Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2019/00071

 

Х.Ж-ын итгэмжлэгдсэн

төлөөлөгч Я.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00675 дугаар шийдвэртэй, Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн нэхэмжлэлтэй, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад  Х.Ж-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Х.Ж-аас хүүхдийн тэтгэлэгт урьдчилан төлсөн 10000000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлсөн болохыг тогтоолгох” тухай.

 

Нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэрээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний төрсөн хүү А-ын эцэг Х.Ж мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Ж.А-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Ж-аар тэжээн тэтгүүлэхээр тогтоосон.

 

Энэхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч А.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эцэг Х.А-аар дамжуулан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Х.Ж-ын хүү А-ын 2015 оны 5 дугаар сарын 31-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэг 9.200.000.00 төгрөгийг Х.Ж-аас нөхөн гаргуулах, Улаанбаатар хотод шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ өгөх үед гарсан зардал 1.059.200.00 төгрөгийг мөн Х.Ж-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00078 дугаартай магадлалаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Тус магадлалыг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № 001/ХТ2018/01785 дугаартай тогтоолоор хэвээр баталсан. Иймээс хариуцагч Х.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө хүү А-ын тэтгэлэгт 10.000.000 /арван сая/ төгрөгийг урьдчилан төлсөн гэж үзэж байна. Энэхүү урьдчилан төлөгдсөн хүүхдийн тэтгэлэг нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацаанд тооцогдох ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагч Х.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 2028 оны 01 дүгээр сарын 02-ыг хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлгийг урьдчилсан байдлаар төлсөн гэж үзэх боломжтой. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Х.Ж-ын ХААН банк болон Төрийн банк дахь хадгаламжийн хувийн данс, хувийн автомашиныг бусдад худалдах эрхийг хязгаарлан шийдвэр гаргасанд гомдолтой байгаа ба шийдвэр гүйцэтгэгчийн энэхүү үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлгүй.

 

Төлбөр төлөгч Х.Ж-ын ХААН банк болон Төрийн банк дахь хадгаламжийн данснуудыг болон хувийн автомашиныг битүүмжилсэн бусдад худалдах шийдвэрүүдийг хүчингүй болгож өгөх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт удаа дараа гомдол гаргасан боловч таны гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Хамгийн сүүлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр № 4/420 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Одоо төлбөр төлөгч Х.Ж-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх материалууд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Т.А-ийн гарт хянагдаж байгааг татан судлан үзэхийг хүсэж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Я.С би Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор гомдол гаргасан боловч 1 сарын дотор хариу өгөөгүй учраас одоо харьяаллын дагуу Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр хандаж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр ёсоор төлбөр төлөгч Х.Ж-ын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, төлбөр төлөхөөс хүүхдийн тэтгэлэгт 10,0 сая төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт урьдчилсан төлсөн болохыг баталгаажуулах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дүгээр шийдвэрээр Х.Ж-аас сар бүр нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж иргэн А.М-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан бөгөөд тус хувийн хэргийг харьяаллын дагуу Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлснийг хүлээн авч холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан лавлагаагаар тэтгэлэг төлөгч Х.Ж нь VOLKSWAGEN маркийн 33-58 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, Өлгий сумын 5 дугаар баг, Ховд голд байрлалтай, Ү-0213003269, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг тогтоосон. Тэтгэлэг төлөгч тэтгэлгийн төлбөрийг төлөөгүйн улмаас 1.900.000 төгрөгийн хуримтлал үүссэн тул түүний өмчлөлийн дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Х.Ж-ыг эрэн хайх ажиллагаа явуулж 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хадам аав Ан-ны гэрт очиход "... Ж эхнэр хүүхдийн хамт Казакстан улсад амьдарч байгаа, 7 дугаар сарын дундуур ирээд 7 хоноод явсан." гэсэн мэдээлэл авсан. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ээж Б-ийг тус газарт ирүүлэн тайлбар авахад 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А.М-д хүүхдийн тэтгэлэгт 10.000.000 төгрөг бэлнээр өгч, 1.200.000 төгрөгийг М-гийн аав А-ын дансанд шилжүүлсэн, эдгээр мөнгийг хүүхдийн тэтгэлэгт тооцож өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан. Гэвч уг хүсэлтийг тэтгэлэг авагч А.М хүлээн зөвшөөрөөгүй болно.

Тэтгэлэг төлөгч Х.Ж нь хүүхдийн тэтгэлэг төлөөгүйн улмаас тэтгэлгийн хуримтлал үүссэн тул захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, урьдчилан төлсөн 10.000.000 төгрөгийг манай байгууллагын албан ёсны дансаар дамжаагүй тул тэтгэлэг төлсөнд тооцох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт: “Нэхэмжлэгч Х.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод А.М миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “эцэг тогтоох шинжилгээг дахин хийлгэх тухай” 2591 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүү Ж.А-ы хамт очоод ДНХ-ийн шинжилгээ хийлгэхийн өмнө дахин шинжилгээ хийлгэхээс татгалзах санал гаргах, хууль ёсоор эцэг тогтоолгохоос татгалзаж буцахыг хүсэж надад “шан харамж” болгож, мөн хүү Ж.А нь тухайн үед бие султай, уналт, таталтын архаг хууч өвчинд нэрвэгдсэн байдлыг харгалзан түүнд эмчилгээ хийхэд болон намайг хуурч мэхлэн хүүхэдтэй болгож, хаяад явсны төлөө гэмшиж, эдийн засгийн хувьд тусламж болгож 10.000.000 төгрөг өгсөн нь үнэн.

Уг мөнгийг хүү Ж.А-ы хүүхдийн тэтгэлэгт тооцох боломжгүй. Харин А.М би Х.Ж нь хүү Ж.А-ы төрсөн эцэг болохыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Х.Ж-д хүү Ж.А-ы төрсөн эцэг болохыг тусгаж, хүлээн зөвшөөрүүлэх, өөрөөр нь нотлуулах үүднээс “хүү А-ы хүүхдийн тэтгэлгийн мөнгө болон 10.000.000 төгрөг авсан нь үнэн” гэж баримт өгсөн. Энэ нь дүр үзүүлэн хийсэн баримт юм.

 

Тухайн 10.000.000 төгрөгийг Х.Ж-аас авсан 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр нэхэмжлэгч Х.Ж нь хүү Ж.А-ы төрүүлсэн эцэг болохыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаан байсан бөгөөд Ж-ын хувьд хүү А-ы эцэг биш гэдгийг 10.000.000 төгрөг өгсөн үед зөвшөөрөхгүй байсан нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 тоот шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан хариуцагч, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Х.Ж-ын бичгээр гаргасан тайлбар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10749 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр батлагдаж байна. Нэхэмжлэгч Х.Ж нь хүү А-ы төрүүлсэн эцэг биш гэж маргаан байхад шүүхийн журмаар эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00004 тоот шийдвэр гарахаас 5 сарын өмнө 2017 оны 7 дугаар сарын 29-нд өгсөн 10.000.000 сая төгрөгийг хүүхдийн тэтгэлэг гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаар үнэлэхэд чухал зүйл гэж үзэж байна. Хүү Ж.А нь төрснөөс хойш одоо хүртэл бие султай, байнгын эмнэлгийн хяналтад эмчлэгдэж байгаа болох нь өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Раушан ӨЭМТ-ийн эмчийн тодорхойлолт, аймгийн нэгдсэн эмнэлгийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 603 тоот тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар батлагдаж байна.

Төрсөн эцэг болох Х.Ж-ын 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн 10.000.000 төгрөгийг хүү Ж.А-ы эмчилгээ, үйлчилгээний болон нэмэлт өвчний улмаас буй болсон нэмэлт асаргааны үйл ажиллагаанд зарцуулж дуусгасан. Цааш нь Ж.А-ыг гадаад дотоодын мэргэжлийн эмнэлэгт эмчлүүлэн, сувилуулах шаардлагатай тул тухайн үед төрүүлсэн эцэг Ж-аас эмчилгээний зардал жич нэхэмжлэх болно. Х.Ж-аас 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр А.М-д өгсөн 10.000.000 төгрөгийг хүү Ж.А-ы тэтгэлэг биш, өөр зориулалтаар буюу дахин ДНХ-ийн шинжилгээ хийлгэхгүй байх үүднээс өөрсдийн цусны дээжийг сольсон эрүүгийн хэргийг нууж дарагдуулах үүднээс шан харамж болгож өгсөн нь Х.Ж-ын зуучлагчаар ажиллаж байсан Б-ийн М миний эцэг А-ын утсаар ярьсан бичлэг, түүний \дискний бичлэг\ бичгийн хэлбэрт хөрвүүлсэн орчуулгаар нотлогдох юм. \нотлох баримтаар хавсаргав\. Иймд нэхэмжлэгч Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00675 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэр ёсоор төлбөр төлөгч Х.Ж-ын үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Х.Ж-аас хүүхдийн тэтгэлэгт урьдчилан төлсөн 10.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлсөн болохыг баталгаажуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Нэхэмжлэгч Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00657 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С миний нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн үзэж байна.

 

1. Иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан А.М-ийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн баримтад “Миний бие А овогтой М нь 2017.11.29-ний өдөр УБ хотод Х.Ж-д уулзаж бид хоёрын дунд асуудалтай явж байгаа М овогтой А-д өгсөн тэтгэлгийн мөнгө болон арван сая төгрөг \10,000,000\ авсан нь үнэн болно. 2017.11.29. А овогтой М” гэж бичмэл гарын үсгээ зуржээ. Анхан шатны шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бодитой үнэлж чадаагүй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг ноцтой зөрчиж байна. Одоо давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхийг хүсэж байна. Уг гарын баримтад “...бид хоёрын дунд асуудалтай явж байгаа” гэж дурджээ. Нэхэмжлэгч А.М-аас 2017 оны 6 дугаар сард анхан шатны шүүхэд хүү А-ы эцэг Х.Ж мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан.

А.М-ийн уг нэхэмжлэл анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед /удаа дараа дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах гэх мэт ажиллагаа явагдаж байгаа үед/ хариуцагч Х.Ж нь 2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод шүүх шинжилгээний төвд цусны шинжилгээ өгөх ажлаар явж байх үед А.М нь уг баримтыг үйлдсэн. Харин энэ үед А.М нь хүүхдийг анх төрсөн үеэс эхлэн тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл огт гаргаагүй буюу уг нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байдаг. Ингээд цаг хугацааны хувьд А.М-ийн үйлдсэн гарын баримт нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр шийдвэртэй холбоотой гэдэг нь илт тодорхой байна. Өөрөөр хэлбэл А.М-ийн Улаанбаатар хотод 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн бичмэл баримт нь яах аргагүй А.М-ийн 2017 оны 6 дугаар сард шүүхэд өгсөн нэхэмжлэлтэй салшгүй холбоотой болж байна. Гэтэл анхан шатны шүүх уг 10 сая төгрөгийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өмнөх хүүхдийн тэтгэлэгт төлсөн байна гэж дүгнэж байгаа нь ихээхэн учир дутагдалтай байна гэж үзэж байна.

 

2. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00078 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт “ ...2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 11 нас хүрээгүй хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг анхан шатны шүүх 2.561.350.00 төгрөг гэж нарийвчлан тогтоосон бөгөөд хариуцагч Х.Ж-аас хүү А-ы тэтгэлэгт зориулж 10.000.000.00 төгрөгийг А.М-д өгсөн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй" гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/РТ2018/01785 дугаартай тогтоолоор хэвээр баталсан. Ингэхээр одоогийн байдлаар Х.Ж нь хүү А-ы тэтгэлэгт 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 2,561,350 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-аас 2019 оны 11 дүгээр сарын 13-ыг хүртэл 2,088,850 төгрөгийг тус тус урьдчилан төлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар Х.Ж нь нийт 4,650,200 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт урьдчилан төлж цаашид төлөх тэтгэлэгт 5,599,800 /таван сая таван зуун ерэн есөн мянга найман зуун/ төгрөгийг тооцох асуудлыг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан ханган шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн үйл баримтыг шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130\ШШ2019\00675 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С миний гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухай

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад  Х.Ж-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Х.Ж-аас хүүхдийн тэтгэлэгт урьдчилан төлсөн 10000000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлсөн болохыг тогтоолгох тухай” гэж нэхэмжлэлдээ тодорхойлсон боловч давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд уг шаардлагын талаар тодруулахад тэрээр:

а/ Төлбөр төлөгч Х.Ж нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дүгээр шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийг хүү Ж.А төрсөн цагаас эхлэн /2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр/ анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл төлсөн буюу тэжээн тэтгэх үүргээ биелүүлж, хүүхдийн тэтгэлэгт зориулж төлбөр авагч А.М-д урьдчилан 10.000.000.00 /арван сая/ төгрөг төлсөн болохыг тогтоолгох,

б/ Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дүгээр шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх явцад төлбөр төлөгч Х.Ж-ын нэр дээр бүртгэлтэй Ү-0213003269 тоот улсын бүртгэлийн дугаартай, Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 288 м.кв талбайтай, 20 өрөө, 3 давхар амины орон сууцны захиран зарцуулах эрхийг “түдгэлзүүлсэн”[1] шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсэж, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргажээ.

 

Хоёр. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон

үйл баримтын талаар

 

            1. Төлбөр авагч А.М-ийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Миний бие А овогтой М нь 2017.11.29 өдөр УБ хотод Х.Ж-д уулзаж бид хоёрын дунд асуудалтай явж байгаа М овогтой А-д өгсөн тэтгэлгийн мөнгө болон арван сая төгрөг /10.000.000/ авсан үнэн болно” гэж үйлдсэн баримтын иргэний хэргээс хуулбарласан хувь[2] хэрэгт авагдсан ба уг баримтын талаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00078 дугаар магадлалд[3] “...А.М нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Х.Ж-аас хүү А-ы тэтгэлэгт зориулж 10.000.000.00 төгрөг авсан, ... 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, 11 нас хүрээгүй хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг анхан шатны шүүх 2561350.00 төгрөг гэж нарийвчлан зөв тогтоосон бөгөөд хариуцагч Х.Ж-аас хүү А-ы тэтгэлэгт зориулж 10000000.00 төгрөгийг А.М-д өгсөн нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон ...” гэж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2018/01785 дугаар тогтоолд[4] “Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар хариуцагч /Х.Ж/ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү А-д зориулж 10.000.000 төгрөгийг А.М-д өгсөн нь нотлогджээ. Иймд давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дүгээр шийдвэр гарах хүртэл хугацаанд хүүхдийг тэжээн тэтгэх үүргээ Х.Ж биелүүлсэн гэж үзсэн нь буруу биш байна.” гэж тус тус дүгнэсэн байна.

 

            2. Төлбөр төлөгч Х.Ж-ын өмгөөлөгч Х.С нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр[5] Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд, 2019 ны 01 дүгээр сарын 25-ны өдөр[6] тус албаны даргад тус тус хандаж “төлбөр төлөгч Х.Ж нь хүү А-ы тэтгэлэгт урьдчилан 8.638.650 төгрөг төлснийг шүүхийн шийдвэрийг урьдчилан биелүүлснээр тооцох, төлбөр төлөгчийн ХААН болон Төрийн банк дахь хадгаламжийн дансыг, мөн хувийн автомашиныг бусдад худалдахыг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүйд тооцох тухай, мөн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр[7] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргад хандаж дээрх гомдлыг гаргасан боловч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 3/6763 дугаар[8], 2019 оны 3/1535 дугаар[9], Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2019 оны 4/420 дугаар албан бичгээр[10] тус тус гомдлыг хангахаас татгалзсан тухай хариу хүргүүлжээ. Харин дээрх гомдлууд дээр нэмж Х.Ж-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн талаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад гомдол[11] гаргасан боловч уг гомдолд хариу өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

 

            3. Хариуцагчийн хариу тайлбарт[12] “ ... гүйцэтгэх хуудсыг Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн, ... хувийн хэрийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр харьяаллын дагуу Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн ... 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А.М-д хүүхдийн тэтгэлэгт 10.000.000 төгрөг бэлнээр өгч, ... тэтгэлэгт тооцож өгнө үү” гэсэн (1) хүсэлтийг төлбөр авагч А.М хүлээн зөвшөөрөөгүй. Тэтгэлэг төлөгч Х.Ж нь хүүхдийн тэтгэлэг төлөөгүйн улмаас тэтгэлгийн хуримтлал үүссэн тул захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох, урьдчилан төлсөн 10.000.000 төгрөгийг манай (2) байгууллагын албан ёсны дансаар дамжаагүй тул тэтгэлэг төлсөнд тооцох боломжгүй” гэсэн хоёр үндэслэлээр гомдлыг эс зөвшөөрсөн байна.

 

            4. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/137 дугаар[13], 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/620 дугаар албан бичгүүдэд[14] тусгаснаар төлбөр төлөгч Х.Ж-ын нэр дээр бүртгэлтэй Ү-0213003269 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 288 м.кв талбайтай, 20 өрөө, 3 давхар амины орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь тогтоогдсон бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр төлбөр төлөгч Х.Ж-ын дээрх үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй хэдий ч энэ үйл баримтын[15]  талаар зохигч, гуравдагч этгээд маргаагүй, уг үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь дээрх албан бичгүүдээр болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар батлагдаж байна.

 

            5. Төлбөр авагч А.М-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийг[16] үндэслэн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШЗ2019/02271 дүгээр шүүгчийн захирамжаар[17] түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба тэрээр шүүхэд гаргасан тайлбартаа[18] “Х.Ж нь ... дахин шинжилгээ хийлгэхээс татгалзсан санал гаргаж, хууль ёсоор эцэг тогтоолгохоос татгалзан буцахыг хүсэж надад “шан харамж” болгож, мөн хүү Ж.А нь тухайн үед бие султай, уналт, таталтын архаг хууч өвчинд нэрвэгдсэн байдлыг харгалзан түүнд эмчилгээ хийлгэх болон намайг хуурч мэхлэн хүүхэдтэй болгож хаяад явсны төлөө гэмшиж, эдийн засгийн хувьд тусламж болгож 10.000.000 төгрөг өгсөн нь үнэн. Уг мөнгийг Ж.А-ы тэтгэлэгт тооцох боломжгүй. ... Х.Ж нь хүү Ж.А-ы эцэг болохыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... Х.Ж нь хүү Ж.А-ы төрсөн эцэг болохыг тусгаж, хүлээн зөвшөөрүүлэх, өөрөөр нь нотлуулах үүднээс “хүү Ж.А-ы хүүхдийн тэтгэлгийн мөнгө болон 10.000.000 төгрөг авсан нь үнэн” гэж баримт өгсөн, энэ нь дүр үзүүлж хийсэн баримт юм” гэж тайлбарлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсжээ.

 

            Төлбөр авагч буюу гуравдагч этгээдээс хүү Ж.А-ы эрүүл мэндийн байдлын талаар “төрснөөс хойш одоог хүртэл бие султай, байнгын эмнэлгийн хяналтад эмчлэгдэж байгаа нь эмнэлгийн байгууллагын баримт бичгүүдээр батлагдаж байгаа ба эцэг нь болох Х.Ж-ын 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн 10.000.000 төгрөгийг хүү Ж.А-ы эмчилгээ, үйлчилгээний болон нэмэлт өвчний улмаас буй болсон нэмэлт асаргааны үйл ажиллагаанд зарцуулж дуусгасан” гэж тайлбарлан Баян-Өлгий аймгийн “Раушан” өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт[19], Ж.А-ы амбулаториор эмчлүүлсэн карт[20], 8301000423 дугаартай төрсний гэрчилгээ[21], төлбөр авагч А.М-ийн амбулаториор үйлчлүүлсэн карт[22], DVD хуурцагт[23] бичигдсэн Х.А, н.Б нарын болон А.М, н.Б нарын утсаар ярьсан талаарх дуу бичлэг, хүү Ж.А-ы эцэг нь Х.Ж мөн болохыг болон хүүхдийн тэтгэлэг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дүгээр шийдвэр[24] зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Гурав. Нотлох баримтуудын хууль зүйн үндэслэл, үнэлгээ

 

1. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн төлбөр төлөгч А.М-ийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн баримтыг өөр иргэний хэргээс хуулбарлаж, шүүхийн Тамгын газрын тэмдэг дарж хуулбар үнэн эсэхийг баталгаажуулан хэрэгт хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт нийцээгүй тул тус баримт дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Гэвч тухайн баримтыг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00078 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2018/01785 дугаар тогтоолоор үнэлж, тухайн баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар үнэлэх үндэслэлтэй.

 

Төлбөр төлөгч Х.Ж нь хүү Ж.А-ы эцэг болохыг, түүнчлэн эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дүгээр шийдвэр гарахаас өмнө тэрээр хүүхдийн тэтгэлэгт зориулж төлбөр авагч А.М-д 10.000.000.00 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул түүнийг анхан шатны шүүхийн дээрх шийдвэр гарснаас хойш энэ маргааныг хянан шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг Х.Ж нь хүү Ж.А-ыг тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлал болон хяналтын шатны шүүхийн тогтоолоор хүү Ж.А 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн цагаас эхлэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дүгээр шийдвэр гарах хүртэл хугацаанд эцэг Х.Ж нь тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн талаар давж заалдах шатны шүүхийн болон хяналтын шатны шүүхийн дээрх шийдвэрүүдэд дүгнэсэн байна.

 

Төлбөр төлөгч Х.Ж-ын 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн буюу хүүхдийн тэтгэлэг төлсөн байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан, Үндэсний статистикийн хорооны даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/09, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/106, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/13, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/13, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар тушаалын хавсралтад зааснаар тооцож үзвэл:  

 

Хамрагдах хугацаа

Сар бүр төлөх тэтгэлгийн хэмжээ

Сар

Төлөх дүн

1

2015.05.31.-2016.02.08.

82.100.00 төгрөг

8

656.800.00 төгрөг

2

2016.02.08.-2017.02.06.

82.400.00 төгрөг

12

988.800.00 төгрөг

3

2017.02.06.-2018.02.01.

83.250.00 төгрөг

12

999.000.00 төгрөг

4

2018.02.01.-2019.02.22.

89.000.00 төгрөг

12

1.068.000.00 төгрөг

5

2019.02.22.-2019.11.13. /2019 оны 11 дүгээр сарын тэтгэмжийг оруулж тооцов/

95.350.00 төгрөг

10

953.500.00 төгрөг

Нийт тэтгэлгийн хэмжээ

4.666.100.00 төгрөг

 

            Төлбөр төлөгч Х.Ж-ын хүү Ж.А төрсөн цагаас эхлэн энэ маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх хүртэл төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээ 4.666.100.00 төгрөг байхаас тэрээр тэжээн тэтгүүлэх тухай шүүхийн шийдвэр гарахаас өмнө 10.000.000.00 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 250.000.00 төгрөг[25], нийт 10.250.000.00 төгрөг төлсөн болох нь тогтоогджээ.

 

            Иймд төлбөр авагч А.М нь өөрөө зөвшөөрч төлбөр төлөгчөөс хүүхдийг тэжээн тэтгүүлэх тухай шүүхийн шийдвэр гарахаас өмнө 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүүхдийн тэтгэлэгт зориулж 10.000.000.00 төгрөг авсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулсан гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эхний шаардлага болох “төлбөр төлөгч Х.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүү Ж.А-ыг тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн буюу хүүхдийн тэтгэлэгт зориулж төлбөр авагч А.М-д урьдчилан 10.000.000.00 төгрөг төлсөн болохыг тогтоолгох” тухай шаардлагыг хангаж, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Хариуцагчийн “10.000.000.00 төгрөгийг төлбөрт тооцох хүсэлтийг төлбөр авагч А.М хүлээн зөвшөөрөөгүй”, “шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан ёсны дансаар дамжаагүй” гэх татгалзал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дугаар зүйлийн 90.3 дахь хэсэгт нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүйгээс гадна Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00078 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2018/01785 дугаар тогтоолоор үгүйсгэгджээ.

 

            Гуравдагч этгээд буюу төлбөр авагч А.М-ийн “Х.Ж нь 10.000.000.00 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт зориулж өгөөгүй, харин хүүхдэд эмчилгээ хийлгэх, намайг хуурч мэхлэн хүүхэдтэй болгож хаяад явсны төлөө гэмшиж, эдийн засгийн хувьд тусалж, “шан харамж” болгож өгсөн” гэх тайлбар нотлох баримтад үндэслэгдээгүй ба уг мөнгийг төлбөр өлөгч Х.Ж нь хүү Ж.А-ы тэтгэлэгт зориулж төлсөн нь давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон байна.

 

            Гуравдагч этгээдийн шүүхэд гаргаж өгсөн “Раушан” өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Ж.А-ы амбулаториор эмчлүүлсэн карт, төлбөр авагч А.М-гийн амбулаториор үйлчлүүлсэн карт[26], DVD хуурцагт[27] бичигдсэн Х.А, н.Б нарын болон А.М, н.Б нарын утсаар ярьсан талаарх дуу бичлэг, тэмдэглэл зэрэг нь тухайн иргэний хэрэгт хамааралгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх үндэслэлгүй.

 

            Харин гуравдагч этгээд А.М нь хүү Ж.А-ы эрүүл мэндийг эмчлүүлж, сувилуулснаас нэмэлт зардал гарсан, цаашид амьжиргааны доод түвшин өөрчлөгдсөнөөс хүүхдийн тэтгэлгийн зөрүү үүссэн тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлүүлэхээр эцэг Х.Ж-аас шаардах эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            2. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаар шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх явцад төлбөр төлөгч Х.Ж-ын нэр дээр бүртгэлтэй Ү-0213003269 тоот улсын бүртгэлийн дугаартай, Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 288 м.кв талбайтай, 20 өрөө, 3 давхар амины орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.

 

            Гэвч нэхэмжлэгчийн уг гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгч, түүний шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч тус тус урьдчилан шийдвэрлэхээр журамласан тул анхан шатны шүүх уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтын дагуу хүлээн авахаас татгалзах байжээ.

 

            Нэхэмжлэгчийн удаа дараа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, тус албаны дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргад хандсан гомдолд төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлтэй гэх дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаар тусгагдаагүй ба сүүлд энэ талаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад гаргасан гомдолдоо тусгасан, ахлах шийдвэр гүйцэтгэгчид энэ талаар гомдол гаргаж байгаагүй тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

 

            Иймд нэхэмжлэгч уг гомдлыг гаргахдаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, энэ журмыг хэрэглэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргээс нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, уг шаардлагад холбогдуулж гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эхний шаардлагыг хангаж шийдвэрлэн, хоёр дахь шаардлагатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсан тул мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00675 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1.а/ Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Х.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүү Ж.А-ыг тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн буюу хүүхдийн тэтгэлэгт зориулж төлбөр авагч А.М-д урьдчилан 10.000.000.00 /арван сая/ төгрөг төлсөн болохыг тогтоосугай.

1.б/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн 44.2.14 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.3 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргээс нэхэмжлэгчийн “төлбөр төлөгч Х.Ж-ын нэр дээр бүртгэлтэй Ү-0213003269 тоот улсын бүртгэлийн дугаартай, Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 288 м.кв талбайтай, 20 өрөө, 3 давхар амины орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Я.С-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК 

           

 

 

 

 

 


[1] Хэргийн I хавтасны 237 дугаар тал. Нэхэмжлэгчийн уг шаардлагаа зөвтгөж тодруулсан талаарх тайлбар.

[2] Хэргийн I хавтасны 13 дугаар тал.

[3] Хэргийн I хавтасны 7 дугаар тал.

[4] Хэргийн I хавтасны 11 дүгээр тал.

[5] Хэргийн I хавтасны 15 дугаар тал.

[6] Хэргийн I хавтасны 18 дугаар тал.

[7] Хэргийн I хавтасны 21 дүгээр тал.

[8] Хэргийн I хавтасны 17 дугаар тал.

[9] Хэргийн I хавтасны 20 дугаар тал.

[10] Хэргийн I хавтасны 23 дугаар тал.

[11] Хэргийн I хавтасны хавтасны 24 дүгээр тал.

[12] Хэргийн I хавтасны хавтасны 68 дугаар тал.

[13] Хэргийн I хавтасны хавтасны 191 дүгээр тал.

[14] Хэргийн I хавтасны хавтасны 192 дугаар тал.

[15] Төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр түдгэлзүүлсэн гэх.

[16] Хэргийн I хавтасны хавтасны 78 дугаар тал.

[17] Хэргийн I хавтасны хавтасны 84 дүгээр тал.

[18] Хэргийн I хавтасны хавтасны 95 дугаар тал.

[19] Хэргийн I хавтасны хавтасны 104-105, 177, 179, 180 дугаар тал.

[20] Хэргийн I хавтасны хавтасны 108-125 дугаар тал.

[21] Хэргийн I хавтасны хавтасны 126 дугаар тал.

[22] Хэргийн I хавтасны хавтасны127-170 дугаар тал.

[23] Хэргийн I хавтасны хавтасны 171-172 дугаар талд 2 ширхэг DVD хуурцаг болон 173-175 дугаар талд тус хуурцагт бичигдсэн дуу бичлэгийг баталгаат орчуулгын газраар орчуулан бичгийн хэлбэрт буулгасан баримт.

[24] Хэргийн I хавтасны хавтасны 186 дугаар тал.

[25] Хэргийн 81 дүгээр тал.

[26] Хэргийн I хавтасны хавтасны127-170 дугаар тал.

[27] Хэргийн I хавтасны хавтасны 171-172 дугаар талд 2 ширхэг DVD хуурцаг болон 173-175 дугаар талд тус хуурцагт бичигдсэн дуу бичлэгийг баталгаат орчуулгын газраар орчуулан бичгийн хэлбэрт буулгасан баримт.