Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2020/00005

 

 

Н.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

              Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2020/00007 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Н.С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.М-д холбогдох,

          Бусдын хууль бус эзэмшлээс газар, хувийн орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

        Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, хариуцагч Ш.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2011 онд Хадгаламж банкнаас 20000000 төгрөгийн зээл хийж, иргэн Х.Т, Х.Ту нараас Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 тоотод байрлах 744 м.кв газар, уг газар дээр байрлах 58.9 м.кв байрыг худалдан авч, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0283961 дугаартай гэрчилгээгээр 1 дүгээр баг Дампилын 16 тоот 744 м.кв газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000117273 дугаартай гэрчилгээгээр 1 дүгээр баг Дампилын 16 тоотод байршилтай 58.9 м.кв талбайтай хувийн орон сууц тус тус Өршөөл овогт Намбаралын Сугир миний нэр дээр бүртгэгдсэн бүртгэлтэй байгаа. Гэтэл иргэн Ш.М нь “Х.Т, Х.Ту нар нь уг газар, байшинг надад өгнө гэж хэлсэн, энэ бол миний газар байшин” гээд 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл Н.С миний эзэмшлийн газар, өмчлөлийн орон сууцыг суллаж өгөхгүй, хууль зөрчиж, шударга эзэмшигч миний өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөө ашиглахад саад болж, шаардлага тавихад үл тоомсорлон одоо болтол уг газар, байшинд амьдарсаар байна. Иймд Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0283961 дугаартай гэрчилгээгээр 1 дүгээр баг Дампилын 16 тоот 744 м.кв газар, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000117273 дугаартай гэрчилгээгээр 1 дүгээр баг Дампилын 16 тоотод байршилтай 58.9 м.кв талбайтай хувийн орон сууцыг чөлөөлж, миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү…” гэжээ.

       Хариуцагч Ш.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.Ст ямар ч өр төлбөргүй. Энэ газар нь анх Х.Тын эзэмшлийн газар байсан. Уг газрын гэрчилгээг Н.Сын охин Ц.Б хадгалж байх зорилгоор Х.Таас авсан. Ц.Б нь уг газрыг ээж Н.Сын нэр дээр шилжүүлж нэмж зээл авсан байсан бөгөөд энэ талаар бид нар мэдээд шүүхэд хандах гэтэл Н.Сын охин Ц.Б битгий шүүхэд хандаач гэж гуйсаар байгаад болиулж байсан...” гэжээ.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16 тоотод байрлах 744 м.кв талбайтай газар, уг хаягт байрлалтай 58.9 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг хариуцагч Ш.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг газар болон хувийн орон сууцнаас хариуцагч Ш.Мыг албадан нүүлгэхээр,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Сын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Маас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ст олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлтэй холбогдуулан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд харьцуулан шинжлэн судалж бодитой дүгнэлтийг хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл уг баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

  1. Миний бие тус шүүхэд хандаж 2019 оны 12 сарын 18-ны өдөр буюу хариуцагч Ш.Мтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн өдрөө хэргийн материалтай танилцаагүй, зохих ёсны нотлох баримтыг гаргуулах ажиллагааг хийлгэх, мөн шүүх хуралдаан давхацсан учраас уг хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан боловч зөвхөн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцээд бусад нотлох баримтыг бүрдүүлэх талаар гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхигдуулсан ба улмаар дахин 2019 оны 12 сарын 23-ны өдөр зохих ёсны баримтуудад тулгуурлан шүүхийн туслалцаатайгаар гаргуулах нотлох баримтууд болон нэр бүхий гэрчүүдийг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хуралдаан дээр хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна.
  2. Хүсэлтийг цаг тухай бүрд нь зохих ёсоор шийдвэрлээгүй нь өмгөөлөгч миний хуулиар олгогдсон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрхийг цаг хугацааны байдлаар хязгаарлаж зөрчих хууль зүйн үндэслэл болсон болохыг анхаарна уу. Өөрөөр хэлбэл миний хувьд хуулинд заасан энэхүү эрхээ хэрэгжүүлэхийн тулд шүүхийн тусламжтайгаар зохих ёсны бүхий л ажиллагааг хийлгэж дараа дараагийн асуудлыг хөндөж гаргаж ирж болзошгүй энэ асуудалтай холбогдуулан гуравдагч этгээдийн эрхийн асуудал ч хөндөгдөх байсан байж болох бүрэн эрх маань цаг хугацааны байдлаар хязгаарлагдсанд маш их гомдолтой байна.
  3. Шүүхээс зөвхөн уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор асуудлыг хөндөх хэт явцуу байр сууринаас дүгнэлтийг хийснээс уг газрын эрхийн гэрчилгээний эх сурвалж нь чухам ямар үндэслэлээр Н.Ст шилжин очсон болох шалтгааныг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж байна.
  4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад уг үл хөдлөх хөрөнгө, газрыг эзэмших гэрчилгээ нь хуурч мэхлэх замаар хийгдсэн хуулийн хүчин төгөлдөр бус байхыг ч үгүйсгэх аргагүй нөхцөл байдал байгаа болохыг анхаарч үзэх нь зүйтэй.
  5. Уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн эрх хөндөгдөж болзошгүй байгааг бодитойгоор анхаарч дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчсөн хэмээн үзэж байна.
  6. Нэхэмжлэгч Н.С нь уг газрыг Х.Т, Х.Ту нараас 20000000 төгрөгөөр худалдан авсан гэдэг бөгөөд шүүхээс энэ бүгдийг нотолж гэрчээр нэр бүхий хүмүүсийг асуугаагүй бөгөөд энэ талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөнтэй холбоотой болохыг дээр дурдсаны гадна нэхэмжлэгч талаас энэхүү баримтыг гаргуулан авахыг шаардсан боловч гаргаж өгөөгүй талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй нь Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

     Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

           Хариуцагч Ш.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ газар нь миний ах Хүрэлбаатар, түүний эхнэр Тунгалаг, охин Х.Ту, хүү Х.Т нарын эзэмшлийн газар байгаа юм. Эдгээр хүмүүс Улаанбаатар хот руу шилжиж явахдаа надад энэ газраа үлдээгээд явсан, түүнээс хойш би энэ газар дээрээ амьдарч байгаа нь үнэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийг анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Хариуцагчийн өмгөөлөгч нь Ш.Мыг хариуцагч биш, жинхэнэ хариуцагч нь Хүрэлбаатар, Төрбат нар байхад үүнийг анхан шатны шүүх шийдвэртээ дурдаж шийдвэрлэсэнгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 тоот 744 м.кв талбай бүхий газрын өмчлөгч нь Н.С гэж хүн байдаг боловч энэ байранд Ш.М гэдэг хүн амьдардаг учраас уг газар, байрыг чөлөөлүүлж өгөөч ээ гэсэн нэхэмжлэл гаргасан. Үүнийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Х.Х, Х.Т гэдэг хүмүүсийн нэр дурдагдаад байгаа ч гэсэн эдгээр хүмүүс энэ маргаанд ямарч хамаагүй. Эдгээр газар байшингийн гэрчилгээ нь хууль бус, энэ гэрчилгээг хууль бусаар авсан учраас би хариуцагч биш гэж хандах эрх Ш.Мд байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Н.С хариуцагч Ш.М-д холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн Дампилын 16 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрх бүхий 744 м2 талбайтай газар, уг газар дээр байгаа 58,9 м2 талбайтай өмчлөх эрх бүхий орон сууцыг тус тус түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ш.М эс зөвшөөрч “... миний ахын хүү Х.Т-ын эзэмшлийн газар, түүний өмчлөлийн орон сууц бөгөөд нэхэмжлэгч Н.С-ын охин Ц.Б барьцаанд тавих зорилгоор аваад буцааж өгөөгүй, ээждээ шилжүүлсэн ... би жинхэнэ хариуцагч биш...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан эс зөвшөөрч “... нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаагүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампил 16 тоот нэгж талбарын 101003259 дугаар бүхий 744 м2 талбайтай газрыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/211 тоот шийдвэрийг үндэслэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэхэмжлэгч Н.С-т  0283961 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-5/ олгогдсон, мөн уг газар дээрх  58,9 м2 талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0713002456 дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Н.С болох нь  2011 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 000117273 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр /хх-6/ тогтоогдсон,  одоо уг газар болон орон сууцыг хариуцагч Ш.М нь 2005 оноос хойш эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

            Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох буюу энэ нь нэхэмжлэгч Н.С дээрх улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийн талаар маргаагүй тохиолдолд тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.С нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох газар хууль ёсны эзэмшигч, орон сууцны өмчлөгч болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд уг бүртгэлүүдийг буруу ташаа болох тухай баримт хэрэгт авагдаагүйн гадна маргаан бүхий эд хөрөнгийн хувьд хариуцагч Ш.М нь хууль ёсоор эзэмшиж ашиглаж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч Н.С нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж,  хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хариуцагч Ш.М-ын эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэх, улмаар түүнийг энэхүү эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль бус гэж үзсэн байх бөгөөд шүүх гагцхүү энэ шаардлага, үндэслэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр явуулах тухай мэтгэлцэх зарчим болон хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгчийн эрхэд хамааралтай байх агуулгад нийцнэ.

            Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэрлэх эрх шүүхэд байдаггүй бөгөөд хариуцагч ч мөн ялгаагүй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хариу тайлбар нотолгоогоо гаргах эрхтэй юм.

            Энэ утгаараа анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан нотлох баримт цуглуулах хүсэлтийг энэхүү хэрэг, маргаанд ач холбогдолгүй гэж үзэж хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9-д заасныг зөрчөөгүй байна.

            Харин анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буюу 4 хоногийн дараа шүүх хуралдаан дээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй алдаа буюу хугацааны хувьд даруй шийдвэрлээгүй байх боловч энэ нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

            Учир нь хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас өөр иргэний хэргээс нотлох баримт гаргуулах, Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг гаргуулах, нэхэмжлэгч Н.С-т эд хөрөнгө өмчлөх эрх шилжсэн тухай гэрээ болон гэрч асуулгах агуулга бүхий хүсэлт гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэх, түүнтэй холбоотой маргаан биш байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлт энэ хэрэгт ач холбогдолгүй, улмаар тухайн нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй тухайгаа нотлоогүй тул хариуцагч талын нотлох баримт гаргах, бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.  

           Мөн энэхүү хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийн агуулгаас үзэхэд хариуцагч Ш.М-ын эзэмших, ашиглах эрхийг хууль ёсны болохыг нотлох тухай агуулга тусгагдаагүй, харин хэргийн оролцогч биш этгээдүүд болох Х.Т, Х.Ту, Х.Х, Х.Т нарын өмчлөх, эзэмших эрх зөрчигдсөн тухай дурдагдсанаас тухайн хүсэлтэд заасан нотлох баримтуудыг  хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэх бас нэг үндэслэл болно.

          Гэхдээ хэрэгт авагдсан итгэмжлэл /хх-38, 39/ бичгийн нотлох баримтаас  үзэхэд Х.Т, Х.Ту нар нь нэхэмжлэгч Н.С-т маргаан бүхий эд хөрөнгүүдийг эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээнд өөрсдийн нэрийн өмнөөс гарын үсэг зурах болон бусад эрхийг Ц.Б-д олгосон байх ба эдгээр хүмүүсийн эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой шүүхэд мэдүүлэх эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй.

        Улмаар Х.Т, Х.Ту нар нь өөрсдийн эзэмших, өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл тэдгээр нь уг асуудлыг тусдаа бие даасан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой, энэхүү эрх нь нээлттэй хэвээр тул хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хангаагүй нь бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

        Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

       Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2020/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ш.Маас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

         4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ