Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2016/0366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өм***********************

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Өм***********************-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, уг албан татвараар манай нөхөрлөлд хууль бусаар ногдуулсан 12.490.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***********, М.Д*************** нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Өм***********************-ийн захирал Ө.Мөнгөнсарнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Манай нөхөрлөл нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлж 0040223 тоот гэрчилгээ авсан.

          Бидний зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын ажил үйлчилгээний төрөлд тус нөхөрлөлийн үзүүлж буй үйлчилгээ хамаарахгүй болохыг олж мэдсэн даруйдаа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан.

          Энэхүү хүсэлтдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу манай нөхөрлөл татвар төлөгч биш байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасч, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөрлөлд олгосон 0040223 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээг хүчингүй болгохыг хүссэн юм.

          Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1/2517 дугаар албан бичгээр манай хүсэлтэд хариу өгсөн ба уг хариу албан бичигтээ бидний хүсэлтийг хүлээн авч манай нөхөрлөлийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах үндэслэлгүй байна гэсэн хариу өгснөөр барахгүй улмаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 35/********* тоот мэдэгдэх хуудсаар 12.490.940 төгрөгийн татварын өрийг барагдуулахаар хүргүүлсэн.

          Нэмэгдсэн өртөг гэдэг бол үйлдвэрлэгч, нийлүүлэгч, худалдан борлуулагч нь хэн нэгэн этгээдээс түүхий эд, материалаа буюу барааг мөн ажил, үйлчилгээ худалдаж аваад түүнийг борлуулахаас өмнө шинээр буюу дахин боловсруулж, худалдан борлуулахтай холбоотойгоор гарсан элэгдэл, зардлыг ойлгодог.

          Харин өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авч буй этгээдийн хувьд уг үйлчилгээг ашиглан шинээр бүтээгдэхүүн бий болгодоггүй учир энэ төрлийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

          Нэмэгдсэн артгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ...Хуульд өөрөө заагаагүй бол дор дудсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна... гэж, мөн хуулийн 7.1.4-т ...Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ... хэмээн заасан бөгөөд мөн зүйлийн 7.4 дэх хэсэгт ...дор дурдсан үйл ажиллагааг ажил үйлчилгээ үзүүлсэнд хамааруулна... хэмээн хамаарах үйлчилгээний төрлийг нарийвчлан тодорхойлон заасан байдаг. Энэхүү тодорхойлон жагсаасан үйлчилгээний төрөлд өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ заагдаагүй байна.

          Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т ...Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох ... эрхтэй... гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн татвар ногдуулах үйлчилгээнд өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг хамааруулаагүй байх тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс манай нөхөрлөлийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна.

          Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Өм***********************-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, уг албан татвараар манай нөхөрлөлд хууль бусаар ногдуулсан 12.490.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э*******************нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан шаардлагыг хангасан учир уг хуулийн 5.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн Татварын албанд сайн дураар бүртгүүлж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон байна.

          Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи 1 жилийн хугацаанд тэдгээрийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харьяалах татварын албан нь түүнийг албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураан авна гэж, мөн Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам-ын 7 дугаар зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-д зааснаар буюу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи нэг жилийн хугацаанд албан татвар ногдох орлгоын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь татварын тайлангаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөл бүрдсэн, эсхүл Х тайлан ирүүлж буйг татвар төлөгчийн хариуцсан татварын улсын байцаагч нь тодорхойлсон бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасахаар зохицуулжээ.

          Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах хууль зүйн үндэслэл бүрдээгүй тул тус нөхөрлөлийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах үндэслэлгүй байна.

          Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх хугацаандаа нэмэгдсэн өртгийн тайланг өөрсдөө тодорхойлон гаргаж байсан бөгөөд уг тайлангаар гарсан өрийг төлөх нь зүйн хэрэг бөгөөд татварын албанаас хууль бусаар ногдуулсан зүйл байхгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Өм***********************-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, уг албан татвараар манай нөхөрлөлд хууль бусаар ногдуулсан 12.490.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Өм***********************-д хууль бусаар ногдуулсан 12.490.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

          Өм***********************-ийн захирал 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А-78 дугаар албан бичиг бүхий итгэмжлэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн болон хэсэгчлэн татгалзах эрх олгосон байна.

          Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээ.

            Өм*********************** нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж түүний дагуу тус татварын хэлтсээс №00******тоот нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ олгожээ.

          Нэхэмжлэгч нь өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамаарахгүй гэж тайлбарлан маргаж байна.

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "үйлчилгээ" гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байна.

          Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т үйлчилгээ үзүүлсэн-д хамааруулах үйл ажиллагааг тодорхой, тоочиж нэрлэж заасан ба уг үйл ажиллагаанд өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг хамааруулаагүй байна.

          Тодруулбал өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамааруулаагүй байна.

          Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасан ба Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулиар өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамааруулаагүй байх тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй.

          Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Өм***********************-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

          Шүүхийн энэхүү шийдвэр нь Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэлд хамааралтай ба харин Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэлд хамааралгүй болно.

          2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.17-д өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ-г нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамруулахаар хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-д заасныг тус тус баримтлан Өм***********************-ийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Өм***********************-д хууль бусаар ногдуулсан 12.490.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.4-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Өм***********************-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ