Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01329

 

Г.Бямбадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2019/00330 дугаар шийдвэр,

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 215/МА2020/00004 дүгээр магадлалтай,

 

Г.Бямбадоржийн нэхэмжлэлтэй,

Г.Гансүхэд холбогдох,

 

Нөхөн сэргээлтийн талбайд хууль бусаар олборлолт явуулахад туслахаар амлаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Бямбадорж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Бямбадорж би эхнэр М.Цэндсүрэнгийн хамт эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг Мөнхбаян-Эрдэнэ ХХК-ийг ажиллуулдаг. Манай компани байгаль орчны нөхөн сэргээлт хийх чиглэлээр Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөлтэй баруун аймгуудад нөхөн сэргээлтийн ажил хийсэн туршлагатай. Говь-Алтай аймгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдэж буй гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаа болон Хойд сайрт нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын гүйцэтгэгчээр Мөнхбаян-Эрдэнэ ХХК шалгарсан. Улмаар манай компани Говь-Алтай аймгийн Байгаль орчны газартай 2014.5.15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нөхөн сэргээлт хийх газрын хил заагийг тэмдэгжүүлэн, байгаль орчны хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг 6 дугаар сарын 13-нд батлуулснаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эхэлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ болон ажлын удирдамжинд заасны дагуу техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, 2014.9.23-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын А/226 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт актаар хүлээлгэн өгсөн. Есөнбулаг сумын Шаврын голын 10 га газрын нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулах үед Г.Бямбадорж миний урьдын танил Говь-Алтай аймгийн харьяат, улсын начин Г.Гансүх тааралдаж, манай компанийн нөхөн сэргээлтийн ажилд орохыг хүссэн. Ингэхдээ Г.Гансүх нь нөхөн сэргээх талбайн овоолсон шороог ухуулж, ашигт малтмал олборлуулах боломжоор хангана, би өөрөө ч ухна, намайг улсын начин Ганиа гэхээр Алтайд андахгүй, манай нам аймгаа удирдаж байгаа, миний сайн найз О.Амгаланбаатар аймгийн Засаг даргаар ажилладаг, намайг удахгүй Байгаль орчны газрын даргаар томилох тул асуудалгүй гэж итгүүлэн Г.Бямбадорж надаас 13 сая төгрөг авсан. Үнэхээр ч Г.Гансүх тухайн үед Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын даргаар томилогдохоор хөөцөлдөж байсан. Гэвч 2014 оны сүүлээр Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдсон байдаг. Гэтэл нөхөн сэргээлтийн явцад Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баруун бүсийн газрын Говь-Алтай аймаг дахь албатай хамтран 11 удаагийн хяналт шалгалтыг хийж шороо ухуулаагүй, Г.Гансүх ч нөхөн сэргээлтийн талбайд шороо ухаж чадаагүй. Ингээд би Г.Гансүхэд 13 сая төгрөгөө алдсан. Мөнгөө нэхэхээр манай эхнэр М.Цэндсүрэн Алтай хотод Г.Гансүхийн гэрт очоод зодуулах шахаад ирсэн. Говь-Алтай аймгаас төрсөн улсын начин, сум орон нутагтаа нэр хүндтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын найз, Ардчилсан намын гишүүн, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга болохоор хөөцөлдөж байсан Галбадрахын Гансүхийн хэлсэн үг, үйлдэлд итгэж найдсан боловч эцсийн дүндээ Г.Гансүх үндэслэлгүйгээр 13 сая төгрөгөөр хөрөнгөжиж би хохирч үлдсэн. Ингээд би 2017.9.07-ны өдөр Говь-Алтай аймгийн прокурорын газарт эрүүгийн журмаар хандсаны дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас Г.Гансүхэд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, Г.Бямбадорж би хохирогчоор тогтоогдон оролцож, шаардлагатай баримт материалыг гарган өгч, 13 сая төгрөгийн хохирлоо Г.Гансүхээс нэхэмжилж мэдүүлэг өгсөн. Говь-Алтай аймгийн прокурор Б.Ганбаатараас 2019.01.11-ний өдрийн 04 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар Г.Гансүхийн үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй тул учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн хариу ирүүлснийг 2019.01.15-ны өдөр гардан авч Г.Бямбадорж би хариуцагч Г.Гансүхэд эрх зүйн үндэслэлгүйгээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 13 сая төгрөгөө нэхэмжилж шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Г.Бямбадорж нь Есөнбулаг сумын Шаврын голын 10 га газрын нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулах үед Гансүхтэй таарч энэ тендерт хамтарч ажилласан гэж буруу ташаа бичжээ. Үнэн нь уг гэрээг 2014.5.15-ны өдөр байгуулсан. Харин 2014 оны 1-р сард Говь-Алтай аймгийн иргэн Энхтөр гэгчээр манай гэрийг заалган ирж надтай анх уулзаж байсан. Уулзсан шалтгаан нь манай аймагт зарлагдах тендрийн ажил авах, нөхөн сэргээлт хийхэд танил талаа ашиглан ажил хөөцөлдүүлэх өөрөөр хэлбэл тендер авах бүх ажлыг чи хариуц, ах нь ийм компанитай, нөхөн сэргээлт хийж байсан туршлагатай, аваад л өгчихвөл нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхэд төрөөс төсөвлөгдсөн мөнгийг чи ав /энэ нь эхлээд 9 сая, дараа нь 18 сая төгрөг болсон/ гүйцэтгэх ажил бол миний асуудал гэж итгүүлэн хамтарч ажиллая гэж гуйсан. Түүний гол зорилго бол энд таних хүнгүй болохоор миний нэр төрийг ашиглан манай аймагт нөхөн сэргээлтийн тендер авах бүх ажлыг хариуцуулах, авсны дараа мөнгө өгөх битгий хэл, хэл ам хийгээд өнгөрүүлэх бодолтой байсан юм билээ. Тухайн үед би ажлаас гараад удаагүй байсан болохоор урьдны танил, гэрт ирж буйг бодолцоод уг саналыг хүлээн авсан. Энэ үед манай гэрт Энхтөр, эхнэр Тунгалагтуул нар байсан. Үүнээс хойш тендрийн ажилд оролцох, тендерт ялах хүртэл өөрийн танил тал найз нөхөд бүхий л талаар хөөцөлдөн байж тендерт ялсан. Хэрвээ би уг ажилд оролцоогүй бол Бямбадорж уг тендрийг авах боломжгүй байсан... өөрөө ч энэ тухайгаа ойлгож, ярьж байсан. ...Энэ хугацаанд хүү Б.Цэрэнжамц нь манай аймагт байж тендрийн бүхий л ажилд оролцож байсан ба үйл явцыг мэдэж байсан. Уг тендрийг авсны дараа авах ёстой мөнгөө нэхтэл тендрийн ажил гүйцэтгэж дуусгаад мөнгө нь орж ирэх юм байна, тэр үед найдвартай өгнө гэж хэлж итгүүлсэн. 6 сараас нөхөн сэргээлтийн ажил эхлэх үед энэ компани ямар ч техник хэрэгсэл, багаж материалгүй болох нь мэдэгдсэн. Өмнө нь яаж нөхөн сэргээлт явуулж байсныг ойлгоогүй. Гэвч өөрсдөө машин техник олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь, мөн би ч ажлыг хурдан эхлүүлж, дуусгахын тулд эндээс Мөнхбаатар гэдэг хүнээс ковш /хөлсөөр/, мөн АЗЗА-с хутгадаг, түрдэг трактор авахаар болж хөлс мөнгийг тохирч ажлыг эхлүүлснээр миний зүгээс хийх ажил дуусч компанийн ажил үлдсэн. Гэтэл нөхөн сэргээлтийн ажил хийхээс гадна овоолсон шороо ухуулах, алтны үйлдвэрлэл явуулахаар хятадууд авчирсан байсан. Би дургүйцэж анхнаасаа хятадууд ажиллуулна гэж тохироогүй, та нар хууль бус үйл ажиллагаа явуулж байна шүү дээ гэж удаа дараа хэлсэн бөгөөд хэрвээ хяналт шалгалтад баригдвал би хариуцахгүй шүү гэж анхааруулсан. Эндээс эхэлж зөрчилдөж эхэлсэн. Хяналт шалгалтын явцад үйлдвэрлэл явуулж байсан, хууль бусаар хятадууд ажиллуулж байсан нь баригдаад цаашид шорооноос ашиг олох боломжоо алдаад ирэхээрээ над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би анхнаасаа та нартай ингэж тохироогүй ээ, би тендер л авч өгөхөөр тохирсон гэж хэлсэн боловч тэд ойлгоогүй. Гэсэн ч анхнаасаа эхлүүлсэн ажил гэж бодоод цагдаа энэ тэр гээд зөндөө хөөцөлдсөн боловч миний хүчрэх ажил биш байсан. Зохих газруудаас тэднийг ямар ч үйлдвэрлэл явуулах боломжгүйгээр тендрийн ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд би нэг ч төгрөг авалгүйгээр хохироод үлдсэн. Түүний дараа над руу мөнгө, энэ тэр гэж огт хандаагүй. Хэсэг хугацааны дараа эхнэр нь манай гэрт ирээд дайрч доромжлоод байхаар нь би хөөгөөд л гаргасан. ...Үүнээс хойш бүтэн 5 жил өнгөрсөн. Ямар учраас ийм их хугацааны дараа хүний нэр төрд халдаж мөнгө нэхэмжлэх болов, мөнгөө алдсан гэж үзсэн юм бол 15, 16 онуудад юу хийж чимээгүй явав гэх мэт гайхах зүйл байна. Надаас 13,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Над руу 2 удаа мөнгө шилжүүлсэн нь 11 сая төгрөг. 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэжээ. Надад бэлнээр нэг ч төгрөг өгөөгүй. Харин шилжүүлсэн 11 сая төгрөгийг дараах зүйлсэд зарцуулсан. Бямбадоржийн өөрийнх нь хүсэлтээр тендер авахад хүмүүст урамшуулал өгөх, хүмүүсийг хоолонд оруулах, Б.Цэрэнжамцын буудлын мөнгийг төлөхөд 4 сая төгрөг, өөрсдөө тоног төхөөрөмжгүй байсан бөгөөд эндээс олоод өг гээд байхаар нь өөрсдийнх нь хүсэлтээр Мөнхбаатар гэдэг хүнээс ковш авахаар болж Бямбадорж өөрөө үзээд өдрийн хөлс, жолоочийн хөлсийг 4 сая төгрөгөөр тохиролцсон ба мөнгийг бэлнээр би аваачиж өгсөн. АЗЗА-аас хутгадаг, түрдэг трактор авахаар болж түүний хөлс, шатахуунд 3 сая төгрөг, ийм маягаар түүний хэлснээр мөнгө зарцуулсныг Бямбадорж мэдсээр байж мөнгө нэхэмжлээд байгаад үнэхээр дургүй хүрч байна. ...Мөн Бямбадоржийн нэхэмжлэлд хүнийг илтээр гүтгэж, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүй хийсэн болгож гүжирдсан зүйл олон байна... Г.Бямбадоржийн нэхэмжлэлийн эсрэг хандах зүйл буюу надад учруулсан хохирлыг дурдахад би энэ хугацаанд Бямбадоржтой таараагүй байсан бол өөрийн хүч хөдөлмөрт тохирсон орлого олох, ахуй амьдралдаа зарцуулах байсан. Миний нэр төрийг гутаан залилан хийсэн гэж цагдаагийн газарт шалгуулсан. Цагдаагаас үнэн мөнийг шалгаж залилан биш болохыг тогтоон прокуророос хэргийг хаасан. Оюутнуудад хөлслүүлдэг байсан, миний эзэмшлийн Оргил 13-1-10 тоот байрыг оюутнуудыг хугацаанаас нь өмнө гарган Бямбадоржийн хүү Цэрэнжамц эхнэр 2 хүүхэд, ажилчдын хамт 6-10 сар хүртэл хөлслөн суусан боловч нэг ч төгрөг өгөөгүй, хамаг юмыг эвдлэн сүйтгэж бохирдуулсан байсныг дараа нь багагүй мөнгөөр засаж янзалсан. Нөхөн сэргээлтийн ажил явуулах үедээ 2 ор, хөлдөөгч зэргийг авч ашиглаж байгаад өгөлгүй алга болсон гэх мэтээр хөрөнгө мөнгөөр үнэлбэл багагүй хохирол учруулаад алга болцгоосон ба Бямбадорж нь хүнд ямар хохирол учруулснаа бодохгүйгээр өөрийн ашгийг эн тэргүүнд тавьдаг нь илт харагдаж байна. Би Бямбадоржийг дуудан ирүүлж тендрийн ажилд татан оруулаагүй, түүнээс мөнгө зээлж болон залилж аваагүй ба бид хоёрын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн зүйл байхгүй бөгөөд надад шилжүүлсэн гэх 11 сая төгрөгийг Бямбадорж нь өөрийнхөө ажлыг хөөцөлдүүлэх, мөн өөрөө шаардлагатай тоног төхөөрөмж түрээслэн авахад зарцуулчихаад эцэст нь өөрсдийн санасан хэмжээнд ашиг олж чадаагүйнхээ бурууг надаас хайн миний нэр төрийг гутаан доромжилж буйд асар их гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ201920/00330 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Их мянган овогт Галбадрахын Гансүх /ПЮ69052717/-д холбогдуулан гаргасан нөхөн сэргээлтийн талбайд хууль бусаар олборлолт явуулахад туслахаар амлаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн Боржигон овогт Гэлжирийн Бямбадорж /ПЮ62061610/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 215/МА2020/00004 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2019/00330 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...492.3, 492.4.1-д... гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Бямбадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Бямбадорж би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.27-ны өдрийн 215/МА2020/00004 дүгээр магадлалыг 2020.02.10-ны өдөр Ховд аймгийн Шуудангийн газраас гардан аваад эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

 

Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1 буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Г.Бямбадорж миний Г.Гансүхээс 13 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь хуулийн дээрх заалтад тусгагдсан анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тоггоогдоогүй, зохигч уг асуудлаар маргаагүй, хуулийг уг заалтыг хэрэглэх нөхцөл үүсээгүй. Тодруулбал нэхэмжлэгч Г.Бямбадорж би хариуцагч Г.Гансүхэд бэлэн бусаар 11 сая төгрөг, бэлнээр 2 сая төгрөг, нийт 13 сая төгрөг өгсөн хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй нотлогдсон. Хариуцагч Г.Гансүх ч нэхэмжлэгч Г.Бямбадорж надаас 13 сая төгрөг авснаа үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрдөг. Ийм байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч намайг зорилгодоо хүрэх боломжгүйг мэдсээр байж хариуцагчид хөрөнгө шилжүүлсэн гэж бодит байдалд нийцэхгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй хийсвэр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна.

 

Хоёр. Иргэний эрх зүйн харилцаанд хөрөнгө олж авсан нь хуульд нийцсэн, эрх зүйн үндэслэлтэй байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд хариуцагч Г.Гансүх нь нэхэмжлэгч Г.Бямбадорж надаас дээрх 13 сая төгрөгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу эрх зүйн үндэслэлтэйгээр олж авснаа нотлох үүрэгтэй юм. Гэтэл хариуцагч Г.Гансүх нь нэхэмжпэгч Г.Бямбадорж надаас 13 сая төгрөгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу, эрх зүйн үндэслэлтэйгээр олж авсан болохоо шүүхэд нотлоогүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд юм. Ийм учраас Г.Гансүх нь 13 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийг Г.Бямбадорж надад буцаан өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 429.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан байна. Ийм байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн дээрх заалтыг хэрэглэхгүйгээр Г.Бямбадорж миний Г.Гансүхээс 13 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Гурав. Дээрх 13 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгч Г.Бямбадорж болон миний хүү Б.Цэрэнжамц, Б.Олонбаяр нарын хөдөлмөр зүтгэлээр бий болсон. Үүнд хариуцагч Г.Гансүхийн өчүүхэн ч оролцоо байхгүй. Ингэсэн атлаа Г.Гансүх нь Г.Бямбадорж надаас 13 сая төгрөг авч хувьдаа хэрэглэчихээд буцаан өгөхгүй байгаа нь шударга бус байна. Уг шударга бус үйлдлийг Говь-Алтай аймгийн анхан, давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу хэрэглэн зөвтгөж, нутгаас төрсөн улсын начин гэдгээр нь хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, нэхэмжлэгч намайг хохироосон шийдвэрийг удаа дараа гаргаж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, Г.Бямбадорж миний Г.Гансүхээс 13 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Бямбадорж нь хариуцагч Г.Гансүхэд холбогдуулан ...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг Шаврын гол гэх газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил хийх хүсэлтэй байсан. ...үүний тулд нөхөн сэргээлтийн тендер авах болон тендер авсны дараа алтны олборлолт явуулах боломжоор хангуулахын тулд Г.Гансүхэд 13,000,000 төгрөгийг өгсөн боловч амласнаа биелүүлээгүй... гэж марган, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр түүнд шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичмэл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Бямбадорж, хариуцагч Г.Гансүх нар нь 2014 оны 02 дугаар сард уул уурхайн нөхөн сэргээлтийн тендерт хамтран оролцох, нөхөн сэргээлтийн ажил хийх талаар тохиролцон, хариуцагч нь нэхэмжлэгчийг нөхөн сэргээлтийн тендерт оролцож ялахад нь туслах, нөхөн сэргээлтийн тендерээр халхавчилж алт олборлох үйл ажиллагаа явуулах, ийм боломжоор хангуулах үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд 13,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. Уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч Г.Бямбадорж, түүний эхнэр М.Цэндсүрэн нарын Мөнхбаян-Эрдэнэ ХХК нь 2014.04.03-ны өдөр сонгон шалгаруулсан уул уурхайн нөхөн сэргээх ажлын тендерт оролцон шалгарч, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газартай нөхөн сэргээлт хийж гүйцэтгэх ажлын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэсэн, мөн нэхэмжлэгч нь Г.Гансүхэд тохирсон мөнгийг төлсөн /дансаар болон бэлнээр/ зэрэг нь тогтоогдсон байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Г.Бямбадорж нь нөхөн сэргээлтийн тендер авахад тусалж хөөцөлдөж өгөөч гэж надад 13,000,000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг тендер шалгаруулах хүмүүстэй уулзах, тэдгээр хүмүүсийг хоолонд оруулах, нөхөн сэргээлтийн талбайд ажиллуулах техник, тоног төхөөрөмж түрээслэх, нэхэмжлэгчийн хүү Б.Цэрэнжамцын байрласан буудлын хөлс төлөх зэрэгт, зориулалтынх нь дагуу зарцуулсан... гэсэн тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д Үүрэг гүйцэтгүүлэхээр бус тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно, ...492.4.1-д ...анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Г.Бямбадорж, хариуцагч Г.Гансүх нарын хооронд ямар нэгэн хэлцлийн үндсэн дээр хуулийн дагуу эрх, үүрэг үүссэн болохыг талууд нотлоогүй, дээрх байдлаар нэхэмжлэгч нь нөхөн сэргээлтийн тендер авч өгөхөд туслалцаа үзүүлэх, нөхөн сэргээлтийн тендерээр халхавчилж олборлолт явуулах боломжоор хангах зэрэг тодорхойгүй үйлдэл хийлгэхээр Г.Гансүхэд 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон, гэвч нэхэмжлэгч нь нөхөн сэргээлтийн тендерээр халхавчилж хууль бусаар олборлолтын үйл ажиллагаа явуулж, зорилгодоо хүрэх боломжгүйг анхнаасаа мэдэж байсан боловч мөнгөө шилжүүлсэн, иймд хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж болохгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв байна.

Иймээс шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 215/МА2020/00004 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН