Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/0256

 

Иргэн Ш.Б , Б.Ц нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ш.Б , Б.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Халиунаа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ш.Б, Б.Ц нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар хуралдааны А/26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын суутган авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ш.Б , Б.Ц нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын б-д Засаг даргын өргөн мэдүүлснээр сум дүүргийн төсвийг хэлэлцэн баталж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах бүрэн эрхтэй гэж заасны дагуу 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төсвийн тодотголын хурлыг хийсэн. Тус хурлаас олонхийн саналаар маргаан бүхий асуудлыг шийдвэрлэсэн тул хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл байхгүй.

Төсвийн тодотгол хэлэлцэж нэмэлт, өөрчлөлт оруулах нь хурлын бүрэн эрхийн асуудал юм. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа хууль болон хуралдааны дэгд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал, хурлын хороод болон намын бүлгүүдээр урьдчилан хэлэлцүүлж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу олонхийн саналаар асуудлаа шийдвэрлэн тогтоол гаргадаг.

Иймд Монгол Улсын Засгийн газрын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, улс оронд учирсан санхүүгийн хямралыг даван туулах арга замыг эрэлхийлж төлөөлөгчид урамшууллаасаа татгалзах санал гаргасныг иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурал, Хурлын хороод болон намын бүлгүүдээр урьдчилан хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталсан нь холбогдох хууль, тогтоомжийн бусад актыг зөрчөөгүй тул Ш.Б , Б.Ц нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намд хандивлах асуудлаа ардчилсан намын бүлгийн хурал дээр гаргасан тул захиргааны акт болохгүй гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн урамшууллыг намд хандивлах тухай асуудал нь намын дүрмээр зохицуулагдах намын дотоод асуудал бөгөөд төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намд хандивлах асуудлыг ардчилсан намын бүлгийн хурлаар шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акттай холбогдсон маргааныг шийдвэрлэдэг билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,4-т захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж заасан байдаг. Гэтэл тус дүүргийн Засаг дарга Д.П нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор ямар нэг захиргааны акт гаргаагүй байх тул уг захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан нь эрх зүйн үндэслэлгүй байна. Учир нь дүүргийн Засаг дарга Д.П нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн урамшууллыг намд хандивлах тухай асуудал нь намын дүрмээр зохицуулагдах намын дотоод асуудал бөгөөд тус асуудалд Ардчилсан намын даргын байр сууринаас хандсан болно. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хандивын талаарх асуудал нь намын дүрмээр зохицуулагдах тул захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг шийдвэрлэх эрхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б , Б.Ц нараас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын суутган авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ш.Б , Б.Ц нарын 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө тус бүр 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: 1. Шүүгч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Ингэхдээ шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн эхэнд Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дурджээ.

Гэтэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн нэхэмжлэгч Ш.Б , Б.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэснээс ... иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах хүртэл хэсэгт зөвхөн бидний 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгыг бүхэлд нь тусгасан байгаа бол түүнээс цааш ...хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа гэсэн хэсэг хүртэл нэхэмжлэгч бидний тус шүүх хуралдаан болсон өдөр буюу 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан дээр бичгээр болон амаар гаргасан нэмэлт тайлбарын зөвхөн Засаг дарга Д.П-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох үндэслэл-тэй холбоотой хэсгийг бүхэлд нь тусгасан байна.

Гомдол гаргагч бид 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан дээр бичгээр болон амаар гаргасан нэмэлт тайлбартаа анх буюу 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар илүү тодорхой болгон өөрчлөн найруулж сайжруулсан билээ.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолын дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, хууль, тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоолд нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулагдсан хөрөнгийг зориулалтын дагуу Дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулж, дахин тусгах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү гэж. Улмаар энэхүү шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тус тайлбартаа дурдсан.

Үүнээс үзэхэд шүүгч бидний 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан дээр бичгээр болон амаар гаргасан нэмэлт тайлбартаа дурдсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолтой холбоотой хэсгийн нотлох баримт, түүний хууль зүйн үндэслэлийг шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт тусгаагүй байгаа нь шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна, мөн хуулийн 72.1. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, 72.3. Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, прокурорын болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгана гэснийг ноцтой зөрчсөн байна.

Шүүгч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхтэй гэснийг үндэслэсэн боловч тухайн асуудал буюу мөнгөн урамшууллыг өөр зүйлд зарцуулах эсэхийг шийдвэрлэх нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулсан асуудал мөн эсэхийг шалгалгүйгээр дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.4 шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нар нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа дээрх Хурлын тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг үндэслэн гарсан харьяалах дээд шатны байгууллага болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоолоор баталсан Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам-д нийцээгүй шийдвэр болсон. Учир нь тус журмын 4.1-д Хурлын төлөөлөгч нарт Хурлын үйл ажиллагаанд оролцсон байдал, ажлын үр дүн, идэвх санаачлагыг харгалзан энэ журмаар тогтоосон хэмжээнд багтаан урамшуулал олгоно гэж тодорхой заасан. Улмаар журмын 4.2-т Хурлын төлөөлөгч нарт олгох урамшууллын хувь хэмжээг Төлөөлөгч нэг бүрээр тодорхойлж, улирал бүрийн эцсээр тооцон гаргана гэсэн. Эндээс үзэхэд хуульд заасны дагуу Төлөөлөгчид урамшуулал олгох асуудал нь аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудал болох нь ойлгомжтой байгаа тухай дурдсан билээ.

Түүнчлэн мөн тайлбартаа тус тогтоолыг гаргах үндэслэл болсон Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолд төрийн албан хаагчдад олгох цалин хөлс, урамшууллыг. үгүй болгох, хэмжээг нь бууруулах тухай нэг ч өгүүлбэр байхгүй. Харин уг тогтоолын үндсэн зорилго нь тогтоолын 1-д зааснаар Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, зардал хэмнэх явдал байна. Улмаар тогтоолын 3-т зааснаар зардал хэмнэх хүрээнд: гадаад албан томилолтын зардлыг бууруулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ялангуяа төсвийн нэмэлт орлого, хандив болон тусламжийн орлогоор гадаад, дотоодын тойрон аялал, зугаалга, ой тэмдэглэх, урлагийн наадам, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх, хурал, сургалт, зөвлөлгөөний давтамжийг багасгах г.м арга хэмжээг хориглосон тухай дурдсан.

2. Шүүгч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулалд зориулагдсан мөнгийг намын хандив нэрээр хууль бусаар хураан авсан дүүргийн Засаг дарга Д.П-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө тус бүр 4.500.000, нийт 9.000.000 төгрөг гаргуулахыг Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Улс төрийн намын тухай хуулийн 11.2.9, 13.9, 18.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасныг үндэслэжээ.

Ингэхдээ шүүгч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намд хандивлахаар намын бүлгийн хурлаар шийдвэрлэсэн эсэхийг тогтоохдоо хоёр гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн, мөн Улс төрийн намын тухай хуулийн 18.2-т заасны дагуу Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэл бодол, итгэл үнэмшил-ээрээ мөнгөн урамшууллаа намд хандивлахаар шийдвэр гаргасан эсэхийг тогтоохдоо гишүүд нэг бүрийг гэрчээр асуугаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэсэн Захиргааны хэргийн шүүхийн мөрдөн шалгах үндсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй нь мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.4. шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна. Түүнчлэн шүүгч Улс төрийн намын тухай хуулийн 18.2-д заасныг үндэслэн төлөөлөгчид итгэл үнэмшил, үзэл бодлоороо мөнгөн урамшууллаа намд хандивласан гэж дүгнэсэн нь үнэхээр ойлгомжгүй дүгнэлт гэж үзэхээс өөр аргагүй юм. Учир нь хэрэв гомдол гаргагч бид өөрсдийн урамшууллын мөнгөө намд хандивласан юм бол өнөөдрийг хүртэл намын даргынхаа эсрэг шүүхэд хандахгүй байсан. Гэтэл бид урамшууллын мөнгөө дансандаа битгий хэл гар дээрээ ч аваагүй. Мөн шүүгч Засаг дарга Д.П-ийн үйлдлийг Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ гэснийг үндэслэн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.5. шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь бид 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа Засаг дарга Д.П-ийн үйлдлийг захиргааны акт буюу захирамжилсан шийдвэр болох эрх зүйн үндэслэлийг хангалттай нотолж бичсэн. Үүнд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасны дагуу дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ, 4.1.10 аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга гэж заасан.

Засаг дарга Д.П нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын төлөөлөгчид олгох урамшууллын мөнгийг намын хандив хэмээн хураан авах тухай шийдвэрийг 2013 оны хавар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны Соёмбо танхимд Ардчилсан намын бүлгийн хурал дээр амаар гаргасан болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тухай хуулийн дагуу урамшууллын мөнгө нь орон нутгийн төсөв буюу төрийн хөрөнгө бөгөөд түүнийг зөвхөн хуулиар эрх олгогдсон төсвийн ерөнхийлөн захирагч болох тухайн шатны Хурлын дарга, Засаг дарга нар л зориулалтын дагуу захиран зарцуулахтай холбоотой шийдвэр гаргах эрхтэй билээ. Өөрөөр хэлбэл, төсвийн захирагч нараас өөр ямар ч субьектэд төсвийн хөрөнгөтэй харьцах буюу түүнийг захиран зарцуулахтай холбоотой аливаа шийдвэр гаргах эрх олгогдоогүй.

Иймд Засаг дарга Д.Пүрэвдаваад намын даргын байр сууринаас төсвийн хөрөнгөтэй харьцах буюу урамшууллын хөрөнгийг намын санхүүжилтэд захиран зарцуулахтай холбоотой захирамжилсан шийдвэр гаргах хууль, эрх зүйн боломж байхгүй юм. Тэрээр тайлбартаа намын даргын байр сууринаас урамшууллын мөнгийг намд хандив нэрээр хурааж авснаа хүлээн зөвшөөрч, энэ үйлдлээ намын дотоод асуудал мэтээр хуулийн хариуцлагаас мултрахыг оролдож байгааг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэж үзэхээс өөр аргагүй юм гэж тодорхой бичсэн.

Эндээс үзэхэд шүүгч уг асуудалд дүн шинжилгээ хийхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Төсвийн тухай хуулийн 4.1.27, Төсвийн тухай хуулийн 6 дүгээр зүйлд заасан төсөв захиран зарцуулахтай холбоотой нийтлэг зарчмуудад үндэслэх ёстой байсан.

Нөгөө талаас шүүгч бидний 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1. Шүүгч энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана гэж заасны дагуу шалгаад 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Захиргааны хэрэг үүсгэх тухай 4957 дугаар захирамж гаргасан атлаа 6 сарын дараа буюу 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэнэт өмнө гаргасан байр сууринаасаа ухарч тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ нэг талыг барьсан гэж үзэхээс өөр аргагүй байна.

Ийнхүү гомдол гаргагч бидний дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг хянан үзэж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдол гаргагч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх нотлох баримт дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар хуралдааны А/26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн суутган авсан Баянзүрх дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ш.Б, Б.Ц нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас харвал тэдгээр нь Баянзүрх дүүргийн батлагдсан 2014 оны төсөвт өөрчлөлт оруулсан, түүний дотор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшууллыг хассан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны А/26 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/17 дугаар тогтоолоор Хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох хэмжээ, журмыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх эрхийг Хурлын Тэргүүлэгчдэд шилжүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох журмыг хавсралтаар баталжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Төлөөлөгчдийн урамшууллыг намын бүлгээр дамжуулан олгож, урамшуулалд шаардагдах мөнгийг төрийн өмнөөс ажил үйлчилгээний зардлаас гаргахыг Хурлын нарийн бичгийн даргад зөвшөөрсөн байна.

 

Дээрхээс дүгнэвэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн урамшууллыг Хурлын нарийн бичгийн дарга батлагдсан хэмжээнд олгох ёстой байна. Гэтэл нэхэмжлэгч нар тухайн урамшууллыг олгохыг дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй бөгөөд үүнтэй холбогдуулж шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах арга хэмжээ авч, улмаар хариуцагч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга байх тохиолдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино/, 24.2 /Хариуцагчийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бол уг этгээдийг шүүгч хамтран хариуцагчаар татан оролцуулна/-д заасны дагуу хариуцагчийг эсхүл хамтран хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэж, хариуцагчаар татагдсан этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, үүнтэй холбогдуулж Баянзүрх дүүргийн Засаг дарга Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тогтоосон журмыг зөрчиж урамшууллын мөнгийг суутган авсан гэх асуудал нь захиргааны хэргийн шүүхэд хамаарах асуудал мөн эсэхэд дүгнэлт өгөх байжээ.

 

Үүнээс гадна иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн суутган авсан нь Баянзүрх дүүргийн Засаг даргын эсхүл Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын хэнийх нь үйлдэл гэж үзэж байгаа талаар шүүх тодруулах шаардлагатай.

 

Иймд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад цуглуулсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР