Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00565

 

Х.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00675 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 212/МА2019/00071 дугаар магадлалтай,

Х.Ж-ын нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад Х.Ж-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Х.Ж-аас хүүхдийн тэтгэлэгт урьдчилан төлсөн 10.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-, түүний өмгөөлөгч Ж.Жавзмаа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаар шийдвэрээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний төрсөн хүү А-ы эцэг Молхы овгийн Хын Ж мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Ж.А-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Ж-аар тэжээн тэтгүүлэхээр тогтоосон. Энэхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч А.Ж- итгэмжлэгдсэн төлөөлөгч, эцэг Х.А-ээр дамжуулан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Х.Ж-ын хүү А-ы 2015 оны 5 дугаар сарын 31-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэг 9.200.000 төгрөгийг Х.Ж-аас нөхөн гаргуулах, Улаанбаатар хотод шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ өгөх үед гарсан зардал 1.059.200 төгрөгийг мөн Х.Ж-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00078 дугаартай магадлалаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тус магадлалыг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № 001/ХТ2018/01785 дугаартай тогтоолоор хэвээр баталсан. Иймээс хариуцагч Х.Ж- нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө хүү А-ы тэтгэлэгт 10.000.000 /арван сая/ төгрөгийг урьдчилан төлсөн гэж үзэж байна. Энэхүү урьдчилан төлөгдсөн хүүхдийн тэтгэлэг нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацаанд тооцогдох ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагч Х.Ж- нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 2028 оны 01 дүгээр сарын 02-ыг хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлгийг урьдчилсан байдлаар төлсөн гэж үзэх боломжтой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Х.Ж-ын ХААН банк болон Төрийн банк дахь хадгаламжийн хувийн данс, хувийн автомашиныг бусдад худалдах эрхийг хязгаарлан шийдвэр гаргасанд гомдолтой байгаа ба шийдвэр гүйцэтгэгчийн энэхүү үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлгүй. Төлбөр төлөгч Х.Ж-ын ХААН банк болон Төрийн банк дахь хадгаламжийн данснуудыг болон хувийн автомашиныг битүүмжилсэн бусдад худалдах шийдвэрүүдийг хүчингүй болгож өгөх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт удаа дараа гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй, хуулийн хугацаанд хариу өгөөгүй тул зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр ёсоор төлбөр төлөгч Х.Ж-ын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, төлбөр төлөхөөс хүүхдийн тэтгэлэгт 10 сая төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт урьдчилсан төлсөн болохыг баталгаажуулах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дүгээр шийдвэрээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Трю Эл хотхон, 715 дугаар байр, 302 тоотод оршин суух Х.Ж-аас сар бүр нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж иргэн А.Ж-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан бөгөөд тус хувийн хэргийг харьяаллын дагуу Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлснийг хүлээн авч холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан лавлагаагаар тэтгэлэг төлөгч Х.Ж- нь VOLKSWAGEN маркийн 33-58 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, Өлгий сумын 5 дугаар баг, Ховд голд байрлалтай, Ү-0213003269, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг тогтоосон. Тэтгэлэг төлөгч тэтгэлгийн төлбөрийг төлөөгүйн улмаас 1.900.000 төгрөгийн хуримтлал үүссэн тул түүний өмчлөлийн дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Тэтгэлэг төлөгч Х.Ж- нь хүүхдийн тэтгэлэг төлөөгүйн улмаас тэтгэлгийн хуримтлал үүссэн тул захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, урьдчилан төлсөн 10.000.000 төгрөгийг манай байгууллагын албан ёсны дансаар дамжаагүй тул тэтгэлэг төлсөнд тооцох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ж-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Х.Ж- нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүү Ж.А-ы хамт очоод ДНХ-ийн шинжилгээ хийлгэхийн өмнө дахин шинжилгээ хийлгэхээс татгалзах санал гаргах, хууль ёсоор эцэг тогтоолгохоос татгалзаж буцахыг хүсэж надад шан харамж болгож, мөн хүү Ж.А- нь тухайн үед бие султай, уналт, таталтын архаг хууч өвчинд нэрвэгдсэн байдлыг харгалзан түүнд эмчилгээ хийхэд болон намайг хуурч мэхлэн хүүхэдтэй болгож, хаяад явсны төлөө гэмшиж, эдийн засгийн хувьд тусламж болгож 10.000.000 төгрөг өгсөн нь үнэн. Уг мөнгийг хүү Ж.А-ы хүүхдийн тэтгэлэгт тооцох боломжгүй. Харин А.Ж- би Х.Ж- нь хүү Ж.А-ы төрсөн эцэг болохыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Х.Ж-ад хүү Ж.А-ы төрсөн эцэг болохыг тусгаж, хүлээн зөвшөөрүүлэх, өөрөөр нь нотлуулах үүднээс хүү А-ы хүүхдийн тэтгэлгийн мөнгө болон 10.000.000 төгрөг авсан нь үнэн гэж баримт өгсөн. Энэ нь дүр үзүүлэн хийсэн баримт юм. Нэхэмжлэгч Х.Ж- нь хүү А-ы төрүүлсэн эцэг биш гэж маргааж байхад шүүхийн журмаар эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00004 тоот шийдвэр гарахаас 5 сарын өмнө 2017 оны 7 дугаар сарын 29-нд өгсөн 10.000.000 сая төгрөгийг хүүхдийн тэтгэлэг гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй. Х.Ж-аас 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр А.Ж-д өгсөн 10.000.000 төгрөгийг хүү Ж.А-ы тэтгэлэг биш, өөр зориулалтаар буюу дахин ДНХ-ийн шинжилгээ хийлгэхгүй байх үүднээс өөрсдийн цусны дээжийг сольсон эрүүгийн хэргийг нууж дарагдуулах үүднээс шан харамж болгож өгсөн. Иймд нэхэмжлэгч Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00675 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаартай шийдвэр ёсоор төлбөр төлөгч Х.Ж-ын үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Х.Ж-аас хүүхдийн тэтгэлэгт урьдчилан төлсөн 10.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлсөн болохыг баталгаажуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 212/МА2019/00071 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00675 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.а/ Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Х.Ж- нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүү Ж.А-ыг тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн буюу хүүхдийн тэтгэлэгт зориулж төлбөр авагч А.Ж-д урьдчилан 10.000.000.00 /арван сая/ төгрөг төлсөн болохыг тогтоож, 1.б/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн 44.2.14 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.3 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргээс нэхэмжлэгчийн төлбөр төлөгч Х.Ж-ын нэр дээр бүртгэлтэй Ү-0213003269 тоот улсын бүртгэлийн дугаартай, Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 288 м.кв талбайтай, 20 өрөө, 3 давхар амины орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Я.С-эд буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Гуравдагч этгээд А.Ж-г Х.Ж- гэгч залуу “чамд хайртай, чамтай гэр бүл болж хамтран амьдарна” гэж хууран мэхэлж, төөрөгдүүлэн ятгаж, гэр бүл болохоор итгүүлэн үнэмшүүлж байгаад жирэмсэн болгож хаяаад улмаар өөр хүнтэй гэр бүл болсон юм. Гэтэл Х.Ж-ын хүүхдийг А.Ж- нь 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрүүлсэн бөгөөд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх мөчид Х.Ж- нь хүүхдийн эцэг биш гэж удаан маргалдсаны эцэст Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж хүүхдийн болон эцгийн ДНК-ийн шинжилгээ хийлгэхэд хүрсэн юм. Шинжээчийн дүгнэлтээр А.Ж-гаас 2015 оны 05 дугаар сарын 31-нд төрсөн хүү А-ы биологийн эцэг Х.Ж- биш гэж гарсан боловч дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр Х.Ж- нь хүү А-ы биологийн эцэг болох нь 99.9%-ийн магадлалтай тогтоогдсон. Х.Ж- нь эхний шинжилгээнд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн холбогдох албан тушаалтан болох шинжээч нартай үгсэн хуйвалдаж ДНК-ийн шинжилгээнд илгээсэн цусны дээжийг сольж, өөр эрэгтэй хүний цусны дээжийг явуулсан нь тогтоогдсон тул Улсын мөрдөн байцаах газрын тусгай субьектэд холбогдох хэргийг мөрдөн шалгах хэлтэс нь Эрүүгийн хуулийн 21.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зарим шүүгч, шүүхийн туслах, шинжээч болон X.Ж нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад Х.Ж- нь Казахстан улсруу оргож, одоогоор хаяг тодорхой бус тул хэргийг түдгэлзүүлж байгаа юм. Х.Ж-аас 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр А.Ж-д өгсөн 10.000.000 төгрөгийг хүү Ж.А-ы тэтгэлэг биш, өөр зориулалтаар буюу дахин ДНХ-ийн шинжилгээ хийлгэхгүй байх үүднээс өөрсдийн цусны дээжийг сольсон эрүүгийн хэргийг нууж дарагдуулах үүднээс шан харамж болгон өгсөн мөнгийг хүүхдийн тэтгэлэг урьдчилан төлж, тэтгэлэгээс хасуулж байгаа нь холбогдох хуулийг шүүх зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн явдал юм. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй байхад давж заалдах шатны шүүх өөрөө санаачлан “төлсөн болохыг баталгаажуулах” гэсэн шаардлагыг бүхэлдээ өөрчилж, хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Х.Ж- нь 2017.11.29-нд буюу ШШҮХ-ийн ДНК-ийн дүгнэлт гаргахаас өмнө, тэд шинжилгээний дээж сольсон гэмт хэргийг нуун далдлах үүднээс өгсөн 10.000.000 төгрөг байгаа юм. Байдал ийм байхад давж заалдах шатны шүүхээс шүүхийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэр гарахаас өмнө өгсөн мөнгийг хүүхдийн тэтгэлэг урьдчилан төлсөн гэж Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.З-д заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.З-д зааснаар эцэг эх хүүхдийн тэтгэлэг төлөх талаар харилцан тохиролцоогүй тус шүүх шийдвэрлэсэн юм. Шүүхийн эцэг тогтоож, тэтгэлэг тогтоосноос өмнө өөр зориулалтаар өгсөн мөнгийг хүүхдийн тэтгэлэгт тооцож байгаа нь давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Тэтгэлэг төлөгч Х.Ж- нь хүүхдийн тэтгэлгийг урьдчилан өгсөн гэх юм бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно” гэсэн заалт, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “гэрээ бичгээр үйлдэж” гэснийг үндэслэж шийдвэрлэх байсан. Давж заалдах шатны шүүхээс Х.Ж- нь хүүхдийн тэтгэлгийг урьдчилж төлсөн гэж үзэж байвал тэтгэлгийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3, 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна” гэж заасан тул давж заалдах шатны шүүх хэрэгт огт хамааралгүй хуулийн заалтыг баримталж шийдвэрлэсэн гэж гомдож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д зааснаар хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Я.С-, Х.Ж-ыг төлөөлж, хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, хүүхдийн тэтгэлэгт 10.000.000 төгрөг төлөгдсөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх “...хүүхдийн тэтгэлэг төлөгдсөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлтэй хэргийг урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаар шийдвэрээр 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн А-ы эцэг нь Х.Ж- мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн зохих хувиар тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Х.Ж-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагааг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байгаа нь тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулж буй ажиллагааг хууль бус гэж үзсэн бөгөөд ийм үндэслэл тогтоогдоогүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Дээрх 130/ШШ2018/00004 дугаар шийдвэр гарахаас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Х.Ж- А-ы тэтгэлэгт 10.000.000 төгрөгийг А.Ж-д төлснийг төлбөрт тооцох эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон бөгөөд хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг асуудлыг шийдвэрлэх эрх олгогдоогүй болно. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар хуульд заасан журмын дагуу төлбөр төлүүлэх ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд тус газрын явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 86 дугаар зүйлийн 86.1, 86.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 90.6-д заасныг зөрчөөгүй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон зохигчийн хүсэлтээр шүүхээс  бүрдүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр авагч А.Ж- бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож нэхэмжлэлд тайлбар гаргасан байх бөгөөд Х.Ж- өмнө нь А-ы тэтгэлэгт гэж 10.000.000 төгрөгийг А.Ж-д төлснийг 130/ШШ2018/00004 дугаар шийдвэрийн дагуу төлөх хүүхдийн тэтгэлэгт тооцох хууль зүйн үндэслэлгүйг анхан шатны шүүх хэргийн баримтад тулгуурлан дүгнэжээ.

Тухайлбал, 130/ШШ2018/00004 дугаар шийдвэрт, хариуцагч Х.Ж-ын  хүүхдийн тэтгэлгийг урьдчилан төлсөн тул тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн татгалзлыг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл, 10.000.000 төгрөгийг хүүхдийн тэтгэлгийн мөнгөнд тооцож хасах боломжгүй гэж үзсэнээ шүүх тодорхой заасан байна. Энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримт тул дахин нотлохгүй бөгөөд давж заалдах шатны шүүх үүнийг анхаараагүй, уг шийдвэрийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэснээ магадлалдаа тусгаагүй байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “А.Ж-гийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үйлдсэн хүүхдийн тэтгэлэгт зориулж 10.000.000 төгрөг авсан тухай баримт болон А.Ж-гийн Х.Ж-ад холбогдуулан гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаар шийдвэр гарахаас өмнөх хугацааны буюу 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00078 дугаар магадлал, уг магадлалыг хянасан Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2018/01785 дугаар тогтоолыг үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна.

А.Ж-гийн гарын үсэг бүхий баримтад “...хүүхдийн тэтгэлэгт зориулж 10.000.000 төгрөг авсан” гэж бичигдсэн боловч уг баримтад Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр, тодорхой цаг хугацааны тэтгэлэгт тооцох агуулга илэрхийлэгдээгүй байна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэгийг талууд тохиролцож сайн дураар төлж болдог байна. Нөгөөтэйгүүр, хүүхдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулах маргааны хүрээнд дүгнэлт өгсөн Хяналтын шатны шүүхийн тогтоолд “...хүү А-д зориулж 10.000.000 төгрөгийг А.Ж-д өгсөн нь нотлогджээ. Анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаар шийдвэр гарах хүртэл хугацаанд хүүхдийг тэжээн тэтгэх үүргээ Х.Ж- биелүүлсэн гэж үзсэн ...энэ тухай шүүхийн дүгнэлт Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэг, 35, 38 дугаар зүйлийн агуулгыг зөрчөөгүй...” гэж дүгнэжээ. Иймээс хэргийн үйл баримтын талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзэв.

3. Давж заалдах шатны шүүх, төлбөр гаргуулах зорилгоор Х.Ж-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн, уг журмыг хэрэглэх боломжтой гэж үзжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.3, 44.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдлоо гаргаж болохыг заасан нь гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам тогтоосон гэж үзэх бөгөөд энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, уг нөхцөл байдал иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заажээ. Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг төлөгдсөн болохыг тогтоолгох, төлбөр төлүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага нь хоорондоо холбоотойгоос гадна нэхэмжлэгч Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, урьд нь уг ажиллагааг гүйцэтгэж байсан Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд удаа дараа хандаж байснаас үзвэл одоо урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзэх нь өрөөсгөл дүгнэлт болно.

Төлбөр төлөгч Х.Ж- шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэгийг сар бүр төлөх үүргээ биелүүлээгүйгээс төлбөр хуримтлагдсан байдлыг үндэслэн төлбөр төлүүлэх зорилгоор шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

4. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг хүчингүй болгов.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй, процессын хуулийн баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 212/МА2019/00071 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00675 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2-т зааснаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00004 дугаар шийдвэрийн дагуу Х.Ж- хүүхдийн тэтгэлэгт 10.000.000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, уг шийдвэрийг биелүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гуравдагч этгээд А.Ж- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ