Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 01

 

Н.Бүжинлхамын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00539/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                              Д.Буянжаргал

                                                                          Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Д.Ариунтуяа

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Н.Бүжинлхамын нэхэмжлэлтэй Д.Сумъяад холбогдох “зээлийн гэрээний үүрэг 22.723.176 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Бүжинлхам анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Д.Сумъяа эгч надад “Би зээлээ чөлөөлж, нэмж зээл авах гээд хөөцөлдөж байгаа, мөнгөний хэрэг болоод байна 10 хоногийн хугацаатай мөнгө олоод өгөөч энэ хугацаандаа багтаагаад өгнө” гэхээр нь би итгээд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг Ц.Уранбилэг гэдэг хүнээс 14.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай сарын 20 хувийн хүүтэйгээр авч өгсөн. Гэтэл Д.Сумъяа эгч тохирсон хугацаандаа зээлээ бүрэн төлөөгүй ба 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1.400.000 төгрөг өгч дахин хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасан. Ц.Уранбилэг түүний хүсэлтээр тухайн бүр нь хугацаагаа сунгаж байсан боловч зээлээ төлөхгүй байсан учраас бид харилцан тохиролцож 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр үйлдэн /нөхөж гэрээ хийсэн/ үндсэн зээл 14.000.000 төгрөг, 3 сар 10 хоногийн алданги 9.324.000 төгрөг нийт 23.324.000 төгрөгийг төлж барагдуулахаар, зээлээ гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон. Иймд Д.Сумъяагаас үндсэн зээл 14.000.000 төгрөг, 187 хоногийн хугацаа хэтэрсэн алданги 9.324.000 төгрөг нийт 22.723.176 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Сумъяа анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Уранбилэгээс 14.000.000 төгрөгийг хамт ажилладаг Н.Бүжинлхамааар гуйлгуулж авсан. Энэ хугацаанд шилжүүлж байсан мөнгөнөөсөө үндсэн зээлнээс хасуулах хүсэлтэй байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус зааснаар Д.Сумъяагаас 12.278.600 төгрөг гаргуулан Н.Бүжинлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.444.576 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 271.566 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12.278.600 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 211.408 төгрөг гаргуулан Н.Бүжинлхамд олгохоор дурдан, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх талуудын хооронд үүссэн 2018 оны 11-р сарын 27-ны өдөр 14.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлдүүлсэн асуудалд өгсөн, авсан зүйл дээр талууд маргадаггүй боловч бичгээр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр эсэх болон гэрээний дагуу төлсөн хүү зэргийг үндсэн  төлбөрөөс хасуулахаар маргасан.  

Анхан шатны шүүх хариуцагчаас гурван  удаагийн шилжүүлгээр өгч байсан нийт 4,170,000 төгрөгнөөс 2,870,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдэх 1,300,000 төгрөгийг зээлийн гэрээний хүүнд тооцуулан шийдвэрлэсэн боловч нэхэмжилсэн 187 хоногийн алдангиас 10 хоногийн алданги гэж 222,600 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулинд хулээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа алданги төлөхөөр заасан ба үүнийг гэрээний үүрэг зөрчигдсөн өдрөөс эхлэн хоногт 0,2 хувиар тооцон төлөхөөр талууд зээлийн гэрээндээ тодорхой тусгасан. Хуулиар алдангийн хэмжээг нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хязгаарлалт тавьснаас өөрөөр алданги тооцох хоногт нь хязгаарлалт тавиагүй юм. Гэтэл шүүхээс ямар ч үндэслэлгүйгээр 10 хоногийн алданги тооцон шийдвэрлэж, үлдэх 177 хоногийн алдангийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлага болох алданги гаргуулах тухай шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хуульд заасан эрхийнхээ хүрээнд талуудын хооронд үүссэн маргаан болон хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт өгөх  байдлаар  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Бүжинлхам нь хариуцагч Д.Сумъяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 22.723.176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Бүжинлхам болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдлынхоо үндэслэлээ шүүх зээлийн гэрээний дагуу талууд алданги төлөхөөр тохиролцсон байхад хууль хэрэглээний болон тооцоололын алдаа гаргасан гэж тайлбарласан байна.

Хэргийг судлан үзвэл:  Нэхэмжлэгч Н.Бүжинлхам  2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 14.000.000 төгрөгийг  10 хоногийн хугацаатай, 20 хувийн хүү тооцохоор амаар тохиролцон  хариуцагч Д.Сумъяад шилжүүлжээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсан”-д тооцохоор заасан тул  нэхэмжлэгч Н.Бүжинлхам нь хариуцагчид мөнгийг шилжүүлснээр  талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба хариуцагч Д.Сумъяа нь уг зээлээс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1.400.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1.470.000 төгрөгийг  тус тус  нэхэмжлэгчид шилжүүлж  зээлийг бүрэн төлөөгүй  тул  талууд дахин хэлэлцэж, 2019 оны 03 сарын 26-ны өдөр урьд байгуулсан гэрээг бичгээр үйлдэн, зээлийг төлөх хугацааг  10 хоног, зээлийн хүүг 20 хувь байхаар мөн гэрээний хариуцлага буюу зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө  тодорхойлох эрхтэй  боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т  хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан. Гэтэл  талуудын бичгээр байгуулсан гэрээндээ 2018 оны 11 сарын 27-ны өдөр амаар байгуулсан гэрээндээ хүү тохирсон гэж 03 сар 10 хоногийн  хугацааны хүү 9.324.000 төгрөг гэж заасан нь хууль зөрчсөн тул зээлийн хүүг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

 Харин сүүлд нөхөн байгуулсан гэрээг 10 хоногийн хугацаатай байгуулсан гэж үзэхээр байх тул хариуцагчаас  үндсэн зээл, гэрээний дагуу 10 хоногийн хүү болон  гэрээний хариуцлага болох алданги зэргийг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас  заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй  байна.

Хариуцагч Д.Сумъяа нь  2018 оны 12 сарын 12-ны өдөр 1.400.000 төгрөг, 2018 оны 12 сарын 21-ний өдөр 1.470.000 төгрөг, гэрээг бичгээр байгуулснаас хойш буюу  2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1.300.000 төгрөгийг  нийт 3.770.000 төгрөг  нэхэмжлэгчид төлжээ.

Нэхэмжлэгч Н.Бүжинлхамын нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дараах байдлаар тооцсон болно.

Үүнд:  -Үндсэн зээл болох 14.000.000 төгрөг үүнээс 2018 оны 12 сарын 12-ны өдөр 1.400.000 төгрөг, 2018 оны 12 сарын 21-ний өдөр 1.470.000 төгрөг төлсөн нийт 2.870.000 төгрөгийг хасаж /14.000.000-2.870.000=11.130.000 / 2019 оны 03 сарын 26-ны өдрийн гэрээ байгуулагдах үед үндсэн зээл 11.130.000 төгрөг байсан,  

- 2019 оны 04 сарын 02-ны өдөр төлсөн  1.300.000 төгрөгийг дараах  байдлаар тооцоолж, 2019 оны 03 сарын 26-ны өдрийн гэрээний дагуу сарын 20 хувиар тооцон 10 хоногийн хүүд 742.000 төгрөг /11.130.000x20% : 30=74.200 x 10 хоног=742.000/,  үндсэн зээлд  558.000 төгрөг /1.300.000-742.000 хүү=558.000/ төлсөн гэж дүгнэн хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний үндсэн үүрэг нь  10.572.000 төгрөг /11.130.000-558.000=10.572.000/ гэж,

-зээлийн гэрээгээр зээл төлөх хугацааг 2019 оны 04 сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон байх тул  тухайн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 187 хоногийг хариуцагчийг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэн  гэрээний дагуу төлөх  алдангийг  хоногийн 0.2 хувиар тооцож /10.572.000 х 0,2%= 21.144 төгрөг х 187 хоног=3.953.928/ 3.953.928 төгрөг алдангид гаргуулахаар тооцов.

  Хариуцагч Д.Сумъяагаас үндсэн зээл 10.572.000 төгрөг, алданги 3.953.928 төгрөг нийт 14.525.928 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 8.197.248 төгрөгийг хэрэсгэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 600 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр  зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Д.Сумъяагаас зээлийн гэрээний үүрэгт 14.525.928 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бүжинлхамд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.197.248 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж

2 дахь заалтыг :

“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Бүжинлхамаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.566 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Д.Сумъяагаас  230.579 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  Н.Бүжинлхамд олгосугай. ” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 83.532 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээнд тохирох тэмдэгтийн хураамж 78213 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН