Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 215/МА2020/00006

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

         Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

         Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00015 дугаар шийдвэртэй,

         Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, Баянговьд оршин суух, И овогт Д.А нэхэмжлэлтэй, Т банкны Говь-Алтай аймаг дахь салбарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А-ын өмгөөлөгч Б.А, Э.Д /онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

         Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд Монгол шуудан нэртэй байхад нь анх кассын няраваар ажилд орж байсан. Түүнээс хойш би 10 жил тасралтгүй энэ банкинд ажиллаж байгаа, ажиллаж байх хугацаандаа Монгол банкны баярын бичиг, Төрийн банкны алтан соёмбо, Баян-Уул сумын ойгоор банкны шилдэг ажилтан болж байсан. Мөн 2019 онд Төрийн банкнаас зарласан шилдэг теллерийн уралдаанд сумуудаа төлөөлөн оролцож байсан. Би 2019 оны 8 дугаар сарын 19-нд амралтаа аваад явсан байхад намайг гүтгэн нэр төрийг маань унагаж, үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилж байна гэжээ.

         Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцагч Б. Ж тэтгэврийг удаа дараа дутуу олгосон. Б.Ж нь тэтгэврээ дандаа 310.000 төгрөгөөр авдаг байсан гэсэн боловч 2 дугаар сард 318.000 төгрөг, 3 дугаар сард 316.000 төгрөгөөр зарлага гарсан. Б.Ж нь 2019 оны 8 дугаар сард манай банкаар үйлчилүүлэхээр ирэхдээ тэтгэврээ 316.000 төгрөгөөр тогтсон гэдгийг мэдсэн байна. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны орой 91171519 дугаарын утсаар холбогдоход энэ талаар тайлбар өгсөн. Харилцагч Т.Н 2019 оны 7 дугаар сарын   9-нд 130.000 төгрөг авахаар баримт бичиж өгөхөд 100.000 төгрөг л гарах юм байна гээд 100.000 төгрөг өгсөн гэх данснаас 130.000 төгрөгөөр зарлага гарсан. Харилцагчтай уулзаж тодруулахад 100.000 төгрөг авсан гэсэн тайлбар өгсөн. Д.Ж “Вангийн ивээл” хадгаламж зээлийн хоршооны дансанд А.Ц зээлийн хүү болох 40.000 төгрөгийг орлогодсон боловч дансанд ороогүй. Харилцагчийг өөрийн биеэр банкинд ирээгүй байхад картнаас нь 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн. Мөн нэхэмжлэгч Д.А нь толгойноос халаад байна гэсэн шалтгаанаар нэгжийн хяналтын камерыг журам зөрчиж, тогтмол салгадаг талаар Тооцооны төвийн захирал, ахлах теллер нар тайлбар өгсөн. Өмнө нь Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн /МТХМ/ Г.Б тус тооцооны төвд шалгалт хийх үед 2017 оноос хойших бичлэг хадгалаатай камерыг төдийлөн ажиллуулдаггүй байсан тул камерын бичлэгийг шалгахад Д.А хяналтын камерыг унтрааж байгаа нь бичигдэж үлдсэн байдаг. Нэхэмжлэгчийн дээрх үйлдлүүд нь Төрийн банкны дараах дүрэм журмуудыг зөрчсөн болно. Төрийн банкны ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5, 5.2.4 дэх заалт, Хөдөлмөрйин дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2, 5.28.4, 5.28.9, 5.28.11, 5.28.12, 5.28.13, 5.28.14, 5.28.25 дахь заалт, Теллерийн системийн багц журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт, Хяналтын камерын системийг удирдан хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.4.5 дахь заалт, Аюулгүй байдал, хамгаалалтын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.13.6 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.5, 7.4.10, 7.4.13, 7.4.14, 7.4.15, 7.4.26 дахь заалт. Иймд банк Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтын дагуу Д.А байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Төрийн банкны Говь-Алтай салбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох эрх зүйн субъект биш, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хүнийг харилцагч нараас ирсэн гомдол саналын дагуу шалгаж үзээд, ажлаас нь халах хүртэл арга хэмжээг авсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Төрийн банкны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.29.9 дэх заалт, Теллерийн системийн багц журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэг, 9.12.11 дэх хэсэг, салбарын захирлын зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн энэ хүнийг ажлаас чөлөөлсөн байгаа. Харилцагч нартай холбоотой тайлбар дээр бол яг энэ гүйлгээг хийхээр камерийн бичлэг байхгүй, дараагийн гүйлгээ нь бүгд бичлэгтэйгээ байгаа. Өмнө нь 2018 онд манай мэдээлэл технологийн мэргэжилтэн газар дээр нь очоод Д.А камер унтраахгүй шүү гэдгийг бол анхааруулж хэлсэн байгаа. Манай камер бол хүний араас халдаг юм байхгүй. Харилцагч нартай холбоотой өөрийнх нь гаргасан зөрчил дээр өөрөө гүйлгээ хийхдээ камер унтраагаад дараагийн гүйлгээнээс бичлэг нь бичигдээд явдаг тийм бичлэг бол байгаа. Манай камер бол 3 сарын бичлэг хадгалах санах ойтой. Д.А би ч гэсэн камер унтраагаад байх юм бол өөрөө асуудалд орно шүү гэдгийг бол анхааруулж хэлж байсан гэжээ.

         Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Т банкны Говь-Алтай аймаг дахь салбарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн И овогт Д. А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч Д.А өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Т банкны Говь-Алтай аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Д.А өмгөөлөгч Б.А би Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.А нь харилцагч Д.Ж 40.000 төгрөгийн орлогын гүйлгээг хийгээгүй, Т.О 650.000 төгрөг зээлж санхүүгийн харилцаанд орсон, харилцагч Т.Н данснаасаа 100.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхэд 130.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж 30.000 төгрөгийг хувьдаа авсан. Б.Ж тэтгэврийн мөнгийг удаа дараа дутуу олгосон, нэгжийн хяналтын камерыг удаа дараа унтраасан зөрчил гаргасан байх тул гэж дүгнэсэн. Хариуцагч Т банкны Говь-Алтай аймаг дахь салбарын захирал 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б-106 дугаартай Д.А байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал гаргахдаа тухайн зөрчлийг шалгаж тогтоогоогүй, зөрчил нь хавтаст хэргийн материалд хангалттай нотлогдоогүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

         Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 133/ШШ2020/00015 шийдвэрийг хүчингүй болгож, уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

         Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

         Нэхэмжлэгч Д.А нь Т банкны Говь-Алтай аймаг дахь салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

         Хариуцагч Т банкны Говь-Алтай аймаг дахь салбар нь “Говь-Алтай” салбарын харьяа “Баян-Уул” тооцооны төвийн теллерээр ажиллаж байсан Д.А ажлын байрны давуу байдлаа ашиглан харилцагчийг өөрийн биеэр ирээгүй байхад харилцагчийн дансыг удаа дараа лавлах, олж авсан мэдээллийг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан, харилцагчийн бичгээр гаргасан  зөвшөөрөлгүйгээр харилцагчийн данснаас орлого, зарлагын гүйлгээ хийсэн, харилцагчийн үйлчилгээний журам, ёс зүйн журмуудыг мөрдөж ажиллаагүй, харилцагчаас удаа дараа гомдол ирсэн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажлаас чөлөөлжээ.

 

         Хариуцагч нь Д.А ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, Төрийн банкны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт, Төрийн банкны теллерийн системийн багц журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.2.11 дэх заалтыг зөрчиж харилцагч Д.Ж 40.000 төгрөгийн орлогын гүйлгээг хийгээгүй, Т.О 650.000 төгрөг зээлж санхүүгийн харилцаанд орсон, харилцагч Т.Н данснаасаа 100.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхэд 130.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж 30.000 төгрөгийг хувьдаа авсан, Б.Ж тэтгэврийн мөнгийг удаа дараа дутуу олгосон, нэгжийн хяналтын камерийг удаа дараа унтраасан зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ хариуцагч Т банкны Говь-Алтай аймаг дахь салбар нь Д.А байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа тухайн зөрчлийг шалгаж тогтоогоогүй, зөрчил нь хавтаст хэргийн материалд хангалттай нотлогдоогүй, нотлох баримтыг бодитой үнэлээгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

         Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.А нь харилцагч Д.Ж 40.000 төгрөгийн орлогын гүйлгээг хийгээгүй, харилцагч Т.О 650.000 төгрөг зээлж санхүүгийн харилцаанд орсон, харилцагч Т.Н харилцах данснаасаа 100.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхэд 130.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж 30.000 төгрөгийг хувьдаа авсан, Б.Ж тэтгэврийн мөнгийг удаа дараа дутуу олгосон, нэгжийн хяналтын камерийг удаа дараа унтраасан болох нь дээрх харилцагч нарын гаргасан гомдол, хүсэлт, банкны Депозит дансны харилцагчийн монгол хуулга, тус Баян-Уул тооцооны төвд томилолтоор ажилласан  ажлын хэсгийн ажилтантай ярилцсан тэмдэглэл, тайлбар, шүүхээс хууль сануулж авсан гэрч А.А, Т.Н, Х.А, Д.Ж, Т.О, Б.Ж нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

         Д.А гаргасан зөрчил нь ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.5, 7.4.10, 7.4.13, 7.4.14, 7.4.15, 7.4.26 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил байх тул ажил олгогч нь ажилтны ажил үүргийн онцлогийг харгалзан түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

        Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гэрээг цуцлах ноцтой зөрчлийг уг гэрээний 7 дугаар зүйлд тодорхой нэрлэн заасан байгаа нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тохиолдол нэг бүрийг тухайлан заагаагүй гэдгийг үгүйсгэж байна.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч төрийн банкны ажилтны харилцагчдад үйлчилгээ үзүүлж байх үеийн бичлэг камерт бичигдэх ёстой гэж маргаж, тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь Ерөнхий нягтлан бодогч М.Э “...Камерийн бичлэгийг шүүхээр камерийн бичлэг байхгүй. Д.Ж тухайд мөнгөө өгч байгаа бичлэг нь байхгүй, хамт хийсэн гэх бэлэн бус гүйлгээнүүдийн бичлэг л камерт үлдсэн байгаа юм. Бусад бүх гомдол дээр харилцагчийн камерийн бичлэг байхгүй.

        Тус тооцооны төв нь камерийг тогтмол ажиллуулдаггүй.Теллер Д.А толгойноос халаад байна гэх шалтгаанаар камерийг салгадаг талаар Тооцооны төвийн захирал, ахлах теллер нар...”  /х/х-ийн 141 дүгээр тал/ тайлбарласан байна.

        Төрийн банкны ажилтнуудын болон харилцагчдын аюулгүй найдвартай орчныг хангах, харилцагчдын санал гомдлыг барагдуулах, гэмт хэрэг халдлагаас урьдчилан сэргийлэх зэрэг зорилгоор хийгддэг камерийн бичлэгийг хийгээгүй нь банк буюу түүний ажилтан харилцагчдын хооронд үүссэн маргаантай асуудал, харилцагчийн санал гомдлыг шийдвэрлэхэд банкны ажилтанд давуу байдал бий болгох ёсгүй юм.

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч Д.А нь ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

         Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн дээрх шаардлага, тайлбараа шүүхэд баримтаар нотолж чадаагүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

         Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

         3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.Б

                  ШҮҮГЧИД                        Ч.Э

                                                           Т.Ж