Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 3

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00756/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж,  С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  11 дүгээр сарын 29-ний өдрийн 1113 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “Д-” ТӨХК-д холбогдох

"2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилд эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлж, цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгаланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Э- нь “Д-” ТӨХК-нд 1993 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажилд орж тасралтгүй нийт 27 жил ажилласан байна. “Д-” ТӨХК-ний салбар хэсэг болох шуурхай бригад гардаг Оньс нь Хөтөлд байдаг ба тус хэсгийн сахиулын ажил эрхэлдэг. Миний бие 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Үндсэн тэтгэвэртээ орох болоогүй ба 2020 оны 06 дугаар сарын 01-нд орох боломжтой. Цалин бага амьдрал ахуй хүрэлцээ муутай зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан 2018 оны 10 дугаар сарын 01-нд 53 насандаа Трактор, комбайны жолооч 12 жил хийсэн тул /хүнд нөхцөлөөр/ эрхийн дагуу тэтгэвэр тогтоолгосон юм. Тухайн үед захирал Б.Баясгаланд үнэн учраа хэлж, тэтгэвэр тогтоолгосны дараа дахин үргэлжлүүлэн ажиллахаар харилцан тохиролцож өмнө эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Гэтэл 2019 оны хавраас намайг ажлаас чөлөөлнө гэх яриа сонсогдож эхэлсэн. Миний бие алдаа дутагдал гаргаагүй, хууль зөрчөөгүй ажлаа хэвийн явуулж байхад ямар шалтгаанаар чөлөөлөх гээд байгааг би ойлгоогүй. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би захиралд ажлаа 2020 оны 09 дүгээр сар дуустал үргэлжлүүлэн хийе гэж бичгээр хүсэлт бичиж өгсөн боловч түүнийг харгалзан үзээгүй. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөтөлийн шуурхай хэсгийн дарга болох М- гэдэг залуугаар ямар ч тамга тэмдэггүй, 06 дугаар сарын 01-ээс үүрэгт ажлаа чөлөөлж өгөхийг шаардсан мэдэгдэл ирсэн. Түүнээс хойш 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халсан тушаал авч ирж өгсөн. Тус тушаалтай танилцахад Монгол улсын Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №01 дугаар хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн байсан. Гэтэл би тус байгууллагын Хөтөл шуурхай хэсгийн сахиул гэдэг орон тоо буюу байнгын ажлын байранд олон жил тасралтгүй ажиллаж ирсэн байхад хөлсөөр ажиллах хугацаатай гэрээ надтай байгуулж түүнийхээ хугацааг дууссан гэсэн шалтгаанаар иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж хохироож байгаад гомдолтой байна. Байгууллагын ерөнхий нягтлан О-, нягтлан С-, нарийн бичиг Н- нар намайг хурдан түргэн гар, ажлын байраа суллаж өг гэсэн шаардлага тавьсны дагуу би 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр арга буюу нүүсэн. Дараагийн сахиул болох Алдармаа гэдэг хүнд ажлаа хүлээлгэж өгсөн юм. Энэ байгууллагад 27 жил тасралтгүй ажиллах хугацаандаа ганц ч алдаа гаргаж үзээгүй. Мөн ажлын хамт олонтойгоо эвтэй, найртай, залуу замч болон шинэ ажилд орсон нэгэндээ зөвлөгөө өгч сайхан ажиллаж байсан. Би үргэлжлүүлэн ажлаа хийж тэтгэвэртээ /1,5%-р/ нэмэгдүүлэх хүсэлтэй байсан.

Миний бие ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байх тул 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 66 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Э- намайг урьд эрхэлж байсан Хөтөл шуурхай хэсгийн сахиулын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж иргэн миний Үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д-” ТӨХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“Д-” ТӨХК-ий Хөтөлийн шуурхай хэсгийн сахиул ажилтай байсан Д.Э- нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл гаргаж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын 121 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Д.Э-ын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өргөдөл, улирлын онцлогийг харгалзан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлээр Хөлсөөр ажиллуулах 6 сарын гэрээ байгуулан ажиллуулсан болно. Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын 66 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд Д.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөтөлийн шуурхай хэсгийн ажлын байранд 2017 оны 10 дугаар сард нам даралтын уурын зуух байрлуулсан. Сахиул нь үүнийг галлаж объектыг халаах байсан боловч тухайн үед халааж чадалгүй халаалтын системийг хөлдөөснөөс ажиллагаагүй болж, шуурхай хэсгийн ажилчдыг Хөтлийн шуурхай хэсгийн байранд байрлуулах боломжгүй болсон. Ингэснээр 2017, 2018 онуудын өвөл Хөтлийн шуурхай хэсэгт томилогдсон ажилчдыг шуурхай хэсгийн байранд байрлуулж чадаагүй өвөлжсөн. ЗТХЯ-ы Авто замын өвөлжилтийн бэлтгэл байдлыг шалгах ажлын хэсэг нь шуурхай хэсгийн ажилчдыг тухайн шуурхай хэсгийн байранд байнга байрлан ажиллах ёстой гэсэн шаардлагыг тавьсан.

Д.Э-аас цаашид жил болгон Хөтлийн шуурхай хэсгийн ажилчид байнга шуурхайн байранд байх ёстой. Нам даралтын зуухыг нь галлаж чадах уу? гэж асуухад Д.Э- чадахгүй гэсэн хариулт өгсөн.

Манай байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэгдээгүй бөгөөд Хөтлийн шуурхай хэсгийн сахиул нь хариуцсан объектыг халаалтын хугацаанд /2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд/ тогтмол галлан, дулааны асуудлыг хариуцан ажилладаг болсон.

2019 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хөтөлийн шуурхай хэсгийн байранд барилга, сантехникийн засвар хийж 30 гаруй сая төгрөгөөр нам даралтын уурын зуухыг дахин шинэчлэн дулаанаар хангасан бөгөөд одоогийн байдлаар Хөтөлийн шуурхай хэсгийн сахиул нь хариуцан ажиллаж байна.

Хөтөлийн шуурхай хэсгийн байрны сахиул нь ажлын байрны тодорхойлолтын дагуу халаалтын горимыг тогтмол барьж ажиллуулах үүрэгтэй бөгөөд энэхүү горим алдагдсанаас гарсан хохирлыг бүрэн хариуцан ажиллах болно.

Иймд ажлын онцлогоос хамаарч Д.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  11 дүгээр сарын 29-ны өдрийн 1113 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын хариуцагч “Д-” ТӨХК-нд холбогдуулан гаргасан тус байгууллагын захирлын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлж, цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүхэлдээ хангаагүй.

НЭГ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй буюу 2018.11.01-ний өдрийн 141 дугаартай “Хөлсөөр ажиллуулах ажилд томилох тухай” тушаалтай холбоотойгоор дараах ач холбогдолгүй тайлбар /дүгнэлт/ хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ойлгомжгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг нотлох баримтанд үндэслэн, хууль, тогтоомжийн заалтыг баримтлан шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын гаргасан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг шүүх хянаж, хэргийн оролцогчид тус тушаалын хууль зүйн үндэслэл дээр мэтгэлцэх зарчмаар хэрэг маргаан шийдвэрлэгдэх учиртай. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Д-” ТӨХК-ний захирлын 2018.11.01-ний өдрийн 141 дугаартай “Хөлсөөр ажиллуулах ажилд томилох тухай” тушаал, 2019.01.02-ны өдрийн №01 тоот хөлсөөр ажиллах гэрээний хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар болон хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхгүй гэдэг тайлбараар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь огт ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй юм.

ХОЕР. ...Нэхэмжлэгчийн ажиллаж байсан сахиулын ажлын байр нь байнгын ажлын байр байгаа тохиолдолд ажил олгогч, ажилтан нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдах учиртай бөгөөд Хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад ИХ-ын 364 дүгээр зүйлийг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

ГУРАВ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй тухай.

1.         Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа буюу шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлаж буй дээрх хуулийн заалт, тайлбар нь ямар учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй байгаа тухай огт дүгнэлт хийгээгүй.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх заалтыг мөн хэрэглэх учиртай. Учир нь хуулийн дээрх заалтаар өндөр насны тэтгэвэрт гарсан хүний хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулж өгсөн байна. Өндөр насны тэтгэвэрт гарсан хүний хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар нэгэн адил зохицуулагдах бөгөөд өндөр насны тэтгэвэр гарсан гэдэг үндэслэлээр байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах хугацаатай гэрээ байгуулж улмаар хууль бусаар ажлаас халах үндэслэл болохгүй.

Иймд шүүх давж заалдах гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Өөрийн биеэр өндөр насны тэтгэвэрт гарах өргөдлөө өгч улмаар ажлаас чөлөөлөгдөн тэтгэвэрт гарсан Д.Э- нь банкны зээлтэй зээлээ төлж дуустал ажиллах хүсэлт мөн амьдрах байр байхгүй учраас дулааны улирал хүртэл буюу 2019 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллах хүсэлтүүдийг өгсөн бөгөөд байгууллага хүсэлтийг нь хүлээн авч харилцан тохиролцсоны улмаас хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан ба гэрээний хугацаа дуусаж ажлаас чөлөөлсөн.

Иргэн Д.Э-ыг манай байгууллага цаашид ажиллуулах боломжгүй үндэслэлүүдийг дурдвал:

1. Д.Э- нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн тэтгэвэр тогтоолгосон.

2. Сахиул нь хариуцсан ажлын байрандаа амьдардаг байсан бөгөөд Д.Э- нь тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдөх үед хүйтний улирал байсан тул шууд ажлаас чөлөөлөөд байрнаас гаргахад хүндрэлтэй гэж хүндэтгэн үзэж хавар хүртэл ажиллуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ дуусаад ажлаас чөлөөлсөн.

3. Хөтлийн шуурхай хэсгийн байранд 2019 онд шинээр нам даралтын уурын зуух байрлуулан угсарсан бөгөөд сахиул нь тухайн хариуцсан ажлын байр болон автомашины гражийг нам даралтын уурын зуухаар хүйтний улирал /11-р сарын 01-ний өдрөөс дараа оны 04-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаа/- д галлан халаах үүрэгтэй. Халаалтын ажиллагаа нь гар ажиллагаатай ба өдөрт 70-100 кг түүхий нүүрсийг 20 орчим кг-аар шуудайлан савлаж, тээвэрлэн 3-4 удаа галладаг. Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ МЫ8 5080:2001 стандартад хөдөлмөрийн насны эмэгтэй гараар өргөж зөөх ачааны зөвшөөрөх хэмжээ 10 кг /7-р хүснэгт/ гэж заасан байдаг. Өндөр насны тэтгэвэрт гарсан хүнийг ажлын онцлогоос хамаарч ажиллуулах боломжгүй болсон.

4. Д.Э- нь 2018 онд ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гарган удаа дараа хөдөлмөрийн сахилгын шийтгэл авч байсан.

5. 2017 онд Хөтлийн шуурхай хэсгийн байранд нам даралтын уурын зуух байрлуулан угсарсан. Сахиул нь үүнийг галлаж объектыг галлах байсан боловч тухайн үед халааж чадалгүй халаалтын системийг хөлдөөснөөс ажиллагаагүй болсон. 2019 онд 30 гаруй сая төгрөгөөр дахин шинэчлэн одоо тогтмол галлан хэвийн дулаанаар хангаж ажиллаж байгаа.

Хөтлийн шуурхай хэсгийн сахиул нь ажлын байрны тодорхойлолтын дагуу халаалтын горимыг тогтмол барьж ажиллуулах үүрэгтэй бөгөөд энэхүү горим алдагдсанаас гарсан хохирлыг бүрэн хариуцан ажиллах болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээрх шалтгааныг үндэслэн Д.Э-ын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Д.Э- нь хариуцагч “Дархан авто замын засвар арчлалт” ТӨХК-д холбогдуулан тус байгууллагын захирлын 2019 оны  06  дугаар сарын 17-ны өдрийн 66 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлж, цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч үл зөвшөөрөн маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол  гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд Хөдөлмөрийн тухай хууль болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь “Дархан авто замын засвар арчлалт” ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулаар ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр  сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл гаргаснаар  түүнийг мөн оны 10 дугаар сарын 1-ний өдөр ажлаас нь чөлөөлжээ.

2018 оны 10 сарын 11-ний өдөр түүнийг буцаан уг ажлын байранд авч ажиллуулахдаа  ажил олгогч  хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна.

Уг гэрээний хугацаа дуусахад ажил олгогч Иргэний хуулийн  359 буюу хөлсөөр ажиллах гэрээний холбогдох заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байна .

Дээрх үйл баримтыг талууд маргаагүй.

Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу Д.Э-ыг өмнө эрхэлж байсан ажилд авч ажиллуулах нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

            Ийнхүү ажиллуулахдаа ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй.

Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн ажлын байр нь байнгын ажлын байр болох нь хэрэгт авагдсан  ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хариуцагч байгууллагын бүтэц, орон тооны схем зэргээр тогтоогдож байгаа бөгөөд байнгын ажлын байр биш талаар хариуцагч баримтаар мэтгэлцээгүй байна.

Монгол улсын иргэний хөдөлмөрлөх эрхийг Үндсэн хуулиар тунхаглаж Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж өгсөн бөгөөд энэ эрхийг хангах нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг болно.

Тэтгэвэрт гарсан үндэслэлээр буцаан ажилд авч ажиллуулахдаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно, 112.1-д тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно гэж заасныг зөрчиж байна.

Ажил олгогч хариу тайлбартаа ажилтан Д.Э-ын ажлын чадвар, сахилга  хариуцлага, ажлын доголдол дутагдал гаргасан тухай тайлбарлаж байгаа үндэслэл нь бодитой байхыг үгүйсгэхгүй ч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээр дурдсан үндэслэлээрээ цуцлаагүй тохиолдолд хариуцагчийн энэ талаар гаргасан нотлох баримт нь маргааны зүйлд хамааралгүй болох тул шүүх үнэлэх шаардлагагүй болно.

Харин анхан шатны шүүх  ажил ологч Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байхад хэрэгт авагдсан Хөлсөөр ажиллах гэрээнд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шүүхэд мэдүүлэх эрхийг хангаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцааг ажил олгогч хөлсөөр ажиллах гэрээний харилцаагаар  сольж ажилтныг Иргэний хуулийн  дагуу байгуулсан хөлсөөр ажиллах  гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хөдөлмөрийн  харилцааг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна гэсэн Иргэний хуулийн 369 дүгээр  заалт, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1, 112.1 дэх заалтыг зөрчиж иргэний хөдөлмөрлөх , Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх хөнгөлөлт эдлэх улмаар тус хуульд заасан  үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх,  эсрэг тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхээ  хэрэгжүүлэх  боломжийг  хаажээ.

Шүүх энэ талаар гаргасан ажилтны  гомдлыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцүүлэн үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ. 

Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  ажил олгогчийн хууль бус тушаалыг хүчингүй болгож , ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх 2.370.450 төгрөгийн нөхөн олговрыг ажил олгогчоос  гаргуулан  нэхэмжлэгчид олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр сарын 29-ны өдрийн 1113 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын хариуцагч “Д-” ТӨХК-нд холбогдуулан гаргасан тус байгууллагын захирлын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлж, цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэснийг

            “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын хариуцагч “Д-” ТӨХК-нд холбогдуулан гаргасан тус байгууллагын захирлын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилтныг урьд эрхэлж байсан ““Д-” ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиул”-ийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх 2.370.450 төгрөгийн нөхөн олговрыг ажил олгогчоос  гаргуулан  нэхэмжлэгч Д.Э-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг ажил олгогч “Д-” ТӨХК-д даалгасугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                       ШҮҮГЧИД                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                               О.НАРАНГЭРЭЛ