Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2016/0299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х***** ****  ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот, Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд Х***** ****  ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н********, А.Мя*******, Ч.Ц******нар нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Х***** ****** хууль, эрх зүйн газрын захирал Э.Хосбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хаан банканд 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14 дугаар тогтоолыг ирүүлсэн бөгөөд үүгээр Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын дагуу Х***** ****** давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож, тогтоолын хуулбарыг хавсралтаар ирүүлсэн.

          Хаан банкнаас 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-д заасны дагуу Х***** ****  ХХК-ийг давамгай байдалтай гэж тооцох болсон үндэслэл, шалтгаан, холбогдох дүгнэлт болон судалгааны материалыг гаргаж өгөх тухай 29/4***** тоотыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн.

          2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкинд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 1/7*** дугаар тоотын хариуг ирүүлсэн.

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хаан банкинд 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн Х***** б*****Өрсөлдөөний тухай хуулийн 5.3-т заасан үндэслэлээр Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тогтоолыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 /эрх зүйн үндэслэлгүй акт/ гэсэн үндэслэлээр захиргааны илт хууль бус акт гэж үзэж байна. Учир нь:

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Х**** б****** Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь тус хуулийн утга агуулгын болон Х***** ****** санхүүгийн зах зээл дэх үйл ажиллагааны бодит нөхцөл байдлын хувьд ч манай банканд хамаатуулан хэрэглэх нөхцөл биш юм.

          Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар давамгай байдалтайд тооцогдож буй аж ахуй эрхлэгч нь бусад аж ахуй эрхлэгч нь бусад аж ахуй эрхлэгчийн зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулж, зах зээлээс шахан гаргах чадвартай байх урьдач нөхцөлийг хангасан байх ёстой.

          Өнөөдрийн байдлаар Х***** ****** үйл ажиллагаанаас шалтгаалан өөр ямар нэгэн арилжааны банк зах зээлээс шахагдан гараагүй, Хаан банк ямар нэгэн үүсэн байгуулагдах гэж байсан банкийг зах зээлд гаргах нөхцөлийг хаан боогдуулсан явдалгүй билээ.

          Арилжааны банк байгуулах, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжид тусгайлан заасан нөхцөл журмаар нарийвчлан зохицуулагдсан бөгөөд хуульд зааснаар энэ үйл явц аливаа нэгэн арилжааны банкнаас хамаарах үндэслэлгүй юм.

          2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 2 дугаар зүйлийн 2-т зааснаар аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг 2.2.1-2.2.4 зүйлүүдэд заасан Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, зах зээлийн хил хязгаарыг тогтоох ёстой байдаг. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас манай банкийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон эрх зүйн үндэслэл нь алдаатай буюу тооцоо судалгаанд үндэслэгдээгүй, бодит баримтад тулгуурлаагүй, холбогдох хуулийн заалт, Засгийн газраас батлан гаргасан журам, тэдгээрт заасан урьдчилсан нөхцөлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгаа юм.

          Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас судалгааны ажлыг Засгийн газрын дээрх журамд заасан үе шатны дагуу Х***** ****** веб сайт дахь нээлттэй мэдээлэл буюу 2013, 2014 онуудын санхүүгийн тайланг ашиглан гүйцэтгэсэн гэх тайлбар ирсэн хэдий ч зөвхөн дээрх баримтын хүрээнд журамд заасан нарийвчилсан судалгааг хийх бодит боломжгүй болохыг тодорхой харж болно.

          Дээр дурдсан үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын уг шийдвэрийг эрх зүйн үндэслэлгүй акт гэж үзэх бүрэн боломжтой байна.

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус газрын 4 дүгээр хуралдаанаар Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоосон байдаг.

          Тус хуралдаанд Газрын дарга Т.А********, орон тооны гишүүн А.Ариунболд, орон тооны бус гишүүн Х.Амгаланбаатар, Ч.Нэргүй, Э.Хангай нар оролцсон.

          Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1*** дугаар тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус гишүүнийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсон.

-       Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга Б.Г******

-       Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Ч**-**

-       Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Э*********

-       Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.А***********

-       Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн, зохицуулалтын газрын дарга А.Н******

-       Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.А*******

          Гэтэл тус хуралдаанд Э.Х******* гэх томилогдоогүй гишүүн оролцсон нь тус хуралдааныг Засгийн газраас томилсон хууль ёсны бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

          Банкны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны танилцуулгаас үзэхэд судалгааг хариуцагч нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг зохих ёсоор хийгээгүй байна.

          Учир нь хариуцагчаас маргаан бүхий акттай холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Банкны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны танилцуулга-ыг ирүүлсэн бөгөөд уг танилцуулгаас үзэхэд Х***** ****  ХХК-ийг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэй эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд нийт харилцах, хадгаламжаас тооцон ЗЗЭХ-ийг 22.7-д Зээлийн хэмжээнээс тооцон ЗЗЭХ-ийг, 25-д нийт хөрөнгийн хэмжээгээр ЗЗЭХ-ийг гэж тус тус тогтоожээ.

          Энэхүү дээрх гурван үзүүлэлт нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа нэг бүрийн зах зээлд эзлэх үзүүлэлтийг илэрхийлэхгүй.

          Х***** ****  ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохдоо Монгол банкны тусгай зөвшөөрөлтэй эрхлэх банкны үйл ажиллагаа нь зах зээлд эзлэх хувь, зах зээлийн төвлөрөл болон зах зээлийн хүчийг тодорхойлохдоо Засгийн газрын 2010 оны 2** дугаар тогтоолд заасан аргачлалын дагуу тооцоолоогүй байна гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэ*****, Б.Ит***** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Х***** ****  ХХК-ийн хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутагт давамгай байдалтай гэж үзсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй байна.

          Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд илт хүчин төгөлдөр бус тооцуулах талаар нийт 9 заалт буюу нөхцөлийг хуульчилсан.

          Гэтэл эдгээр заалтуудын алинд нь ч Х***** ****  ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан зүйлс хамаарахгүй, энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч тодорхой зүйл дурдаагүй, нотлох баримт гаргаагүй байна.

          Харин нэхэмжлэлдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Х***** ****  ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Х***** Б******** Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь тус хуулийн утга агуулгын болон Х***** ****** санхүүгийн зах зээл дэх үйл ажиллагааны бодит нөхцөл байдлын хувьд ч манай банкинд хамаатуулан хэрэглэх нөхцөл биш.

          Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар давамгай байдалтайд тооцогдож буй аж ахуй эрхлэгч нь бусад аж ахуй эрхлэгчийн зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуул, зах зээлээс шахан гаргах чадвартай байх урьдач нөхцөлийг хангасан байх ёстой гэсэн тодорхой бус байдлаар эрх мэдлээ хэтрүүлсэн, эсхүл хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэсэн агуулгатай зүйлийг дурдсан тухайд:

          Өрсөлдөөний тухай хууль болон Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журамд аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтай эсэхийг тогтооходбанк, санхүүгийн салбар хамаарахгүй гэсэн зохицуулалт байхгүй.

          Түүнээс гадна аж ахуй эрхлэгчийг гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулж, зах зээлээс шахан гаргах чадвартай байх урьдач нөхцөлийг хангасан байх ёстой гэсэн шалгуур үзүүлэлт, эсвэл судалж тогтоох хууль зүйн шаардлага дээр дурдсан хууль болон журамд байдаггүй.

          Харин үүнтэй холбоотой хүчин зүйлийг зах зээлд эзлэх хувь, зах зээлийн төвлөрөл зэрэг аргуудаар тодорхойлдог болно.

          Өөрөөр хэлбэл тус Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа гэж үзэж байна... гэжээ.           

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан. Албан ёсны монопол давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дараах эс үйлдэхүйн үндэслэж судалгаа хийдэг байгаа. Үүнд Гааль, Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргасан мэдээлэл, өмнө нь хийсэн ажлын судалгаа дүгнэлт зэргийг зохих журмын дагуу бэлтгэсэн санал асуулгын баримт бичгүүдийг судалгааг үндэслэх ёстой байсан. Гэвч хариуцагч тал судалгааг хийхдээ эдгээр баримтуудыг үндэслээгүй. Энэ нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Х***** ****  ХХК-д хүргүүлсэн. 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/769 дүгээр албан бичгээр нотлогдож байгаа. Маргаан бүхий актын үндэслэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг үндэслэсэн. Энэ заалт Х***** ****  ХХК-д хэрэглэгдэхгүй үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно гэж заасан. Тэгэхээр Х***** ****  ХХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалж өөр ямар нэгэн банк арилжаанаас шахан гарсан үйл баримт байхгүй. Арилжааны банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу явагддаг. Энэ Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хамааралгүй гэж үзэж байна. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын судалгаа Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын дагуу бараа бүтээгдэхүүний хүрээг тогтоох, зах зээлийн хил хязгаарыг тогтоох, зах зээлийг төвлөрлийг тогтоох, зах зээлийн хүч гэсэн 4 мэдээллийг судалж үзсэний үндсэн дээр Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоох ёстой байсан... гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд Монгол банкны тусгай зөвшөөрөлтэй эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд гэж байгаа. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд Банк Монгол банкны 12 тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлнээ гэж заасан. Х***** ****  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байгаа. 8 төрлийн үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй эрхэлж байгаа. Мөнгөн хадгаламж, гадаад валют, зээл, төлбөр тооцоо зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг идэвхтэй хэрэгжүүлж байгаа ийм салбар байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хяналт шалгалтын хүрээнээс хэтрүүлэхгүй тохиолдолд банканд материал гаргуулах талаар хандах ёстой байсан боловч хандсан баримт нотлох баримтаар байхгүй байгаа. Тэгэхээр судалгаа харьцангуй хязгаарлагдмал явагдсан гэж үзэж байна. Мөн зах зээлийн төвлөрлийг тооцохгүй гэдэг асуудал дээр Г****** Б****** ХХК, Х***** хө****** б***** ХХК, Х*** б**** ХХК зэргийг бүгдийг нийт 78 хувь гэж үзсэн. Зах зээлийн төвлөрлийг тооцох гэдэг бол дээрх аж ахуйн эрхлэгч зах зээлийн 33 хувийг эзлэх зах зээлийн хүчтэй эсэхийг тодорхойлох шаардлагын дагуу зах зээлийн төвлөрлийг тодорхойлсон. Гэтэл Өрсөлдөөний тухай хуулиар гуравны нэг хувь хүрэхгүй гэдэг бол дүгнэлтээр Х***** ****  ХХК 25 хувь, Худалдаа хөгжлийн банк ХХК 25 хувь, гэж гаргасан байгаа. Тэгэхээр Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хэрэглэхийн тулд банкны зах зээлд гэж байгаа бол Х***** ****  ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй эрхэлж байгаа бүх үйл ажиллагааг нь судалж үзэх ёстой байсан. Зээлийн үйлчилгээ нь давамгай гэдгийг мөн адил тогтоох боломжтой байсан. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хэрэглэхийн тулд бусад аж ахуйн эрхлэгчдийн зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай байгаа. Энэ 2 шаардлагыг хангах ёстой. Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор Ж-1 гэдэг бол монополийн өмнө илүү зардал болж хэрэглэгддэг. Илүү зардал болон таваарын үнийг дүгнэлтдээ тодорхой тусгаж өгөөгүй байгаа. Мөн зах зээлд эзлэх хувь нийт активын хэмжээгээр Х***** ****  ХХК 25 хувь, Ху******* хө****** б**** ХХК 24 хувь, гэж байгаа. Судалгаа хийгдэж үр дүн нь буруу гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давамгай байдалтай болон монопол аж ахуйн эрхлэгчээр тогтоосноор үндсэн үйл ажиллагааны хажуугаар дайвар бүтээгдэхүүн тулгах, өөрийнхөө шийдвэрийг үг дуугүй тулгах, бусад өрсөлдөгч байгууллагууд гарч ирэх бололцоог нь хаан боогдуулах үйл ажиллагаа явуулахыг урьдчилан сэргийлэх зорилготой байгаа... гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мя******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийт активын хэмжээ болон хадгаламжийн хэмжээ гуравны нэг хувьд хүрээгүй боловч бараа бүтээгдэхүүн хувь, газар нутгийн хил хязгаар, төлбөрөөр авч үзсэн. Гэтэл 13 банкнаас 4 банканд нийт зах зээлийн 84 хувь нь байгаа. Тэгэхээр энэ 4 аж ахуй эрхлэгчийн гаргаж байгаа шийдвэр шууд иргэдэд, бусад байгууллагуудад нөлөөлөх эрсдэлтэй болж байгаа. Давамгай байдалтай тогтоогдсоноор Э***** ХХК-ийн гаргасан нэхэмжлэл ямар ч судалгаагүй, ойлгомжгүй мөн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Х***** ****  ХХК давамгай байдалтай аж ахуйн нэгж болсноор Х***** ****  ХХК-ийн гаргасан шийдвэр бол Монгол улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлчилнэ. Энэ гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн тохиолдолд 10 сая төгрөгийн торгууль багадна гэсэн үг. Ийм учраас давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоох шаардлагатай болж байгаа. Хуулиар давамгай байдалтай хуулийн этгээдийн нэгдэн нийлэх асуудал байгаа. Улсын статистикийн бүртгэлийн ерөнхий газраас компани хоорондоо нэгдэж байгаа асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраар хянуулдаг.

          Хуулиар өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлага албан тушаалтны ажиллахыг хориглоно гэж зохицуулж өгсөн. Давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоогдсоноор манай байгууллага хянах хязгаарлах боломж үүсч байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны аргачлалыг хэрэглэсэн. Тэгэхээр давамгай байгууллагаар тогтоосноор нэхэмжлэгчид учирах хор хохирол үүсэхгүй. Хууль зөрчсөн тохиолдолд торгууль төлөх хариуцлагыг нь хүлээлгэдэг байгаа гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Но********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчийг тогтоодог. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу давамгай байдлаар хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд хяналт тавьж давамгай байдалтай гэсэн дүгнэлт гаргасан.

          Монгол Улсад Х***** ****  ХХК-аар үйлчлүүлэхгүй хүн цөөхөн байдаг. Тэгэхээр бүх төрлийн санхүүтэй холбоотой үйлчилгээ Х***** ****  ХХК-аар дамждаг байгаа. Ийм учраас давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоох үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х***** ****  ХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /цаашид ШӨХТГ гэх/-ын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд Х***** ****  ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

ШӨХТГ нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот тогтоолыг гаргасан байна.Үүнийг тайлбарлавал:

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 15.1.6-д зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох бүрэн эрх хуулиар олгогдсон байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ гэж заажээ.

Мөн тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно гэж хуульчилсан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзлээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож болохоор заасан ба зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг заавал эзэлсэн байх ёстой гэсэн сонголтгүй, хатуу шалгуурыг хуульчлаагүй байна.

Мөн дээрх зохицуулалтаас үзэхэд бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай гэсэн урьдчилсан нөхцлийг хуульчилсан байх ба энэ нь аль нэг аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг бодитоор хаан боогдуулсан, зах зээлээс шахан гаргасан бодит үйл баримт, хохирол учирсан байхыг шаардахгүй юм.

Ийнхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувьд хүрээгүй аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохдоо:

         бараа бүтээгдэхүүний хүрээ

         зах зээлийн газар зүйн хил хязгаар

         зах зээлийн төвлөрөл

         зах зээлийн хүч зэргийг үндэслэн тогтоохоор хуульчилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ыг баталсан ба уг журамд мөн бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч гэсэн үе шатаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоохоор заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд банкны бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг судлан үзсэний үндсэн дээр давамгай байдалтай эсэхийг тогтоох асуудал нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуулиар олгогдсон өөрийнх нь эрх хэмжээний асуудал байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй.

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д М***** банкнаас тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх 12 төрлийн үйл ажиллагааг хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Х***** ****** зээл, хадгаламж зэрэг цөөхөн төрлийн үйл ажиллагааг судалсан атлаа Монгол банкнаас тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны зах зээлийг нийтэд нь хамруулан давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь буруу гэж тайлбарлаж байх хэдий ч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл биш юм.

Учир нь Х***** ****** нийт актив буюу нийт хөрөнгө болон харилцах хадгаламж, зээл зэрэг үзүүлэлтүүд тус бүрийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч гэсэн үе шатаар судлан үзсэний үндсэн дээр давамгай байдалтай гэж тогтоосон нь үндэслэлтэй байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан Банкны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа болон Банкны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны танилцуулга зэрэг судалгаа хийсэнтэй холбоотой баримтуудаар[1][1] нотлогдож байна.

Монгол Улсын банкны үйл ажиллагааны зах зээлд Х***** ****** нийт актив /хөрөнгө/-ын эзлэх хувийг бусад банкнуудын нийт активтай харьцуулан судалсны үндсэн дээр ХААН банкыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон учраас Мон*********** тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны тодорхой төрлүүдээр ангилан давамгай байдалтайгаар тогтоох шаардлагагүй тул Мон*********** тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд ХААН банк давамгай байдалтай гэж ерөнхий байдлаар тогтоосон гэсэн агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Манай улсын банкны үйл ажиллагааны зах зээлд Х***** ****** нийт активын эзлэх хувь бусад банкуудтай харьцуулахад харьцангуй өндөр болох нь энэ талаар хийсэн судалгааны хүснэгтээр[2][2] нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Х*** банкыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосны улмаас Э**** ХХК иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж Х***** банкыг хариуцагчаар татсан тул давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосны улмаас манай эрх зөрчигдөж байна гэсэн агуулгаар тайлбарлан маргаж, энэ талаархи нотлох баримтуудыг гаргаж өгч байна.

Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Х***** банкыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосноос шалтгаалж Э**** ХХК иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй ба тус Э**** ХХК нэхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна.

Мөн Э****** ХХК иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт нь бодит байдалд Монгол Улсын банкны зах зээлд Х***** банкыг давамгай байдалтай болохыг үгүйсгэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд Х***** ****  ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Х***** ****  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ