Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 202/МА2020/00004

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын

 хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2020/00005 дугаар шийдвэртэй, 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй,

М.Э-д албадан эмчилгээ хийлгэх тухай иргэний хэргийг,

М.Э-н давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...М.Э нь 2004 оноос эхлэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, ойр орчиндоо түгшүүр төрүүлдэг, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан удаа дараа албадан эрүүлжүүлэгдсэн, архаг архичдын бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архины хамаарал бүхий этгээд тул аймгийн нэгдсэн эмнэлэгт 2019 оны 12 сарын 03-ны өдөр эрүүл мэндийн үзлэгт хамруулахад согтуурах, мансуурах донтой гэдэг нь тогтоогдсон. Иймд М.Э-г “Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх тухай хууль”-д заасны дагуу албадан эмчилгээнд хамруулж өгнө үү...” гэжээ.

М.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2018 оны 06 сарын 01-ний өдөр архи уусан. Тэр өдрөөс хойш архи уугаагүй...” гэжээ.

            Анхан шатны шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар М.Э-г албадан эмчилгээнд хамруулахаар,

            Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар М.Э-г албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдэж,

            Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар М.Э-г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар М.Э-г албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж,

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

    М.Э давж заалдсан гомдолдоо: “... Миний бие 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс хойш архи ууж, хүмүүсийн амар тайван байдал алдагдуулсан зүйл байхгүй. Би 2 хүүхэдтэй. Эхнэр маань тархины хавдартай, ухаан алдаж унадаг. Халамжаас тэтгэмж авдаг. Том хүү маань 16 настай, мөн хөгжлийн бэрхшээлтэй. Охин маань 3 дугаар сургуульд сурдаг. Надаас өөр харж хандах хүнгүй тул эхнэр хүүхдээ асрах, харж хамгаалах шаардлагатай. Би айлд тусалж малын мах махлах ажилд тусалж амжиргаагаа залгуулдаг. Би архи уухгүй, гэр бүлээ харж хандах хэрэгтэй байна. Миний хувьд сүүлийн жилүүдэд архи ууж эрүүлжүүлэгдсэн, хүмүүсийн амар тайван байдлыг алдагдуулсан зүйл байхгүй. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн иргэн М.Э-г Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндэслэлээр албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасныг М.Э нь эс зөвшөөрч архины албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж татгалзжээ.

            Анхан шатны шүүх Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар М.Э-г албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэснийг М.Э эс зөвшөөрч “...сүүлийн жилүүдэд архи ууж эрүүлжүүлэгдээгүй, агсам согтуу тавьж хүмүүсийн амар тайван байдлыг алдагдуулсан зүйл байхгүй...” гэх үндэслэлээр албадан эмчилгээ хийлгэхээс татгалзсан агуулга бүхий гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх уг гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэл зохих материалууд дутуу, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Тодруулбал Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах ба хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү хуульд заасан албадан эмчлэх үндэслэл болсон нөхцөл шалтгааныг ямар нотлох баримтаар хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй байна.

Энэ нь: 1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан этгээдүүд нь ... албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг цагдаагийн байгууллагад бичгээр гаргах, хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д ийнхүү тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд шилжүүлэхээр заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батсүхэд олгосон итгэмжлэлд түүний гаргасан хүсэлтийн дагуу гэж дурдагдсанаас өөрөөр энэ талаарх бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдаагүйгээс албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг цагдаагийн байгууллагад хэн гаргасан нь тодорхойгүй,

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар албадан эмчлэх 1 үндэслэл нь  “... хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон ...” байх, 5 дугаар зүйлийн 5.2-т эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага тухайн хүнийг согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох дүгнэлтийг ... гаргах, 5.3-т зааснаар дүгнэлтэд ... албадан эмчилгээнд явуулах эсэх тухай ... тодорхой бичих зэрэг хуульд заасан шаардлагыг энэ талаарх дүгнэлт гаргасан байгууллага хангаагүй буюу “... эрүүл мэндээр тэнцэнэ ...” гэсэн дүгнэлт нь энэхүү хуульд нийцээгүй, ойлгомжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй,

3. Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагаас гаргаж өгсөн зөрчлийн талаарх лавлагаа баримтанд М.Э нь 2015 оноос хойш хугацаанд эрүүлжүүлэгдсэн, зөрчил гаргасан эсэх талаар дурдагдаагүйгээс Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар тухайн хүн согтуурсан, мансуурсан үедээ зөрчил гаргасан, эсхүл эрүүлжүүлэгдсэн талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүйн гадна Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан албадан эмчлэх үндэслэл болох  ... өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Улмаар согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэхдээ тухайн этгээд өвчтэй болохыг, мөн түүнийг албадан эмчлэх зайлшгүй шаардлагатайг тус тус тогтоодог тул энд эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмыг баримтлана.

Энэ утгаараа нотлох баримт хангалтгүй, эсхүл бүрдүүлсэн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй бол Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар нотлох баримтыг шүүх шаардан авах ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журам тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “хэргийн оролцогчийн хүсэлт” хамаарахгүй юм.

Иймд нотлох баримт хангалтгүй, бүрдүүлсэн баримт нотлох баримтын шаардлага хангаагүйгээс М.Э-г Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “... албадан эмчлэх үндэслэл ...”-тэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй ба шүүх нотлох баримтыг шаардан авах ажиллагааг хийгээгүй тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-д нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн тухайн этгээд гуравдагч этгээдээр тогтоолгох хүсэлт гаргаагүй ба анхан шатны шүүх албадан эмчлүүлэх хүнийг гуравдагч этгээдээр тогтоогоогүй атлаа шийдвэртээ гуравдагч этгээд гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд нийцээгүйн гадна тухайн хүн ийнхүү хүсэлт гаргаагүй байхад түүнийг гуравдагч этгээд гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т нийцэхгүй болохыг магадлалд тэмдэглэв.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтанд эцэслэн дүгнэлт хийгээгүй тул М.Э-н давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй ба түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2020/00005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, М.Э-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар М.Э-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                         ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                              Н.БАТЧИМЭГ