Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 135/2019/00771/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дүгээр баг, .. хороолол, .. байр .. тоотод оршин суух, Э.Н /регистрийн дугаар ......../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг, Мангирт .. хэсэг, .. гудамж, .. тоотод оршин суух, Б.О /регистрийн дугаар: ...../-т холбогдох

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч, хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Э.Н нь 2012 онд Б.О тай танилцаж, 2014 оны 03 дугаар сарын 14-нд гэр бүлээ батлуулсан. 2014 оны 02 дугаар сарын 20-нд охин О.Б төрсөн. Б.О нь хамт байх хугацаандаа архи уудаг, уухаараа агсам тавьдаг, гар хүрч, цохиж зоддог байсан. Ер нь өөрийнхөөрөө байлгах санаатай дарамталдаг, ээжид маань ч хүртэл гар хүрч байсан удаатай. Ингээд бид нар 2015 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна.

Иймд Б.О тай цуг амьдрах боломжгүй тул цаашид гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авна” гэв.

 

Хариуцагч Б.О нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бидний хооронд таарамжгүй байдал үүсэж эхнэр Э.Н нь өөр залуутай харилцаа тогтоож охиндоо анхаарал халамж тавих нь муу болсон. Энэ байдлаасаа болж бид тусдаа амьдраад дөрвөн жил болж байна. Энэ цагаас хойш би охиноо өөрөө асарч өнөөг хүрсэн. Э.Н өөр хүнтэй хамтын амьдралтай болсон учраас охин хүүхдээ би эхэд нь өгөхийг, уулзуулахыг хүсдэггүй. Н гэрлэлтээ цуцлуулах, охиноо асрамжиндаа авах нэхэмжлэл гаргасан байна. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин охин Б би өгөхгүй өөрийн асрамжиндаа авна. Хүүхэд маань дөрвөн жилийн турш надтай амьдарсан. Надад болон одоо амьдарч байгаа нөхцөлдөө ээнэгшин дассан. Тиймээс орчинг нь өөрчлөх бодолгүй байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Б.О т холбогдуулан “гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 Гэрлэгчид болох Э.Н, Б.О нар нь 2012 онд танилцаж, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин О.Б төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, тэдний хамтын амьдралын хугацаанд нөхөр Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн удаа дараа захиргааны зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байсан болох нь цагдаагийн газрын лавлагаагаар тогтоогдож байгаа ба гэрлэгчдийн хэн аль нь цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6-д зааснаар Б.О, Э.Н нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Н нь “...тусдаа амьдарч байх хугацаанд би удаа дараа охинтойгоо уулзъя гэхээр Б.О намайг уулзахыг зөвшөөрдөггүй, өөртэй нь унтахыг шаарддаг байсан. Би охиноо өөрөө өсгөх хүсэлтэй байгаа учир охиноо өөрийн асрамжид авна, тэтгэлэг нэхэмжлэхгүй...” гэсэн шаардлага үндэслэлийг шүүхэд гаргасан.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай захирамжаар “Э.Н, Б.О нарын дундаас төрсөн хүүхэд болох О.Б нь эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжоор хангагдаж чадаж байгаа эсэх, тэдний эцэг, эх хоёрын тус тусын амьдарч байгаа орчин, нөхцөл, зан байдал, ёс суртахуун нь хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сурч боловсроход болон хүүхэд амьдрахад таатай, ээлтэй орчин байгаа эсэхийг судалж дүгнэлт гаргуулахаар шинжээчээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг томилсон” болно.

 

Шинжээч Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдийн гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтэд:

Оношлогооны ерөнхий дүгнэлтэд:

1. “Эцэг эхийн чадамжийг үнэлэх” 8 оношилогооноос дүгнэхэд эх Э.Н 5 судалгаанд давуу байдал үүссэн нь эцгээс давуу талтай.

2. Эцэг эхийн хүүхдээ хандах хандлага, хүмүүжүүлэх арга барилыг тогтоох 3 судалгаагаар эх Э.Нзүгээс хүүхэддээ хандах хандлага 2 судалгаагаар давуу байдал үүссэн.

Үндсэн дүгнэлтэд : “...2. Тусдаа амьдарч байх 4 жилийн хугацаанд охин О.Б эцгийн хамт амьдарч ирсэн ба хариуцагч Б.О ын ээж С.Э гол төлөв харж ханддаг байсан. Охин дассан орчин юм.

3. Оношилогоогоор хариуцагч Б.О ын хувьд архидан согтуурах зан үйлийн эрсдэлтэй гарсан нь бага насны хүүхдийн хувьд асран хамгаалах, хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд сөрөг нөлөөтэй.

4. Нэхэмжлэгч Э.Н хувьд одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ба тусдаа байх хугацаанд охинтойгоо хааяа уулзаж байсан нь харилцааны хувьд холдсон....

...Иймд эцэг эхийн аль алины зүгээс охин О.Б байнгын харилцаатай байж асран халамжилж, хүмүүжил төлөвшилд тогтмол анхаарч, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйг дэмжиж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлнө гэж үзлээ” гэж дүгнэсэн байна. 

 

Нэхэмжлэгч Э.Н нь Голомт банкинд харилцагчийн үйлчилгээний ажилтан албан тушаалтай, сарын 950,000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг.

Хариуцагч Б.О нь ГМ ХХК-нд 1,700,000 төгрөгийн цалинтай, өрмийн мастерын ажил эрхэлдэг бөгөөд тэрээр “...14 хоног ажиллаж, 14 хоног амардаг ээлжийн ажил хийдэг. Ажилд явсан хугацаанд эмээ нь ажилтай учир охин О.Б эгчээрээ харуулдаг...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан.

Дээрхи шинжээчийн дүгнэлт, хариуцагч Б.О ын ээлжийн ажилтай учир охиндоо байнга анхаарал халамж тавьж чадахгүй байдал болон охин О.Б ийн нас, хүйсний онцлог зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Э.Н асрамжид охин О.Б үлдээх нь зүйтэй байна.

 

Гэрлэгчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаан байхгүй ба нэхэмжлэгч Э.Н нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эх Э.Н, эцэг Б.О нар нь хүүхэд болох О.Б хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Э.Н, Б.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

  

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин О.Б эх Э.Н асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаан байхгүй ба нэхэмжлэгч Э.Н нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Н-д олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ТУНГАЛАГМАА