Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 600

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг Тавин, ганга гудамж 7-75 тоотод оршин суух, эмэгтэй, одоо “Төрийн банк” Ерөө салбар тооцооны төвийн захирал ажилтай Гал овогт Нямсүрэнгийн Бүжинлхамын /МЕ-89062209/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Боргүвээ  5 дугаар хэсэг 115 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Хасууд овогт Даваадоржийн Сумъяад /МЭ-84081301/  холбогдох

           “Үндсэн зээл, алданги нийт 22.723.176 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Бүжинлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа,  хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бүжинлхам шүүх хуралдаанд   гаргасан тайлбартаа:

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Д.Сумъяа эгч надад “Би  зээлээ чөлөөлж, нэмж зээл авах гээд хөөцөлдөж байгаа, мөнгөний хэрэг болоод байна. Надад 10 хоногийн хугацаатай мөнгө олоод өгөөч энэ хугацаандаа багтаагааад өгнө” гэхээр нь би итгээд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг Ц.Уранбилэг гэдэг хүнээс 14.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай сарын 20 хувийн хүүтэйгээр авч өгсөн.

Гэтэл Д.Сумъяа эгч тохирсон хугацаандаа зээлээ бүрэн төлөөгүй ба 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1.400.000 төгрөг өгч дахин хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасан. Ц.Уранбилэг түүний хүсэлтээр тухайн бүр нь хугацаагаа сунгаж байсан боловч зээлээ төлөхгүй байсан учраас бид харилцан тохиролцож 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр үйлдэн /нөхөж гэрээ хийсэн/ үндсэн зээл 14.000.000 төгрөг, 3 сар 10 хоногийн алданги 9.324.000 төгрөг нийт 23.324.000 төгрөгийг төлж барагдуулахаар, зээлээ гэрээнд заасан хугацаандааа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон. Д.Сумъяа нь 1.470.000 төгрөг, Г.Өлзийдуламд 6.8000 төгрөг шилжүүлж үүнээс 1.300.000 төгрөгийг тус тус Ц.Уранбилэгт өгсөн байгаа. Энэ өгсөн мөнгийг зээлийн хүүд нь авсан. Иймд Д.Сумъяагаас үндсэн зээл 14.000.000 төгрөг, 187 хоногийн хугацаа хэтэрсэн алданги 9.324.000 төгрөг нийт 22.723.176 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүх хуралдаанд Ц.Уранбилэгийг оролцуулахаар итгэмжлэл гаргасан боловч оролцох боломжгүй болсон учраас нэгэнт зээлийг би Ц.Уранбилэгээс авч Д.Сумъяад өгсөн учраас нэхэмжлэгчээр оролцож байна. Миний хувьд Д.Сумъяа эгчтэй нэг банкинд ажиллаж байгаа учраас итгэж байсан юм гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Д.Сумъяагийн шүүхэд гаргасан тайлбараас:

Миний бие Даваадорж овогтой Сумъяа нь Н.Бүжинлхамын нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Ц.Уранбилэгээс 14.000.000 төгрөгийг хамт ажилладаг Н.Бүжинлхамааар гуйлгуулж авсан. Энэ хугацаанд шилжүүлж байсан мөнгөнөөсөө үндсэн зээлнээс хасуулах хүсэлтэй байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хурал дээр холбогдох баримтудыг гаргаж өгнө гэжээ.

 

Хариуцагч Д.Сумъяа нь шүүхэд утсаар гаргасан хүсэлтдээ:

Н.Бүжинлхамын нэхэмжлэлтэй надад холбогдох иргэний хэргийн шүүх хурал 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагт товлогдсоныг мэдлээ. Би шүүх хуралд оролцохгүй. Өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралд оролцоно. Намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Бүжинлхамын нэхэмжлэлтэй Д.Сумъяад холбогдуулан “Үндсэн зээл,  алданги нийт 22.723.176 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ам хэлцэл хийн 10 хоногийн хугацаатай 14.000.000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгч Н.Бүжинлхам нь иргэн Ц.Уранбилэгээс зээлж өгөн, хариуцагч Д.Сумъяа нь зээлээ заасан хугацаандаа бүрэн хэмжээгээр төлөөгүй учир  2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээл 14.000.000 төгрөг, сарын 20 хувийн хүүтэй, 3 сар 10 хоногийн хүү 9.324.000 төгрөг нийт 23.324.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар, тус гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн  тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөхөөр зааж “Зээлийн гэрээ” хийн  нотариатаар гэрчлүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь үндсэн зээл 14.000.000 төгрөгийг хүүгийн хамт заасан хугацаандаа төлөөгүй бөгөөд хугацаа хэтэрсэн буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1.400.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1.470.000 төгрөг нийт 2.470.000 төгрөг, мөн “Зээлийн гэрээ” бичгээр хийснээс хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1.300.000 төгрөгийг тус тус Н.Бүжинлхамын дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны /Д.Сумъяагийн/ 2018 оны 12 дугаар сарын 12, 2018 оны 12 дугар сарын 21, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн   депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байна.

Гэтэл зохигчид нь хариуцагчаас 3 удаагийн шилжүүлгээр нэхэмжлэгчид нийт төлөгдсөн гэх 3.770,000 төгрөгний тооцоолборыг хэрхэн тооцсон нь тодорхойгүйгээр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохигчдын хооронд үндсэн зээл 14.000.000 төгрөг, сарын 20 хувийн хүүтэй, 3 сар 10 хоногийн хүү 9.324.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөхөөр зааж “Зээлийн гэрээ” хийж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “...Д.Сумъяа эгч тохирсон хугацаандаа зээлээ бүрэн төлөөгүй ба 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1.400.000 төгрөг өгч дахин хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасан. Ц.Уранбилэг түүний хүсэлтээр тухайн бүр нь хугацаагаа сунгаж байсан боловч зээлээ төлөхгүй байсан учраас бид харилцан тохиролцож 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр үйлдэн /нөхөж гэрээ хийсэн/...Д.Сумъяа нь 1.470.000 төгрөг, Г.Өлзийдуламд 6.8000 төгрөг шилжүүлж үүнээс 1.300.000 төгрөгийг авч тус тус Ц.Уранбилэгт өгсөн байгаа. Энэ өгсөн мөнгийг зээлийн хүүд нь авсан. Иймд Д.Сумъяагаас үндсэн зээл 14.000.000 төгрөг, 187 хоногийн хугацаа хэтэрсэн алданги  алданги 9.324.000 төгрөг нийт 22.723.176 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх,

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Энэ хугацаанд шилжүүлж байсан мөнгөнөөсөө үндсэн зээлнээс хасуулах хүсэлтэй байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх тайлбар мэдүүлгүүдээс үзэхэд хариуцагчаас зээлийн төлбөрт шилжүүлсэн гэх 3.770.000 төгрөгийг хүүнд тооцон, зохигчдын хооронд хийгдсэн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Зээлийн гэрээ” нь 2018 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн ам хэлцэлд заасан үндсэн зээл 14.000.000 төгрөгний төлөгдөөгүй хүүг тооцон 9.324.000 төгрөг авахаар гэрээнд заасан нь  Иргэний хулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн заалтыг зөрчиж ам хэлцлээр тохиролцсон үндсэн зээл 14.000.000 төгрөгний зээлийн хүүг тооцсон байгаа нь хууль зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч нь 3 удаагийн шилжүүлгээр нийт 3.770.000 төгрөгийг Н.Бүжинлхамын ХААН банкны дансанд ам хэлцэл болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлэн шилжүүлсэн байгаа хэдий ч  2018 оны 12 дугаар сарын 12, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийсэн 2 удаагийн шилжүүлгээр нийт 2.870.000 төгрөгийг үндсэн зээл 14.000.000 төгрөгнөөс хасаж тооцон 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн ам хэлцэлд заасан хүүг нэхэмжлэгч нь авах эрхээ алдсан байна.

Иймд хариуцагчаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн “Зээлийн гэрээ”-нд заасан 14.000.000 төгрөнөөс 2 удаагийн шилжүүлгээр өгсөн 2.870.000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 11.130.000 төгрөгнөөс хүү, алданги тооцон гаргаж өгөх нь зүйтэй гэж үзлээ. Хэдийгээр хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хүү нэхэмжлээгүй, үндсэн зээл алдангийг нэхэмжилсэн хэдий ч гэрээнд заасны дагуу 20 хувийн хүү 2.226.000 төгрөгнөөс гэрээ хийсний дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчаас шилжүүлсэн гэх 1.300.000 төгрөгийг хүүнд тооцон хасаж үлдэгдэл 926.000 төгрөг дээр үндсэн зээлийн үлдэгдэл алдангийн зарим хэсэг буюу 222.600 төгрөгийг нэмж /926,000+222,600+11,130,000/ нийт 12.278.600 төгрөг гургуулан Н.Бүжинлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.444.576 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын хооронд хийгдсэн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч оролцуулах талаар мэдэгдсэн байх тул хэрэгт авагдсан бусад нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 271.566 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12.278.600 төгрөгөнд тохирох улсын 211.408 төгрөг гаргуулан Н.Бүжинлхамд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус зааснаар Д.Сумъяагаас 12.278.600 төгрөг гаргуулан Н.Бүжинлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.444.576 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 271.566 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12.278.600 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 211.408 төгрөг гаргуулан Н.Бүжинлхамд олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Л.СОЁЛМАА