Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2016/0304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж Засгийн газрын 11 дүгээр байрны шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын Ерөнхий газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг 1920000 төгрөгөөс тооцож олгохоор Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шийдвэрлэснийг хүчингүйд тооцуулах, ажилгүйдлийн тэтгэмжийг сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцон олгохыг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, Ч.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Б******* би О******* ХХК-д ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон юм. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно гэж хуульчилан заасан байхад Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан байцаагч шимтгэл тооцсон цалин буюу 1920000 төгрөгөөс тооцохоор шийдвэрлэсэн ажилгүйдлийн тэтгэмжийг тооцон олгож байна.

Уг хэлтэст 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бичгээр өргөдөл гарган, ямар хууль болон журмын заалтын дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл тооцсон цалингаас тооцох гэж байгаа талаар тайлбар, тодруулга өгөхийг хүсэхэд хариуг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр надад бичгээр өгөхдөө ...даатгуулагчаас төлөх шимтгэлийн хэмжээг тухайн үед Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр буюу 1920000 төгрөгөөр хязгаарлан тооцож түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 192000 төгрөгийг тухайн сарын цалингаас суутгаж байгаа учраас ажилгүйдлийн тэтгэмжийг 1920000 төгрөгийн цалингаас бодож олгоно гэсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого-ыг Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцаа зохицуулсан хуулиудын зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 1.7, 1.8 дахь хэсэгт ...хөдөлмөрийн хөлс гэдэгт үндсэн үндсэн цалин, ажлын үр дүнгээр олгосон нэмэгдэл хөлс, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг биелүүлсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан тохиолдолд үндсэн цалингаас нь тооцож олгосон нэмэгдэл хөлснөөс гадна мэргэжлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцлийн хийгээд бусад нэмэгдэл хамаарна..., ...хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого гэж цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг хэлнэ гэж тайлбарласан байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий газарт албан бичгээр хандахад Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно гэсэн хуулийн заалтын дагуу зохицуулах нь зүйтэй гэсэн хариуг өгсөн.

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр болон Нийгмийн даатгалын Ерөнхий газраас өгсөн хариу албан бичиг нь миний хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энд хоёр хуулийн заалт зөрчилдөж байгаа асуудал яригдаж байгаа. Нэгэнт хуулиуд ингэж зөрчилдөж байгаа тохиолдолд илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэнэ. Илүү нарийвчлан зохицуулсан хууль бол Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль юм. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг баримталж ажилгүйдлийн тэтгэмжийн хувь хэмжээг бодож байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт Үндсэн хууль зөрчсөн талаар тайлбар ирсэн. Үндсэн хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж байж энэ асуудал шийдэгдэх ёстой. Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг ярих гэж байгаа бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-г ярьж байгаа. Энэ бол Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуультай холбогдуулж гараагүй. Ялгаж салгаж ойлгох ёстой. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд төсөөтэй хэрэглэх зарчмаар энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн тайлбар байгаа. Тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээ байхгүй тохиолдолд төсөөтэй хэрэглэдэг бөгөөд тухайн асуудлыг зохицуулсан, нарийвчилсан зохицуулсан, энэ зөвхөн ажилгүйдлийн тэтгэмжийг зохицуулна гэсэн нарийвчилсан зохицуулалт бүхий хууль байсаар байхад төсөөтэй хэрэглэнэ гэж байгаа нь хуульд нийцэхгүй үндэслэлгүй асуудал юм. Ийм хуулийн зөрчил гарч байгаа тул Иргэний хуулийн зарчмаар явах ёстой. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3-д зааснаар илүү нарийвчилсан хууль гэсэн зохицуулалт байгаа тул Б.Б*******ын ажилгүйдлийн тэтгэмжийг илүү нарийвчилсан хуулиар бодож олгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, Ч.Л******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хууь тогтоомж нь Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Монгол Улсын иргэд шударга ёсыг эрхэмлэн дээдлэнэ, шударга ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж Үндсэн хуулиндаа хуульчилсан бөгөөд энэ нь даатгалын харилцаанд даатгуулсан хэмжээгээрээ эрсдэлээ хамгаалуулна, даатгуулагчийн шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс түүнд олгогдох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бодно гэсэн агуулгаар хуульд тусгалаа олсон.

Ажилгүйдлийн даатгал нь Нийгмийн даатгалын сангийн нэг төрөл бөгөөд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжэг тодорхойлохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодож олгоно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22.1, 5.1, 9.1, 14.1, 192.1, гэж заасан.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3.1-д Ажилгүйдлийн тэтгэмжийг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас бодож олгоно гэж заасан нь даатгуулсан хэмжээнээсээ хэтэрсэн орлогоос даатгалын сангаас зарлага гаргах нөхцөл байдлыг бий болгож, ингэснээрээ даатгагч байгууллага болох Нийгмийн даатгалын байгууллагын санг хохироосон шударга бус заалт юм.

Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 3-т Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэх эрхгүй гэж заасныг удирдлага болгон Үндсэн хуулиар хуульчилсан шударга ёсны зарчмыг зөрчсөн заалтыг хэрэглэлгүйгээр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэн ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоосон нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөсөө тэтгэмж бодуулан авсан нь шударга ёсны зарчимд нийцэж буй тул нэхэмжлэгчийн эрх ашиг хохироогүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, Ч.Л******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гарсан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Мөн Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.4-т даатгалын харилцаанд даатгуулагчийн даатгуулсан хэмжээгээр эрсдэлээ хамгаалуулна гэсэн байдаг. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 22 дугаар зүйлийн 22.1-д даатгуулагчийн шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс түүнд олгогдох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг бодно гэсэн агуулгаар хуульд тусгалаа олсон байдаг. Мөн Улсын Их Хурлын 1999 оны 38 дугаар тогтоолоор төрөөс тэтгэвэрийн шинэчлэлийн талаар 2020 он хүртэл баримтлах үндсэн чиглэл баталсан байдаг. Уг үндсэн чиглэлд Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд, доод хязгаар тогтоох нь зүйтэй бөгөөд энэ зарчмыг тэтгэврийн дээд, доод хэмжээг тогтоохдоо уялдуулан авч үзнэ гэж заасан байдаг. Үүний дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, түүнтэй адилтгах орлогыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно гэсэн заалтаар хуульчлагдсан байдаг. Уг заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 92 дугаар тогтоол батлагдсан бөгөөд уг тогтоолын 1 дэх заалтад Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл нэг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу Б.Б*******ын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого эрх зүйн үндэстэй хязгаарлагдаж байгаа.

Мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа дараагийн үндэслэл бол Б.Б*******ын сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого 14 сая гаран төгрөг хэдий ч сар бүр Нийгмийн даатгалын санд тухайн цалингаасаа бус 1920000 төгрөгөөр хязгаарлагдаж 192000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байгаа нь нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар нотлогдсон байдаг.

Нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх болохоор 1920000 төгрөгийн хязгаарлалт авж үйлчилдэг, 192000 төгрөгөөр төлдөг. Эндээс үүссэн эрсдэлээ арилгах болохоор хязгаарлалт үйлчлэхгүй гэж үзэж болохгүй. Энэ нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтэй тус тус зөрчилдөж байгаа юм. Мөн хязгаарлалт тогтоосон Засгийн газрын тогтоолыг Үндсэн хуулийн цэц 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцээд хязгаарлалт тогтоосон нь үндсэн хууль зөрчөөгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйл, 15 дугаар зүйлийн 7 дах заалтыг хэрэгжүүлэхийн зорилгоор Засгийн газар Үндсэн хуулийн 38 дугаар зүйлд заасан Үндсэн хууль, бусад хуулийг хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох 22 дугаар тогтоол, 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 153 дугаар тогтоолыг тус тус гаргаж нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын дээд хязгаарыг тогтоосон байгаа нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлт гаргасан байна. Ийм учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу Б.Б*******ын ажилгүйдлийн тэтгэмжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хууль зүйн үндэслэлүүдийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг тооцохдоо мөн адил сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дор дурдсан хэмжээгээр тооцож олгоно гэсэн байгаа. Энэ бас хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тооцно гэсэн зохицуулалт байгаа. Үүнийг Үндсэн хуулийн цэцээс нийгмийн даатгалын шимтгэлд төлөх хөдлөмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хязгаарлаж тогтоож байгаа нь зөв гэсэн дүгнэлт гарсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Б.Б*******ын Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг 1.920.000 төгрөгөөс тооцож олгохоор Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шийдвэрлэснийг хүчингүйд тооцуулах, ажилгүйдлийн тэтгэмжийг сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцон олгохыг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б******* нь О******* ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цуцлагдсанаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл тооцсон цалин буюу 1920000 төгрөгөөс тооцохоор шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл сүүлийн 3 сарын цалингийн дундаж 14.693.947 төгрөгийн дунджаас 70 хувиар тооцож нийт 36.873.491 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авах ёстой гэж маргасан.

Хариуцагч Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно гэж заасны дагуу даатгуулагчаас төлөх шимтгэлийн хэмжээг тухайн үед Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр буюу 1.920.000 төгрөгөөр хязгаарлан тооцож, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 192.000 төгрөгийг тухайн сарын цалингаас суутгаж байгаа учраас ажилгүйдлийн тэтгэмжийг 1.920.000 төгрөгийн цалингаас бодож олгосон нь зөв гэж тайлбарладаг.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно, Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолд Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл нэг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж зааснаар Нийгмийн даатгалын байгууллага 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс даатгуулагчдаас төлөх шимтгэлийг дээрх орлогын дээд хэмжээнд нийцүүлж ирсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б******* мөн адил энэхүү хэмжээнд нийцүүлэн 1.920.000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, холбогдох бусад баримтаар нотлогддог бөгөөд ийнхүү төлсөн талаар маргадаггүй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос, даатгуулагчийн хувьд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөхөөр заасан, түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно гэж зааснаас үзэхэд даатгуулагчийн өөрийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлсөн шимтгэлээс тооцогдохоор, харин ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлсөн шимтгэл хамаарахааргүй байна.

Үүнээс үзэхэд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгчид даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хязгаар 1.920.000 төгрөгөөс тооцож, 4.818.113 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хууль болон тогтоолуудад нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно гэсэн заалтыг дангаар нь хэрэглэж 36.873.491 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгох боломжгүй юм.

Дээр дурдсан байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч Б.Б*******ын Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг 1.920.000 төгрөгөөс тооцож олгохоор Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шийдвэрлэснийг хүчингүйд тооцуулах, ажилгүйдлийн тэтгэмжийг сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцон олгохыг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ын Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг 1.920.000 төгрөгөөс тооцож олгохоор Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шийдвэрлэснийг хүчингүйд тооцуулж, ажилгүйдлийн тэтгэмжийг сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцон олгохыг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт даалгах-аар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН