Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2016/0005/З |
Дугаар | 128/ШШ2016/0358 |
Огноо | 2016-05-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2016/0358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагч: Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд тус тус холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ...Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул ривер кондо ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлуулсан Эй Ди Сервис ХХК-ийн өмчлөлийн зар сурталчилгааны байгууламжийг буулгасан үйлдлийг илт хууль бусад тооцож, хууль бус үйлдлийн улмаас манай компанид учирсан 11088000 төгрөгийг нөхөн төлүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У*******э, хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*******, Э.Д*******, нарийн бичгийн дарга Э.Ууганжаргал, иргэдийн төлөөлөгч Д.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У*******э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... ******* ХХК нь 2011 оноос зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж Монгол Улсын хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж ирсэн. Бид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул ривер конда ХХК-ийн хашаанд тус газрын эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр өөрсдийн сурталчилгааны самбараа байршуулсан юм.
Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 11 дүгээр сарын 02-ны өдрийн огноо бүхий албан бичгийг имэйлээр ирүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын 6.1, 6.2 дах хэсгийг зөрчиж, холбогдох этгээдийн зөвшөөрөлгүй байрлуулсан тул танай байгууламжийг буулгана гэсэн утгатай мэдэгдэл ирүүлсэн.
Бид тухайн мэдэгдэл заасан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг олж аваад танилцах үед тухайн журам нь Зар сурталчилгааны хууль зөрчсөн байж болзошгүй хэм хэмжээг тусгасан, мөн тухайн журамд заасан зохицуулалтууд нь бидний хууль ёсны эрх ашгийг хөндсөн шинжтэй байсан тул энэ тухай асуудлыг хяналтандаа авч, анхаарч өгнө үү гэсэн хүсэлтийг тус журмыг баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний эрхийн дэд хороонд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн юм.
Гэтэл манай албан бичгийн хариу ирээгүй байх хугацаанд буюу 2015 ошны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас манай компанийн өмчлөлийн сурталчилгааны байгууламжийг зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлээр буулгаж, тус хууль бус үйлдлээрээ манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна.
Сурталчилгааны самбараа ийнхүү хууль бусаар буулгуулсны улмаас бидэнд 11.088.000 төгрөгийн хохирол учирсан.
Манай байгууллага нь тус сурталчилгааны байгууламжийг Туул ривер кондо ХХК-ийн эзэмшлийн газар дээр, тухайн газар эзэмшигчийн зөвшөөрлөөр байрлуулсан бөгөөд нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ямар нэгэн байдлаар халдаагүй.
Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулахад тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авна гэж заасан байдаг. Хуульд зааснаар бол нийтийн эзэмшлийн барилга, байгууламж, зам, гудамж, талбайд зар сурталчилгааны байгууламж байршуулахад зөвшөөрөл авах тухай зохицуулалт байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн бус хувийн эзэмшлийн газар байрлуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй гэж ойлгож байна.
Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам нь хуулиар хязгаарлаагүй асуудлыг хязгаарлаж, иргэн хүн өөрөө хувийн өмчлөл, эзэмшлийн газар дээрээ байгууламж барихдаа хүртэл төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах тухай зохицуулалт оруулсан нь Зар сурталчилгааны тухай хууль, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын олон тооны зүйл, заалтыг зөрчжээ.
Тухайлбал, Хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.7.7-д хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх гэж заасан байдаг. Төрийн захиргааны байгууллага нь зөвхөн эрх хэмжээг эдлэх учиртай бөгөөд хуульд заагаагүй асуудлаар зөвшөөрөл олгох эрхийг өөртөө олж авч, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны өмчид халдаж байгаад бид гомдолтой байна.
Иймд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул ривер кондо ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлуулсан ******* ХХК-ийн өмчлөлийн зар сурталчилгааны байгууламжийг буулгасан үйлдлийг илт хууль бусад тооцож, хууль бус үйлдлийн улмаас манай компанид учирсан 11.088.000 төгрөгийг нөхөн төлүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У*******э нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
... ******* ХХК нь өөрийн зар сурталчилгааны байгууламжийг 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буулгасантай холбоотой гомдлыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргад, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирагчийн ажлын албанд тус тус гаргасан боловч өнөөг хүртэл буюу хуульд заасан 30 хоног өнгөрсөн байхад эдгээр байгууллага, албан тушаалтнаас хариу ирүүлээгүй.
Манай байгууллага нь тус сурталчилгааны байгууламжийг Туул ривер кондо ХХК-ийн эзэмшлийн газар дээр тухайн газар эзэмшигчийн зөвшөөрлөөр байрлуулсан бөгөөд нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ямар нэгэн байдлаар халдаагүй.
Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулахад тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авна гэж зааснаар бол Нийтийн эзэмшлийн барилга, байгууламж, зам, гудамж, талбайд зар сурталчилгааны байгууламж байршуулахад зөвшөөрөл авах тухай зохицуулалт байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн бус хувийн эзэмшлийн газарт байрлуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бодож байна.
Гэтэл хувийн эзэмшлийн газарт байрлуулсан манай байгууллагын сурталчилгааны байгууламжийг зөвшөөрөл аваагүй үндэслэлээр буулгаж буй нь хууль зөрчсөн, илт хууль бус үйлдэл мөн юм.
Иймд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул ривер кондо ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлуулсан ******* ХХК-ийн өмчлөлийн зар суртчилгааны байгууламжийг буулгасан үйлдлийг илт хууль бусад тооцож, хууль бус үйлдлийн улмаас манай компанид учирсан 11.088.000 төгрөгийг нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяаг нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдан үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.2.е-д бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж тодорхойлон хуульчилсан байдаг.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Нийслэлийн иргэдийн эрх ашиг, ашиг сонирхолд нийцүүлэн Улаанбаатар хотын хэтийн хөгжлийг төлөвлөн, эрүүл, цэвэр, цэмцгэр, зохион байгуулалттай, дэг журамтай, цэгцтэй хот болгон хөгжүүлэх зорилго, чиг үүргийн хүрээнд Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох нийтлэг журмыг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага тогтооно гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн болон холбогдох улсын хяналтын, авто зам, тээврийн, барилга, Ерөнхий төлөвлөгөөний газар, замын цагдаа зэрэг байгууллагуудын саналыг үндэслэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар батлан гаргасан.
Энэхүү журам нь нийтийн эзэмшил газар зар сурчилгааны байгууламжийг байрлуулахад хотын өнгө үзэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаатай холбоотой.
Энэ журам нь батлагдан мөрдүүлснээр хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлөх бусдын үйл ажиллагаа, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто зам төлөвлөлт, ногоон байгууламжийг хөгжүүлэх зэрэгт сайн нөлөө үзүүлж, хотын Ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжилтэй зар сурталчилгааг уялдуулах, зар сурталчилгааны байгууламжийн овор хэмжээ, дизайн загварыг зүй зохистойгоор зохицуулах, зах зээлийн үнэн бодит сурталчилгааг хуульд нийцүүлэх, хууль бус сурталчилгааг хянах зэрэг олон талын үр дүнг үзүүлж байна.
Хэдийгээр зах зээлийн харилцаатай нийгмийн хувьд иргэн, аж ахуйн нэгж хуулиар хориглоогүй бол хийж болно гэх боловч бусдын эрх, ашиг сонирхлоор хязгаарлагдах учиртай.
Энэ журам нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд Улаанбаатар хотын иргэдийн эрх, ашигт нийцсэн, эрх зүйн хэмжээ бүхий журам бөгөөд ******* ХХК-ийн эрх ашгийг зөрчөөгүй, хотын өнгө үзэмжийг дээшлүүлсэн, хот хөгжлөө төлөвлөн бүтээн болгохтой уялдсан сайн үр дүн үзүүлдэг журам.
Иймээс шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*******, Э.Д******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, ашиглахад Зар сурталчилгааны тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журмыг баримтлан ажиллаж байна.
Энэхүү журам болон журамд заасан гадна зар сурталчилгаанд тавигдах шаардлага, төлөвлөлтийн зургийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд доорхи заалтуудын дагуу аж ахуйн нэгж байгууллага биелүүлэх үүрэгтэй. Үүнд,
- Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн Нийслэлийн удирдлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг ажиллагсдадаа мэдээлж, биелэлтийг хангах,
- Нийслэлийн онцлог чиг үүргийг хэрэгжүүлэх талаар нийслэлийн удирдлагаас явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
- өөрийн эзэмшиж буй эдэлбэр газар, барилга байгууламж болон орчны гудамж, талбайг шаардлагын дагуу зүй зохистой ашиглах,
Мөн дээрх журмын 8 дугаар зүйлийн 8.3.1-д Зөвшөөрөлгүйгээр хувийн хэвшлийн барилга, байгууламж, газар дээр гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, зар сурталчилгааг нийтлэх-ийг хориглоно гэж заасан байдаг.
Иймд манай албаны зүгээс Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөлгүй сурталчилгааны байгууламж байрлуулсан аж ахуйн нэгжийн нэр, байршлын мэдээллийг авч, тавигдах шаардлагад нийцээгүй, зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудын эзэмшигч нарт мэдэгдэл хүргүүлэн зөрчлөө арилгахыг удаа дараа шаардсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд өөрийн сурталчилгааны байгууламжийг тавигдах шаардлагад нийцүүлэн зөрчлөө арилгаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас албан ёсны зөвшөөрөл авах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй учраас албадан буулгах арга хэмжээг 2015 оны 4 дүгээр сард авч, гарсан зардлыг ******* ХХК-иар нөхөн төлүүлж, сурталчилгааны байгууламжийг буцаан олгосон.
Гэвч тус компани тавигдах шаардлагад нийцээгүй сурталчилгааны байгууламжийг өмнө байсан байрлалд ямар нэгэн зөвшөөрөлгүй, шаардлагад нийцэхгүй байдлаар дахин болгосон үйлдэл гаргасан. Энэ нь тус компанийн зүгээс Туул ривер конда ХХК-ийн эзэмшил газар дээр сурталчилгааны байгууламжийг байрлуулж байгаа учраас Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авах шаардлагагүй, гадна сурталчилгааны зөвлөлөөс батлан гаргасан тавигдах шаардлагад нийцүүлэхгүй байж болно гэж тайлбарлаж байна.
Сурталчилгааны байгууламжийн суурь нь хувийн эзэмшлийн талбайд байвч, гадна үзэгдэх орчин нь нийтийн эзэмшлийн гудамжны өнгө үзэмж, тохижилтод нөлөөлж байгаагаас гадна Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д Гэрэээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглах, болон мөн хуулийн 35.3.1-д Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх гэсэн заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т Реклам, сурталчилгааны самбар, зарлал, ухуулах хуудас, хаягийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гудамж, талбай, барилгын хана туурга, холбоо, гэрлийн шон дээр наах, байрлуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж аж ахуйн нэгж байгууллагын нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа дур зоргоор авирлаж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь хот нийтийн аж ахуй, тохижилт, засвар үйлчилгээг хотын хэмжээнд нэгдсэн бодлогоор удирдан зохион байгуулах үндсэн үүрэгтэй бөгөөд дээрх журмын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэд гадна зар сурталчилгааны зөвлөл ажиллаж, гадна зар сурталчилгааны байгууламж эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавин ажиллаж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2013 оны А/170 дугаар тушаалаар Гадна зар сурталчилгааны байгууламжид тавигдах тусгай шаардлага-ыг баталсан.
Үүний дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/48, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/124 дүгээр тушаалуудын дагуу зөрчил бүхий сурталчилгааны байгууламжийг буулгаж, зөрчлийг арилгах арга хэмжээг авч ажилласан ба тухайн бүр холбогдох зардлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас гаргасан.
Иймд холбогдох хуулинд заасан эрхээ буруугаар ойлгож, Нийслэлийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөх журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй Эи ди сервис ХХКийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тус албыг хариуцагчаас чөлөөлж өгөхийг хүсье гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
... ******* ХХК тухайн нутаг дэвсгэрийг хариуцаж буй дүүргийн засаг захиргаанаас зар сурталчилгааны барилга байгууламж байрлуулах зөвшөөрөл авах үүрэгтэй. Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий архитекторын гаргасан норм, стандартын дагуу зай хэмжээ, өндөр, агууламжийг баримтлах нь зөв зүйтэй гэж дүгнэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/376 дугаар албан бичгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам-ын төслийг шинэчлэн боловсруулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын дарга Д.Баттулгад хүргүүлсэн байх бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.2, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1/376 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам-ыг нэгдүгээр хавсралтаараа баталжээ.
Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/170 дугаар тушаалаар Гадна сурталчилгааны байгууламжид тавигдах тусгай шаардлага-ыг баталсан байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/48 дугаар тушаалаар ...Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам-ын 5 дугаар зүйлийн 5.1.1, 9 дүгээр зүйлийн 9.4, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/279 дүгээр захирамжаар батлагдсан Захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээлэх журам-ын 2 дугаар хэсгийн 2.4.1 дэх заалт, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дүрмийн 2 дугаар хэсгийн 2.9 дэх заалт, 4 дүгээр хэсгийн 4.4.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Гадна зар сурталчилгааны төлөвлөлтийн зургийг хотын Ерөнхий менежерийн дэргэдэх зөвлөлөөр батлуулаагүй, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2013 оны А/170 дугаар тушаалаар батлагдсан Гадна зар сурталчилгааны байгууламжид тавигдах тусгай шаардлага-ыг хангаагүй, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам-ыг зөрчсөн 9 аж ахуйн нэгжид хамаарах 12 ширхэг гадна сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг 2015 оны 4 дүгээр сарын 25-ны дотор зохион байгуулах-аар шийдвэрлэжээ.
Уг тушаалыг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь ******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн Зайсангийн гудамжид байрлах 4*9 хэмжээтэй 2 талт зар сурталчилгааны байгууламжийг буулгуулахаар Чойсамбуу ХХК-тай харилцан тохиролцож, гэрээ байгуулж, гарах зардлыг 1.080.000,0 төгрөг хэмээн тооцож, үүнийг хариуцагч байгууллагын Төрийн банкны холбогдох дансанд нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн байна.
Ийнхүү дээрх самбарыг буулгасан боловч нэхэмжлэгч нь дахин зөвшөөрөл авалгүйгээр самбарыг хуучин байсан байранд нь буцаан байрлуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбаруудаар тогтоогдож байх бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/1676 дугаар албан бичгээр ...Хан-Уул дүүргийн Зайсангийн гудамжид байрлуулсан танай компанийн эзэмшил 4*9м хэмжээтэй 2 талт гадна зар сурталчилгааны байгууламж нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам-ын 6.1, 6.2-д заасны дагуу зөвшөөрөл авахгүйгээр байрлуулан ашиглаж байна. Иймд журмыг зөрчиж байрлуулсан сурталчилгааны байгууламжийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний дотор буулган авч, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх талаар нэхэмжлэгч ******* ХХК-д албан мэдэгдэл хүргүүлжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Жи Эн зэт эф икс ХХК-тай Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/124 дүгээр тушаалыг үндэслэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам-ыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн зөрчилтэй сурталчилгааны байгууламжийг албадан буулгаж, тээвэрлэх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийлгэх, ажил үйлчилгээг гүйцэтгэхтэй холбоотой төлбөр тооцоог санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15/06-194 дүгээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу хавсралтаар ******* ХХК-иас 1.290.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж, харин нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн компанид учруулсан 11.088.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр маргаж байна.
Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулахад тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авна, 9.4-т Нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох нийтлэг журмыг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага тогтооно гэж тус тус заасан байх бөгөөд мөн маргаан бүхий журам ч үүнтэй нийцэж, холбогдох газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зар сурталчилгааныхаа самбарыг байрлуулахаар заасан байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь энэ журмыг мэдээд, хүлээн зөвшөөрч, холбогдох зардлыг өөрөөсөө гарган буулгуулсан хэрнээ дахин байрлуулахдаа зөвшөөрөл авахгүйгээр байрлуулжээ.
Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зар сурталчилгаа түгээгч гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг түгээж байгаа гэдэг утгаараа хувийн эзэмшлийн газар дээр байрлуулсан хэдий ч түгээлт нь олон нийтэд хүрч байдаг ба цаашлаад хотын өнгө үзэмжид нөлөө үзүүлж байдаг тул мөн хуульд зааснаар байршуулах журмыг баталж гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд Туул ривер конда ХХК-ийн эзэмшлийн хашаанд эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр өөрсдийн сурталчилгааны самбараа байршуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 дугаар тогтоол нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар байрлуулж байгаа иргэн, аж ахуй нэгжид бүгдэд нь хамаарах бөгөөд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул ривер конда ХХК-ийн эзэмшлийн газарт зар сурталчилгааны самбар байршуулж байгаа ******* ХХК буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж үзэх боломжгүй байхын зэрэгцээ ******* ХХК-ийн зар сурталчилгааны байгууламж нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлуулсан 2013 оны Зар сурталчилгааны төлөвлөлтийн зурагт заасан шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У*******ийн тус шүүхэд гаргасан ...Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул ривер кондо ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлуулсан Эй Ди Сервис ХХК-ийн өмчлөлийн зар сурталчилгааны байгууламжийг буулгасан үйлдлийг илт хууль бусад тооцож, хууль бус үйлдлийн улмаас манай компанид учирсан 11088000 төгрөгийг нөхөн төлүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан ...Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул ривер кондо ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлуулсан Эй Ди Сервис ХХК-ийн өмчлөлийн зар сурталчилгааны байгууламжийг буулгасан үйлдлийг илт хууль бусад тооцож, хууль бус үйлдлийн улмаас манай компанид учирсан 11088000 төгрөгийг нөхөн төлүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Эй Ди Сервис ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан м******* хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ