Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/276

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Э.Сумъяажав

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Шүүгдэгч П.Ш-ыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ш-т холбогдох эрүүгийн 1738002050083 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, П.Ш-,

Шүүгдэгч П.Ш- нь эхнэр Г.Н-ийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч П.Ш- нь эхнэр Г.Н-ийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

       Хохирогч Г.Н-ийн: Манай нөхөр П.Ш- нь 2008 оноос хойш намайг зодож дарамталж гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байна. Сүүлийн үед гэхэд 2015 оны 7 дугаар сард архи ууж ирээд сандал шидээд толгой руу цохиж чихнээс цус гарч 1 жилийн турш юм сонсохоо больж толгой өвдөж, хамраас цус гардаг болсон. 2016 оны 5 дугаар сард орой согтуу ирээд том гар чийдэн шидээд тэр нь дух хөмсгийг тас цохиж хаваржингаа нүүр ам хөх алаг явсан. Сүүлийн үед согтуу агсам тавьж, гэр орноо буулгаж, сандал, ширээ, сав суулга, аяга тогоогоо хагалж байна. Намайг жингэр, гичий, жанхай гэж хэлээд хутга гаргаж ална шүү гэж үснээс зулгааж тархи толгой руу цохидог гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

       Гэрч Г.Н-йн: миний санаж байгаагаар сүүлийн 10 гаран жилийн турш П.Ш- нь манай эгчийг зодож дарамталж гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байна. 2016 оны намар нүүр нь нилэнхүйдээ хөх алаг болчихсон зүүн гарын шуу нь хавдчихсан байсан. Хэд хоногийн өмнө утсаар ярихад М- согтуу ирээд миний хамар, ам руу чихээд үлдсэн тамхийг миний толгой дээр асгачихсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

       Гэрч Г.Н-йн: 2016 оны 11 сард, хавар 4 сарын үед манай эгч уйлж гэрт ирсэн. Манай нөхөр байнга согтуу ирээд намайг хардаад байдаг юмаа. Ямар нэг шалтгаан гаргаж зоддог гэж хэлсэн. Би эгчийнхээ нөхөртөө зодуулж байгааг нутгийн хүмүүсээс сонсдог. Гэр бүлийн маш их дарамтанд амьдардаг гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

       Гэрч Л.-н: Би П.Ш-ыг урьд 3-4 удаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь гэр орондоо агсам тавьж, хэрүүл маргаан хийж байхад нь дуудлагаар очиж эрүүлжүүлж байсан. Архи уусан үедээ эхнэртээ гар хүрч хонь, ямаагаа зарж архи болгож уугаад байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/ гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар  зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 1738002050083 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч П.Ш- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй

Эрүүгийн 1738002050083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

       1. Шүүгдэгч П.Ш-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсугай.

4.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч П.Ш-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.АРИУНЖАРГАЛ