Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0876

 

 

 

 

 

 

 

 

 

                                            А.П, Х.Н нарын нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч А.П-ын өмгөөлөгч Б.Цогням, гуравдагч этгээд Х.Б, Д.А нарын өмгөөлөгч Я.Сьезд нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0061 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Х.Б, Д.А, өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан давж заалдах гомдлоор, А.П, Х.Н нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0061 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Н-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар нэхэмжлэгч Х.Н-ийг томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг, мөн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал хууль бус байсан болохыг тус тус тогтоож, тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд Х.Н-ийг томилохыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, нэхэмжлэгч Х.Н-ийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон мэргэжилтний бага цалинтай ажил эрхэлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт нийт 5 708 704 /таван сая долоон зуун найман мянга долоон зуун дөрөв/ төгрөгийг тус газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 5 708 704 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, төлөхийг тус газрын даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус баримтлан нэхэмжлэгч А.П-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд А.П-ийг томилохыг тус газрын даргад даалгаж, А.П-ийн мэргэжилтний бага цалинтай ажил эрхэлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 1 207 359 /нэг сая хоёр зуун долоон мянга гурван зуун тавин ес/ төгрөгийг тус газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, цалингийн зөрүүд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцож төлөхийг тус газрын даргад даалгаж, үлдсэн хэсэг болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай тушаалыг хүчингүй болгох, тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.А, өмгөөлөгч Я.Сьезд нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 тоот тушаалыг тус тус үндэслэн А.П-ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилсон. Дараа нь ажил олгогч 2016 оны 02 дугаар тушаалыг хүчингүй болгон Авлигатай тэмцэх газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/8997 тоот албан бичгийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаар тушаалаар тус газрын Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилсон. Ингээд хэсэг хугацааны дараа ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаар тушаалыг хүчингүй болгосон учраас А.П өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар тухайн албан тушаалд эгүүлэн томилохыг хүсэж нэхэмжлэл гаргасан.

Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн анхны шаардлага дэмжиж байгаа бөгөөд намайг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн шаардлага хэвээр байгаа” гэж дурджээ. Үүнээс үзэхэд А.П нь анхнаасаа тус газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд маргаагүй байгаа ба харин тус газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргад эгүүлэн томилогдохыг хүсэж маргасан нь тодорхой байна.

А.П нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд ажиллахаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гарган уг мэдүүлэгт гарын үсгээ зурсан нь тухайн албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн асуудал гэж үзэж байна.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт дурдсан “...Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямдаваа нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/21 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын шинэ бүтэц орон тоог баталсан ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар газрын даргаар Б.Сьезхан намайг шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Би шинэ байгууллагыг шинэ орон тоо бүтцээр хүлээн авч шинээр ажилтан ажилчдыг шалгаруулж авсан. Ингэхдээ урьд олон жил ажилласан туршлага зүтгэлийг харгалзан үзэж А.П-ыг өөрийнх нь хүсэлтээр тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаар тушаалаар томилсон. Гэвч ажлын шаардлага, зарим нөхцөл байдал шалтгаануудаас болж А.П-ыг уг ажлаас чөлөөлж, Захиргаа хяналтын хэлтсийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр өөртэй нь ярьж тохиролцсоны дагуу өөрчлөн томилсон” гэснээс үзэхэд тухайн үед А.П нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад өөрөө хүсэж сайн дурын үндсэн дээр томилогдсоныг нотолж байна.

А.П нь тус байгууллагын даргаар Б.Сьезхан нь томилогдоод байгууллагад анхлан бүтэц, зохион байгуулалт хийж албан тушаалын хуваарилалт хийсэн үед тухайлбал 2016 оны 10 дугаар сарын сүүлчээр тус газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргаар ажиллах талаар хүсэлт гаргаагүй.

А.П нь тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж үзээд өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах шаардлагатай гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл А.П нь 3 сарын дараа маргаан бүхий албан тушаалд ажиллах тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. А.П нь гуравдагч этгээд Д.А тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилогдсон асуудлыг мэдэж байсан Д.А-тэй хамт ажиллаж байсан, анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед Д.А-ийн албан тушаалд маргаагүй байгаа, ажил олгогчтой тохиролцсон байдал зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх дүгнэж үзээгүйд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч А.П-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.А, өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Х.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Х.Б би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаар тушаалаар тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд түр томилогдон, дараа нь Авлигатай тэмцэх газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/9677 дугаар албан бичгийг үндэслэн ажил олгогч тухайн албан тушаалд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаалаар томилсон. Ажил олгогч нь надтай 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Иймд би уг албан тушаалд хууль ёсоор томилогдон ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч юм. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1-д заасантай зарчимтай нийцэж байна.

Маргаан бүхий албан тушаалд ажиллах ёстой гэж маргаж буй Х.Н нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон ба 6 сар гаруй уг албан тушаалыг хашиж байгаад мэргэжилтний үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь өмнө нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нэртэй ажиллаж байхад нийт 65 орон тоотой байсан ба шинэ бүтцээр 45 орон тоотой ажиллах болж зохих орон тооны ажлууд хасагдсан. Энэ үед ажил олгогч Х.Н-ийг огт ажилгүй үлдээгээгүй, төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон.

Нөгөө талаас мэргэжилтэн Х.Н нь урьд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргаар ажиллаж байсан ба шинээр зохион байгуулагдсан газарт тийм нэртэй албан тушаал байхгүй. Иймд Х.Н нь хасагдсан буюу тус байгууллагын бүтцэд байхгүй орон тоонд ажиллах ёстой гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Х.Б би 2006 онд ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг нийгмийн халамж зүйч мэргэжлээр, 2015 онд Идэр дээд сургуулийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр төгссөн, 2010-2015 он хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн халамж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн бодлого хариуцсан мэргэжилтнээр, 2015-2016 онд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Ажлын дадлага туршлагатай, төрийн бэлтгэгдсэн боловсон хүчин юм. Иймд би шинээр зохион байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр ахлах мэргэжилтний зиндааны албан тушаалд ажиллах эрхтэй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар ажил олгогч орон тооны цомхотголд орсон мэргэжилтэн нарыг албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн,  мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан байгууллага дотор сонгон шалгаруулалт явуулж томилох ёстой. Ажил олгогчид Төрийн албаны тухай хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй явдалд миний буруутай үйл ажиллагаа байхгүй.

Иймд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээд Х.Б миний давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            Аймгуудын Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтэс тус тусдаа ажиллаж байх үед Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст нэхэмжлэгч Х.Н нь Нийгмийн халамж, хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан албаны даргаар, нэхэмжлэгч А.П нь Захиргаа, хяналтын албаны даргаар ажиллаж байжээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ажиллахаар тогтоож, үүний дагуу Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаал, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б/08 дугаар тушаалаар, тус тусын хэлтсийн нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн байна.

            Нэхэмжлэгч Х.Н “...миний ажиллаж байсан орон тоо хэвээр батлагдаж ирсэн байхад ...намайг уг орон тоонд томилолгүй, аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, мэргэжлийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Б-ыг томилсон нь хууль бус” гэж, нэхэмжлэгч А.П “...миний ажиллаж байсан орон тоо хэвээр батлагдаж ирсэн байхад...намайг шинээр байгуулагдсан бүтцэд нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилсон ба удалгүй хууль бусаар чөлөөлж, Бугат сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Д.А-ийг уг албан тушаалд томилсон нь хууль бус” гэж, хариуцагчаас “...байгууллага шинээр байгуулагдсан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн орон тоонд Нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргын орон тоо байгаагүй учир Х.Н шилжиж ирсэн биш ажилгүй болсон хүн. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон нь хууль зөрчөөгүй. А.П-ын хувьд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг зөрчсөн тул албан тушаал бууруулан мэргэжилтнээр авсан. Дараагийн томилгоо хийгдээд одоо ажиллаж байгаа албан тушаалтан ажил үүргээ хангалттай биелүүлж, шаардлагын хүрээнд ажиллаж байгаа тул түүний ажлыг өөр хүнээр солих боломжгүй” гэж маргажээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, өмнөх бүтцэд буюу Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст байсан “нийгмийн халамж, хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан албаны дарга”, “захиргаа хяналтын албаны дарга”-ын орон тоо нь шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын бүтцэд “нийгмийн халамжийн хэлтсийн дарга”, “захиргаа, хяналтын хэлтсийн дарга”-ын орон тоогоор батлагдсан, тухайн ажлын байрны орон тоо хасагдаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын ажиллаж байсан албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг, түүнчлэн албан тушаалын ангилал, зэрэглэл нь хэвээр хадгалагдан үлдсэн байна.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...”-аар заасан байхад хариуцагч Баян-өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга нэхэмжлэгч Х.Н-ийг орон тоо, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн нийгмийн халамжийн хэлтсийн даргын, А.П-ыг захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн уг заалтад нийцээгүй, учир нь дээрх заалтын дагуу хариуцагч чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж үзнэ.

            Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ажиллуулахаар шийдвэрлэсэн, үүний улмаас өмнөх бүтцээр ажиллаж байсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтэс цаашид ажиллахгүй болсон нь уг хэлтсүүдэд ажиллаж байсан төрийн албан хаагчдыг “үргэлжлүүлэн ажиллуулах эсэх”-ийг өөрийн үзэмжээр шийдвэрлэх эрхийг хариуцагчид олгоогүй байх тул “...батлагдаж ирсэн орон тоо болон дээд газраас гарсан тогтоол, тушаалуудад татан буугдсан байгууллагын хүмүүсийг заавал ажлаар хангах болон хуучин дарга хийж байсан хүнийг даргаар томилох заалт ороогүй” гэх тайлбар үндэслэлгүй.

            Нөгөөтэйгүүр өмнөх бүтцэд албаны даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч нарын ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зэрэглэл ТЗ-7 байхаар заасан бөгөөд Х.Н ТЗ-7-4, А.П ТЗ-7-5 зэрэглэлээр цалинжиж байсан, мөн шинэ бүтэц дэх хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зэрэглэл ТЗ-7 байхаар заасан байхад Хөдөлмөрийн хэлтэст /хуучин/ ахлах мэргэжилтнээр ажиллаж ТЗ-6-1 зэрэглэлээр цалинжиж байсан Х.Б-ыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт нийгмийн халамжийн хэлтсийн даргаар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст /хуучин/ Бугат сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж, ТЗ-5-4 зэрэглэлээр цалинжиж байсан Д.А-ийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт захиргаа, хяналтын хэлтсийн даргаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5-д заасан төрийн албанд хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, мөн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмуудыг зөрчжээ.

            Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар шинээр байгуулагдах үед хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02, 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай тушаалаар А.П-ыг тус газарт нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилсон болох нь тогтоогджээ.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй байхад А.П-ыг уг албан тушаалаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус байх боловч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар дээрх албан тушаалд Х.Н томилогдон ажиллах эрхтэй байхад нэхэмжлэгч А.П-ын гаргасан Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

            Нэгэнт шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар нэхэмжлэгч нарын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж дүгнэж байгаа тул “...ажил олгогч орон тооны цомхотголд орсон мэргэжилтэн нарыг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан байгууллага дотор сонгон шалгаруулалт явуулж томилох байсан. Төрийн албаны тухай хуулиар хүлээлгэсэн энэ үүргээ ажил олгогч биелүүлээгүй явдалд миний буруутай үйл ажиллагаа байхгүй” гэх гуравдагч этгээд Х.Б-ны давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

            Нэхэмжлэгч А.П-ын тухайд Баян-өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дүгээр тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан гомдлын хариуг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аваад, мөн өдрөө Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

            Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А.П-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Х.Нийн нэхэмжлэлтэй тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эрх бүхий этгээдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тухайн албан тушаалд томилохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг нэгтгэсэн учир нэхэмжлэгч А.П “...Х.Н нийгмийн халамжийн хэлтсийн даргаар би томилогдон ажиллах ёстой гэж маргасан учир нэг албан тушаалд хоёр хүн зэрэг ажиллах боломжгүй тул Захиргаа, хяналтын хэлтсийн даргаар томилохыг даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Иймд гуравдагч этгээд Д.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын “А.П анхнаасаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилогдсон, уг ажилдаа эгүүлэн томилогдохыг хүсэж маргасан, Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд маргаагүй. Хэрэв энэ албан тушаалд маргаж байгаа бол шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. 3 сарын дараа маргаан бүхий албан тушаалд ажиллах нэхэмжлэл гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх гомдол үндэслэлгүй.

             Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Б, Д.А, өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Х.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээд Д.А-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН