Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/14

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                           Б.Сарантуяа

Шүүгдэгч                                                             *******

                                                                             *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                М.Энхтуяа

                                                                             З.Нямсүрэн        

Нарийн бичгийн дарга                                          Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* Ган-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд  1998 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын арын эгнээд оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй. /РД: *******/

******* овогт ******* Оюунболд, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Барган гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сараар хянан харгалзаж байсан.

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн, машин механизм буюу мотоцикл ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, “Ар ганга” гэх газраас иргэн П.Ганзоригийн өмчлөлийн 63 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж 8.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн, машин механизм буюу мотоцикл ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, “Ар ганга” гэх газраас иргэн П.Ганзоригийн өмчлөлийн 63 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж 8.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч ******* овогт ******* Ган-Эрдэнэ, ******* овогт ******* Оюунболд нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “SENKE SK150-2” маркийн улсын дугаартай мотоциклийн үнэ болох 600.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг хүнээс 300.000 гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот, шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч А.Мөнхбат нар давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, учруулсан хохирлоо шүүхийн шатнаас өмнө бүрэн төлж барагдуулан хохирогчийг гомдол саналгүй болгосон.

******* нь ам бүл 2, аав ******* хамт амьдардаг. Аав Баатардорж нь зүрхний хавхлагийн нарийсал оноштой эмчийн байнгын хяналтанд Оюунболдын асаргаанд байдаг.

Г.Ган-Эрдэнийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон хохирол төлбөрөө бүрэн төлж бусдад төлөх төлбөргүй болсон.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй маргадаггүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаар заасан байдаг.

Иймд хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч ******* би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, учруулсан хохирлоо шүүхийн шатнаас өмнө бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргадаггүй, хохирогч гомдол саналгүй болсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаар заасан байдаг.

Иймд хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “******* би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, учруулсан хохирлоо шүүхийн шатнаас өмнө бүрэн төлж барагдуулан хохирогчийг гомдол саналгүй болгосон. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул авсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.

******* би аав ******* хамт амьдардаг. Аав маань зүрхний хавхлагийн нарийсал оноштой эмчийн хяналтанд байдаг. Надаас өөр аавыг асарч хамгаалах хүн байхгүй учир би аавыгаа асардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо бүрэн төлж барагдуулсан.

Иймд хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч З.Нямсүрэн давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Харин зүйлчлэлийг тээврийн хэрэгсэл ашигласан гэж хүндрүүлэн үзэж яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ тус бүр 300.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Дээрх төлбөрийг ямар байгууллагын аль дансанд хийхийг мэдэж өгөөч гэж ар гэрийнхэн нь өмгөөлөгчөөс хүсч байгаа болно. Ар гэр нь дээрх мөнгийг төлж улсыг хохиролгүй болгоно.

*******ын хувьд Сэргэлэн сумын 1 дүгээр баг, Барчин гэх газар аавтайгаа хоёулаа амьдардаг, аав нь зүрхний хүнд өвчтэй, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн зүрхний тасагт хяналтанд байдаг, одоо уг тасагт хэвтэн эмчлүүлж байгаа болно. *******оос өөр аавыгаа харж хандах хүнгүй, амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай, ээж нь 2011 онд өвчний улмаас нас барсан.

******* нь аавтайгаа хоёулаа айлын мал харж амьдардаг, эхнэр, хүүхэдгүй. Эцэг Гансүх нь айлын мал харж амьжиргаагаа залгуулдаг, амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой, эх нь бага байхад нь аав дээр нь орхиод явсан байдаг.

...*******, ******* нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, *******ын аав зүрхний хүнд өвчтэй хяналтанд байгаа, Ган-Эрдэнийн аав мөн тэтгэвэрт, одоо ажилгүй байгаа, *******, ******* нараас өөр харж хандах хүн байхгүй байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Би аавтайгаа хоёулхнаа амьдардаг. Ээж маань 2011 онд нас барсан. Ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би аавтайгаа хамт амьдардаг. Ээж маань намайг бага байхад салж явсан. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Үнэхээр их гэмшиж байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч Оюунболд нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн нөхөн төлсөн, ам бүл хоёр. Аав нь зүрхний өвчтэй, байнгын бусдын асрамжинд байдаг. Энэ талаар баримтаа анхан шатны шүүхэд өгч амжаагүй байдаг. ...Ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж ялын доод хэмжээнээс доош татаж өгнө үү гэж хүсч байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч *******, ******* нар нь анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж буйгаа аль аль нь илэрхийлж байна. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. ...Мотоциклын үнэ 600 000 төгрөгийг төлөх талаар ар гэрийнхэнтэй нь ярилцсан. ...Оюунболдын хувьд ээж нь өвчний улмаас нас барсан. Эцэгтэйгээ хамт амьдардаг. Ган-Эрдэнийн хувьд ээж нь бага байхад нь ааваас нь салсан. Одоо аавтайгаа хамт амьдардаг. Иймд шүүгдэгч нарын ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсч байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сарантуяа гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Оюунболд, Ган-Эрдэнэ нар нь бүлэглэн 63 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар бүрэн тогтоогддог. Шүүхээс шүүгдэгч нарын гэм буруутайг нотолж хорих ял оногдуулсан. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй. Зүйлчлэлийг хөнгөрүүлэхгүйгээр ялыг багасгах нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ учир шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв.

ТОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, машин механизм буюу мотоцикл ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, “Ар ганга” гэх газраас иргэн П.Ганзоригийн өмчлөлийн 63 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж 8,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд манай том хүү болох Г.Анхжаргал над руу утсаар залгаад өчигдөр шөнө ... манай хашаатай хониноос нийт 60 гаруй тооны том, жижиг нийлсэн хонь, ямаа аваад явчихсан байна гэж хэлсэн. ... би тухайн явдлаас үүдэн охиноо очоод хонь, ямаагаа тоолоод ир гэхэд 63 тооны хонь, ямаа дутсан байсан. Надад учруулсан хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан тул надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 19-20, 22/ гэсэн,

гэрч Д.Хаянхярваагийн: “... манай сумын 3 дугаар багийн иргэн ******* гэх залуу нэг танихгүй хүнтэй манай худаг дээр мотоциклтой зогсож байсан би Ган-Эрдэнэд хандаж манай хашаанд хэний хонь хашаа вэ гэж асуухад энэ хонь Пөмбөө буюу Оюунболдын хонь, ямаа юмаа Пөмбөө удахгүй машинтай ирээд авна гэж хэлсэн бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш 3-4 цагийн дараа өдрийн 14 цагийн орчимд Пөмбөө буюу Оюунболд гэх залуу манай сумын 3 дугаар багийн иргэн А.Бямбацэрэн гэх ахын хамт цагаан өнгийн портер маркийн машинтай ирээд манай хашаанд байсан хониноос хонь, ямаа ачиж байгаа харагдсан. ******* нөгөө танихгүй гэх залуу хоёр манайхаас гарч очоод цуг ачилцаж байгаа харагдсан бөгөөд тухайн хүмүүс хонь, ямаагаа машинд ачиж дуусаад гэрийн хойгуур 40 орчим тооны үлдсэн хонь, ямааг нь машинтай туугаад явж байгаа харагдсан. ...” /хх 41/ гэсэн,

гэрч А.Бямбацэрэнгийн: “... Пөнбөө гэх залуу нь надад хандаж хэлэхдээ манай тасарсан хонь сумын 1 дүгээр багийн иргэн Долдой гэгч айлынд хашаатай байгаа та хонь авахгүй биздээ гэхээр нь би хэдэн хонь зарах гэсэн юм бэ? би худалдаж авъя гэж тохиролцсон.  ... маргааш нь Ган-Эрдэнэ, Пөмбөө нар манайд ирээд 12 тооны хонь, ямааны мөнгө болох нийт 940.000 төгрөгийг надаас авсан юм. ...” /хх 30-31/ гэсэн,

гэрч Д.Тэмүүжингийн: ”... Би алдсан хонио 2-3 хоног хайгаад олоогүй байж байтал манай урд байдаг Д.Батжаргал гэх хүн над руу утасдаад танай хонь ямаа юм шиг байна, зүүн урдаасаа 40 орчим тооны хонь ямаа гүйж ирсэн манай хашаанд байгаа ирээд аваарай гэж над руу хэлсэн би очоод тухайн хонь, ямаагаа харахад манай 40 тооны хонь, ямаа байсан. ...” /хх 35-37/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ болон тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүх мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн *******, ******* нарыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Оюунболдод 2 /хоёр/ жил 6 /зургаа/ шүүгдэгч *******д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* “... Би аав ******* хамт амьдардаг. Аав маань зүрхний хавхлагийн нарийсал оноштой эмчийн хяналтанд байдаг. Надаас өөр аавыг асарч хамгаалах хүн байхгүй учир би аавыгаа асардаг. ... Иймд хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх,

Шүүгдэгч ******* “...Би хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх,

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч А.Мөнхбат “... *******, ******* нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, *******ын аав зүрхний хүнд өвчтэй хяналтанд байгаа, Ган-Эрдэнийн аав мөн тэтгэвэрт, одоо ажилгүй байгаа, эд нараас өөр харж хандах хүн байхгүй зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байх тул шүүгдэгч нарын болон тэдний өмгөөлөгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24ий өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, ******* тэдний өмгөөлөгч А.Мөнхбат нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 54 /тавин дөрөв/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                     ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

                                                                                             Ж.ЛГОРМАА