Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01433

 

 

 

 

2023 07 21 210/МА2023/01433

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/01672 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бодьдаатгал ХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт 34,552,934 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******, Б.Дашмаа бидний гэр бүл Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг 148-А байр 53 тоот хаягт байршилтай 52.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээгээр худалдан авч улмаар үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулж, даатгалын хураамжийг жил бүр төлж, сунгаж ирсэн.

1.2. Миний эхнэр Б.Дашмаа нь тархи доторх цус харвалтын улмаас 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нас барсан тул Бодьдаатгал ХК-аас зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг гаргуулахаар холбогдох материалыг бүрдүүлэн хандсан.

1.3. Бодьдаатгал ХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний 02/213 дугаартай албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэнд гомдлоо гэрээний дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандахад, байгууллагын 2022 оны 05 дугаар сарын 09-ний 9/1756 дугаартай бичгээр мөн татгалзсан хариуг өгсөн.

1.4. Хаан банк ХХК болон Бодьдаатгал ХК-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 1063 тоот Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Хаан банкны Замын-Үүд салбар тооцооны төв төлөөлөн байгуулсан Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт гэнэтийн осол гэдэгт дараах зүйлийг ойлгоно. Үүнд 1.7.8-д Ахуйн болон бусад эрсдэл гэж заасны дагуу хамтран зээлдэгч, даатгуулагчид даатгал хийгдэх үед хэвийн байсан нөхцөл байдал даатгал хийгдсэн дараагаар гэнэт үүсэн улмаар эрүүл мэндийн гэнэтийн осол буюу талуудын гэрээнд тохирсон бусад эрсдэлийн улмаас амь нас алдсан харамсалтай үйл явдал тохиолдсон байдлыг өөрөөр тайлбарлаж нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байна.

1.5. Талийгаачийн амь нас алдсан тархи доторх цус харвалт шалтгааныг эмч, эмнэлгийн байгууллагаас хүний амь нас алдах гэнэтийн эрсдэл болохыг тайлбарласан. Даатгуулагч Б.Дашмаагийн нас барсан онош тархи доторх цус харвалт нь талууд хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7.8-д заасан бусад эрсдэлд хамаарах гэнэтийн осол тул зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувиар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно. гэж заасан үндэслэлээр орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 34,552,934 төгрөгийг хариуцагч Бодьдаатгал ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлдээ үүссэн нөхцөл байдлыг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт заасан гэнэтийн осол, түүний дотор гэрээний 1.7.8-д Ахуйн болон бусад эрсдэл-д хамаарна хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлээ үндэслэжээ.

2.2. Уг гэрээ, түүний зүйл, заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасныг удирдлага болгон тайлбарлахаар байна. Тухайлбал, гэнэтийн осол гэх ойлголтыг дээрх зарчмаар тайлбарлавал урьдчилан таамаглах боломжгүй, богино хугацаанд бий болсон гадны тааламжгүй нөлөөлөл, түүний улмаас үүсэх сөрөг үр дагавар гэж,

Ахуйн болон бусад эрсдэл гэдгийг уг хэсэгт дурдсан түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох" гэсэн бусад нөхцөлтэй харьцуулах замаар тайлбарлах нь үндэслэлтэй юм.

2.3. Тархи доторх бусад цус харвалт (161.8) болон Элэгний бусад ба тодорхойгүй цирроз (К74.6) нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7.8-д дурдсан түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох гэх мэт эрсдэлтэй харьцуулах боломжгүй.

2.4. Өвчний олон улсын ангилал 10-т заасан өвчин байх ба Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ-ний Нас барсан хэлбэр гэх хэсэгт Өвчин болохыг тодорхойлжээ.

Иймд, даатгуулагч нь гэнэтийн осол, түүний дотор Ахуйн болон бусад эрсдэл хамаарахгүй, гэнэтийн осол бус, өвчний улмаас нас барсан байх тул Даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх үндэслэлээр хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.

2.5. Бодьдаатгал ХК нь нэхэмжлэгч ******* болон Б.Дашмаа нартай 215374032010100010 тоот Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг 2021 оны 12 дугаар сарын 23-аас эхлэн гурван жилийн хугацаатай байгуулсан байна. Уг гэрээ нь Хаан банк болон Бодьдаатгал ХК нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 1063 тоот Хамтран ажиллах гэрээ-ний салшгүй нэг хэсэг ба Хаан банк нь өөрийн харилцагч, үйлчлүүлэгчид учирч болох зарим төрлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлэн даатгалын үйлчилгээг харилцагчдаа санал болгох, даатгалын гэрээ байгуулах агуулга бүхий үндсэн гэрээ юм.

******* болон Б.Дашмаа нар нь даатгалын хураамжид 0,09 хувь, хөнгөлөлттэй үнийн дүнгээр 19,985.45 төгрөгийг төлж, дараах хоёр төрлийн үндсэн эрсдэлээс хамгаалахаар даатгалын гэрээ байгуулсан. Нэгдүгээрт, үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах; хоёрдугаарт, үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдлүүд юм.

Хэрэв даатгуулагч нар нь нэмэлт эрсдэлд даатгуулахыг хүлээн зөвшөөрч, даатгалын хураамжид 0,03 хувийн хураамж төлсөн тохиолдолд үндсэн эрсдэлээс Цус харвах, зүрхний шигдээс болсны улмаас амь насаа алдах эрсдэлд даатгуулах боломжтой байжээ.

2.6. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол нөхөн төлбөр олгохгүй тухай тус тус заасан байдаг.

Иймд, даатгуулагч Б.Дашмаа нь гэнэтийн ослын улмаас бус өвчний улмаас нас барсан, нэмэлт эрсдэлд даатгуулаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй болно.

2.7. Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний Даатгалын гэрээт баталгааны мэдээлэл хэсэгт хамтран зээлдэгч Б.Дашмаагийн төлбөр хариуцах хэсэг нь 50 хувь байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл даатгалын тохиолдол үүсэхэд төлбөрийг хариуцах хэсгийг ******* болон Б.Дашмаа нар нь тус бүр 50 хувь байхаар гэрээнд заасан байна. Иймд, нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчийн төлбөр хариуцах 50 хувьд оногдох төлбөрийн үүрэгт хамаарах хэсэгт маргах боломжтой юм гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бодьдаатгал ХК-аас 17,276,467 төгрөгийг гаргуулж *******д олгож, нэхэмжлэгчийн 17,276,467 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 5,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Бодьдаатгал ХК-аас 244,332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагч гаргасан давж заалдах гомдлын агуулга: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/01672 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д хариуцагчаас гаргасан тайлбар татгалзлыг шүүхээс дүгнэхдээ ...хураамжийг дутуу 19,985.45 төгрөг төлсөн... хэмээн маргасан гэжээ.

Хариуцагч нь маргахдаа хураамжийг дутуу төлсөн гэж тайлбар татгалзлаа үндэслээгүй, гэнэтийн ослоос үүдэх эрсдэлд 19,985.45 төгрөгийн даатгалын хураамж төлж даатгуулсан, харин 2 төрлийн өвчнөөс үүсэх эрсдэлд даатгуулаагүй, 19,985.45 төгрөгийн хураамж төлсөн баримт нь уг нөхцөл байдлыг нотолж буй тухай дурдсаныг шүүх буруу дүгнэжээ.

Даатгалын хураамжийг дутуу төлсөн нь Иргэний хуулийн 437 дугаар зүйлд заасан үр дагавар үүсгэх тул шүүхээс маргааныг зүйлийг зөв тодорхойлж чадаагүй нь нөхцөл байдлыг буруу дүгнэж, үндэслэлгүй шийдвэр гаргах үндэслэл болжээ.

4.2. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь гэнэтийн ослын улмаас зээлдэгчийн амь нас, эрүүл мэндэд үүсэх эрсдэлийг даатгасан байх бөгөөд эрсдэлийн хэлбэрийг нэр дурдан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д заасан байна. Гэтэл гэрээний эрсдэлд үл хамаарах өвчний улмаас үүсэх эрсдэлийг гэх мэт гэсэн нөхцөлд хамааруулан авч үзэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйл гэрээг тайлбарлах нөхцөлийг авч үзээгүй, гэрээний нөхцөлийг үгийн шууд утгаар, үгийн шууд утга нь ойлгомжгүй бол харьцуулах замаар тайлбарлах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь ойлгомжгүй байна.

4.3. Тогтоолын үндэслэх хэсгийн 7-д гэрчээр асуугдсан Н.Оюундарийн мэдүүлэг болон эрүүл мэндийн даргын тодорхойлолтод нэг үйл явдлыг өөр өөр байдлаар тодорхойлдог. Гэтэл гэрчээр асуугдсан Н.Оюундарийн мэдүүлгийг үнэлэхдээ ажилд ороод удаагүй, талийгаачийг нас барахад очиж үзээгүй гэх үндэслэлээр үнэлээгүй, талийгаачийг нас барах үед очиж эмнэлгийн тусламж үзүүлсэн хүний мэдүүлэг, тодорхойлолт байхгүй байхад ямар үндэслэлээр эрүүл мэндийн даргын тодорхойлолт гэх баримтыг үндэслэлтэй хэмээн үнэлсэн тодорхойгүй байна.

4.4. Мөн хэсэгт ...Б.Дашмааг гэнэт үхэлд хүргэсэн шалтгаан нь тархинд цус харвалт болсон, элэгний цирроз өвчний улмаас эмнэлгийн хяналтад байсан боловч энэ нь үхэлд хүргээгүй, үхэлд хүргэхэд нөлөөлсөн бол өөр байдлаар өвчний онош тавих байсныг эрүүл мэндийн дарга тодорхойлсон байна гэжээ.

Гэтэл талийгаачид нас барсан шалтгааныг тодорхойлсон задлан шинжилгээ хийгдээгүй тул дээрх эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт гэх баримт нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлагыг хангах боломжгүй юм.

4.5. Үндэслэх хэсгийн 8-д ...Анх зээлийн гэрээг дагаж даатгалын гэрээ байгуулагдахад даатгалын үндсэн болон нэмэлт эрсдэл гэж ялгаатай байдал яригдаагүй, энэ талаар нотлох баримт алга байна хэмээн шүүхээс дүгнэжээ.

4.6. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/Ш32022/12275 дугаартай захирамжаар даатгалын гэрээний зуучлагч Хаан банкны 10242-01 дугаартай тэмдэг эзэмшиж байсан Т.Цэрэнхандаас даатгалын гэрээ байгуулсан нөхцөл байдлын талаар гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхээс хангаагүй, гэрээ байгуулагдсан нөхцөл байдлыг тодруулах боломжийг хэргийн зохигчид олгоогүй байтлаа үндсэн болон нэмэлт эрсдэл гэж ялгаатай байдал яригдаагүй, энэ талаар нотлох баримт алга байна гэж шүүхээс тогтоож буй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангахгүй байна.

Иймд, дээрх үндэслэл, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хариу тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/01672 дугаартай шийдвэр нь хуулийн үндэслэлтэй, хариуцагч талаас давж заалдах гомдол гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлтийг оруулж шийдвэрлүүлэхээр тайлбарыг гаргаж байна.

5.1 Нэхэмжлэгч Хаан банктай орон сууцны зээлийн ЗГ/201944254734 дугаартай гэрээг байгуулж, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т заавал даатгал хийлгэх, 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заавал сунгуулах, хүчин төгөлдөр байлгах шаардлага бий болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ болон Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын 215384032010100010 дугаартай гэрээг байгуулсан, дээрх орон сууцны зээлдэгч нас барсан тул даатгалын нөхөн төлбөр авах эрх үүссэн.

5.2. Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын 215384032010100010 дугаартай гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт Даатгалын эрсдлийн улмаас учирсан хохирлыг 100 хувиар тооцож, Даатгагчаас Даатгуулагчид нөхөн төлбөр олгоно гэсэн заалтаар хохирлыг барагдуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлтийг оруулж өгнө үү.

5.3. Хаан банк ХХК болон Бодьдаатгал ХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ-гээр татгалзал, гомдлоо гаргаж байгаа нь хэрэгт хамааралгүй. Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын 215384032010100010 дугаартай гэрээ-г байгуулсан ******* хохирч үлдэх нь зохисгүй.

5.4. Мөн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль тогтоомжийн дагуу талуудын мэтгэлцээн, нотлох баримтад үндэслэсэн. Нэхэмжлэгч өмнө нь удаа дараа гаргасан хүсэлтийг хангасан байдал, татгалзсан шийдвэртэй танилцаж эрхээ бүрэн хангуулсан.

Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлүүлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Бодьдаатгал ХК-д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын гэрээний нөхөн төлбөрт 34,552,934 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өвчний улмаас нас барсан эрсдлийг Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ээр хамгаалаагүй, хэрэв даатгалын тохиолдол үүсвэл нэхэмжлэгч зээлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож шаардлага гаргах боломжтой гэж маргажээ. /1хх 2-3, 76-78/

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 онд хариуцагч Бодьдаатгал ХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулж, уг даатгалын гэрээний хураамжийг жил бүр төлж хугацааг сунгаж байсан бөгөөд сүүлд байгуулсан гэрээний нөхцөл өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй. Сүүлд байгуулсан даатгалын гэрээний нөхцлийг танилцуулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, хавтаст хэрэгт *******, Б.Дашмаа нарын Бодьдаатгал ХК-тай 2019 онд байгуулсан даатгалын гэрээ хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны даатгалын гэрээнд даатгалын бүтээгдэхүүн өөрчлөгдсөн эсэх, уг өөрчлөлтийг нэхэмжлэгчид танилцуулсан эсэхийг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

4. Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/01672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Бодьдаатгал ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,333 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БЯМБАСҮРЭН

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР