Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2020/00015

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: ГАА Б сумд оршин суух, И овогт Д.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Т б-ны ГАА дахь салбарт холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч С.Б, гэрч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд Монгол шуудан нэртэй байхад нь анх кассын няраваар ажилд орж байсан. Түүнээс хойш би 10 жил тасралтгүй энэ банкинд ажиллаж байгаа, ажиллаж байх хугацаандаа Монгол банкны баярын бичиг, ТБ-ны алтан соёмбо, Баян-Уул сумын ойгоор банкны шилдэг ажилтан болж байсан. Мөн 2019 онд Төрийн банкнаас зарласан шилдэг теллерийн уралдаанд сумуудаа төлөөлөн оролцож байсан. Би 2019 оны 08 дугаар сарын 19-нд амралтаа аваад явсан байхад намайг гүтгэн нэр төрийг маань унагаж, үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцагч Б.Ж-ын тэтгэврийг удаа дараа дутуу олгосон. Б.Ж нь тэтгэврээ дандаа 310.000 төгрөгөөр авдаг байсан гэсэн боловч 2-р сард 318.000 төгрөг 3 сард 316.000 төгрөгөөр зарлага гарсан. Б.Ж нь 2019 оны 8 дугаар сард манай банкаар үйлчилүүлэхээр ирэхдээ тэтгэврээ 316.000 төгрөгөөр тогтсон гэдгийг мэдсэн байна. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны орой 91171519 дугаарын утсаар холбогдоход энэ талаар тайлбар өгсөн. Харилцагч Т.Н 2019 оны 07 дугаар сарын 09-нд 130.000 төгрөг авахаар баримт бичиж өгөхөд 100.000 төгрөг л гарах юм байна гээд 100.000 төгрөг өгсөн гэх данснаас 130.000 төгрөгөөр зарлага гарсан. Харилцагчтай уулзаж тодруулахад 100.000 төгрөг авсан гэсэн тайлбар өгсөн. Д.Ж Вангийн ивээл хадгаламж зээлийн хоршооны дансанд Ц-ийн зээлийн хүү болох 40.000 төгрөгийг орлогодсон боловч дансанд ороогүй. Харилцагчийг өөрийн биеэр банкинд ирээгүй байхад картнаас нь 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийлсэн. Мөн нэхэмжлэгч Д.А нь толгойноос халаад байна гэсэн шалтгаанаар нэгжийн хяналтын камерыг журам зөрчиж, тогтмол салгадаг талаар Тооцооны төвийн захирал, ахлах теллер нар тайлбар өгсөн. Өмнө нь МТХМ Г.Б-ыг тус тооцооны төвд шалгалт хийх үед 2017 оноос хойших бичлэг хадгалаатай камерыг төдийлөн ажиллуулдаггүй байсан тул камерын бичлэгийг шалгахад Д.А хяналтын камерыг унтрааж байгаа нь бичигдэж үлдсэн байдаг. Нэхэмжлэгчийн дээрх үйлдлүүд нь ТБ-ны дараах дүрэм журмуудыг зөрчсөн болно. ТБ-ны ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5, 5.2.4 дэх заалт, Хөдөлмөрйин дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2, 5.28.4, 5.28.9, 5.28.11, 5.28.12, 5.28.13, 5.28.14, 5.28.25 дахь заалт, Теллерийн системийн багц журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт, Хяналтын камерын системийг удирдан хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.4.5 дахь заалт, Аюулгүй байдал, хамгаалалтын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.13.6 дахь даалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.5, 7.4.10, 7.4.13, 7.4.14, 7.4.15, 7.4.26 дахь заалт. Иймд банк Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтын дагуу Д.А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгээр цуцалсан болно. ТБ-ны Говь-Алтай салбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох эрх зүйн субъект биш, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хүнийг харилцагч нараас ирсэн гомдол саналын дагуу шалгаж үзээд, ажлаас нь халах хүртэл арга хэмжээг авсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, ТБ-ны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт, ТБ-ны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугааар зүйлийн 5.29.9 дэх заалт, Теллерийн сисмемийн багц журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэрх хэсэг, 9.12.11 дэх хэсэг, салбарын захирлын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн энэ хүнийг ажлаас чөлөөлсөн байгаа. Харилцагч нартай холбоотой тайлбар дээр бол яг энэ гүйлгээг хийхээр камерийн бичлэг байхгүй, дараагийн гүйлгээ нь бүгд бичлэгтэйгээ байгаа. Өмнө нь 2018 онд манай мэдээлэл технологийн мэргэжилтэн газар дээр нь очоод Д.А камер унтраахгүй шүү гэдгийг бол анхааруулж хэлсэн байгаа. Манай камер бол хүний араас халдаг юм байхгүй. Харилцагч нартай холбоотой өөрийнх нь гаргасан зөрчил дээр өөрөө гүйлгээ хийхдээ камер унтраагаад дараагийн гүйлгээнээс бичлэг нь бичигдээд явдаг тийм бичлэг бол байгаа. Манай камер бол 3 сарын бичлэг хадгалах санах ойтой. Д.А-д би ч гэсэн камер унтраагаад байх юм бол өөрөө асуудалд орно шүү гэдгийг бол анхааруулж хэлж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч Д.А нь Т б-ны ГАА т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхээр нэхэмжилжээ.  

Нэхэмжлэгч Д.А нь ТБ-ны Говь-Алтай салбарын харьяа Баян-Уул тооцооны төвийн теллерээр ажиллаж байсан болох нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, ТБ-ны захирлын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б-106 дугаартай Д.А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.  

Т б-ны ГАА ын захирлын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б-106 дугаартай Д.А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Д.А-ыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Д.А нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал  зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргахаар заасан байна.

Нэхэмжлэгч Д.А нь ТБ-ны Говь-Алтай салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Хэрэгт Д.А-ын ажлаас чөлөөлсөн хоёр тушаалыг талууд гаргасан байгаа бөгөөд шүүх ажилтанд гардуулан өгсөн тушаалыг баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг тушаалд Т б-ны ГАА ын захирлын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б-106 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.А-ыг Баян-Уул тооцооны төвийн теллерийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, ТБ-ны ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5, 5.1.4 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2, 5.28.4, 5.28.9, 5.28.11, 5.28.12, 5.28.13, 5.28.14, 5.28.25 дахь заалт, Теллерийн системийн багц журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт, Хяналтын камерийн системийг удирдан хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.4.5 дахь заалт, Аюулгүй байдал, хамгаалалтын дотоод журмын 4 дүгээр зүзйлийн 4.13.6 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.5, 7.4.10, 7.4.13, 7.4.14, 7.4.15, 7.4.26 дахь заалт, Салбарын захирлын зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны 19/21 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэжээ.

Тушаалын гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан зэргийг үндэслэсэн байна.

Тодруулбал Д.А нь харилцагч Д.Ж-ийн 40.000 төгрөгийн орлогын гүйлгээг хийгээгүй, Т.О-оос 650.000 төгрөг зээлж санхүүгийн харьцаанд орсон, харилцагч Т.Н данснаасаа 100.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхэд 130.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж 30.000 төгрөгийг хувьдаа авсан, Б.Ж-ын тэтгэврийн мөнгийг удаа дараа дутуу олгосон, нэгжийн хяналтын камерыг удаа дараа унтраасан зөрчил гаргасан байх тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Д.А-ын гаргасан дээрх зөрчил нь харилцагч Б.Ж-тай утсаар ярьсан тэмдэглэл, Т.Н-ийн хүсэлт,  Д.Ж-ийн гаргасан өргөдөл, Т.О-той ярилцсан тэмдэглэл зэргийг үндэслэн ТБ-ны Баян-Уул тооцооны төвд хийсэн шалгалтын тайланг хэлэлцсэн ТБ-ны салбарын захирлын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар тогтоогдсон байна.

Хариуцагч ТБ-ны Говь-Алтай салбар нь харилцагч Б.Ж-тай утсаар ярилцсан тэмдэглэл, харилцагч Т.Н-ийн хүсэлт, харилцагч Д.Ж-ийн гаргасан өргөдөл, харилцагч Т.О-той ярилцсан тэмдэглэл, Н.М-ын тайлбар, А.А-ийн тайлбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд эдгээр баримтууд нь шүүхэд нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд харин байгууллагын түвшинд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг илэрүүлэх шалгах тогтооход хуулийн тодорхой шаардлага тавигдахгүй юм.

Эдгээр үйл баримт буюу зөрчлүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьдчилж авсан гэрч Б.Б, А.А, Т.Н, Х.А, Д.Ж, Т.О, Б.А нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2 Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам зааврыг зөрчсөн үйлдлийг дотоод хяналт, шалгалтаар тогтоосон, 7.4.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон, 7.4.10 харилцагчийн албан ёсны бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр харилцагчийн данснаас орлого, зарлагын гүйлгээ хийсэн, 7.4.13 тооллогоор кассын илүүдэл, дутагдал гаргасан, гарсан зөрүүг мөнгөний дүн харгалзахгүйгээр холбогдох албан тушаалтанд цаг тухайд нь мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ аваагүй, нуун дарагдуулсан, 7.4.14 харилцагчийг хохироосон, хулгайлах, завших, залилан мэхлэх зэрэг үйлдэл гаргасан нь тогтоогдсон, 7.4.15 үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо банкны эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хэвлэмэл хуудас, банкны тэмдэг, үнэт цаас зэргийг ашигласан... зэргийг ноцтой зөрчилд тооцохоор заасан бөгөөд Д.А-ын гаргасан зөрчил нь Хөдөлмөгийн гэрээний дээрх заалтуудад хамаарч байна гэж дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч Д.А нь ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэдгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж, үндэслэл шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад нэхэмжлэгч тал байхгүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Иймд хэрэгт цугласан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд Д.А-ыг ажлаас чөлөөлсөн ТБ-ны захирлын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б-106 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн ТБ-ны Говь-Алтай аймгийн салбарт холбогдох, эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн И овогт Д.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН