Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0635

 

Л.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/04 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажлын хэсэг томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Сарангэрэлийг түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Түшиг сумын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Сарангэрэлийг хууль бусаар ажилгүй байсан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх цалин 5 сар 18 хоногийн мөнгө 5034881 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын тооцож нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.   

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн онцгой үйл ажиллагааны эцсийн үр дүн бөгөөд эөрчигдсөн эрхийн хамгаалалтын илэрхийлэл болсон шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн, процессийн болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулга, хэлбэртэй байх, захиргааны шүүн таслах ажиллагаанаас гарч байгаа бүх шийдвэр нь хууль ёсны бөгеөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, тусгайлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэсэн, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэл, хууль зөрчсөн этгээдийн үйлдлийг зохих журмын дагуу шалгаж эцэслэн  шийдвэрлэж, тухайн этгээдүүдэд зориулагдан эаавал биелэгдэх шинжийг агуулан гарч буй эрх зүйн акт болохын хувьд ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломж, биелүүлэх арга журмыг зааж маргаж буй үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт өгч гаргасан байх шаардлагатай.

Шүүхийн шийдвэрт хариуцагчийг Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг зөрчиж хууль бус тушаал гаргасан гэж дүгнэсэн байх хэдий ч Түшиг сумын Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрх мэдлээ шилжүүлж, хүний нөөцтэй холбоотой тушаалыг Тамгын газрын дарга гаргаж байхыг үүрэг бопгосон ба үүнийхээ дагуу хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргасан гэтэл шүүхээс анхаарч үзэлгүйгээр ийнхүү шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Төрийн албаны салбар зөвлөлөөс маргаан бүхий тушаалыг хууль зүйн үндэслэлгүй талаар шийдвэр гаргасан байдаг ба энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрөөгүй хуулийн хүрээнд хэрэгжүүлэх гэтэл иргэн Л.Сарангэрэл нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй сургууль төгссөн диплом нь байхгүй байгаагаас болж Төрийн албаны салбар зевлөлийн шийдвэрийг биелүүлэх боломжтой үүнийгээ авчраад өгвөл ажилд нь эгүүлэн авсан тушаал гаргах боломжтой байна. Нэхэмжлэгчид энэ талаар хэлж заавал шүүхэд хандалгүйгээр нэгэнт Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг төрийн зохих байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч маргах болохоос бус заавал тус байгууллагыг үл ойшоож дээрх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй байхад шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийг зөв хэрэглэж, Л.Сарангэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь давж заалдах гомдолдоо “... Засаг дарга нь өөрийн хуулиар олгосон эрх мэдлээ шилжүүлж хүний нөөцтэй холбоотой тушаалыг Тамгын газрын дарга гаргаж байхыг үүрэг болгосон ... гэтэл шүүх анхаарч үзээгүй ...” гэжээ.

Хариуцагч Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Л.Сарангэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө үндэслэсэн Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Сум, дүүргийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг сум, дүүргийн Засаг дарга аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн  томилж, чөлөөлнө” гэж заажээ. Сумын Засаг дарга нь хуульд заасан ерөнхий нягтлан бодогчийг томилох чөлөөлөх бүрэн эрхээ хэн нэгэнд шилжүүлж болохоор өөр хуульд тусгайлан заагаагүй байх тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Л.Сарангэрэл нь Түшиг сумын төрийн сангийн төлөөлөгч гэх албан тушаалд ажиллаж байсан боловч түүний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болон Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн СЭЛ-06/139-СТА дугаар албан шаардлага зэргээс үзвэл дээрх Төсвийн тухай хуулийн 19.5-д заасан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн үүргийг гүйцэтгэж байсан байх тул хариуцагч сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь дээрх хуульд заасныг зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлэн томилох, чөлөөлөх эрхгүй атлаа төрийн сангийн төлөөлөгч Л.Сарангэрэлийг чөлөөлсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Харин маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг хэрэглээгүй, Л.Сарангэрэлийг “албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандан, төрийн сангийн хяналтын чиг үүргийг шаардлагын хэмжээнд хэрэгжүүлээгүй” талаар гарсан аудитын албан шаардлагыг үндэслэж үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс үзвэл Л.Сарангэрэлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзээгүй, харин албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хугацаа хамааралгүй байна.

Төрийн албаны салбар зөвлөл нь маргаан бүхий Б/04 дүгээр тушаалыг “эрх зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн боловч хүчингүй болгоогүйгээс хариуцагч нь Л.Сарангэрэлийг эрхэлж байсан албан тушаалд нь ажиллуулаагүй байх тул хариуцагчийн “... нэхэмжлэгч нь төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой маргах байсан ...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Түүнчлэн Л.Сарангэрэлийг үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй огт холбогдолгүй “ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ