Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 132

 

М.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1004 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаар магадлалтай, М.Б-т холбогдох 1808012491193 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай   эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Д овогт М-н Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар дээрэмдэж авах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос М.Б-т холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.2-т зааснаар М.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.  

Хяналтын шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцэлд “Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ын үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд хохирогч А.А нь автомашинаар үйлчлүүлсэн хөлсөө төлөөгүйн улмаас төлбөр, тооцооны маргаан үүсч, шүүгдэгч М.Б нь үйлчилгээний хөлсөнд хохирогчийн “I phone-7” загварын гар утсыг барьцаалж, хөлсөө төлсний дараа өгөх зорилгоор авсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрэмдэх, залилах гэмт хэргүүд нь санаа зорилгын хувьд хохирогчийн эд хөрөнгийг бүр мөсөн өөрийн мэдэлд шилжүүлэн авч, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн шунахай сэдэлтээр үйлддэг онцлогтой. Гэтэл шүүгдэгч М.Б-ын үйлдэлд дээрэмдэх, залилах гэмт хэргүүдийн аль алинд нь заавал байх ёстой дээрх шинж бүрэн тогтоогдоогүй байна. Автомашинаар үйлчлүүлсний хөлсөө хохирогч А.А нь төлөөгүйн улмаас гар утсыг нь хөлсөө төлөх хүртэл түр авсан гэсэн шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүйн улмаас гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгод эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал үүсч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу М.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, дээрэмдэх гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлүүлэхийг хүссэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд давж заалдах шатны шүүхээс зөвхөн М.Б-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үндэслэн мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.А-оос хууль сануулж авсан, тогтвортой мэдүүлгийг дээрх шүүгдэгчийн мэдүүлэг хэрхэн няцаан үгүйсгэж байгаад үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн давж заалдах шатны шүүхээс “автомашинаар үйлчлүүлсний хөлсөө хохирогч төлөөгүйн улмаас гар утсыг нь хөлсөө төлөх хүртэл түр авсан гэсэн шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүйн дээр гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгод эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд: хохирогч А.А нь Цагдаагийн хэсгийн байцаагчаар хяналтын камер шүүлгэж, яллагдагч М.Б-ын автомашины марк, дугаарыг олуулсны үндсэн дээр шүүгдэгчийг олж, гар утсаа буцаан авсан үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн М.Б тухайн үед өөртөө ашиг болгох гээд зараагүй байж байсан гэсэн мэдүүлэг өгсөн зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн хохирогч А.А нь шүүгдэгч М.Б-т гар утсаа өөрөө өгсөн байх боловч дэргэд нь утсаар яриад буцаагаад өгнө гэсэн итгэл үнэмшилтэйгээр өгсөн бөгөөд авч явах эрх олгож гар утсаа шилжүүлээгүй болох нь А.А-ын анх цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд... “таксины жолоочид үлдэгдэл мөнгөө өгөхөөр дагуулж орсон. Гэрт хүн байхгүй болохоор хүүхдийнхээ түрийвчнээс мөнгө авч өгөхөөр явах үед таксины жолооч гар утсаа өгч бай гэхэд миний гар утсыг авч гарч зугтаасан” гэх, ...хохирогчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэгт “нөгөө залуу намайг дагаж орж ирээд ахаа утсаар чинь яриад өгье гээд тэр миний утсыг аваад тэр дороо гүйгээд гараад явсан”, ...хохирогчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлэгт ...“жижиг өрөөнд орж охины түрийвчнээс мөнгө авах гээд эргэх гэтэл гар утсаа өгч бай, утсаар чинь ярья гээд миний гар утсыг аваад шатаар буугаад явсан. Мөнгөө аваач ээ гэтэл тоогоогүй яваад өгсөн, ” ...М.Б-ын таксины мөнгө 7,000 төгрөг гарсан, 13,000 төгрөг гарсан гэж зөрүүтэй ярьдаг, мөн би булаагаад явсан нь үнэн гэсэн гэх зэрэг мэдүүлгүүдээр нотлогдож байхад эдгээр нотлох баримтуудыг зөвхөн шүүгдэгч М.Б-ын шүүх хуралдаанд “автомашинаар үйлчлүүлсний хөлсөө хохирогч А.А нь төлөөгүйн улмаас гар утсыг нь хөлсөө төлөх хүртэл түр авсан гэсэн” гэсэн мэдүүлгээр үгүйсгэж байгаа нь шүүх таамаглалаар хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Хохирогч А.А нь өөрийн өмч хөрөнгө болох 570,000 төгрөгийн үнэ бүхий “I phone-7” загварын гар утсаа захиран зарцуулах эрхтэйгээр бусдад шилжүүлээгүй, түүнчлэн хохирогчоос шүүгдэгч М.Б-т гар утсаа авч явах зөвшөөрөл өгөөгүй, тэр дур мэдэн авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр хохирогчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан “дээрэмдэх” гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Иймд шүүгдэгч М.Б-ын гэм бурууг нотлох баримтууд хэрэгт цугларсан байхад түүнд холбогдох хэргийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба М.Б-ыг цагаатгаж, түүнд ял завшуулж байгаа нь Эрүүгийн хуульд заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа хэлсэн саналдаа “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “М.Б-т холбогдох хэргийн хохирогч “I phone-7” маркийн гар утас 570,000 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ нь 7500 төгрөгийн үнэтэй дүйцэхүйц эд хөрөнгө биш. Хохирогч анхнаасаа гар утас авч явах зөвшөөрлийг өгөөгүй байхад дур мэдэн авч явсан нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг цагаатгасан нь шүүгдэгчид ял завших боломжийг олгосон байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай   эсэргүүцлийг үндэслэн М.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч М.Б-ыг 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 198 тоотод иргэн А.А-д “утсаар чинь яриад өгье” гэж “Iphone-7” загварын гар утсыг нь буюу эд хөрөнгийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэж, бусдад нийт 570,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг билээ.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглээгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Харин хүч хэрэглэх, хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон идэвхтэй үйлдлээр илэрдэг болно. Тухайн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ангилан тодорхойлохдоо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дээрх шинжүүдийг анхаарахын зэрэгцээ гэмт үйлдэл эхэлж төгсөж буй цаг хугацааг нарийн тогтоох, тодорхой сэдэлт бий болсон үеийг тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд шууд нөлөөлнө.

Шүүгдэгч М.Б нь хохирогч А.А-оос таксины үйлчилгээ үзүүлсэн төлбөрөө авахаар гэрт нь хамт орсны дараа төлбөрийн талаар маргаан үүсч, түүний утсаар эхнэртэй нь ярихыг хүсэхэд хохирогч утсаа өгсөн боловч эхнэрийнхээ дугаарыг хэлж өгөөгүй байна. Шүүгдэгч М.Б хохирогчийн эхнэртэй холбогдох боломжгүй, төлбөр төлөгдөхгүйг ойлгомогц утсыг нь буцаан өгөлгүйгээр хохирогчийн гэрээс зугтаж гарсан үйл баримт тогтоогджээ.

М.Б нь хохирогчийн гар утсыг авсны дараа буцаан өгөхгүй байх гэмт санаа төрсөн байх бөгөөд ярих нэрийдлээр утсыг авсан нь хүч хэрэглээгүй болохыг нотлохоос залилах гэмт хэргийн шинжийг агуулсан эд хөрөнгө авсан гэж үзэх боломжгүй байна. Залилах гэмт хэргийн хохирогч нь эд хөрөнгө, түүнийг захиран зарцуулах эрхийг гэмт этгээдэд сайн дураар шилжүүлсэн байдаг бол дээрх тохиолдолд хохирогч утсаа түр хэрэглүүлэхээр өгсөн байдаг. Энэ үйл баримтад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн гэж дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх М.Б-ыг таксины үйлчилгээний хөлс авах зорилгоор хохирогч А.А-ын гар утсыг барьцаанд авсан мэтээр дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Барьцааны тохиролцооны үед төлбөрөө төлсөн тохиолдолд эд хөрөнгө эргэн олгогдох, буцааж өгөх боломжтой байдлаар эргэн холбогдох, дахин уулзах бүх боломж хадгалагддаг бол М.Б-ыг олохын тулд хохирогч цагдаагийн байгууллагад хандахаас өөр боломж байгаагүйгээс үзэхэд шүүгдэгчид гар утсыг буцаан өгөх санаа байгаагүй байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Б-т холбогдох хэргийг холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1004 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН