Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2016/0220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч А.Насандэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Б*******, Б.Ц******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний ажлын албаны дарга, А намын бүлгийн дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар хуралдааны А/26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захиамжилсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгч Ш.Б*******, Б.Ц******* нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн дарга Ж.Э******* нараас гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Ш.Б*******, Б.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, У.Н*******, Г.Э*******, иргэдийн төлөөлөгч Г.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б*******, Б.Ц******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар хуралдааны А/26 дугаар тогтоолоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулал мөнгө хассаныг бид хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана гэж заасны дагуу 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 08 дугаар тогтоол гарсан.

Гэтэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх шийдвэр нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гараагүй бөгөөд төлөөлөгчдөд олгох урамшууллын асуудал нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудал юм. Энэхүү тогтоолыг гаргахдаа иргэдийн төлөөлөгчдийн саналыг бүрэн аваагүй, Монгол Ардын намын бүлгийн завсарлага авах эрхийг нь эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн бөгөөд гаргасан шийдвэр нь бусад төлөөлөгчдийн эрхэнд бүдүүлгээр халдсан шийдвэр болсон. Зүй нь сайн дурын үндсэн дээр урамшууллаас татгалзах тухай байж болох ч түүнийг бүх төлөөлөгчдийн эрхэнд хамаарах байдлаар, хууль болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан журмыг зөрчин гаргасан байна.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн гишүүдийн 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн А намын даргын намдаа хандивлах шийдвэр гарган хураан авсан бөгөөд нэг төлөөлөгчөөс 4.500.000 төгрөгийг хурааж авсан байгаа. Энэ талаар тайлбар өгөхийг шаардаж А намын даргад 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 90 дүгээр албан бичгийг явуулсан боловч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга та нар энэ асуудлыг албан бичгээр гаргах ёсгүй хэмээн замаас нь хураан авсан. Иргэдийн төлөөлөгчдийн урамшуулал гэх мөнгөний зориулалт, олгох журмыг хууль тогтоомжид намын даргын шийдвэр, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр дур мэдэн халдах эрхгүй болохыг тодорхой заасан байгаа болно. Энэ үйлдэл нь иргэдийн төлөөлөгчдөд хуулиар олгогдсон үйл ажиллагааны баталгаа болон төлөөлөгчийн эрхэнд халдсан явдал мөн бөгөөд Монгол Улсын Төсвийн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаар тогтоолыг зөрчиж байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар хуралдааны А/26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн Төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын суутган авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгч Ш.Б*******, Б.Ц******* нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д захиргааны акт гэдэг нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна" гэж тодорхой заасан.

Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П*******гийн үйлдэл нь дээр дурдсан захиргааны актын үндсэн шинжийг бүхэлд нь хадгалж байгааг дараах үндэслэлээр нотолж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 59.2-т "Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид байна. Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно" хэмээн хуульчилсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа гэсний 2 дахь хэсэгт "төлөөлөгчдийн хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь Аймаг, нийслэлийн хурал баталж, шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана" гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарны 30-ны өдрийн 8 дугаар тогтоолоор баталсан "Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох журам"-ын 4.1-д "Хурлын төлөөлөгч нарт Хурлын үйл ажиллагаанд оролцсон байдал, ажлын үр дүн, идэвх санаачилгыг харгалзан энэ журмаар тогтоосон хэмжээнд багтаан урамшуулал олгоно" гэжээ.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д "Орон нутгийн төсөв" гэж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг" хэлнэ. Мөн хуулийн 4.1.36-д Төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна, 14.1.15-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төсвийн, 14.1.17-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн" гэж тус тус заасан байна.

Харин төсвийн захирагч нарын үүргийг Төсвийн тухай хуулийн 42.7-д "төсвийн захирагч нь төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно" гэж хуульчилсан байна. Төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намын хандивт зориулж зарцуулж болохгүй. Дээрхээс үзвэл урамшуулал нь хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны гол баталгаа бөгөөд энэ нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна. Иймд урамшуулалтай холбоотой эрх зүйн зохицуулалтууд нь нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох нь тодорхой байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байна. Захиргаан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 3.1.1, 3.1.2.-т заасны дагуу дараах байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 4.1.10-т Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга гэж заасан.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П******* нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд олгох урамшууллын мөнгийг намын хандив хэмээн хураан авах тухай шийдвэрийг 2013 оны хавар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны Соёмбо танхимд А намын бүлгийн хурал дээр амаар гаргасан болно.

Дээр дурдсан хуулиудын дагуу урамшуулал нь орон нутгийн төсөв буюу төрийн хөрөнгө бөгөөд түүнийг зөвхөн хуулиар эрх олгогдсон төсвийн ерөнхийлөн захирагч болох тухайн шатны хурлын дарга, Засаг дарга нар зориулалтын дагуу захиран зарцуулахтай холбоотой шийдвэр гаргах эрхтэй билээ. Өөрөөр хэлбэл, төсвийн захирагч нараас өөр ямар ч субъект төсвийн хөрөнгөтэй харьцах буюу түүнийг захиран зарцуулахтай холбоотой аливаа шийдвэр гаргах эрх олгогдоогүй. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П*******д намын даргын байр сууринаас урамшууллын хөрөнгийг намын санхүүжилтэд захиран зарцуулах захирамжилсан шийдвэр гаргах эрхгүй гэв.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа Намын даргын байр сууринаас урамшууллын мөнгийг намд хандивлах нэрээр хурааж авснаа хүлээн зөвшөөрч, энэ үйлдлээ намын дотоод асуудал хэмээн хуулийн хариуцлагаас зайлсхийж байгааг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэж үзэхээс өөр аргагүй юм.

Түүнчлэн тус урамшууллын хөрөнгийг Дүүргийн 2013 оны төсөв батлах тухай" Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2.1-т иргэдийн Төлөөлөгчдийн хурлын урсгал зардал 872148,9 мянган төгрөгт багтааж тусгасан байсан. Мөн тогтоолын 2-т зааснаар энэхүү хөрөнгийг зарцуулах эрхийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад олгосон байхад Засаг дарга Д.П******* нь эрх мэдлээ хэтрүүлэн тус хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргасан нь хурлын бүрэн эрхэд халдсан үйлдэл болно.

Эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагаа гэдэгт Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т "Төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын дэргэд байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна. Мөн хуулийн 33.3-т Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно гэж заасан байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П*******гийн амаар гаргасан захирамжилсан шийдвэрийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр түүний шууд удирдлагад байдаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн 31 төлөөлөгчийн урамшууллын мөнгө болох 139,500.000 төгрөгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан Г.Мгийн хувийн дансанд шилжүүлсэн байдаг.

Г.М нь тус урамшууллын мөнгийг хурлын дарга Ц.Б, нарийн бичгийн дарга Ч.М нарыг байлцуулан А намын бүлгийн дарга Ж.Э*******д бэлнээр хүлээлгэн өгсөн байна. Хүлээж авсан мөнгөө Ж.Э******* нь Баянзүрх дүүргийн А намын нягтлан бодогчид тушаасан гэж шүүхэд мэдүүлсэн бөгөөд тус мөнгийг хэрхэн юунд зарцуулсан баримт байдаггүй. А намын бүлгийн 31 төлөөлөгчийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг буюу нийт 139.500.000 төгрөгийг гар дээр авч чадаагүй байна.

Гар дээр аваагүй мөнгийг хандив гэж үзэх, хувь хүний ажлын хөлсийг юунд зарцуулахыг хамт олноороо хэлэлцэж олонхийн саналаар мөнгийг замаас нь хурааж авах эрхгүй. Учир нь Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Гишүүн дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно. Хандивыг зөвхөн тухайн намыг байгууллагын дансаар дамжуулан авна мөн хуулийн 18.3-т намд зориулж нэг удаа өгөн хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс 1 сая төгрөгөөс хэтэрч болохгүй гэж заасан байна.

Хандивыг хэн хэдийг юугаар өргөх нь хувь хүний эрхийн асуудал байх ёстой. Бид авсан мөнгөнөөсөө буцаан хандивласан бол байж болох асуудал хэдий ч замаас нь шууд хувь хүний дансаар шилжүүлэн авсан нь Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой үйлдэл юм.

Баянзүрх дүүргийн Засаг дарга нь захиргааны байгууллагын албан тушаалтны байр сууринаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгчдөд олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгийг намын хандив хэмээн хураан авах тухай захиргааны актыг амаар гаргасан. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгч Ш.Б*******, Б.Ц******* нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг нийт 9.000.000 төгрөгийг гаргуулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П*******д даалгаж, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, хууль, тогтоомжид нийцүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын б-д Засаг даргын өргөн мэдүүлснээр сум дүүргийн төсвийг хэлэлцэн баталж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах бүрэн эрхтэй гэж заасны дагуу 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Төсвийн тодотголын хурлыг хийсэн. Тус хурлаас олонхийн саналаар маргаан бүхий асуудлыг шийдвэрлэсэн тул хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл байхгүй.

Төсвийн тодотгол хэлэлцэж нэмэлт, өөрчлөлт оруулах нь хурлын бүрэн эрхийн асуудал юм. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа хууль болон хуралдааны дэгд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал, хурлын хороод болон намын бүлгүүдээр урьдчилан хэлэлцүүлж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу олонхийн саналаар асуудлаа шийдвэрлэн тогтоол гаргадаг.

Иймд Монгол Улсын Засгийн газрын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, улс оронд учирсан санхүүгийн хямралыг даван туулах арга замыг эрэлхийлж төлөөлөгчид урамшууллаасаа татгалзах санал гаргасныг Тэргүүлэгчдийн хурал, хурлын хороод болон намын бүлгүүдээр урьдчилан хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталсан нь холбогдох хууль, хууль тогтоомжийн бусад актыг зөрчөөгүй тул Ш.Б*******, Б.Ц******* нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ш.Б*******, Б.Ц******* нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан шаардлагд тайлбар хүргүүлж байна.

Нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А намын бүлгийн гишүүн Ш.Б*******, Б.Ц******* нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулах шаардлагынхаа хамтран хариуцагчаар Баянзүрх дүүргийн А намын бүлгийн дарга Ж.Э*******ийг татсан байна.

Тэргүүлэгчид урамшуулал олгоё гэсэн шийдвэр гаргаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013оны 8 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолоор батлагдсан хэмжээний дотор багтааж нэг төлөөлөгчид улиралд 5.000.000 төгрөгөөр тооцож, орон нутгийн төсөвт нийт 820 сая төгрөг тусгаж олгох саналыг Тэргүүлэгчид, хурлын хороо, намын бүлэг тус бүр дээр хэлэлцэн нэгдсэн хуралдаанд оруулж, Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 2013 оны 12 дугаар сард баталсан.

2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанд төсвийн тодотголын асуудал хэлэлцэгдэж, Баянзүрх дүүргийн тодотгосон төсвийг олонхийн саналаар батлсан нь А намын бүлгийн санаачлан оруулсан Төлөөлөгчдийн урамшууллаас татгалзах шийдвэрийг баталж төлөөлөгчид урамшуулалгүй болсон.

Иймд хамтын удирдлага бүхий олонхийн саналаар асуудлаа шийдвэрлэдэг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П******* нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намд хандивлах асуудлаа а намын бүлгийн хурал дээр гаргасан тул захиргааны акт болохгүй гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгчдийн урамшууллыг намд хандивлах тухай асуудал нь намын дүрмээр зохицуулагдах намын дотоод асуудал бөгөөд төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намд хандивлах асуудлыг а намын бүлгийн хурлаар шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акттай холбогдсон маргааныг шийдвэрлэдэг билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж заасан байдаг. Гэтэл тус дүүргийн Засаг дарга Д.П******* нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор ямар нэг захиргааны акт гаргаагүй байх тул уг захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан нь эрх зүйн үндэслэлгүй байна. Учир нь дүүргийн Засаг дарга Д.П******* нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгчдийн урамшууллыг намд хандивлах тухай асуудал нь намын дүрмээр зохицуулагдах намын дотоод асуудал бөгөөд тус асуудалд А намын даргын байр сууринаас хандсан болно.

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хандивийн талаарх асуудал нь намын дүрмээр зохицуулагдах тул захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг шийдвэрлэх эрхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Б*******, Б.Ц******* нарын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гарсан захиргааны акттай холбогдсон маргааныг шийдвэрлэдэг билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж заасан байдаг. Гэтэл тус дүүргийн Засаг дарга нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор ямар нэгэн захиргааны акт гаргаагүй байх тул уг захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан нь эрх зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Засаг захиргаас, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүлйин 29.2 дахь хэсэгт Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан бөгөөд дүүргийн Засаг даргын зүгээс уг асуудалтай холбоотой аливаа, захирамж гаргаагүй байхад нэхэмжлэгч нар захирамжилсан аман шийдвэр хэмээн маргаж буй нь ойлгомжгүй байна.

Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн Төлөөлөгчдийн урамшууллыг намд хандивлах тухай асуудал нь намын дүрмээр зохицуулагдах намын дотоод асуудал ба Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасан байна. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд намын дүрмийн талаар заасан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хандивын талаарх асуудал нь намын дүрмээр зохицуулагдах тул захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг шийдвэрлэх эрхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга Ч.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ш.Б*******, Б.Ц******* нараас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хурлын Төлөөлөгчдийн урамшууллын асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 б-д Засаг даргын өргөн мэдүүлсэнээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэн батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах гэ заасны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хүрээнд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэж хурлаас А/26 дугаартай тогтоол гарсан нь хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга Ч.Мы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ш.Б*******, Б.Ц******* нарын нэхэмжлэлтэй 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох 4.500.000 төгрөг нийт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад доор тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тадгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна гэж тус тус заасан.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд урамшуулал олгох журмын 3 дугаар зүйлийн 3.7-д Хурлын ажилд оролцсон Төлөөлөгчдийн оролцооны бүртгэлийг үндэслэн урамшууллын хэмжээг хувь тэнцүүлэн тооцон гаргаж, Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулан Хурлын дарга захирамж гаргаж шийдвэрлэнэ, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.1-д Хурлын Төлөөлөгчдөд жилд олгох, урамшууллын хэмжээг дүүргийн иргэдийн Төлөөлөгдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно гэж тус тус журамласан.

Өөрөөр хэлбэл Төлөөлөгчдөд урамшуулал олгох, урамшууллын хэмжээ, оролцооны бүртгэл, Хурлын төсвийг зарцуулах асуудал нь Хурлын Тэргүүлэгчдэд хууль, журмаар олгосон эрх бөгөөд хамтын удирдлагын зарчимд тулгуурлан хэрэгждэг.

2013 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн 96 дугаар тогтоолд Хурлын Төлөөлөгчдийн урамшууллыг намын бүлгээр дамжуулан олгох... Төлөөлөгчдийн урамшуулалд шаардагдах хөрөнгө гаргахыг Хурлын нарийн бичгийн дарга Ч.М, нягтлан бодогч нарт зөвшөөрсөн... Хурлын Тэргүүлэгчид бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан уг тогтоолыг үндэслэн Хурлын няравын дансаар Төлөөлөгч нарт бэлнээр урамшууллыг олгож тус бүрд нь гарын үсэг зуруулсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль ёсны дагуу шийдвэрлэсэн тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Ж.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ш.Б*******, Б.Ц******* нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан шаардлагд тайлбар хүргүүлж байна.

Нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А намын бүлгийн гишүүн Ш.Б*******, Б.Ц******* нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулах шаардлагынхаа хамтран хариуцагчаар Баянзүрх дүүргийн А намын бүлгийн дарга Ж.Э*******ийг татсан байна.

Тэргүүлэгчид урамшуулал олгоё гэсэн шийдвэр гаргаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэг төлөөлөгчид улиралд 2.500.000 төгрөгөөр тооцож олгох саналыг Тэргүүлэгчид, хурлын хороо, намын бүлэг тус бүр дээр хэлэлцэн нэгдсэн хуралдаанд оруулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсний дараа намын бүлэг дахин хуралдаж бүлгийн гишүүдийн олонхийн саналаар намын бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд зориулахаар шийдвэрлэж бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэгэнт бүгд зөвшөөрсөн учраас намын бүлгээр дамжуулан олгох хүсэлт гаргасны дагуу намын бүлгийн дарга Ж.Э******* хурлын ажлын албаны ажилтан н.Мгаас авч намын нягтлан бодогчид хүлээлгэн өгсөн.

Иймд хамтын удирдлага бүхий олонхийн саналаар асуудлаа шийдвэрлэдэг намын бүлгийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлсэн намын бүлгийн дарга Ж.Э*******ийг хамтран хариуцагчаар татаж, төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг олгоогүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын эдийн засаг, төсөв хэмнэх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь урамшууллаасаа таттаглзаж төсөв бүрдүүлсэн нь зөв зүйтэй боловч энэхүү мөнгө нь бодит зүйлд үр дүнтэйгээр зарцуулагдсан байх нь чухал гэж үзэж байна. Иймд шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б*******, Б.Ц******* нар 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа:

  1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолын дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоолд нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулагдсан хөрөнгийг зориулалтын дагуу дүүргийн 2014 оны төөвт өөрчлөлт оруулж дахин тусгах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах,
  2. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох,
  3. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгч Ш.Б*******, Б.Ц******* нарт олгох байсан гаргуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах-аар өөрчилсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг хурлын нарийн бичгийн дарга, А намын бүлгийн даргаас гаргуулах-аар өөрчилсөн.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг хүрээнд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолын дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоолд нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулагдсан хөрөнгийг зориулалтын дагуу дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулж дахин тусгах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах шаардлагын тухайд:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор[1] дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох журмыг баталсны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд урамшууллын мөнгийг олгож байсныг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолоор[2] тус дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулж төлөөлөгчдөд олгодог мөнгөн урамшууллыг хасахаар хурлын төлөөлөгчдийн дийлэнх олонхийн санал буюу 4 төлөөлөгч татгалзаж, 31 төлөөлөгч зөвшөөрснөөр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд олгох урамшууллыг хасахаар шийдвэрлэжээ[3].

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана, 18 дугаар зүйлийн 18.1-т Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй, 18.1.2 б Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах, 25 дугаар зүйлийн 25.1-т Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэж тус тус заажээ.

Иймээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 08 дугаар хуралдаанаар хэлэлцэж, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолын дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах-аар шийдвэрлэсэн нь тухайн хурлын эрх хэмжээний асуудал бөгөөд хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдэгдсэн байх тул нэхэмжлэгч нараас дээрх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоолд нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулагдсан хөрөнгийг зориулалтын дагуу дүүргийн 2014 оны төөвт өөрчлөлт оруулж дахин тусгах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

  1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд;

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла гэсэн захирамжилсан шийдвэр гаргаагүй, харин А намын бүлгийн хуралд намын дарга, төлөөлөгчийн хувьд ийм санал дэвшүүлсэн гэсэн тайлбар гаргасан бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар дээрх дурдагдсан асуудлыг шийдвэрлэх асуудал дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй байна.

Харин Баянзүрх дүүргийн А намын бүлгийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 434 дүгээр албан бичгээр[4] Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ... төлөөлөгч нарт олгох урамшууллыг намын бүлгийн хурлаар шийдвэрлэсний дагуу А намын санхүүд авах хүсэлт... шийдвэрлүүлэхээр хандсан байдаг.

Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.9-д санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах журмыг намын дүрмээр зохицуулна, 18 дугаар зүйлийн 18.2-т Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно. Хандивыг зөвхөн тухайн шатны намын байгууллагын дансаар дамжуулж авна гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн хуралдаанаар тус намаас сонгогдсон төлөөлөгчид олонхийн саналаар мөнгөн урамшууллаа А намд хандивлахаар шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул дүүргийн Засаг даргыг амаар захирамжилсан шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Иймээс нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

  1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгч Ш.Б*******, Б.Ц******* нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг дүүргийн иргэдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, А намын бүлгийн даргаас гаргуулах шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 96 дугаар[5] тогтоолоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн урамшууллыг намын бүлгээр дамжуулан олгохыг намын бүлгийн дарга нарт, төлөөлөгчдийн урамшуулалд шаардагдах хөрөнгийг төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас гаргах эрхийг хурлын нарийн нарийн бичгийн дарга -д олгожээ. Энэхүү шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь а намаас сонгогдсон төлөөлөгчдөд урамшуулалын мөнгийг намын бүлгээр нь дамжуулан олгосон бөгөөд нийт урашуулал авсан төлөөлөгчдийн нэрс, мөнгөн дүнг жагсаалтаар гаргаж төлөөлөгчид гарын үсэг зурсан[6] байна.

Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана, 16 дугаар зүйлийн 16.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна гэж заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор олгогдсон эрхийг хэрэгжүүлж төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намын бүлгээр нь дамжуулан олгосон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн урамшууллыг намын бүлгээр дамжуулан олгохыг намын бүлгийн дарга нарт зөвшөөрсөн тул А намын бүлгийн даргыг буруутгах боломжгүй юм.

Иймээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгч Ш.Б*******, Б.Ц******* нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг дүүргийн иргэдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, А намын бүлгийн даргаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч нар ердийн харъяаллын шүүхэд хандан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн А намаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолын дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоолд нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулагдсан хөрөнгийг зориулалтын дагуу дүүргийн 2014 оны төөвт өөрчлөлт оруулж дахин тусгах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгч Ш.Б*******, Б.Ц******* нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, А намын бүлгийн даргаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б*******, Б.Ц******* нараас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолын дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоолд нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулагдсан хөрөнгийг зориулалтын дагуу дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулж дахин тусгах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А намын бүлгийн төлөөлөгч Ш.Б*******, Б.Ц******* нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, А намын бүлгийн даргаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР