Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02099

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02099

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Т.Золзаяа, шүүгч Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин суух,  овогт б.х /РД:00/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  оршин байрлах, ХБ ХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж, зээлдэгч нарыг амь насны даатгалд хамруулах эс үйлдэхүйн улмаас зээлдэгчид учирсан хохирол болох 17,276,467 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, М.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Х.С,

Иргэдийн төлөөлөгч С.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х, Б.Д бидний гэр бүл ТООТ хаягт байршилтай 52.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ХБ орон сууцны 29,800,000 төгрөгийн зээлийн 2019.01.16-ны өдрийн гэрээгээр худалдан авч улмаар үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг тус тус байгуулж жил бүр даатгалын хураамжийг төлж, сунгаж ирсэн.

Миний эхнэр, хамтран зээлдэгч, даатгуулагч Б.Д нь тархи доторх цус харвалтын улмаас 2022.03.27-ны өдөр нас барсан тул Б ХК-аас зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг гаргуулахаар холбогдох материалыг бүрдүүлэн хандсан боловч даатгагч Б ХК-аас 2022.04.19-ны 02/213 дугаартай албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэнд гомдлоо гэрээний дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандахад, 2022.05.09-ны 9/1756 дугаартай бичгээр мөн татгалзсан хариуг мэдэгдсэнээр шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээг авсан.

Эдгээр байгууллага нь асуудлыг шийдвэрлэх бус хамтран, зохион байгуулалттайгаар даатгалын нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийж, даатгуулагчийг залх цээрлүүлэх бодлогыг хэрэгжүүлж буйг тогтоон өгч, цаашид өөрчлүүлэх зорилгоор асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр хандаж байна.

хбанк ХХК болон Б ХК-ийн хооронд 2021.09.13-ны өдөр байгуулсан 1063 тоот Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ХБ Замын- Yүд салбар тооцооны төв төлөөлөн байгуулсан Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний:

1.7-р зүйлд гэнэтийн осол гэдэгт дараах зүйлийг ойлгоно. Үүнд 1.7.8-р зүйлд Ахуйн болон бусад эрсдэл гэж гэж заасан дагуу хамтран зээлдэгч, даатгуулагчид даатгал хийгдэх үед хэвийн байсан нөхцөл байдал даатгал хийгдсэн дараагаар гэнэт үүсэн улмаар эрүүл мэндийн гэнэтийн осол буюу талуудын гэрээнд тохирсон бусад эрсдэлийн улмаас амь нас алдсан харамсалтай үйл явдал тохиолдсон байдлыг даатгагчаас гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гож үзэхээр байна хэмээн тодорхойгүй шалтгаанаар нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байна.

Талийгаачийн амь нас алдсан тархи доторх бусад цус харвалт шалтгааныг эмч, эмнэлгийн байгууллагаас хүний амь нас алдах гэнэтийн эрсдэл болохыг тайлбарласан тул нэхэмжлэгчээс шүүхийн шатанд уг асуудлыг тогтоолгох замаар үр дүнг харуулахыг зорьж байна. 

Даатгагч Б ХK, даатгуулагч Б.Х бидний хооронд үүссэн маргаантай асуудал буюу даатгуулагч Б. Дашмаагийн нас барсан онош тархи доторх цус харвалт нь талууд хооронд байгуулсан гэрээний 1.7.8-д заасан бусад эрсдэлд хамаарах гэнэтийн осол тул зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2.2-р заалт Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100%-нар тооцож, Даатгагчаас Даатгуулагчид нөхөн төлбөр олгоно. гэж заасан үндэслэлээр орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 34552934 /гучин дөрвөн сая таван зуун тавин хоёр мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг хариуцагч Б ХК-аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15-р зүйлийн 15.2-т зааснаар гэрээний үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан байгаа учир өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 207-р зүйлийн 207.1.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газраар тодорхойлно хэмээн зааснаар уг гэрээг биелүүлбэл зохих газрын буюу харьяаллыг тус шүүхээр сонгон гаргасан. гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчлөхдөө: Иргэн Б.Х, Б.Д нар Дорноговь аймгийн Замын үүд сумын 1 ба хэсэг 148A байрны 53 тоот хаягаар байршилтай 52.1 кв. метр талбайтай 2 өрөө орон сууцны 2019 оны 01 сарын 16 өдөр ХБ ХК-тай 29,800,000 төгрөгийн жилийн 21.6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн гэрээ байгуулж худалдаж авсан. Монголбанкны 2008 оны 10 сарын 17 өдрийн 446 тоот Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-н дагуу бид хоёр амь насны даатгалын ХБ ХК-иар зуучлуулан Б ХК-д хийлгүүлсэн.

Амь насны даатгалын гэрээг гэрээний хугацаанд даатгалын хураамж төлж сунгаж ирсэн.

2022 оны 03 сарын 27 өдөр хамтран зээлдэгч болох эхнэр Б.Д нь тархи доторх цус харвалтын улмаас нас барсан.

Б ХК-д даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар зохих материалыг бүрдүүлж өгсөн боловч 2022 оны 04 сарын 19 өдрийн 02/213 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Хороонд хандсан бөгөөд 2022 оны 05 сарын 09 өдрийн 9/1756 дугаартай албан бичгээр мөн л татгалзсан хариу өгсөн.

Монголбанк нь 2008 оны 10 сарын 17 өдөр 446 тоот Ерөнхийлөгчийн тушаалаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам баталсан бөгөөд журмын 22 зүйлийн 22.3-т Зээлдүүлэгч нь даатгалын байгууллагатай Даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана, 22.2-т Зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэх дуусах хүртэлх хугацаанд дараах даатгалд заавал даалгуулна. Үүнд: 22.2.2-т Зээлийн даатгал: амь насны даатгал гэжээ.

Үүнээс үзэхэд ХБ ХК нь урт хугацааны даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж зээлдэгч Б.Х, Б.Д нарын амь насыг даатгуулах үүрэг хүлээсэн байхад ХБ ХК нь өөрийн даатгалын зуучлагчаар дамжуулж зээлдэгч нарыг Б ХК-д гэнэтийн ослын даатгалд даатгуулсан.

Уг даатгалаар зээлдэгч нарыг гэнэтийн ослын улмаас зээлдэгч амь нас, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдахаас эрсдэлээс даалгадаг.

Гэнэтийн ослын даатгал нь наймхан төрлийн эрсдэлээс хамгаалдаг бөгөөд амь насны даатгал биш юм.

Иргэн Б. Дашмаа нь тархи доторх цус харвалтын улмаас нас барсан бөгөөд ХБ ХК нь зээлдэгч нарыг уг эрсдэлээс даатгуулаагүй байна.

Иргэн Б.Д нь Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу 50 хувийн үүрэг хүлээж байсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн 50 хувь болох 17,276,467 төгрөг болж бөгөөд хэрвээ ХБ ХК нь зээлдэгч нарыг амь насны даатгалд хамруулсан бол даатгалын компани даатгалын нөхөн төлбөр олгож нэхэмжлэгчид санхүүгийн дарамт үүсэхгүй байх байсан.

Гэтэл ХБ ХК нь урт хугацааны даатгалын даатгагчтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй бөгөөд ноцтой төөрөгдөлд оруулах замаар зээлдэгч нарыг зөвхөн гэнэтийн ослын даатгалд хамруулсан, тэдгээрийн амь насыг даатгуулаагүйн улмаас зээлдэгч нарт 17.276.467 төгрөгийн хохирол учирсан байна. 

Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 22.2.2-т заасан зохицуулалт нь зээлдүүлэгчийг амь насаа алдах бүх эрсдэлээс даатгуулахаар банкинд үүрэг болгосон утга агуулгатай бөгөөд зээлдүүлэгч амь насаа алдахад зээлийн эргэн төлөлтийн тасалдал үүсэх эрсдэлийг давхар даатгаж, зээлдэгчийн гэр бүлд санхүүгийн дарамт бий болохоос хамгаалсан агуулгатай юм. Монголбанкнаас 2018 оны 6 сарын 06 өдрийн 210 тоот тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-г зөрчиж зээлдэгч нарын амь насны даатгалд хамруулах эс үйлдэхүйн улмаас ХБ ХК-иас зээлдэгчид учирсан хохирол болох 17,276,467 төгрөг өгнө үү гэжээ.

 

1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Х, Б.Д нар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1А хэсгийн 148А-ын байрны 53 тоот хаягаар байршилтай 52,1 м.кв талбайтай 2 орон сууцыг 2019 оны 01 сарын 16-ны өдөр ХБ хувьцаат компанитай 29,800,000 төгрөгийн жилийн 21,6%-ийн хүүтэй ипотекийн зээлийн гэрээ байгуулж худалдаж авсан байдаг. Монгол банкны 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 тоот ерөнхийлөгчийн тушаалаар ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам батлагдсан. Үүний дагуу ХБ зуучилж, Бд хувьцаат компанид амь насны даатгалыг хийлгүүлсэн байдаг. Амь насны даатгалын гэрээний хугацааг даатгалын хураамжийг төлж сунгаж ирсэн. 2022 оны 03 сарын 27-ны өдөр хамтран зээлдэгч болох эхнэр Б.Д нь тархин доторх цус харвалтын улмаас нас барсан. Б компанид даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар зохих материалыг бүрдүүлж өгсөн боловч 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 02/213 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж хороонд хандсан боловч 2022 оны 05 сарын 9-ний өдрийн 9/1556 дугаартай албан бичгээр татгалзсан хариу өгсөн. 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 тоот Монгол банк Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 22 дугаар зүйлийн 22.3-д зээлдүүлэгч даатгалын байгууллагатай даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана 22.2-т зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэл хугацаанд дараах даатгалд заавал даатгуулна. Үүнд 22.2-т зээлийн даатгал, амь насны даатгал гэжээ. Үүнээс үзэхэд ХБ хувьцаат компани нь урт хугацааны даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, зээлдэгч Б.Х, Б.Д нарын хүмүүсийг даатгуулах үүрэг хүлээсэн байхад ХБ нь өөрийн даатгалын зуучлагчаар дамжуулж зээлдэгч нарыг Б компанийн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан. Уг даатгалаар гэнэтийн ослын улмаас зээлдэгч амь нас, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдах эрсдэлээс даатгадаг, гэнэтийн ослын даатгал нь 8 төрлийн эрсдэлээс хамгаалдаг бөгөөд амь насны даатгал биш юм. Иргэн Б.Д нь тархин доторх цус харвалтын улмаас нас барсан бөгөөд ХБ зээлдэгч нарыг уг эрсдэлээс даатгуулаагүй байна. Иргэн Б.Д нь орон сууцын ипотекийн зээлийн гэрээний дагуу 50%-ийн үүрэг хүлээж байсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн 50% болох 17,276,467 төгрөг болж байна. Хэрвээ ХБ Монгол банкны журамд заасны дагуу зээлдэгч нарыг амь насны даатгалд хамруулсан бол даатгалын компанид даатгалын нөхөн төлбөрийг олгож, нэхэмжлэгчид санхүүгийн дарамт үүсгэхгүй байсан. Гэтэл ХБ нь урт хугацааны даатгалын даатгагчтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй бөгөөд ноцтой төөрөгдөлд оруулах замаар зээлдэгч нарыг зөвхөн гэнэтийн ослын даатгалд хамруулан, тэдгээрийн амь насыг даатгуулаагүйн улмаас зээлдэгч нарт 17,274,467 төгрөгийн хохирол учирсан байгаад байна. Монгол банкны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 22.2.2-т заасан амь насаа алдах бүх эрсдэлээс даатгахаар банканд үүрэг болгосон агуулга бөгөөд зээлдэгч нь амь насаа алдахад зээлийн эргэн төлөлтийн тасалдал үүсэх эрсдэлийг давхар даатгаж, зээлдэгчийн гэр бүлд санхүүгийн дарамт бий болохоос хамгаалсан агуулгатай журам байгаа. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 тоот тогтоолоор батлагдсан бүтээгдэхүүний даатгалын үйл ажиллагааны журмыг зөрчиж зээлдэгч нарын амь насыг хамгаалах даатгалд хамруулах эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг ХБнаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ХБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, О.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Б.Хгийн нэхэмжлэлтэй, ХБ ХК-д холбогдох, зээлдэгчид учирсан хохирол гэх 17,276,467 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд ХБны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1-рт. ХБ ХК-ийн Замын үүд салбараас зээлдэгч Б.Х, Б.Д нар нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 3Г/201944254734 тоот Орон сууцны зээлийн гэрээ болон БГУ201944254734 тоот Барьцааны гэрээ байгуулан 29,800,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Улмаар, Орон сууцны зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалт болон тус банкны Орон сууцны зээлийн үйл ажиллагааны журам-д тус тус заасан шаардлагын дагуу даатгалд даатгуулах шаардлага тавьж зээлдэгч нарыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Даатгал ХХК-тай зуучилж Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээт баталгаа болон Орон сууцны зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээт баталгаа байгуулсан байдаг.

Үүний дараа зээлдэгч нарыг Б ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зуучилж Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ болон Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ-г тус тус байгуулсан.

Гэтэл Б.Х нь гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 22 дугаар зүйлийн 22.2 Зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэх дуусах хүртэлх хугацаанд дараах даатгалд заавал даатгуулна. гээд 22.2.2 дахь заалтад Зээлийн даатгал, амь насны даатгал гэснийг зөрчиж зээлдэгчийг амь насны даатгалд хамруулаагүй бөгөөд үүний улмаас зээлдэгч нарт 17,276,467 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл, Банк болон Б.Х, Б.Д нарын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ нь Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-аар зохицуулж буй хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээл биш учраас банкийг тус журмыг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд Банк нь Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг зөрчөөгүй.

Хоёрдугаар. Банк нь Б.Х, Б.Д нартай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ нь Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-аар зохицуулагдахгүй гэрээ байсан эсэхээс үл хамааран зээлдэгч нар болон барьцаа хөрөнгөд учирч болох эрсдэлээс хамгаалан зээлийн гэрээ болон банкны дотоод журамд зохицуулсны дагуу зээлдэгч болон барьцаа хөрөнгийг даатгуулах шаардлагыг тавьдаг.

Уг шаардлагын дагуу банк нь дээр дурдсанчлан зээлдэгч нарыг Б ХХК-тай зуучилж зээлдэгч нарыг амь насны даатгалд хамруулсан. Даатгалын компаниуд нь зээлдэгчийн амь насыг даатгах харилцаанд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг мөрддөг бөгөөд тус журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана: гээд 2.2.1 дэх заалтад Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт: гэж, 2.2.2 дахь заалтад Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт. гэж тус тус заасан.

Тодруулбал, зээлдэгчийн амь насыг Ердийн даатгагч болон Урт хугацааны даатгагч компани даатгах боломжтой байх бөгөөд тус журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Даатгалын зуучлагч ипотекийн даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлага тавигдана: гээд Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох; гэж заасны дагуу зээлдэгчид даатгагч компанийг сонгох эрхийг олгож зээлдэгч нь ердийн даатгагч компани буюу Б ХХК-ийг сонгосон байна.

Ийнхүү, ердийн даатгагч буюу Б ХХК-ийг сонгож амь насны даатгалд даатгуулсан нь Б. Хайдавсүрэн, Б.Д нартай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 215374032010100010 дугаартай Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ болон харилцагчийн бөглөж гарын үсэг зурсан 215374032010100010 дугаартай Мэдүүлгийн маягтаар нотлогддог байна.

Дээр дурдсан хоёр үндэслэлээс үзэхэд банк нь зээлдэгчийг амь насны даатгалд даатгуулахдаа Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг зөрчөөгүй бөгөөд уг журмаар зохицуулагдсан эсэхээс үл хамааран зээлдэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс өөрийн санаачилгаар амь насны даатгалд хамруулсан, мөн зээлдэгч нь ийнхүү даатгалд хамрагдахдаа өөрийн хүсэл сонирхлын үндсэн дээр ердийн даатгагч буюу Б ХХК-ийг сонгож даатгуулсан байх тул банкны буруутай үйл ажиллагааны улмаас зээлдэгч нарт 17,276,467 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд, Б.Хгийн нэхэмжлэлтэй, ХБ ХК-д холбогдох, зээлдэгчид учирсан хохирол гэх 17,276,467 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Монгол банкнаас 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 210 тоот тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг зөрчиж хохирол учруулсан гэж яриад байгаа юм. 2 ойролцоо нэртэй 2 журам байгаа. Нэг нь Монгол банкны 2008 оны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам гэж байгаа. Нөгөөдөх нь 2018 оны Санхүүгийн зохицуулах хорооны 210 дугаар тоот тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам гэсэн ийм 2 журам байгаа.

Монгол банкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам авагдсан байгаа. Харин Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны журам нийтлэгдсэн байгаа. Ипотекийн зээл гэж яриад байгаа энэ Б.Х, Б.Д нар нь орон сууцын зээл авсан байгаа. Б.Х, Б.Д нарын авсан зээлийн энгийн нөхцөлтэй, банкны өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг орон сууцын зээл байгаа, жилийн 21,6% хүүтэй. Тэгэхээр энэ нь ямар үр дагаварт хүрч байгаа вэ гэхээр Монгол банкны 2008 оны журам ипотекийн зээлийг зохицуулсан журам байгаа. Нэг ёсондоо улсаас олгосон эх үүсвэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээлүүд дээр та нар ямар шаардлага тавьж ажиллах юм бэ гэдгийг зохицуулсан болохоос биш банкны өөрийн эх үүсвэртэй, энгийн нөхцөлтэй, энгийн хүүтэй орон сууцын зээлийн гэрээний зохицуулалтад хамаарахгүй байгаа. Тэгэхээр Монгол банкны 2008 оны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд хамаарахгүй учраас энэ гэрээний зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй. 2 дугаарт банк нь өөрийн эх үүсвэрээ хамгаалах, зээлдэгч нарыг зээлээ эргэж төлөх эрсдэлийг хамгаалах үүднээс банк өөрийн санаачилгаар дотоод журам болон орон сууцын зээлийн гэрээн дээр даатгалын барьцаа хөрөнгө болон зээлдэгч нарыг даатгалд хамруул гэдэг шаардлагыг тавьсан байгаа. Нэг ёсондоо энэ журамд хамаарахгүй ч гэсэн банк өөрийнхөө эрсдэлийг хаах үүднээс өөрийн орон сууцыг зээлийн дотоод журам болон харилцагчтай байгуулж байгаа орон сууцын зээлийн гэрээний 4.2.4-д заасны дагуу даатгуулъя гэдэг шаардлагыг тавиад мөн ялгаагүй даатгуулж байгаа юм. Тэгэнгүүт банк нь өөрөө нэгэнт даатгагч биш учраас өөрийнхөө, даатгалын зуучлагчийн хүрээндээ зуучилдаг, зуучлах хүрээндээ зээлдэгч нарыг амь нас эд хөрөнгийн даатгалд хамруулсан байгаа. Харилцагч нартай байгуулсан Б ХК-тай байгуулсан даатгалын баталгаа болон мэдүүлгийн маягтаар энэ нь нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол банкны журам зохицуулалт нь үл хамаарах гэж байгаа ч гэсэн банк бол өөрөө даатгуулсан байдаг. Тэр даатгал нь амь нас болон хөрөнгийн даатгал хоёуланд нь даатгуулсан. Даатгагч компаниуд нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг учраас Санхүүгийн зохицуулах хорооны журамд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулна. Санхүүгийн зохицуулах хорооны ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2-т нь Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана гээд ердийн даатгагч, урт хугацааны даатгагч гэж 2 ангилсан байгаа. Нэг ёсондоо даатгагч компаниуд нь 2 ангилалд хуваагдаж байгаа ердийн болон урт хугацааны, хоёулаа амь насаа даатгуулна. Нэг ёсондоо ердийн даатгагч нь гэнэтийн ослоос үүдсэн амь нас хорих юм бол даатгах юм байна. Урт хугацааных нь ямар шалтгааны улмаас нас барсныг даатгана гэж заасан. Уг тохиолдол дээр банк энгийн буюу ердийн даатгагчтай хамтарч зуучилж, харилцагч нарыг амь насны даатгалд хамруулсан байдаг. Тиймээс банк Монгол банкны журмыг зөрчөөгүй, зөрчөөгүй ч гэсэн дээрээс нь банк зээлдэгч нарыг амь насны даатгалд хамруулсан. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, Б.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр Б ХК /цаашид Даатгагч гэх/ нь ХБ ХХК /цаашид Даатгалын зуучлагч гэх/-тай Дугаар 1063 тоот Хамтран ажиллах гэрээ /цаашид Гэрээ гэх/-г хоёр жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү Гэрээний дагуу Даатгагч нь Даатгалын зуучлагчаар дамжуулан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр даатгуулагч Б.Х түүний гэргий асан, талийгаач Б.Д нартай Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г байгуулсан болно.

Уг Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-нд тусгаснаар Үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсэгт Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6 дах хэсэгт зааснаар Гэнэтийн осол гэдэгт Байгалийн эрсдэл, зам тээврийн осол, мал амьтны нөлөөллийн эрсдэл, үйлдвэрлэлийн осол, гадны халдлагад өртөх эрсдэл, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол, урлаг, спорт сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой асуудал, ахуйн болон бусад эрсдэл-үүд хамаарна гэж тус тус заасан байдаг.

2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Даатгуулагч Б.Х хамтран даатгуулагч Б.Д нь тархи доторх цус харвалтын улмаас нас барч, даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нөхөн төлбөр авах хүсэлт Даатгагчид гаргасан болно. Даатгагч Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх заалтад заасан Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол нөхөн төлбөр олгохгүй. үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзан шийдвэрлэсэн тухайгаа 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр албан бичгээр Даатгуулагчид мэдэгдсэн.

Түүнчлэн, даатгуулагч Б.Х түүний хамтран даатгуулагч талийгаач Б. Дашмаа нар нь Гэрээний Даатгалын бүтээгдэхүүн-5 Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал бүлгийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дах заалтад заасан Даатгалын нэмэлт хамгаалалтад дус харвах, зүрхний шигдээс болсны улмаас амь насаа алдах эрсдэлийг даатгуулж болохоор байсан боловч нэмэлт эрсдэлд даатгуулаагүй болох нь хураамж төлсөн баримт болон Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ, түүний баталгаагаар нотлогдож байгаа болно. гэжээ.

 

3.1.Гуравдагч этгээд Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б хувьцаат компани нь нэхэмжлэгч Б.Х болон талийгаач Б.Д нартай зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээг ХБ, болон Б хувьцаат компани нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 1063 тоот хамтран ажиллах гэрээний дагуу байгуулсан. ХБ нь өөрийн харилцагч, үйлчлүүлэгчид учирч болох зарим төрлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлэн даатгалын үйлчилгээг харилцагчид санал болгодог. Даатгалын гэрээ байгуулах агуулга бүхий хамтран ажиллах гэрээ юм. Хайдавсүрэн болон талийгаач Дашмаа нартай байгуулсан гэрээ нь ХБтай байгуулсан хамтран ажиллах гэрээний даатгалын бүтээгдэхүүн 5 зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд дурдсан даатгалын зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар үндсэн эрсдэлээс хамгаалах нөхцөл бүхий болох нь хэрэгт авагдсан гэрээний баталгааны мэдээлэл болон мэдүүлгийн маягтаар нотлогдож байгаа. Тодруулбал, даатгуулагч нар нь даатгалын хураамжид 0,09%-ийн хөнгөлөлттэй үнийн дүнгээр даатгуулсан байдаг. Манайх хамтран ажиллах гэрээндээ үндсэн болон нэмэлт эрсдэлийг даатгаж болно гэж тусгасан байгаа. ХБ цаашаа даатгуулагчдаа үндсэн эрсдэл, нэмэлт эрсдэлээ санал болгоод даатгуулагч өөрөө сонголтоороо үндсэн эрсдэл дээрээ нэмээд нэмэлт эрсдэлээр даатгуулах уу гэдгээ сонгох эрхтэй байсан. Хэрвээ даатгуулагч Хайдавсүрэн болон талийгаач Дашмаа нар үндсэн эрсдэлээс гадна нэмэлт эрсдэлийн хураамж болох 0.03%-ийн нэмэлт хураамжийг төлсөн бол энэ эрсдэлд бүхэлд нь даатгуулах боломжтой байсан. Талийгаач Дашмаагийн оношоор. Гэтэл яг хэрэгт байгаа гэрээ болон нотлох баримтыг харахад зөвхөн даатгуулагч нар нь үндсэн эрсдэлийг даатгуулсан байгаа нь хураамжийн хувь болон гэрээнд заасан эрсдэлийн төрлөөрөө нотлох баримтаар харагдаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн дэмжиж оролцож байна гэв.

 

4.Иргэдийн төлөөлөгч С.Ш шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч орон сууцны зээл авахад гэнэтийн ослын даатгал биш, амь насны даатгал хийх ёстой гэж үзэж байгаа нь зөв санагдсан учир хариуцагчийг гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

5.Нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Дорноговь аймаг Замын-Үүд сумын Борхойн багийн ажлын албын тодорхойлолт, Амьжиргааны түвшний үнэлгээний үр дүн, тодорхойлолт хүссэн өргөдөл, гомдол хүлээн авах маягт, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, Мемориалтын баримт №202112235621184, Мемориалтын баримт №202112235594204, Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ХБны тодорхойлолт, Дорноговь аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Итгэмжлэл, Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээт баталгаа, Даатгалын мэдүүлгийн хуудас, Орон сууцны зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээт баталгаа, Мөнгөн шилжүүлгийн баримт, Мемориалтын баримт №202112235521087, Мемориалтын баримт №202112235533656, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны Өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн.

 

6.Хариуцагч ХБ ХК-аас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Итгэмжлэл, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэл, Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хариу тайлбар гаргаж өгсөн.

 

7.Хариуцагч Б ХК-аас: 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Итгэмжлэл, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хариу тайлбар, Хамтран ажиллах гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Итгэмжлэл, Өвчний олон улсын ангилал, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Итгэмжлэл, 2023 оны 06 дугаар сарын 30-ны Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Итгэмжлэл, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Итгэмжлэл, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Итгэмжлэл, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Итгэмжлэл гаргаж өгсөн.

 

8.Зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрчээр асуусан тухай тэмдэглэл, Орон сууцны зээлтэй холбоотой Монгол даатгал ХХК-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээт баталгаа, даатгалын мэдүүлгийн хуудас, Орон сууцны зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээт баталгаа, даатгалын мэдүүлгийн хуудас, Б ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ, мэдүүлгийн маягт, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ, мэдүүлгийн маягт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б ХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт 34,552,934 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг өөрчилж, ХБ ХК-д холбогдуулж, нэхэмжлэлийн шаардлагаа Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж, зээлдэгч нарын амь насны даатгалд хамруулах эс үйлдэхүйн улмаас зээлдэгчид учирсан хохирол болох 17,276,467 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ХБ ХК нь урт хугацааны даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, зээлдэгч Б.Х, Б.Д нарын хүмүүсийг даатгуулах үүрэг хүлээсэн байхад ХБ нь өөрийн даатгалын зуучлагчаар дамжуулж зээлдэгч нарыг Б ХК-ийн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан.

Уг даатгалаар гэнэтийн ослын улмаас зээлдэгч амь нас, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдах эрсдэлээс даатгадаг, гэнэтийн ослын даатгал нь 8 төрлийн эрсдэлээс хамгаалдаг бөгөөд амь насны даатгал биш юм.

Иргэн Б.Д нь тархин доторх цус харвалтын улмаас нас барсан бөгөөд ХБ зээлдэгч нарыг уг эрсдэлээс даатгуулаагүй байна. Иргэн Б.Д нь орон сууцын ипотекийн зээлийн гэрээний дагуу 50%-ийн үүрэг хүлээж байсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн 50% болох 17,276,467 төгрөг болж байна.

ХБ нь урт хугацааны даатгалын даатгагчтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй бөгөөд ноцтой төөрөгдөлд оруулах замаар зээлдэгч нарыг зөвхөн гэнэтийн ослын даатгалд хамруулан, тэдгээрийн амь насыг даатгуулаагүйн улмаас зээлдэгч нарт 17,274,467 төгрөгийн хохирол учирсан байгаад байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 тоот тогтоолоор батлагдсан бүтээгдэхүүний даатгалын үйл ажиллагааны журмыг зөрчиж зээлдэгч нарын амь насыг хамгаалах даатгалд хамруулах эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол...гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Монголбанкны 2008 оны Ипотекийн зээлийг зохицуулсан журам улсаас олгосон эх үүсвэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээлүүдэд шаардлага тавьж зохицуулсан болохоос биш банкны өөрийн эх үүсвэртэй, энгийн нөхцөлтэй, энгийн хүүтэй орон сууцын зээлийн гэрээний зохицуулалтад хамаарахгүй.

Банк нь өөрийн эх үүсвэрээ хамгаалах, зээлдэгч нарыг зээлээ эргэж төлөх эрсдэлийг хамгаалах үүднээс банк өөрийн санаачилгаар дотоод журам болон орон сууцын зээлийн гэрээн дээр даатгалын барьцаа хөрөнгө болон зээлдэгч нарыг даатгалд хамруул гэдэг шаардлагыг тавьж, энэ журам хамаарахгүй ч гэсэн банк өөрийнхөө эрсдэлийг хаах үүднээс ялгаагүй даатгуулж байгаа юм.

Даатгалын зуучлагчийн хүрээндээ зуучилдаг, зуучлах хүрээндээ зээлдэгч нарыг амь нас эд хөрөнгийн даатгалд хамруулсан байгаа. Даатгал нь амь нас болон хөрөнгийн даатгал хоёуланд нь даатгуулсан.

Санхүүгийн зохицуулах хорооны Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2-т нь Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана гээд ердийн даатгагч, урт хугацааны даатгагч гэж 2 ангилсан байгаа.

Ердийн болон урт хугацааны, хоёулаа амь насаа даатгуулна. Ердийн даатгагч нь гэнэтийн ослоос үүдсэн амь нас хохирох юм бол даатгах юм байна. Урт хугацааных нь ямар ч шалтгааны улмаас нас барсныг даатгана гэж заасан. ...банк Монгол банкны журмыг зөрчөөгүй, зөрчөөгүй ч гэсэн дээрээс нь банк зээлдэгч нарыг амь насны даатгалд хамруулсан... гэж маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэгчийг дэмжиж гаргасан үндэслэлээ ... амь нас, эрүүл мэндийн даатгалд дурдсан даатгалын зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар үндсэн эрсдэлээс хамгаалах нөхцөл бүхий болох нь хэрэгт авагдсан гэрээний баталгааны мэдээлэл болон мэдүүлгийн маягтаар нотлогдож байгаа.

Манайх хамтран ажиллах гэрээндээ үндсэн болон нэмэлт эрсдэлийг даатгаж болно гэж тусгасан байгаа. ХБ цаашаа даатгуулагчдаа үндсэн эрсдэл, нэмэлт эрсдэлээ санал болгоод даатгуулагч өөрөө сонголтоороо үндсэн эрсдэл дээрээ нэмээд нэмэлт эрсдэлээр даатгуулах уу гэдгээ сонгох эрхтэй байсан. Хэрвээ даатгуулагч Хайдавсүрэн болон талийгаач Дашмаа нар үндсэн эрсдэлээс гадна нэмэлт эрсдэлийн хураамж болох 0.03%-ийн нэмэлт хураамжийг төлсөн бол энэ эрсдэлд бүхэлд нь даатгуулах боломжтой байсан.

Гэтэл хэрэгт байгаа гэрээ болон нотлох баримтыг харахад зөвхөн даатгуулагч нар нь үндсэн эрсдэлийг даатгуулсан байгаа нь хураамжийн хувь болон гэрээнд заасан эрсдэлийн төрлөөрөө харагдаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн дэмжиж оролцож байна... гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Б.Х, Б.Д нар ХБ ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/201944254734 тоот орон сууцны зээлийн гэрээг байгуулж, ХБ ХК-ийн Замын-Үүд салбараас 29,800,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдэн авч, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр худалдан авсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг, 148-А байр 53 тоот 2 өрөө орон сууцыг дээрх зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болох нь гэрээ, зохигчдын тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Мөн Б ХК болон Б.Х, Б.Д нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 215374032010100010 дугаартай Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал-ын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр үндсэн эрсдэлийн хамгаалалт: Үндсэн болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах, даатгалын үнэлгээ: 27,757,573.05 төгрөг, энэ нь зээлийн үлдэгдлээр тодорхойлогдох, даатгалын хураамжийн 0,09 (24,981.81 төгрөг) хувийг, хөнгөлөлтийн хувь буюу дүнг 20 (4,996.36 төгрөг) хувиар хөнгөлж, төлөх даатгалын хураамжийг 19,985.45 төгрөгөөр жил бүр төлж байхаар харилцан тохиролцон тогтоож, гэрээнд төлбөр хариуцах хувийг үндсэн даатгуулагч 50 хувь, нэмэлт даатгуулагч 50 хувь байхаар заасан байна.

 

ХБ ХК, Б ХК-тай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 13-ны 1063 тоот Хамтран ажиллах гэрээ-ний хүрээнд Б.Х, Б.Д нартай ХБ ХК нь Б ХК-ийн өмнөөс банкинд олгосон даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх 232/16 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хүрээнд даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэн гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байгуулагдсан уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэв.

 

Даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. Талууд даатгалын хураамж төлсөн талаар маргаагүй.

 

Даатгалын гэрээнд даатгалын зүйлийг амь нас, эрүүл мэнд гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах явдал гэж тодорхойлжээ.

 

Хэрэгт авагдсан Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хугацаанд гэнэтийн осолд хамааруулах зүйлийг талууд Гэрээний 1.7-д тодорхойлсон ба үүнд байгалийн эрсдэл, зэм тээврийн осол, мал амьтадын нөлөөллийн эрсдэл, гадны халдлагад өртөх эрсдэл, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол, үйлдэврлэлийн осол, урлаг, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой осол /үүнд олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээний үеийн осол хамаарахгүй/, ахуйн болон бусад эрсдэл /түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох гэх мэт/ хамруулжээ.

 

Даатгалын мэдүүлгийн маягтанд даатгалын гэрээний мэдээлэл, үндсэн эрсдэлийн хамгаалалтанд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах, үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах, нэмэлт даатгуулагч /хамтран зээлдэгч/-ийн мэдээлэл, даатгалын хураамж төлөх хуваарь тусгагдсан байх ба уг баримтын мэдүүлгийг өөрийн хүсэлтээр үнэн зөв бөгөлсөн харилцагч гэдэгт б.х гэсэн хэсэгт гарын үсгийн бичвэртэй байх ба уг баримт үйлдсэн талаар нэхэмжлэгч тал маргаагүй.

 

Нэхэмжлэгч Б.Х Б.Дтай эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлээр тогтоогдож байх ба хамтран зээлдэгч буюу даатгуулагч Б.Д нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тархины цус харвалтын улмаас нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй ба зохигчдын хоорондын маргааны зүйл нь даатгалын гэрээ нь амь насны даатгал биш гэнэтийн ослын даатгалд даатгуулсан, Монгол банкны ерөнхийлөгчийн журам зөрчсөн эсэх талаар маргасан байна.

 

Даатгуулагч Б.Х нь Б ХК нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 9/1756 дугаар албан бичгээр ... нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

... талууд хуулийн хүрээнд гэрээг харилцан тохиролцож байгуулахдаа үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах, амь насаа алдах эрсдэлийг даатгасан байх бөгөөд мөн гэрээнд гэнэтийн осолд хамаарах үндсэн эрсдэлүүдийг тодорхой тусгасан байна... гэсэн хариу өгчээ.

 

Хариуцагч ХБ ХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа Ипотекийн зээлийг зохицуулсан журам зөрчөөгүй, өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, дээрх зохицуулалт үл хамаарах ч банк өөрийнхөө эрсдэлийг хаах үүднээс орон сууцын зээлийн гэрээний 4.2.4-д заасны дагуу зээлдэгч нарыг амь нас, эд хөрөнгийн даатгалд хамруулсан байгаа гэж маргаж байна.

 

Б.Х, Б.Д Б ХК-ийн хооронд байгуулагдсан Даатгалын гэрээ нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байх бөгөөд зээлдэгч гэнэт нас барсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрөөр зээлийг төлүүлэх агуулгаар хийгдсэн байна. Энэ тохиолдолд зээлдэгч гэнэт нас барсан нь гол нөхцөл байх ба нас барсан шалтгаан нь осол, эсхүл өвчний алин болох нь ач холбогдолтой биш гэж үзнэ. Нэг талаасаа эмчлэгдэх боломжгүй, шууд үхэлд хүргэдэг өвчин байдаг, нөгөө талаасаа гэрээний 1.7.8.-д заасан зээлдэгч нас барах бусад нөхцөлийг гэх мэт гэж цааш нөхцөл байж болохоор заажээ.

 

Хамтран зээлдэгч Б.Д нь гэнэт тархи доторх бусад цус харвалт (I61.8) гэсэн оноштойгоор гэртээ нас барсан болох нь Замын-Үүд сумын Борхойн наран өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

 

Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.2-т Зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд дараах даатгалд заавал даатгуулна., 22.2.2-т зээлийн даатгал: амь насны даатгал гэжээ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2-т даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана, 2.1.1-д Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж тус тус зохицуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ нь дээрх журмуудад заасны дагуу Б.Х болон Б.Д нарын амь нас, эрүүл мэндийг даатгаж, зээлдэгч гэнэт нас барсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрөөр зээлийг төлүүлэх агуулгаар хийгдсэн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ нь Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам болон Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг зөрчсөн зүйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, түүний гэм бурууг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ХБ ХК нь Б ХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Б ХК-иас өмнөөс даатгалын зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Б.Х, Б.Д нартай амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч ХБ ХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Б.Хд гэм хор учруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгч Б.Хгийн нэхэмжлэлд дурдаж буй хохирол нь хариуцагч ХБ ХК-ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх шаардлагатай юм.

 

Хуулийн энэ зохицуулалтаар хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байдал тогтоогдохгүй байна.

 

Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд гэм хор, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, түүний гэм буруу, гэм хор болон үйлдлийн хоорондох шалтгаант холбоо байсан тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг гэм буруутай этгээдэд үүсдэг болно.

 

Хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан байдал тогтоогдохгүй байх тул Иргэдийн төлөөлөгчийн  дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ХБ ХК-д холбогдох Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж, зээлдэгч нарын амь насны даатгалд хамруулах эс үйлдэхүйн улмаас зээлдэгчид учирсан хохирол болох 17,276,467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ХБ ХК-иас Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж, зээлдэгч нарыг амь насны даатгалд хамруулах эс үйлдэхүйн улмаас зээлдэгчид учирсан хохирол болох 17,276,467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС

 

ШҮҮГЧИД Т.ЗОЛЗАЯА

 

Н.НАРАНГЭРЭЛ