний хувьд Н.Таас нэхэмжилж байгаа. Харин Цагдаагийн байгууллага үнэлгээний хөлсийг шүүхийн зардалд оруулж өгөөгүй учраас гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг тавьсан. Хавтаст хэргийн материалд Ц.Хрыг үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан гэсэн баримт байгаа учраас Ц.Хрыг мөн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан гэв.

Хариуцагч Н.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Л” ХХКомпанийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би үнэлгээний хөлс 700 000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Миний гэрийг Ц.Хр нь шатааж үнэлгээ нь 18 000 000 төгрөг гарсан байдаг. Би уг үнэлгээг зөвшөөрөхгүй, бага байна гэж үзэж дахин эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр хүсэлт гаргасан. Гэтэл Сүхбаатар аймгийн Прокурорын газраас миний дахин үнэлгээ хийлгэхээр гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Харин Ц.Хр нь шатаасан гэрт миний эд хөрөнгө болох ор, авдар зэрэг хөрөнгө байсан тул дахин үнэлгээ гаргаж үнэлгээний дүнгээс хасч өгнө үү гэж хүсэлт гаргасныг холбогдох байгууллага нь Ц.Хрын хүсэлтийг хүлээн авч үнэлгээ гаргуулсан байсан.

Үнэлгээгээр өмнөх 18 000 000 төгрөгийн үнэлгээнээс хасуулж, 14 762 500 төгрөг болгож, эд хөрөнгөө үнэлүүлж Ц.Хрын хүсэлт хангагдсан байсан.

Мөрдөгч А.Манлайбаяр нь надад Ц.Хр ор, авдар гэх эд хөрөнгө шатсан гэрт байсан, үнэлж өгнө үү, дээрх үнэлгээний дүнгээс хасч өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, үнэлгээчин томилогдсон байгаа. Шатсан гэрт юу байсан тухай тайлбараа үнэлгээний газарт очоод өг гэхээр нь би өмгөөлөгчдөө хэлж хамт очсон. Надаас Ц.Хрын ямар эд хөрөнгө байсан талаар тодруулж асуухад хэлсэн. Би 18 000 000 төгрөгийн үнэлгээг бага байна гэж үзэн дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргахад миний хүсэлтийг хүлээж аваагүй. Харин Ц.Хрын хүсэлтийг хүлээн авч эд хөрөнгийн үнэлгээг дахин хийж үнэлгээг багасгаж 14 762 500 төгрөг болгосон.

Иймд надад үнэлгээний хөлс гэх 700 000 төгрөг төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний хүсэлт хангагдаагүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд миний бие өмгөөлөгчөөр ажилласан. Н.Тын саналаар дахин үнэлгээ хийж 14 762 000 төгрөгийг тогтоосон гэж нэхэмжлэлд дурдсан байна. Н.Тын зүгээс хэргийн зүйлчлэл буруу, үнэлгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй байгууллагаар үнэлгээ хийлгэсэн гэсэн үндэслэлээр Прокурорын газарт гомдол гаргасан. Харин Прокурорын газраас гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Үүний дараа Ц.Хрын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын зүгээс мэргэжлийн үнэлгээчин томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Мөрдөгч А.Манлайбаярын зүгээс Н.Тыг дуудаад, нөгөө талаас дахин үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргасан. Тиймээс та хоёр үнэлгээчин дээр очоод эд зүйлийнхээ талаархи мэдээллээ өг гэж хэлээд Н.Т бид хоёрыг дагуулаад Ц.Э гэдэг үнэлгээчин дээр ирсэн. Миний үйлчлүүлэгчийн зүгээс үнэлгээ хийлгүүлэхээр Прокурорын газарт хүсэлт гаргасан боловч түүний хүсэлтийг хангаагүй. Харин Ц.Хрын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын зүгээс үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу үнэлгээ хийгдсэн. Тиймээс үнэлгээний хөлсийг Н.Таар гаргуулах үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шинжээчийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж байгаа. Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардлыг аль нэг талаас нэхэмжилсэн зүйл байгаагүй. Тиймээс энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь Н.Т биш учраас хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Хрт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөгч, цагдаагийн ахмад А.Манлайбаяр шалгасан. Шалгагдаж байгаа хэрэгт хохирлыг тогтоохдоо тухайн гэмт хэрэг гарсан газрын сум, орон нутгийн үнэлгээний комиссоор үнэлгээг гаргуулдаг. Тухайн хэрэг гарсан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газраас үнэлгээний комисс гаргаж үнэлгээ хийгдсэн. Тухайн үнэлгээг хохирогч болон яллагдагчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар хүлээн зөвшөөрөхгүй гэж хүсэлт гаргасны дагуу мөрдөгч А.Манлайбаяр нь Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Л” ХХКомпаниар үнэлгээ гаргуулахаар тогтоол үйлдсэн байдаг. Үүний дагуу “Л” ХХК үнэлгээг гаргаж Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Уг үнэлгээний хөлсийг гаргуулахаар манай байгууллагад хүсэлт, нэхэмжлэх ирүүлээгүй. Хэрвээ тухайн үед “Линзийн-Өгөө” ХХКомпаниас нэхэмжлэх гаргаж ирүүлсэн бол иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод үнэлгээний хөлсийг гэм буруутай этгээдээр нь төлүүлэх боломж байсан гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Хр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй. Харин Н.Т дахин үнэлгээ хийлгэнэ гэж хүсэлт гаргаж байсан. Энэ талаар мөрдөгч А.Манлайбаярын зүгээс “чиний хэрэг дахин шалгуулахаар ирж байгаа, хохирогч Н.Т дахин үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргасан” гэж надад хэлж байсан. Н.Т хүсэлт гаргасан учраас үнэлгээний хөлсийг өөрөө төлөх ёстой гэж үзэж байна. Миний хувьд тогтоосон үнэлгээнээс илүү хөлсийг Н.Тад төлж байсан. Би Н.Тад тогтоосон үнэлгээнээс 2 200 000 төгрөг илүү төлсөн, илүү төлсөн гэж тооцолгүй өгч байсан гэв.

         Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч “Л” ХХКомпани нь хариуцагч Н.Тад холбогдуулан “Эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсны хөлсөнд 700 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
 
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад А.Манлайбаяр нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг “У” гэх газар нутаглах Н.Тын 4 ханатай монгол гэр, тавилга, эд хогшлийн хамт 2019 оны 1 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө шатсан үйлдэлд эд зүйлийн үнэлгээ гаргуулахаар 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол үйлдэж шинжилгээ хийх шинжээчээр “Л” ХХКомпанийг томилжээ.

“Л” ХХКомпани нь дээрх тогтоолын дагуу эрүүгийн 190000000026 дугаартай хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №19/02/31 дугаартай шинжээчийн дүгнэлт гарган хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг хавсарган Цагдаагийн газрын мөрдөгч, ахмад А.Манлайбаярт хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч “Л” ХХКомпанийн хууль ёсны төлөөлөгч, шинжээч  Х.Энхжаргал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Н.Т надаар үнэлгээ хийлгүүлэх санал гаргасан. Хэн үнэлгээ гаргуулах санал гаргасан тэр хүн нь үнэлгээний хөлсийг төлөх ёстой байдаг. Тиймээс миний хувьд Н.Таас нэхэмжилж байгаа... гэж тайлбарладаг. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Ц.Хрын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын зүгээс үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу үнэлгээ хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахаар заасан тул манай зүгээс үнэлгээний хөлсийг төлөх үндэслэлгүй ... гэж маргадаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт шинжээчид төлөх зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтахаар хуульчилжээ.

 Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заажээ.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг “У” гэх газар нутаглах Н.Тын 4 ханатай монгол гэрийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар хууль бусаар шатааж, гэр дотор байсан эд зүйлийг устган 14 762 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдээр Ц.Хр тогтоогдож ял шийтгүүлсэн болох нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “..., эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно” гэж, 28.3 дахь хэсэгт “нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж заажээ.

Иймд шүүх “Л” ХХКомпанийн нэхэмжлэлтэй хэргийн жинхэнэ  хариуцагч нь Н.Т биш, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч “Л” ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Л” ХХКомпаниас Н.Тад холбогдуулан гаргасан “Эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсны хөлсөнд 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Л” ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
 
3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
 
 
 

 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ