Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1113

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, .. дугаар баг, Гавшгай овоотын задгай гудамж .. тоотод оршин суух Д.Э /утас ......./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр багт байрлах “ДАЗЗА” ТӨХК-нд холбогдох

 

"2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилд эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлж, цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Д.Энь ДАЗЗА ТӨХК-нд 1993 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажилд орж тасралтгүй нийт 27 жил ажилласан байна. ДАЗЗА ТӨХК-ний салбар хэсэг болох шуурхай бригад гардаг Оньс нь Хөтөлд байдаг ба тус хэсгийн сахиулын ажил эрхэлдэг. Миний бие 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Үндсэн тэтгэвэртээ орох болоогүй ба 2020 оны 06 дугаар сарын 01-нд орох боломжтой. Цалин бага амьдрал ахуй хүрэлцээ муутай зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан 2018 оны 10 дугаар сарын 01-нд 53 насандаа Трактор, комбайны жолооч 12 жил хийсэн тул /хүнд нөхцөлөөр/ эрхийн дагуу тэтгэвэр тогтоолгосон юм. Тухайн үед захирал Б.Б үнэн учраа хэлж, тэтгэвэр тогтоолгосны дараа дахин үргэлжлүүлэн ажиллахаар харилцан тохиролцож өмнө эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Гэтэл 2019 оны хавраас намайг ажлаас чөлөөлнө гэх яриа сонсогдож эхэлсэн. Миний бие алдаа дутагдал гаргаагүй, хууль зөрчөөгүй ажлаа хэвийн явуулж байхад ямар шалтгаанаар чөлөөлөх гээд байгааг би ойлгоогүй. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би захиралд ажлаа 2020 оны 09 дүгээр сар дуустал үргэлжлүүлэн хийе гэж бичгээр хүсэлт бичиж өгсөн боловч түүнийг харгалзан үзээгүй. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ХШХ дарга болох М гэдэг залуугаар ямар ч тамга тэмдэггүй, 06 дугаар сарын 01-нээс үүрэгт ажлаа чөлөөлж өгөхийг шаардсан мэдэгдэл ирсэн. Түүнээс хойш 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халсан тушаал авч ирж өгсөн. Тус тушаалтай танилцахад Монгол улсын Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ... дугаар хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн байсан. Гэтэл би тус байгууллагын Хөтөл шуурхай хэсгийн сахиул гэдэг орон тоо буюу байнгын ажлын байранд олон жил тасралтгүй ажиллаж ирсэн байхад хөлсөөр ажиллах хугацаатай гэрээ надтай байгуулж түүнийхээ хугацааг дууссан гэсэн шалтгаанаар иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж хохироож байгаад гомдолтой байна. Байгууллагын ерөнхий нягтлан О нягтлан С, нарийн бичиг Н нар намайг хурдан түргэн гар, ажлын байраа суллаж өг гэсэн шаардлага тавьсны дагуу би 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр арга буюу нүүсэн. Дараагийн сахиул болох А гэдэг хүнд ажлаа хүлээлгэж өгсөн юм. Энэ байгууллагад 27 жил тасралтгүй ажиллах хугацаандаа ганц ч алдаа гаргаж үзээгүй. Мөн ажлын хамт олонтойгоо эвтэй, найртай, залуу замч болон шинэ ажилд орсон нэгэндээ зөвлөгөө өгч сайхан ажиллаж байсан. Би үргэлжлүүлэн ажлаа хийж тэтгэвэртээ /1,5%-р/ нэмэгдүүлэх хүсэлтэй байсан.

Миний бие ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байх тул 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Э намайг урьд эрхэлж байсан Хөтөл шуурхай хэсгийн сахиулын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж иргэн миний Үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрхийг минь сэргээж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ДАЗЗА ТӨХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“ДАЗЗА ТӨХК-ий ХШХ сахиул ажилтай байсан Д.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл гаргаж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын ....тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Д.Э2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өргөдөл, улирлын онцлогийг харгалзан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлээр Хөлсөөр ажиллуулах 6 сарын гэрээ байгуулан ажиллуулсан болно. Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын ... тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд Д.Энэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус компанийн ХШХ сахиулаар ажиллаж байсан Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн биеэр өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл өгч ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. ХШХ ажлын байранд 2017 оны 10 дугаар сард нам даралтын уурын зуух байрлуулсан. Сахиул нь үүнийг галлаж объектыг халаах байсан боловч тухайн үед халааж чадалгүй халаалтын системыг хөлдөөснөөс ажиллагаагүй болж, шуурхай хэсгийн ажилчдыг Хөтлийн шуурхай хэсгийн байранд байрлуулах боломжгүй болсон. Ингэснээр 2017, 2018 онуудын өвөл Хөтөлийн шуурхай хэсэгт томилогдсон ажилчдыг шуурхай хэсгийн байранд байрлуулж чадаагүй өвөлжсөн. ЗТХЯ-ы Авто замын өвөлжилтийн бэлтгэл байдлыг шалгах ажлын хэсэг нь шуурхай хэсгийн ажилчдыг тухайн шуурхай хэсгийн байранд байнга байрлан ажиллах ёстой гэсэн шаардлагыг тавьсан.

Д.Э цаашид жил болгон ХШХ ажилчид байнга шуурхайн байранд байх ёстой. Нам даралтын зуухыг нь галлаж чадах уу? гэж асуухад Д.Эч адахгүй гэсэн хариулт өгсөн.

Манай байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэгдээгүй бөгөөд ХШХ сахиул нь хариуцсан объектыг халаалтын хугацаанд /2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд/ тогтмол галлан, дулааны асуудлыг хариуцан ажилладаг болсон.

2019 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ХШХ байранд барилга, сантехникийн засвар хийж 30 гаруй сая төгрөгөөр нам даралтын уурын зуухыг дахин шинэчлэн дулаанаар хангасан бөгөөд одоогийн байдлаар ХШХ сахиул нь хариуцан ажиллаж байна.

ХШХ байрны сахиул нь ажлын байрны тодорхойлолтын дагуу халаалтын горимыг тогтмол барьж ажиллуулах үүрэгтэй бөгөөд энэхүү горим алдагдсанаас гарсан хохирлыг бүрэн хариуцан ажиллах болно.

Иймд ажлын онцлогоос хамаарч Д.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч ДАЗЗА ТӨХК-нд холбогдуулан тус байгууллагын захирлын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлж, цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

         Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Д.Э авч ажиллуулсан ХШХ сахиулын ажил нь байнгын ажлын байр юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан боловч ажил олгогч нь дээрх хуульд заасныг зөрчиж Д.Э хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан нь буруу юм. Д.Э хувьд тус байгууллагадаа цаашид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Мөн түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлд заасныг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй... Иймд Д.Э тус компаний ХШХ сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны цалин 1,925,000 төгрөг гаргуулан, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч тал дээрх захирлын тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

ДАЗЗА ТӨХК-ний захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ....дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар “...Тус компаний ХШХ сахиул Д.Э нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж...” шийдвэрлэсэн байна. /хх-28/

Нэхэмжлэгч Д.Энь ДАЗЗА ТӨХК-ний захиргаа болон захиралд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан өргөдөлдөө “ Миний бие Д.Э нь энэ байгууллагад 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс өдий хүртэл 23 жил тасралтгүй ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 01-нээс хүнд нөхцлөөр тэтгэвэрт гаргах болсон тул намайг ажлаас түр чөлөөлж туслана уу. Би 2019 оны 05 дугаар сарыг дуустал цалингийн зээлтэй байгаа тул 2019 оны 06 дугаар сарын 01-ыг хүртэл ажиллах хүсэлтэй байна”/хх-75/

Мөн 2018 оны 10 сарын 11-ны өдөр гаргасан өргөдөлдөө”Миний бие Д.Э нь тус байгууллагад 23-н жил тасралтгүй ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 01-нд хүнд нөхцлөөр тэтгэвэрт орж байгаа тул 10 сарын 01-нд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг эргүүлэн сэргээж ажилд орсон тушаал болгож туслана уу. Би 2019 оны 06 дугаар сард банкны зээл дуусаж байгаа учир 2019 оны 07 дугаар сард ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтэй байна” /хх-29/

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдөлдөө “Миний бие Д.Э нь  ...өрх толгойлсон эмэгтэй. Тус байгууллагад 1995 оноос өдий хүртэл ажиллаж байгаа. Миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 01-нд хүнд нөхцлөөр тэтгэвэрт 53 насандаа орсон боловч Хөдөлмөрийн хуулийнхаа дагуу 2 хоёр хүүхэдтэй эмэгтэй 55-н насандаа үндсэн тэтгэвэрт орох ёстой юм байна. Хуулийнхаа дагуу тэтгэвэртээ орчихоод ажлаа хийж байгаа хүн 1 жил болоод 1,5 хувиар тэтгэвэр дээрээ тэтгэвэрээ нэмж бодуулдаг юм байна. Би тэр эрхээ ч эдлэх хүсэлтэй байна. Үндсэндээ намайг 2019 оны 09 дүгээр сарыг дуустал ажиллуулж өгнө үү” /хх-57/ гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргаж байсан байна.

         ДАЗЗА ТӨХК-ний захирлын  2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 141 дугаартай “Хөлсөөр ажиллуулах ажилд томилох тухай” тушаалаар “...Д.Э ыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ХШХ сахиулаар томилон ажиллуулахаар...” шийдвэрлэж, талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд Д.ЭХШХ сахиулын ажил үүргийг хийж гүйцэтгүүлэхээр Хөлсөөр ажиллуулах гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан байна. /хх-30-31/

          ДАЗЗА ТӨХК-ний захирлын  2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар “Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-т заасныг үндэслэн тус компаний ХШХ сахиулын ажилтай Д.Э тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №01 тоот хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр...” шийдвэрлэжээ. /хх-33/

            Дээрх үйл баримтуудаас үзэхэд хариуцагч ДАЗЗА ТӨХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасны дагуу Д.Э тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчийн санаачилгаар түүнийг ажлаас чөлөөлсөн байна.

         Нэхэмжлэгч Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарсан болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын тасгийн тодорхойлолт болон бусад баримтаар тогтоогдож байна.

         Нэхэмжлэгч Д.Э нь цалингийн зээлтэй гэх шалтгаанаар тэтгэвэрт гарснаас хойш хугацаанд  түр хугацаагаар ажилд орох тухай хүсэлт  гаргасныг хариуцагч байгууллага хүлээн авсан ба Д.ЭХШХ сахиулын ажилд хөлсөөр авч ажиллуулахаар ДАЗЗА ТӨХК-ний захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 141 дугаартай тушаал гарч, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээг 5 сарын хугацаатайгаар байгуулсан бөгөөд Д.Эбайгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 06 сарын 07-ны өдрийн ... дугаартай тушаал гарчээ.

         Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Э авч ажиллуулсан ХШХ сахиулын ажил нь байнгын ажлын байр юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан боловч ажил олгогч нь дээрх хуульд заасныг зөрчиж Д.Эхөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан нь буруу юм. Д.Эхувьд тус байгууллагадаа цаашид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Мөн түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлд заасныг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй..” гэж тайлбарлаж байх боловч шүүх нэхэмжлэгч Д.Эажилд орсон буюу ДАЗЗА ТӨХК-ний захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 141 дугаартай “Хөлсөөр ажиллуулах ажилд томилох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар болон талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .. тоот хөлсөөр ажиллах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхгүй болно.

         Иймд ДАЗЗА ТӨХК-ний захирлын  2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгч Д.Э хөдөлмөрлөх эрхийг хохироосон, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Э гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э хариуцагч ДАЗЗА ТӨХК-нд холбогдуулан гаргасан тус байгууллагын захирлын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлж, цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Э улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.ТУНГАЛАГМАА