| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/01521/И |
| Дугаар | 181/ШШ2024/02057 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/02057
| 2024 05 21 | 181/ШШ2024/02057 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... байрлах,В ХХК /Регистрийн дугаар:....йн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:.... байрлах, А ХХК /Регистрийн дугаар::::/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 189.063.483 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аз: нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь А ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 189.063.483 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч А ХХК манай байгууллагатай 2018 оноос хойш хамтран ажиллаж, энэ хугацаанд өөрийн Сансар сүлжээ дэлгүүрүүдэд бараа материал авч борлуулдаг байсан. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 148.504.447 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй гарсан боловч уг төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Манай байгууллагын зүгээс хариуцагчийг төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардаж, шаардлага тавьсан боловч удахгүй төлнө, өнөө маргаашгүй гэх зүйл ярьсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 148.504.474 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж өгнө үү.
Үүрэг гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгчийн зүгээс сүүлд тооцоо нийлсэн хугацаа буюу 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний хооронд төлөх ёстой байсан гэж үзэн 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу нийт 24 сарын хугацааны хүү болох 40.559.009 төгрөгөөр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй-д заасны дагуу нэхэмжилж байгаа бөгөөд хүүг нийтэд илэрхий баримт буюу Монгол банкны бодлогын хүүгээр бодож тооцоолсон. Иймд 189.063.483 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/24 тоот эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ. Үүнд: Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлага болох 40.559.009 төгрөгөөс татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн дүн болох 148.504.474 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч уг төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно. Хариуцагч 148.504.474 төгрөгийг талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш ажлын 1 хоногт багтаан төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В ХХК нь А ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 189.063.483 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 40.559.009 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 148.504.474 төгрөгийг эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш ажлын нэг хоногт багтаан төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулжээ.
Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.В ХХК-ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 40.559.009 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 148.504.474 /нэг зуун дөчин найман сая таван зуун дөрвөн мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөгийг эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш ажлын 1 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.261.219 /900.473+360.746/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 900.473 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
106.5 эвлэрэл батлах