Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 1

 

Э.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00771/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  11 дүгээр сарын 13-ны өдрийн 1072 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Э.Н-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Б.О-т холбогдох

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Б.О-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, хариуцагч Б.О-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Э. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Э. нь 2012 онд Б.О-тай танилцаж, 2014 оны 03 дугаар сарын 14-нд гэр бүлээ батлуулсан. 2014 оны 02 дугаар сарын 20-нд охин О.Б- төрсөн. Б.О- нь хамт байх хугацаандаа архи уудаг, уухаараа агсам тавьдаг, гар хүрч, цохиж зоддог байсан. Ер нь өөрийнхөөрөө байлгах санаатай дарамталдаг, ээжид маань ч хүртэл гар хүрч байсан удаатай. Ингээд бид нар 2015 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна.

Иймд Б.О-тай цуг амьдрах боломжгүй тул цаашид гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авах хүсэлттэй байна гэжээ.

 Хариуцагч Б.О- нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Бидний хооронд таарамжгүй байдал үүсэж эхнэр Э. нь өөр залуутай харилцаа тогтоож охиндоо анхаарал халамж тавих нь муу болсон. Энэ байдлаасаа болж бид тусдаа амьдраад дөрвөн жил болж байна. Энэ цагаас хойш би охиноо өөрөө асарч өнөөг хүрсэн. Э. өөр хүнтэй хамтын амьдралтай болсон учраас охин хүүхдээ би эхэд нь өгөхийг, уулзуулахыг хүсдэггүй. Э. гэрлэлтээ цуцлуулах, охиноо асрамжиндаа авах нэхэмжлэл гаргасан байна. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин охин Б-г би өгөхгүй өөрийн асрамжиндаа авна. Хүүхэд маань дөрвөн жилийн турш надтай амьдарсан. Надад болон одоо амьдарч байгаа нөхцөлдөө ээнэгшин дассан. Тиймээс орчинг нь өөрчлөх бодолгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1072 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Манал овогт Эрдэнэбатын , Боржигон овогт Баттөрийн О- нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин О.Б-г эх Э.Н-ий асрамжинд үлдээж,

Гэрлэгчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаан байхгүй ба нэхэмжлэгч Э. нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Н-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.д олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв эргэлзээгүй, талаас нь үнэлж чадсангүй гэж би гомдож байна.

Би 2012 оноос 2014 оны хооронд Э.тэй гэр бүл болж хамт амьдарч үр хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд бид нялх хүүхэдтэй байсан ч би Э.Н-ийг сурч боловсрох нөхцөл бололцоогоор нь хангаж сургууль соёлд нь явуулж байсан. Нялх хүүхдээ би өөрийн ээжийн тусламжтайгаар харж асарч эхнэрээ суралцах боломжоор хангаж байх хугацаанд тэр гэр бүл үр хүүхдээ үл хайхарч өөр залуутай харьцаа тогтоосноос болж бидний хооронд таарамжгүй харьцаа үүсэж байсан. Э. нь эх хүний хувьд үр хүүхдээ бодохгүй өөр хүнтэй хамтын амьдрал зохиож нялх хүүхдээ хаяад явж байсан. Тэр цагаас хойш 4 жилийн хугацаанд охин О.Б-гээ би ээжийнхээ тусламжтайгаар асран халамжилж, эрүүл саруул өсгөн бойжуулж, цэцэрлэгт хүмүүжүүлж үр хүүхдийнхээ төлөө гэсэн эцэг хүний үүргээ чадлынхаа хирээр биелүүлж ирсэн. Охин маань ч аавдаа дасан хамт амьдардаг орчин гэртээ ээнэгшин дассан байсан.

Э.тэй хүүхдээ уулзуулахаар хулгайлж авч яваад цэцэрлэгт нь явуулахгүй аваад зугтдаг байсан учир би уулзуулдаггүй байсан. Э.Нандин- Эрдэнийн зүгээс ч илэрхий үл хүндэтгэсэн байдал надад гаргаад байдаг байсан учир би түүнийг хүүхэдтэйгээ уулзуулдаггүй байсан. Гэтэл шалтгаан нөхцөлийг шүүгч сонсохыг хүсээгүй.

Манай ахуйн нөхцөл, миний хөдөө ажилладаг байдал хүүхдийг надад өгөхгүй байх шалтгаан болохооргүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Э. охиноо асрамжиндаа авбал мөн адил ажилдаа өглөө эрт яваад оройтож ирнэ, охин маань түүний ээжийн асрамжинд л ихэнх цагаа /12-13 цаг/ өнгөрүүлнэ шүү дээ. Харин ч ээнэгшин дассан орчиндоо /аав, эмээ өвөөтэйгөө/ байвал охины маань цаашдын хүмүүжил, ааш зан төлөвшилд нь тустай байх гэж бодож байна.

Иймд би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүнд өөрчлөлт оруулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, хүүхдийн ээнэгшин дассан орчинг өөрчлөхгүйгээр охин О.Б-г миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Э. давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Хариуцагч Б.О-ын давж заалдах гомдолд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

            Бид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож чаддаггүй байснаас шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдсэн.

            Анхан шатны шүүх охин О.Б-г эхийн ажрамж үлдээхээр шийдвэрлэсэн. Охиныг маань хариуцагч Б.О-ын ээж өсгөн бойжуулан миний охин эмээгийн ачлал энэрлийг авч байсанд миний зүгээс үгүйсгэх зүйл байхгүй. Харин ч өөрийн асрамжид байлгаж асран халамжлах хүслээ байнга илэрхийлж ирсэн.

            Гомдолд дурдсанаар нэхэмжлэгчийг гэр бүл үр хүүхдээ үл хайхарч өөр залуутай харьцаа тогтоосноос болж бидний хооронд таарамжгүй харьцаа үүсэж байсан мэтээр худал мэдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж байна.

            Хариуцагч нь охинтойгоо байх хугацаандаа архи уудаг байсан нь хэрэгт авагдсан захиргааны зөрчил болон жолоодох эрхээ хасуулсан байхдаа эрхийн үнэмлэхгүй авто машин жолоодсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн газар танхайрсан зэрэг удаа дараа зөрчил гаргаж эрүүлжүүлэгдэж байсан.

            Мөн шүүгч шүүх хуралд дээр үг хэлэх боломжоор хангаагүй мэтгэлцэх боломж олгоогүйгээр загнасан гэх мэт огт худал бусдыг гүтгэсэн байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э. хариуцагч Б.О-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Нэхэмжлэгч  2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин О.Бэртэ-Үжинг өөрийн асрамжинд авах шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаж төрсөн цагаас хойш 4 жилийн хугацаанд охин О.Б-гээ би ээжийнхээ тусламжтайгаар асран халамжилж, эрүүл саруул өсгөн бойжуулж, цэцэрлэгт хүмүүжүүлж үр хүүхдийнхээ төлөө гэсэн эцэг хүний үүргээ чадлынхаа хирээр биелүүлж ирсэн. Охин маань ч аавдаа дасан хамт амьдардаг орчин гэртээ ээнэгшин дассан”  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Монгол улсын Үндсэн хуульд “ гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэхдээ тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ.

  Хамтран амьдрах боломжгүйгээс гэр бүлээ цуцлуулсан гэрлэгчдийн хувьд хууль тэдэнд хүүхдийг хаана хэнтэйгээ тогтмол хаягаар амьдрах хүүхдийг хүмүүжүүлэх, асрах, тэтгэх бусад асуудлаар харилцан зөвшилцөх  бололцоог олгодог бөгөөд ийнхүү тохиролцож чадаагүй бол Монгол улсын нэгдэн орсон “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийн 9 дүгээр зүйлд заасан “Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг ....эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гаргана гэсэнтэй нийцэж шүүхийн журмаар тогтооно. Хүүхдийг асрамжлах үүрэг нь эх эцгийн хэн алинд байх тул конвенцод оршин суух газрыг тогтооно гэж заасан иймд эх эцгийн хэн алин нь асрамжлах үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд талууд энэ талаар тохиролцож чадаагүй байна.

 Талуудын тайлбар хэргийн баримтаар охин Б- төрсөн цагаасаа хойш аав ээжийн асрамжинд байж сүүлийн 4 жил байнгын аав эмээтэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд энэ орчиндоо дассан байна.

 Хүүхэд 7 нас хүрээгүй тул түүний эцэг эхийн хэнтэйгээ хамт амьдрах талаар санал асуух нь хуульд харшилна.

  Анхан  шатны шүүх хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоохдоо хэрэгт авагдсан хүүхэд хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийг гол үндэслэл болгожээ.

 Мөн эцэг Б.О- ээлжийн ажилтай тул охиндоо байнга анхаарал тавьж чадахгүй байдал болон нас хүйсийн онцлог зэргийг харгалзан үзэж охиныг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 Харин шүүх хүүхэд хүмүүжлийн төвийн судалгааны дүгнэлтээр  хүүхэд аавтайгаа хамт амьдарч түүнд илүү дассан  байгаа байдлыг анхаараагүй бөгөөд шүүхийн шийдвэрт охиныг аавын асрамжаас өөрчлөх ямар нөхцөл шалтгаан байгаа болон ээжийн асрамжинд үлдээх давуу байдлыг тодорхой баримтад үндэслэж дүгнээгүй  байна.

 Хүүхэд хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт нь  шинжилгээнд хамрагдагчдыг судалгаа, тестээр дүгнэжээ. Шинжээчийн дээрх дүгнэлтэд  нэхэмжлэгч хариуцагчийн аль алинтай уулзалт ярилцлага зохион байгуулсан хорооны нийгмийн ажилтан, цэцэрлэгийн багш нар зохигчдын найз нөхөд хамаатан садан зэрэг хүмүүстэй уулзаж  шүүгчийн тавьсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадаагүй байна.  Сэтгэл зүйн оношилгооны үр дүнгээ тодорхой байдлаар энгийн үг хэллэгээр тайлбарласан дүгнэлт ирүүлээгүй байна.  Энэ дүгнэлтээр эх Н-ий талд зарим нэг давуу талууд үүссэн байх боловч эцэг Б.О-ын хувьд хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх сөрөг муу үр дагавар тухайлбал архины хамаарал зэрэг нөхцөл байдал  тогтоогдоогүй байна.

 Харин Э.Н-ийн хамтран амьдрагч Г.О- нь эцэг эх асран хамгаалагчийн үнэлэмжийг үнэлэх оношилгооны архины хамааралтайг тогтоох хөнгөвчилсөн тестээр хэтрүүлэн хэрэглэгч, эрсдэлт зан үйлээ хянаж сурах сэтгэл зүйн сургалтад хамаарах гэсэн дүгнэлт гарчээ.

 Мөн 4 зүйлээр зан төлөвийн хурцдал илэрсэн ба сэтгэл гутрал ажиглагдаагүй  архины хамааралтай гэсэн  дүгнэлт гарсан  байна.

 Энэ байдлуудаас үзэхэд охин Б-г өсөн торнихдоо дассан гэр орон цэцэрлэг, багш, найз нөхөд аав  эмээ зэргээс нь хүндэтгэн үзэх ноцтой шалтгаангүйгээр салгаж 4 жил гаруй хугацаанд хамт амьдраагүй ээнэгшиж дасаагүй ээж болон бусад хүмүүс  өөр шинэ  орчинд амьдруулахаар асрамжийг өөрчлөх боломжгүй гэж үзлээ.

 Харин хүүхэд 7-оос дээш настай болж өөрөө саналаа гаргах боломжтой болсон үед болон амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөх хүүхдийн эрх ашиг хөндөгдөх аюул, эрсдэл бий болох нөхцөлд хүүхдийн асрамжийг өөрчлөх талаар нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхтэй.

 Дээр дурдсанчлан хүүхэд эх эцгийн хайр халамж анхаарлыг тэгш хүртэж эрүүл аюулгүй тайван орчинд амьдрах,  сурах, боловсрох эрхтэй. Энэ талаар төр хүүхэд хамгааллын байгууллага анхаарах үүргийг хуульчилсан.

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралд гаргасан тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нь элдэв болзол шалтаг тавьж хүүхдийг эхтэй  нь уулзуулахгүй байгаа байдал нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж  түүний ээжтэйгээ  уулзах тодорхой хугацаагаар хамт амьдрах эхийн хайр халамжийг хүртэх жам ёсны эрхийг зөрчсөн үйлдэл байх тул энэхүү магадлалд охин Б-г ээжтэй нь хүссэн цаг хугацаанд уулзуулах хүүхдээ халамжлах асрах хүмүүжүүлэх эрүүл мэндийг нь хамгаалах зэрэг үүргээ биелүүлэх бололцоогоор хангахад саад болохгүй байх талаар заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 Ингэж хүүхэд эх эцгийн хэн алинтай нь ойр дотно харилцаж тодорхой хугацаагаар хамт амьдарч үзсэнээр хүүхэд өөрөө ая тухтай хайр, халамж анхаарал илүүтэй нөхцөлд ээж аавынхаа алинтай нь хамт амьдрахаа шийдвэрлэх боломжтой бөгөөд  үүнийг хангах нь хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалж байна гэж үзэх боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1072 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт

2 дугаар заалтыг

“Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин О.Б-г эх Э.Н-ий асрамжинд үлдээж” гэснийг, “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар нэхэмжлэгч Э.Н-ий 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Б-г өөрийн асрамжид авахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж

3 дугаар заалтыг

“Гэрлэгчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаан байхгүй ба нэхэмжлэгч Э. нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж” гэснийг, “Гэрлэгчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаан байхгүй болохыг дурдаж” гэж,

4 дүгээр заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Н-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.д олгож” гэснийг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Н-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.д олгож” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

6 дугаар заалтыг

“Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдэж” гэснийг, “Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож” гэж,

8 дугаар заалтыг

“Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдаж” гэснийг, “Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулыг даалгаж” гэж тус тус шийдвэрийн найруулгад өөрчлөлт оруулсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

        

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ