Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 24

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг
Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 415 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэцэгийн давж заалдах гомдлоор Т.Шгийн  “ажилгүйдлийн тэтгэмж 3011333 төгрөг, кредит картны үлдэгдэл төлбөр 462361 төгрөг, цалин 7048991 төгрөг, алданги 3524495 төгрөг, нийт 14046180 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн “С” ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ш нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар С ОНӨААТҮГ-ын захирлаар томилогдон ажиллаж байгаад Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Т.Шгийн А03885918 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2019 онд 1-5 сард цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тэмдэглэгдэж, байгууллагын нягтлан бодогч болон нийгмийн даатгалын улсын байцаагч гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 21 434 242 төгрөг 66 мөнгө байхаар Нийгмийн даатгалын хэлтэс, “С” ОНӨААТҮГ-ын тооцоо нийлсэн акт үйлдэж, санхүүгийн тайланд тусгагдсан байна. Тэрээр нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах болзол шаардлагыг хангасан тул ажлаас чөлөөлөгдсөний дараа нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгуулахаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан боловч байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзаж, байгууллагын буруугаас хохирох нөхцөл үүсээд байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул “С” ОНӨААТҮГ ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцах үндэслэлтэй юм. Т.Ш нь захирлаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн кредит картнаас 8 351 838 төгрөгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулснаас 7 958 477 төгрөгийг буцаан авч, 461 361 төгрөг нөхөн төлөгдөөгүй байна. Энэхүү төлбөр нь “С” ОНӨААТҮГ-ын бусдад өгөх өглөг, байгууллагын санхүүгийн тайланд тусгагдан баталгаажсан байх тул 461361 төгрөгийг “С” ОНӨААТҮГ-аас гаргуулах, Т.Ш нь 2019 оны 1 дүгээр сараас эхлээд ажил хүлээлцэх өдөр хүртэл хугацаанд ажиллахдаа байгууллагаас цалин хөлсөө аваагүй, ээлжийн амралтын мөнгийг тооцож олгоогүй байдаг. Иймд Т.Шд олгогдоогүй 2019 оны 1-7 дугаар сарын цалин 7 048 991 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хугацаандаа олгогдоогүй цалингийн хоног тутмын 0.3 хувийн алданги 3 524 495 төгрөг, нийт 14 046 180 төгрөгийг “С” ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү гэв.
             Хариуцагч “С” ОНӨААТҮГ шүүхэд ирүүлсэн тайлбар болон хууль ёсны төлөөлөгч О.Батсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Т.Ш нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс “С” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд тус байгууллагыг удирдаж байх хугацаандаа аймгийн Засаг даргын 2018 оны А/460 тоот захирамжийн дагуу “С” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр Удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр хувь хүнээс өндөр хүүтэй зээл дахин авахгүй байхыг анхааруулсаар байтал өөрийн кредит картыг хэрэглэн байгууллагад өглөг үүсгэсэн, орон тооны давхардал үүсгэн татвар, нийгмийн даатгалд их хэмжээний өр төлбөр үүсгэсэн, түүнчлэн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс байгууллагын бүх ажилтнуудыг нэг зэрэг ажлаас чөлөөлж үйл ажиллагааг бүрэн зогсоход хүргэсэн зэрэг үйлдлээр байгууллагад их хэмжээний хохирол учруулсан байна. Т.Ш нь 2019 оны 1 дүгээр сараас эхлээд ажил хүлээлцэх өдөр хүртэлх хугацаанд цалин хөлс аваагүй, ээлжийн амралтын мөнгө тооцож олгоогүй гэжээ. Иймд Татвар, НДШ-ийн тайлангаарх үлдэгдлээр Т.Шд 2019 оны 1-5 дугаар сарын цалин хөлс нь 4 838 171 төгрөгөөр хувь хүнд өгөх өглөгөөр тусгагдсан байгааг нотлох баримтаар хүргүүлж байна. Шинэхүүгийн нэхэмжилснээр 6, 7 дугаар сарын цалин болон амралтын цалин нь татвар, НДШ-ийн тайланд тусгагдаагүй, ажилласныг тодорхойлох цагийн бүртгэл байхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шаардаж байгаа хохирол нь түүний өөрийн буруутай үйлдлээс болж үүссэн байх тул “С” ОНӨААТҮГ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
            Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 415 дугаар шийдвэрт:  Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.7, 141 дүгээр зүйлийн 141.4, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 232 дугаар зүйлийн 232.4, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ОНӨААТҮГ-аас ажилгүйдлийн тэтгэмжинд 1 018 840 төгрөг, цалинд 7 048 991 төгрөг, цалингийн алдангид 3 524 495 төгрөг, нийт 11 592 326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүйдлийн тэтгэмжинд илүү нэхэмжилсэн 1 992 493 төгрөг, кредит картны үлдэгдэл төлбөр 462 361 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 513 төгрөгнөөс 16 302 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч “С” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 200 427 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: Т.Ш нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, ажилгүйдлийн тэтгэмжээс 36 хоногт ногдох хэмжээний тэтгэмжийг хасч 40 өдөрт ногдох тэтгэмжийг бодож олгоно гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1992493 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсон заалтыг үндэслэн хууль буруу хэрэглэснээс гадна нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн кредит картнаас байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөний үлдэгдэл 461361 төгрөгийг нэхэмжилснийг шүүх “... нэхэмжлэгч нь хариуцагч “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл, технологийн паркын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх баримтуудад гарын үсэг зурж баталгаажуулсан, санхүүгийн бусад баримтаар тогтоогдохгүй, зөвхөн нэхэмжлэгч талын бий болгосон баримтуудыг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна” гэж дүгнээд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл хэрэгт авагдсан тухайн байгууллагын санхүүгийн баримтаар нэхэмжлэгч Т.Шгийн кредит картнаас орлого орсон, уг карт руу зарлага гаргасан бусад нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Т.Ш нь тухайн төсвийн захирагчийн хувьд баримтуудад гарын үсэг зурж баталгаажуулах үүрэгтэй байсныг анхаараагүй нь шүүхийн шийдвэр буруу гарахад нөлөөлсөн. Нэхэмжлэгч нь 70513 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тушаасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул шүүх уг мөнгийг нэхэмжлэгчид буцаан олгох байтал 16302 төгрөг гаргуулахаар тогтоосон нь дээрх заалтыг зөрчсөн байна. Ийнхүү шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн 415 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Т.Шгийн С” ОНӨААТҮГ-аас 2019 оны 01 дүгээр сараас 7 сар хүртэлх  хугацааны  цалин 7048991 төгрөг, хугацаандаа олгоогүй цалингийн алданги 3524495 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 3011333 төгрөг, хувийн кредит картаас  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.

    Хариуцагч байгууллагыг төлөөлж,  захирал О.Батсайхан нь Т.Шд 2019 оны 1-5 сарын цалин 4838474 төгрөг өгөхөөр өглөгт тусгасан, тэтгэмжийн асуудлыг хуулийн дагуу шийдэх байх, бусад шаардлагыг нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
    
Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, “Ажлаас чөлөөлөх тухай” аймгийн Засаг даргын захирамж, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Т.Ш нь “С” ОНӨААТҮГ-ын захирлаар 2019 оны 7 дугаар сар хүртэл ажилласан байхад түүний 2019 оны 01 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх  хугацааны цалинг тооцож  олгоогүй байна. Иймээс анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “ажилтны цалин хөлсийг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.”, 49.7 дахь хэсэгт “хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно.” гэж тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олговол зохих цалин 7048991 төгрөгийг, мөн “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид ногдуулж, ажилтанд олгох”-оор  Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт, “алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх”-аар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус хуульчилсны дагуу хугацаанд нь олгоогүй цалингийн алдангид 3524495 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

Гэхдээ нийгмийн даатгалын хэлтсийн 01/261 дугаартай албан бичиг, харилцагчийн гүйлгээ, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хариуцагч “С” ОНӨААТҮГ-аас ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны 3 сараас хойш төлөөгүй байна.  Үүний улмаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөхөөр байхад анхан шатны шүүх хуулийн хүчингүй болсон заалтыг хэрэглэж, ажилгүйдлийг тэтгэмжийг дутуу тооцож,  зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвтгөж, хариуцагчаас 1992493 төгрөг нэмж  гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. /хх 5, 9-11, 61-62/
Түүнээс гадна хариуцагч байгууллага санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж нэхэмжлэгчийн кредит картаас авсан 8351838 төгрөгний үлдэгдэл  461361 төгрөгийг төлөөгүй болох нь хариуцагч байгууллагын бусдад өгөх өглөгийн жагсаалт, тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт кредит картны үлдэгдэл 461361 төгрөгийг 462361 төгрөг гэж техникийн алдаа гаргасныг дурдъя.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-т зааснаар тэтгэвэр, тэтгэмж, гомдолтой холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул  нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл өгөхдөө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70513 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, “С” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 228181 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.  

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61351 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 415 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дугээр заалтад доорх өөрчлөлтийг оруулсугай.

1.1.Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.7,Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 232 дугаар зүйлийн 232.4, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ОНӨААТҮГ-аас ажилгүйдлийн тэтгэмжинд 1018840 төгрөг, цалинд 7048991 төгрөг, цалингийн алдангид 3524495 төгрөг, нийт 11592326 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүйдлийн тэтгэмжинд илүү нэхэмжлэсэн 1992493 төгрөг, кредит картны үлдэгдэл төлбөр 462361 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.”  гэснийг  
 “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.7, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 232 дугаар зүйлийн 232.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хариуцагч С ОНӨААТҮГ-аас цалинд 7048991 төгрөг,  цалингийн алдангид 3524495 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжид 3011333 төгрөг, кредит картаас авсан мөнгөний үлдэгдэл 461361 төгрөг, нийт 14046180 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Шд олгосугай.” гэж өөрчилсүгэй.

1.2.Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70513 төгрөгнөөс 16302 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч “С” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 200427 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай”  гэснийг,

 “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70513 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч “С” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 228181 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж өөрчилсүгэй.

    1.3.Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

    Хоёр. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61351 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

    Гурав. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.



                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ
                                                  ШҮҮГЧИД                           С.ОЮУНТУНГАЛАГ
                                                                                              Д.БАЙГАЛМАА