Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 119/2017/0015/з |
Дугаар | 239 |
Огноо | 2018-05-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 239
О.М-ын нэхэмжлэлтэй,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн
иргэдийн Нийтийн Хурлын дарга,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.Мод холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0146 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нар.
Гуравдагч этгээд А.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.М-ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг дарга нарт тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.Мод холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0146 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дүгээр тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.Мод холбогдох хэсэг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжийн А.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Гуравдагч этгээд А.Б гомдолдоо: ... Тус багт харьяалалгүй 9 иргэн санал өгсөн гэх асуудлыг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Засаг даргыг сонгох сонгуульд ялангуяа 305 хүнээс үлдэж 226 хүн санал өгсөн иргэд дотор эдгээр 9 хүн санал өгсөн эсэх нотлоогүй байхад түүнийг өгсөн гэх дүгнэлтийг хийж миний саналаас шууд хасч шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Үлдсэн 226 хүн дотор байсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Эдгээр 9 хүнээс санал өгсөн эсэхийг гэрчээр асуугаагүй байж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй
4. Миний бие 8 хүний саналын зөрүүтэй ялсан. Зөрүүтэй санал өгсөн 8 иргэн дотор дээрх 9 хүн байгаа эсэх, санал өгөхөөр хуралдаанд ирсэн атлаа санал өгөлгүй явсан 79 хүн дотор байгаа эсэхийг шүүх дүгнэлт хийлгүй “оролцсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эдгээр 9 хүн надад санал өгсөн 113 хүн дотор байгаа эсэх нь нотлогдоогүй байхад сонгуульд нөлөөлсөн гэж үзэх нь үндэслэлгүй.
5. Харьяалалгүй иргэн Засаг даргын сонгуульд санал өгсөн, ялангуяа миний төлөө өгсөн 113 хүний саналд 9 нь өөр харьяалалтай байсан мэт нотлогдож байна гэж дүгнэж санал өгсөн иргэдийн санал руу бүдүүлгээр халдсан шийдвэр магадлал гаргасан гэж үзэж байна. Эдгээр 9 хүний 2 нь жирийн иргэд 7 нь нэр дэвшсэн О.М-ыг дэмжсэн Ш.Мөнхболд, Алтантуяа, Б.Ганхавх, Г.Жавхлан, Г.Баттулга Х.Оюун-Эрдэнэ нар нь миний төлөө санал өгсөн байна гэж дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд хэлсэн боловч энэ байдлыг нягталж үзээгүй байж миний эрх ашгийг хохироох шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдлыг анхаарсангүй гэж үзэж байна.
6. Эдгээр хүмүүс хуучин хаягаар буюу иргэний үнэмлэх дээрх хаягтай байдаггүйг сонгууль явуулах үед мэдэх боломжгүй. Дээрх хүмүүс өөр харьяалалтайг сонгуулийн хурлын дэгийн дагуу мэдэх боломжгүй байсан байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Иргэний үнэмлэх дээр эдгээр хүмүүсийн хаяг тус багийнх гэж бичээстэй байгаа байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
7. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжүүдийн удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг шүүх буруу хэрэглэж намайг 50.0 хувийн санал авсан гэж дүгнэсэн. “Санал өгөөгүй хүний санал”-ыг санал өгсөн хүний тоотой харьцуулан хувь тогтоох нь хууль зөрчдөг. Учир нь дээрх хүчингүй саналын 4 нь надад санал өгсөн байсан ба үүнийг нь хүчингүй гэж үзэж “санал өгөөгүйд тухайн үед тооцсон”. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Уул нь би 117 хүний саналаар тэргүүлсэн боловч 4 саналыг дугаарыг дугуйлаагүй байна. Овог нэрний эхний А.Б гэсэн үсгийн А. үсгийг дугуйлсан гэж сонгогчийг буруутган хүчингүй болгосон. Үүнийг шүүх анхаарч шийдвэрлээгүй атлаа “санал өгөөгүйд тооцсон” саналын хуудсаа оруулж санал авсан иргэдийн хувь хэмжээг тогтоох үндэслэлгүй. Хэрвээ дээрх хүчингүй саналыг тооцох бол зөвхөн надад өгсөн хүчингүй саналыг миний санал авсан иргэний тоон дээр нэмж хувь тооцох үндэслэлтэй. Зөвхөн миний төлөө өгсөн “хүчингүй саналын хувийг” нэмж тооцох ёстой. Гэтэл 8 хүчингүй саналын хуудсыг бүхэлд нь миний саналын тоон дээрх хасч хувийг тогтоож байгаа нь хууль зөрчсөн. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заалт нь олонхын санал авсан гэж “санал авсан” иргэдээс хувь тогтоох заалт. Давж заалдах шатны шүүхээс 9 иргэн харьяалалгүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон тухай дурдаад тогтоолыг хянахдаа тухайн цаг хугацааны явцад болсон үйл баримтын хүрээнд дүгнэх зарчимтайг дурдсан атлаа хэргийн үйл баримтыг тухайн цаг хугацааны бодит байдлыг бүрэн тогтоогоогүй хэргийг шийдвэрлэлээ гэж үзэж байх тул Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0146 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
9. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэн, санал хураалт явагдсан, уг хуралдаанд тус багт харьяалалгүй иргэн Л.Чулуунцэцэг, Д.Оюунтуяа, Х.Оюун-Эрдэнэ, Б.Азжаргал, Г.Баттулга, Ш.Мөнхболд, Г.Алтантуяа, Г.Янжинлхам, Б.Ганхавх, Г.Жавхлан, П.Ариунтунгалаг нарын нэр бүхий 11 хүн оролцож, санал хураалтанд оролцсон нь санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалт, бүртгэлээр тогтоогдсон, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “... баг .../-ийн/ Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг ... /-ийн/ сонгуулийн насны иргэн бүр оролцож болох...”-оор заасантай нийцээгүй талаар анхан болон завж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байна.
10. Түүнчлэн, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг сонгох санал хураалтанд нийт 226 иргэн оролцсон байхад олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг тодруулахдаа 218 саналын хуудаснаас тооцсон, талууд уг үйл баримттай маргаагүй, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “... баг ... /-ийн/ Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд ...-ийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох”-оор журамласан тусгайлсан зохицуулалтад нийцээгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт мөн үндэслэлтэй, зөв байна.
11. Шүүхүүд нэхэмжлэгч О.М-ыг Оюут багийн багийн Засаг даргаар “цаашид ажиллах ёстой” гэж дүгнээгүй, нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.Мод холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг хуульд заасан журамд нийцүүлэн дахин явуулах хууль зүйн үр дагавар үүсэж байх тул гуравдагч этгээдийн “багийн Засаг даргаар сонгогдон ажиллах эрх зөрчигдсөн” гэж үзэхгүй.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан “... давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн ... өөрчлөх эрх”-ийн хүрээнд байх тул, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, “...эдгээр 9 хүн надад санал өгсөн 113 хүн дотор байгаа эсэх нь нотлогдоогүй байхад ... миний саналаас шууд хасч шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй”, “... Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжүүдийн удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг шүүх буруу хэрэглэсэн” гэх гуравдагч этгээд А.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0146 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.Бгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА