Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 215/МА2020/00004

 

 

Г.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2019/00330 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, 6 дугаар баг, Жаргалан баг 2/80 байрны 13 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ПЮ62061610, Б овогт Г.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг, Хөгжил хороолол, 4 дүгээр гудамж, 12 дугаар байрны 6 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ПЮ69052717, И овогт Г.Г холбогдох,

нөхөн сэргээлтийн талбайд хууль бусаар олборлолт явуулахад туслахаар амалж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул шилжүүлсэн 13.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов.

 Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б би эхнэр М.Ц хамт эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК-ийг ажиллуулдаг. Манай компани байгаль орчны нөхөн сэргээлт хийх чиглэлээр Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөлтэй баруун аймгуудад нөхөн сэргээлтийн ажил хийсэн туршлагатай. Говь-Алтай аймгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдэж буй гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаа болон Хойд сайрт нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын гүйцэтгэгчээр “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК шалгарсан. Улмаар манай компани Говь-Алтай аймгийн Байгаль орчны газартай 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нөхөн сэргээлт хийх газрын хил заагийг тэмдэгжүүлэн, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг 6 дугаар сарын 13-нд батлуулснаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эхэлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ болон ажлын удирдамжинд заасны дагуу техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын А/226 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт актаар хүлээлгэн өгсөн. Есөнбулаг сумын Шаврын голын 10 га газрын нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулах үед Г.Б миний урьдын танил Говь-Алтай аймгийн харьяат, улсын начин Г.Г тааралдаж, манай компанийн нөхөн сэргээлтийн ажилд орохыг хүссэн. Ингэхдээ Г.Г нь нөхөн сэргээх талбайн овоолсон шороог ухуулж, ашигт малтмал олборлуулах боломжоор хангана, би өөрөө ч ухна, намайг улсын начин Г гэхээр Алтайд андахгүй, манай нам аймгаа удирдаж байгаа, миний сайн найз О.А аймгийн Засаг даргаар ажилладаг, намайг удахгүй Байгаль орчны газрын даргаар томилох тул асуудалгүй гэж итгүүлэн Г.Б надаас 13 сая төгрөг авсан. Үнэхээр ч Г.Г тухайн үед Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын даргаар томилогдохоор хөөцөлдөж байсан. Гэвч 2014 оны сүүлээр Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдсон байдаг. Гэтэл нөхөн сэргээлтийн явцад Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баруун бүсийн газрын Говь-Алтай аймаг дахь албатай хамтран 11 удаагийн хяналт шалгалтыг хийж шороо ухуулаагүй, Г.Г ч нөхөн сэргээлтийн талбайд шороо ухаж чадаагүй. Ингээд би Г.Г 13 сая төгрөгөө алдсан. Мөнгөө нэхэхээр манай эхнэр М.Ц Алтай хотод Г.Г гэрт очоод зодуулах шахаад ирсэн. Говь-Алтай аймгаас төрсөн улсын начин, сум орон нутагтаа нэр хүндтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын найз, Ардчилсан намын гишүүн, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга болохоор хөөцөлдөж байсан Г. Г хэлсэн үг, үйлдэлд итгэж найдсан боловч эцсийн дүндээ Г.Г үндэслэлгүйгээр 13 сая төгрөгөөр хөрөнгөжиж би хохирч үлдсэн. Ингээд би 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн прокурорын газарт эрүүгийн журмаар хандсаны дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас Г.Г холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, Г.Б би хохирогчоор тогтоогдон оролцож, шаардлагатай баримт материалыг гарган өгч, 13 сая төгрөгийн хохирлоо Г.Г нэхэмжилж мэдүүлэг өгсөн. Говь-Алтай аймгийн прокурор Б.Г 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар Г.Г үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй тул учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн хариу ирүүлснийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гардан авч Г.Б би хариуцагч Г.Г эрх зүйн үндэслэлгүйгээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 13 сая төгрөгөө нэхэмжилж танай шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Өмнө нь өмгөөлөгчөөр оролцож байсан. Манай үйлчлүүлэгч гадаад руу гарсан учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох шаардлагатай болсон. Нэхэмжлэлийн шаардлага бол хариуцагч Г.Г 13.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Нэхэмжлэгч Г.Б эхнэр Ц гэдэг хүний компани 2014 онд Говь-Алтай аймгийн Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдсэн Есөнбулаг сумын шаварын голын 10 га газрын нөхөн сэргээх тендерт шалгарч тухайн ажлыг хүлээлгэж өгсөн. Энэ үеэр нэхэмжлэгч Г.Б, Г.Г бэлнээр 2.000.000 төгрөг, дансаар 11.000.000 төгрөг өгсөн байдаг. Энэ 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн хоёр хүний хооронд хийгдсэн хэлцэл нь хууль зөрчсөн төдийгүй хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Эдгээр хүмүүсийн хооронд болсон яриа хэлцэл нөхөн сэргээлтийн ажил, ашигт малтмалын олборлуулалтын ажил хийлгэх нь хууль бус хуульд нийцээгүй хэлцэл учраас энэ хэлцлийн үр дагаврыг ариулгуулъя, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас 13.000.000 төгрөг гаргуулья гэсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэл дээрээ дурдсан байгаа учраас өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. Нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч, Г.Б гэдэг хоёр хүний хооронд хэлэлцсэн яриа хэлцэл бол тэр нөхөн сэргээлтийн талбайд дахиж ухан ашигт малтмал олборлуулна гэдэг яриа хэлэлцэл явагдаж, нэг нь ийм бололцоогоор хангана гэж 13.000.000 төгрөг өгсөн яриа хэлцэл явагдсан юм билээ. Г.Б эхнэрийн компани нөхөн сэргээх ажил хийж байхад нэхэмжлэгч Г.Б нөхөн сэргээлт хийгдэж байгаа талбайд олборлолт явуулах ийм бололцоогоор хариуцагч хангана гэж амлалт өгч 13.000.000 төгрөг шилжүүлсэн яриа хэлцэл явагдсан. 13.000.000 төгрөг нь нөхөн сэргээлтийн ажлын явцад ашигт малтмал олборлуулах бололцоогоор хангана гэж амлалт өгсөн учраас шилжүүлсэн, ашиг биш, нөхөн сэргээлтийн талбайн овоолсон шороог ухуулна. Ашигт малтмал олборуулна, би бас өөрөө ухна манай найзууд аймаг удирдаж байна гэж итгүүлээд 13.000.000 төгрөг авсан асуудал байгаа. 13.000.000 төгрөг өгсөн зорилго нь нөхөн сэргээлтийн талбайд ашигт малтмал олборлох бололцоогоор хангана гэсэн болзлын үүднээс буюу овоолсон шороог ухуулна гэж авсан. Тэгээд 13.000.000 төгрөг надаас ингэж залилж авсан гэдэг асуудлыг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гомдол гаргаад гомдлыг нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад гэмт хэргийн шинжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байдаг. Тухайн нөхөн сэргээлт хийх явцад Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар хяналт тавиад олборлолт явуулах бололцоо олдоогүй, тийм ажил хийгээгүй учраас 13.000.000 төгрөг залилуулчихлаа гэдэг гомдлыг гаргасан. Анхнаасаа энэ хоёр хүний хоорондох яриа хэлцэл нь хууль бус байсан. Хууль бусаар хөрөнгө шилжүүлсэн учраас тэрийгээ буцааж авья гэсэн шаардлага гаргаж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Байгаль орчны газар байгаль орчны байцаагчаар 8 жил ажилласан, Г.Б гэдэг хүн нөхөн сэргээлтийн тендер авах гэсэн юм гэж манайд Э гэдэг хүнтэй нэг орой орж ирсэн. Би Ховдын багшийн дээд сургуулийг төгсөхөд Г.Б тракторын жолооч байсан тул таньдаг, харин түүний эхнэр, хүүхдийг танихгүй. Г.Б Говь-Алтай аймагт Байгаль орчноос Шаварын голын нөхөн сэргээлт авах гэж байна. Нөхөн сэргээлт авахад туслаад өгөөч гэхэд нь тэгье гэж л хэлсэн. Тэр үед сонгуульд оролцох гээд Байгаль орчны газраас ажлаасаа гарсан байсан. Түүнээс биш энэ өмгөөлөгчийнх нь яриад байгаа шиг нөхөн сэргээлт хийх газарт хууль бусаар олборлолт явуулахаар туслана гэж намайг хэрэгтэн болгох гээд байна. Би тендерт нь туслаад өгье гэсэн болохоос өмгөөлөгчийнх нь хэлж байгаагаар алтыг ухаад өг хууль бусаар алт олборол би тэрийг чинь даая гэсэн аман гэрээ юу ч байхгүй. Г.Б намайг одоо надаар алт ухуулсангүй гэж байгаа. Би Байгаль орчинд ажиллаж байхдаа хууль бусаар алт олборлож байсан нинжа нартай тэмцэж байсан болохоос нөхөн сэргээлт хийлгэх гэж байгаа шаврын гол дээр очоод алтыг нь ухуулъя, чи манай нутгийн алтыг ух гэж хэлээгүй.

Мөн Г.Б нь Есөнбулаг сумын Шаврын голын 10 га газрын нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулах үед Г.Г таарч энэ тендерт хамтарч ажилласан гэж буруу ташаа бичжээ. Үнэн нь уг гэрээг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Харин 2014 оны 1 дүгээр сард Говь-Алтай аймгийн иргэн Э гэгчээр манай гэрийг заалган ирж надтай анх уулзаж байсан. Түүний гол зорилго бол энд таних хүнгүй болохоор миний нэр төрийг ашиглан манай аймагт нөхөн сэргээлтийн тендер авах бүх ажлыг хариуцуулах, авсны дараа мөнгө өгөх битгий хэл, хэл ам хийгээд өнгөрүүлэх бодолтой байсан юм билээ. Ингэж уулзсанаас хойш тендерийн ажилд оролцох, тендэрт ялах хүртэл өөрийн танил тал найз нөхөд бүхий л талаар хөөцөлдсөн. Хэрвээ би уг ажилд оролцоогүй бол Г.Б уг тендерийг авах боломжгүй байсан талаараа ойлгож, ярьж байсан. Энэ хугацаанд хүү Б.Ц нь манай гэрт байж тендерийн бүхий л ажилд оролцож байсан ба үйл явцыг мэдэж байсан. 13.000.000 төгрөг гэж яриад байна. Надад 11.000.000 төгрөгийн баримт байгаа. тендерийн бүх бичиг баримтыг нь хөөцөлдөж, нөхөн сэргээлт авах гэж байгаа компанийн хүмүүстэй нь уулзаж заримыг нь татгалзуулж, заримтай нь хамтарч хийе гэж ярилцсан. Г.Б тэр орой манайд ирээд дараа нь хоёр удаа ирсэн. Эхнэрийг нь нэг удаа харсан. Миний данс руу шилжүүлсэн 11.000.000 төгрөгийг Г.Б хүү нь яаж зарцуулна гэсэн тэрний дагуу хүүгийнх нь өмнөөс зарцуулсан. Мөн техник трактор олж өгөөч гэсний дагуу би жижиг оврын хоёр трактор олж өгсөн. Нэг тракторын нь авахад Г.Б өөрөө ирж авалцсан. Тэрний мөнгийг миний данс руу хийсэн мөнгөнөөс бэлнээр авч өгсөн энэ үед Г.Б хамт байсан. Г.Б Монгол хүн байна, муухай шүү дээ. Манай хүүхэд залуу хүн шүү найдваргүй гэх зүйл яриад л миний данс руу мөнгөө шилжүүлж байсан, эхнэр бид хоёр хүүхдийг нь өөрийн хүүхэд шиг санаад буудалд байгаад байхаар нь гэртээ авчирж байлгаад нөгөө мөнгөнөөс нь буудлын мөнгийг нь төлсөн, дараа нь өөрийн эзэмшлийн оюутанд хөлсөлдөг байрандаа энэ хэдэн хүмүүсийг байлгаж нөхөн сэргээлтийн ажлыг нь хийлгээд явуулсан. Тэр мөнгийг би зарцуулаагүй би данснаасаа авч өгөөд Г.Б хүү бүгдийг нь өөрөө зарцуулдаг байсан. Г.Б өөрийнх нь хүсэлтээр тендер авахад хүмүүст урамшуулал өгөх, хүмүүсийг хоолонд оруулах, Б.Ц буудлын мөнгийг төлөхөд, өөрсдийнх нь хүсэлтээр М гэдэг хүнээс ковш авахаар болж өдрийн хөлс, жолоочийн хөлсийг 4 сая төгрөгөөр тохиролцсон ба мөнгийг бэлнээр би аваачиж өгсөн. АЗЗА-аас хутгадаг, түрдэг трактор авахаар болж түүний хөлс, шатахуунд 3 сая төгрөг өгсөн. Эдгээр байдлыг цагдаагаас шалгуулж дээрх хүмүүсээс байцаалт авсан, ийм маягаар түүний хэлснээр мөнгийг зарцуулсныг Г.Б мэдсээр байж мөнгө нэхэмжлээд байгаад үнэхээр дургүй хүрч байна.

Гэтэл нөхөн сэргээлтийн ажил хийхээс гадна овоолсон шороо ухуулах, алтны үйлдвэрлэл явуулахаар хятадууд авчирсан байсанд би дургүйцэж анхнаасаа хятадууд ажиллуулна гэж тохироогүй, та нар хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж удаа дараа хэлж хяналт шалгалтад баригдвал би хариуцахгүй гэж анхааруулсан. Эндээс эхэлж зөрчилдөж эхэлсэн. Хяналт шалгалтын явцад үйлдвэрлэл явуулж, хууль бусаар хятадууд ажиллуулж байсан нь баригдаад цаашид шорооноос ашиг олох боломжоо алдаад ирэхээрээ над руу дайрч эхэлсэн. Зохих газруудаас тэднийг ямар ч үйлдвэрлэл явуулах боломжгүйгээр тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн. Үүнээс хойш бүтэн 5 жил өнгөрсөн байхад ямар учраас хүний нэр төрд халдаж мөнгө нэхэмжлэх болов? Мөнгөө алдсан гэж үзсэн юм бол өнгөрсөн 2015, 2016 онуудад юу хийж чимээгүй явав гэх мэтээр гайхах зүйл багагүй байна. Г.Б надад 2 сая төгрөгийг бэлнээр өгч байгаагүй гэдгийг хэлмээр байна.

Г.Б нэхэмжлэлийн эсрэг хандах зүйл буюу надад учруулсан хохирлыг дурдахад би энэ хугацаанд Г.Б таараагүй байсан бол өөрийн хүч хөдөлмөрт тохирсон орлого олох, ахуй амьдралдаа зарцуулах байсан. Миний нэр төрийг гутаан залилан хийсэн гэж цагдаагийн газарт шалгуулсан. Миний эзэмшлийн оюутануудад хөлсөлдөг байсан Оргил 13-1-10 тоот байрыг Г.Б хүү Б.Ц эхнэр 2 хүүхэд, ажилчдын хамт 6-10 сар хүртэл суусан боловч нэг ч төгрөг өгөөгүй, эд хогшил эвдлэн сүйтгэж бохирдуулсан, нөхөн сэргээлтийн ажил явуулах үедээ 2 ор, хөлдөөгч зэргийг авч ашиглаж байгаад өгөлгүй алга болсон гэх мэтээр хөрөнгө мөнгөөр үнэлбэл багагүй хохирол учруулаад явсан. Г.Б надад ямар хохирол учруулснаа бодохгүйгээр өөрийн ашгийг эн тэргүүнд тавьдаг нь илт харагдаж байна. Би Г.Б дуудан ирүүлж тендрийн ажилд татан оруулаагүй, түүнээс мөнгө зээлж болон залилж аваагүй ба бид хоёрын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн зүйл байхгүй бөгөөд надад шилжүүлсэн 11 сая төгрөгөөр Г.Б нь өөрийнхөө ажлыг хөөцөлдүүлэх, нөхөн сэргээлтийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмж түрээслэн авахад зарцуулчихаад эцэст нь өөрсдийн санасан хэмжээнд ашиг олж чадаагүйдээ миний нэр төрийг гутаан доромжилж буйд асар их гомдолтой байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч И овогт Г.Г /ПЮ69052717/-д холбогдуулан гаргасан нөхөн сэргээлтийн талбайд хууль бусаар олборлолт явуулахад туслахаар амалж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул шилжүүлсэн 13.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн Б овогт Г. Б /ПЮ62061610/-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 133/ШЗ2019/00238 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2019/00330 дугаар шийдвэрийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардан аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг буруу хэрэглэж, 13 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Г бэлэн бусаар 11 сая төгрөг, бэлнээр 2 сая төгрөг нийт 13 сая төгрөг өгсөн хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй нотлогдсон. Хариуцагч ч нэхэмжлэгчээс 13 сая төгрөг авснаа үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрдөг. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчээс дээрх 13 сая төгрөгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу эрх зүйн үндэслэлтэйгээр олж авснаа нотлох үүрэгтэй. Учир нь иргэний эрх зүйн харилцаанд хөрөнгө олж авсан нь хуульд нийцсэн, эрх зүйн үндэслэлтэй байхыг шаарддаг. Гэтэл хариуцагч Г.Г нэхэмжлэгч Г.Б 13 сая төгрөгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу, эрх зүйн үндэслэлтэйгээр олж авсан болохоо шүүхэд нотлоогүй тул түүнийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Ийм байхад анхан шатны шүүх Г.Г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь нотлогдоогүй, зохигч хэлцэл хийгээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, Г.Б-ийн Г.Г-т холбогдох 13 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан хэтэрхий нэг талыг баримталсан зарим дүгнэлт нь хэрэгт хамааралгүй тул давж заалдсан гомдолд няцаасан үндэслэл дурьдсангүй. Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад урьдчилан мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцож, тайлбар гаргах эрхээр хангахыг хүсье. Утасны дугаар 99433778 болно. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-1 хуудас, шуудангийн дугтуй-1 ширхэг, Ховд аймгийн Шуудангийн бичиг хүргэгчийн дэвтрийн хуулбар-2 хуудас зэргийг хавсаргав гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Г холбогдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг Шаврын гол гэх газар нөхөн сэргээлт хийх ажилд орохыг хүсэж, нөхөн сэргээх талбайн овоолсон шороог ухуулж, ашигт малтмал олборлуулахаар амалж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул түүнд шилжүүлсэн 13.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

             Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Г бэлнээр 2.000.000 төгрөг, дансаар 11.000.000 төгрөгийг шилжүүлж, нийт 13.000.000 төгрөг өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь уг 13.000.000 төгрөгийг нөхөн сэргээлтийн тендэр авах болон нөхөн сэргээлтийн тендэр авсны дараа алтны олборлолт явуулах боломжоор хангуулахын тулд Г.Г өгсөн гэж тайлбарлажээ.

 

Харин хариуцагч Г.Г нь нөхөн сэргээлтийн тендэр авахад тусалж хөөцөлдөж өгөөч гэж надад 13.000.000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг тендэр шалгаруулах хүмүүстэй уулзах, тэдгээр хүмүүсийг хоолонд оруулах, нөхөн сэргээлтийн талбайд ажиллуулах техник, тоног төхөөрөмж түрээслэх, нэхэмжлэгч Г.Б-ийн хүү Б.Ц байрласан буудлын хөлс төлөх зэргээр өгсөн зориулалтынх нь дагуу зарцуулсан гэж тайлбарлаж байна.

 

Мөн гэрч Ц.М өөрийн ковш тракторыг ашиглуулаад хөлсөнд нь 4.000.000 төгрөгийг Г.Г болон Ховдоос ирсэн гэх хүнээс машин дотор сууж байхдаа авсан талаар мэдүүлснийг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхэд талуудын өгсөн тайлбараас нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Г.Г нарын хооронд хамтран уул уурхайн нөхөн сэргээлтийн тендэрт оролцож, нөхөн сэргээлт хийх ажлын талаар тохирсон байна.

 

Харин Г.Б нь Г.Г нөхөн сэргээлтийн тендэрт оролцож ялахад туслалцуулах, түүнчлэн нөхөн сэргээлтийн тендэрээр халхавчилж алт олборлох үйл ажиллагаа явуулах, ийм боломжоор хангуулах үйлдэл хийлгэх зорилгоор 13.000.000 төгрөгийг Г.Г шилжүүлжээ.

 

Тохиролцсон ёсоор нөхөн сэргээлтийн тендэрт оролцон шалгарч Г.Б нь Г.Г бэлэн болон дансаар уг мөнгийг шилжүүлсэн нь тогтоогджээ.

 

Харин Г.Б нь нөхөн сэргээлтийн тендэрээр халхавчилж хууль бусаар алт олборлолтын үйл ажиллагаа явуулах зорилготой байсан бөгөөд үүнийг нь Г.Г мэдээгүй, тийм үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж ярилцаж байсан нь тогтоогдож байна. Харин нөхөн сэргээлтийн тендэрээр халхавчилж хууль бусаар алт олборлох  боломжоор хангана гэж тохиролцсон гэх нь нэхэмжлэгчийн тайлбараар үгүйсгэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь Хятад ажилчид авч ирсэн олборлолт явуулж байхад нь анхнаасаа ингэж тохироогүй гээд зайгаа авч эхэлсэн гэсэн хариуцагч Г.Г тайлбарыг нэхэмжлэгч тал үндэслэлтэй няцааж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Г уг 13.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж нэхэмжилж байгаа бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар “...Үүрэг гүйцэтгүүлэхээр бус тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно..”гэжээ.

 

Гэвч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1 дэх хэсэгт анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Г.Г нарын хооронд ямар нэгэн хэлцлийн үндсэн дээр эрх, үүрэг үүссэн болохыг талууд нотлоогүй бөгөөд Г.Б нь Г.Г нөхөн сэргээлтийн тендэр авч өгөхөд туслалцаа үзүүлэх, нөхөн сэргээлтийн тендэрээр халхавчилж олборлолт явуулах боломжоор хангах зэрэг тодорхойгүй үйлдэл хийлгэх зорилгоор 13.000.000 төгрөгийг Г.Г шилжүүлсэн бөгөөд нөхөн сэргээлтийн тендэрээр халхавчилж хууль бусаар олборлолтын үйл ажиллагаа явуулах зорилгодоо хүрэх боломжгүйг Г.Б нь анхнаасаа мэдэж байсан боловч уг мөнгийг шилжүүлсэн байх тул буцаан шаардах эрхгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2019/00330 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...492.3, 492.4.1-д...” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад  заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.Э

                 ШҮҮГЧИД                           Ш.Б

                                                             Т.Ж