Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 415

 


           Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
    
           Нэхэмжлэгч: Т.Шгийн нэхэмжлэлтэй,

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э
     
           Хариуцагч: “С” ОНӨААТҮГазарт холбогдох
     
           “Ажлын 76 хоног, цалингийн 70 хувиар тооцож ажилгүйдлийн тэтгэмж 3 011 333 төгрөг, кредит картны үлдэгдэл төлбөр 462 361төгрөг, 2019 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын цалин 7 048 991 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй хожимдуулсан хоног тутмын алданги 3 524 495 төгрөг, нийт 14 046 180 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
        
           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч О.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
    
           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ш нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар “С” ОНӨААТҮГазрын захирлаар томилогдон ажиллаж байгаад Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

          Т.Шгийн А03885918 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2019 онд 1-5 сард цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тэмдэглэгдэж, байгууллагын нягтлан бодогч болон нийгмийн даатгалын улсын байцаагч гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан  байна. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 21 434 242 төгрөг 66 мөнгө байхаар Нийгмийн даатгалын хэлтэс, “С” ОНӨААТҮГазрын тооцоо нийлсэн акт үйлдэж, санхүүгийн тайланд тусгагдсан байна.

          Тэрээр нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах болзол шаардлагыг хангасан тул ажлаас чөлөөлөгдсөний дараа нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгуулахаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан боловч байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзаж, байгууллагын буруугаас хохирох нөхцөл үүсээд байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан тул “С” ОНӨААТҮГазар ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцах үндэслэлтэй юм.

           Т.Ш нь захирлаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн кредит картнаас 8 351 838 төгрөгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулснаас 7 958 477 төгрөгийг буцаан авч, 461 361 төгрөг нөхөн төлөгдөөгүй байна. Энэхүү төлбөр нь “С” ОНӨААТҮГазрын бусдад өгөх өглөг, байгууллагын санхүүгийн тайланд тусгагдан баталгаажсан байх тул 461 361 төгрөгийг “С” ОНӨААТҮГазраас гаргуулах,

          Т.Ш нь 2019 оны 1 дүгээр сараас эхлээд ажил хүлээлцэх өдөр хүртэл хугацаанд ажиллахдаа байгууллагаас цалин хөлсөө аваагүй, ээлжийн амралтын мөнгийг тооцож олгоогүй байдаг. Иймд Т.Шд олгогдоогүй 2019 оны 1-7 дугаар сарын цалин 7 048 991 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хугацаандаа олгогдоогүй цалингийн хоног тутмын 0.3 хувийн алданги 3 524 495 төгрөг, нийт 14 046 180 төгрөгийг “С” ОНӨААТҮГазраас гаргуулж өгнө үү гэв.

           Хариуцагч “С” ОНӨААТҮГазраас шүүхэд ирүүлсэн тайлбар болон хууль ёсны төлөөлөгч О.Батсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Т.Ш нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс “С” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд тус байгууллагыг удирдаж байх хугацаандаа аймгийн Засаг даргын 2018 оны А/460 тоот захирамжийн дагуу “С” ОНӨААТҮГазрын үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр Удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр хувь хүнээс өндөр хүүтэй зээл дахин авахгүй байхыг анхааруулсаар байтал өөрийн кредит картыг хэрэглэн байгууллагад өглөг үүсгэсэн, орон тооны давхардал үүсгэн татвар, нийгмийн даатгалд их хэмжээний өр төлбөр үүсгэсэн, түүнчлэн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс байгууллагын бүх ажилтнуудыг нэг зэрэг ажлаас чөлөөлж үйл ажиллагааг бүрэн зогсоход хүргэсэн зэрэг үйлдлээр байгууллагад их хэмжээний хохирол учруулсан байна.

         Т.Ш нь 2019 оны 1 дүгээр сараас эхлээд ажил хүлээлцэх өдөр хүртэлх хугацаанд цалин хөлс аваагүй, ээлжийн амралтын мөнгө тооцож олгоогүй гэжээ. Иймд Татвар, НДШ-ийн тайлангаарх үлдэгдлээр Т.Шд 2019 оны 1-5 дугаар сарын цалин хөлс нь 4 838 171 төгрөгөөр хувь хүнд өгөх өглөгөөр тусгагдсан байгааг нотлох баримтаар хүргүүлж байна. Шинэхүүгийн нэхэмжилснээр 6, 7 дугаар сарын цалин болон амралтын цалин нь татвар, НДШ-ийн тайланд тусгагдаагүй, ажилласныг тодорхойлох цагийн бүртгэл байхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй байна.

          Иймд нэхэмжлэгчийн шаардаж байгаа хохирол нь түүний өөрийн буруутай үйлдлээс болж үүссэн байх тул “С” ОНӨААТҮГазар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.  

         Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
          Нэхэмжлэгч Т.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг нь “С” ОНӨААТҮГазарт холбогдуулан “Ажлын 76 хоног, цалингийн 70 хувиар тооцож ажилгүйдлийн тэтгэмж 3 011 333 төгрөг, кредит картны үлдэгдэл төлбөр 462 361 төгрөг, нийт 3 472 694 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          Нэхэмжлэгч Т.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тодруулж анхны шаардлагаа дэмжин, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2019 оны 01 дүгээр сараас 7 дугаар сарын цалин 7 048 991 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй хожимдуулсан хоног тутмын алданги 3 524 495 төгрөг, нийт 10 573 486 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийнг тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэл болгож “С” ОНӨААТҮГазраас нийт 14 046 180 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа... гэж тайлбарладаг.

           Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “...Нэхэмжлэгч өөрөө энэ байгууллагыг удирдаж байсан хүн. Өөрөө ийм асуудлыг бий болгосон. Ажлаа хийгээд санхүүгийн бэрхшээлээс гаргасан бол ийм асуудал гарахгүй байсан. Кредит картын асуудал хувийн ашиг сонирхол үүсгэж байгаа. Хувийнхаа картыг яагаад байгууллагатай хутгалдуулж ашигласан юм бэ? Тэтгэмжийн хувьд шүүх холбогдох хуулийнх нь дагуу шийдэх байх. Ажлаа хийгээгүй учраас ийм өр төлбөр үүсгэсэн ... гэж маргадаг.

          Нэхэмжлэгч Т.Ш нь өөрийн гаргасан хүсэлтийн дагуу “С” ОНӨААТҮГазрын захирлын үүрэгт ажлаас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн болох нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 дугаартай захирамжийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

         Тэрээр ажлаас чөлөөлөгдсний дараа нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгуулахаар Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2019 оны 7 дугаар сарын23-ны өдрийн 01/261 дугаартай албан бичгээр “С” ОНӨААТҮГазар нь 2018 оны 3 дугаар сараас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас өр үүсгэсэн байх бөгөөд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй байна. Энэ нь таньд болон танай байгууллагаас чөлөөлөгдсөн даатгуулагчдад ажилгүйдлийн тэтгэмж олгох эрх үүсэхгүй байх шалтгаан болж байна” гэсэн хариуг хүргүүлжээ.

          Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т “даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх үүснэ” гэж,

          Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн №А03885918 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас  шимтгэл төлсөн байдлыг тооцвол нэхэмжлэгч Т.Ш нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байна.

          Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйн улмаас даатгуулагчдад учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцан төлнө” гэж заасан байна.

          Нэхэмжлэгч Т.Ш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байх тул олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын 36 өдөрт ногдох хэмжээний тэтгэмжийг хасч 40 өдөр /76 өдөр-36 өдөр/-т ногдох тэтгэмжийг бодож олгох нь зүйтэй байна.

          Даатгуулагч Т.Шгийн ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 2 жил 3 сар /2017.01.01-2019.5.31/, 1 200 000 төг : 21.2 өдөр = 56 603 төг /ажлын нэг өдөрт оногдох цалин хөлс,/ 56 603 төг x 45% : 100 = 25 471 төг /нэг өдөрт оногдох тэтгэмж/,  25 471 x 40 өдөр = 1 018 840 төгрөг /ажилгүйдлийн тэтгэмж/-ийг хариуцагч “С” ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, тэтгэмжид илүү нэхэмжилсэн 1 992 493 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч нь 2019 оны 1-7 дугаар сарын цалинд 7 048 991 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй хожимдуулсан хоног тутам 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж заасны дагуу алдангид 3 524 495 төгрөг гаргуулахаар шаардаж байна.        

          Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч О.Батсайхан нь нэхэмжлэгч Т.Шд 2019 оны 1-5 дугаар сарын цалин хөлс 4 838 171 төгрөг хувь хүнд өгөх өглөгөөр тусгагдсан байх тул энэ талаар маргахгүй, харин 6, 7 дугаар сарын цалин болон амралтын цалин нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд тусгагдаагүй, ажилласныг тодорхойлох цагийн бүртгэл байхгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25,2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж шүүх үзсэн болно.   
          
          Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “ажилтны цалин хөлсийг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.”, 49.7-т “хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно.” гэж заасныг баримтлан
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид олговол зохих цалин 7 169 626 төгрөг болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд цалинд хариуцагчаас 7 048 991 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно.” гэж заажээ.

          Нэхэмжлэгч нь цалингийн алдангид 3 524 495 төгрөг нэхэмжилсэн бөгөөд цалингийн алдангийг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хугацаагаар, бусад саруудын цалин олголтын хугацаа хэтрэлтийг мөн дээрх хугацаагаар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 7 048 991 төгрөгний 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 7 048 991 төгрөгний 50 хувь буюу 3 524 495 төгрөгийн алдангийг хариуцагч “С” ОНӨААТҮГазарт ногдуулж, нэхэмжлэгч Т.Шд олгох үндэслэлтэй байна.

          Кредит картны үлдэгдэл төлбөр 462 361төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь “С” ОНӨААТҮгазрын бусдад өгөх өглөг /2019 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар/, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт зэргийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагч “С” ОНӨААТҮгазрын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх баримтуудад гарын үсэг зурж баталгаажуулсан, санхүүгийн бусад баримтаар тогтоогдохгүй байх ба зөвхөн нэхэмжлэгч талын бий болгосон баримтуудыг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

          Иймд шүүх хариуцагч “С” ОНӨААТҮГазраас ажилгүйдлийн тэтгэмжинд 1 018 840 төгрөг, цалинд 7 048 991 төгрөг, цалингийн алдангид 3 524 495 төгрөг, нийт 11 592 326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүйдлийн тэтгэмжинд илүү нэхэмжилсэн 1 992 493 төгрөг, кредит картны үлдэгдэл төлбөр 462 361 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 513 төгрөгний 16 302 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 200 427 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
 
           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 
           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.7, 141 дүгээр зүйлийн 141.4, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 232 дугаар зүйлийн 232.4, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ОНӨААТҮГазраас ажилгүйдлийн тэтгэмжинд 1 018 840 төгрөг, цалинд 7 048 991 төгрөг, цалингийн алдангид 3 524 495 төгрөг, нийт 11 592 326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүйдлийн тэтгэмжинд илүү нэхэмжилсэн 1 992 493 төгрөг, кредит картны үлдэгдэл төлбөр 462 361 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 513 төгрөгнөөс 16 302 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч  “С” ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжинд 200 427 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
 
           3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
 
           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ