Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 409

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Д  түүний өмгөөлөгч Б.Адалбек,

иргэний хариуцагч Б.Амараа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сувдмаа түүний өмгөөлөгч Ц.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000325 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, ах, эгч, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч Д  нь 2017 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын 3 дугаар эмнэлгийн урд талын замд 48-59 УБЦ улсын дугаартай Toyota Chaser маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “...жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дуаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5.2 “Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан ...” гэсэн заалтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч Э.Ууганбаатарыг мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д  мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 14- нөөс 15-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд гэртээ очиж ээжтэйгээ уулзчихаад 5 шард байх найз охиныхоо гэр лүү явж байсан. Тэгээд 3 дугаар эмнэлгийн урд замын гуравдугаар эгнээгээр явж байтал гэнэт түс гэх чимээ гарсан. Тэгтэл манай найз охин “хүн мөргөчих шиг боллоо” гэж хэлсэн. Би тэр үед ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй, шоконд ороод нэг мэдэхэд 21 дүгээр хороололд байдаг найз охиныхоо эгчийн гэрийн гадаа ирсэн байсан. Би өөрийгөө хүн мөргөсөнд итгээгүй. Энэ талаар найз охиныхоо эгчид хэлээд буцаад осол болсон газар очоод “хүн мөргөсөн гэдгээ” цагдаагийн ажилтанд хэлээд хэмжилт хийхэд нь хамт байж болсон үйл явдлыг тайлбарлаж өгсөн” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сувдмаа мэдүүлэхдээ: ”Гомдолтой байна. Талийгаачид ямар ч анхны тусламж үзүүлээгүй. Хүн нохой дайрсан ч гэсэн юу болов гэж хардаг. Гэтэл Д д ямар ч сэтгэл байгаагүй. Тийм учраас маш их гомдолтой байна. Хохирол төлбөрт нийт 9.500.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг болон талийгаачийн оршуулгын зардалд 6.500.000 төгрөг багтсан. Энэ мөнгөнөөс 4.200.000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгийг оршуулгын зардлаас хасагдана. Д  бид нартай утсаар ярьж байгаагүй. Бидний зүгээс яагаад хүний амь хохироочихоод ярьдаггүй юм бэ гэж бодоод эхлээд уулзаж байсан. 30 нас гарч байсан ахыгаа алдсандаа гомдолтой байна. Ах маань настай ээжид маань хань болж ажил хийж явж байсан” гэв. Шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт: Прокуророос Д г 2017 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын 3 дугаар эмнэлгийн урд талын замд 48-59 УБЦ улсын дугаартай Toyota Chaser маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “...жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дуаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5.2 “Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан ...” гэсэн заалтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч Э.Ууганбаатарыг мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч Д д холбогдох эрүүгийн хэрэгт Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв байгууллагаас 2017 оны 6 дугаар сарын 06- ны өдөр Шинжээчийн дүгнэлт гаргуулжээ. Дүгнэлтэнд: “Хойд дугуйн тоормос зогсохгүй байгаа нь автомашины бүрэн зогсолтын зам уртасахад нөлөөлөх боломжтой, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдахад дугуй жигд бус элэгдэлтэнд нөлөөлдөг, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 00000 cd, тусгалын тохиргоо хэвийн бус байгаа үзэгдэх орчинд нөлөөлдөг. Харин уг автомашины дээрх эвдрэл, гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол гарахад хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй” гэжээ. /хэргийн 136 дугаар хуудас/ Энэ шинжээчийн дүгнэлтэнд Д гийн жолоодож явсан автомашины гэмтэл, эвдрэлүүд нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Замын цагдаагийн албаны Шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 256 дугаартай дүгнэлтэнд: “1. Т.Чейзер маркийн 48-59 УБЦ улсын дугаартай автомашины жолооч Ганболд овогтой Д  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээрх дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ засварын газарт очно. 2 дугаар хавсралт 5.2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан /АТҮТ-ийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хариулт 3/” гэсэн дүгнэлт гаргасан байна. ... заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хэргийн 142 дугаар хуудас/ Энэ дүгнэлтээс харахад Д  замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон эсэх нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ... “ гэж гэмт хэргийг хуульчилжээ. Иймд энэ хэргийн үндсэн шинж болох замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн эсэх, уг дүрмийг зөрчсөн бол уг зөрчлийн улмаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэхийг нотлож чадаагүй байна. Хавтаст хэрэгт “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 8-14 дүгээр хуудас/ Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал./хэргийн 15-16 дугаар хуудас/ Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 22-28 дугаар хуудас/ Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 30 дугаар хуудас/ Гэрч Ш.Ширнэнжавын “2017 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Т.Ист маркийн 89-94 УНИ улсын дугаартай автомашиныхаа кабинд ганцаараа 10 дугаар хорооллоос Саппоро явах замд замын гуравдугаар эгнээгээр ойролцоогоор 20 км/цагийн хурдтай машинууд удаашралтай явж байсан ба би тухайн үед цагдаа нар үлээлгэж шалгаж байгаа юм байна гэж бодоод явж байтал замын голд цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн толгой нь цус болчихсон зам дээр хэвтэж байсан. Тэгээд хальт хараад хажуугаар нь өнгөрөөд явсан. Тэгээд явж байхдаа цагдаад дуудлага өгсөн чинь өмнө нь наад дуудлагыг чинь хүлээж авсан гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 77 дугаар хуудас/ Гэрч Э.Мөнхнасангийн “2017 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Т.Приус маркын 06-76 УБХ дугаартай автомашиндаа кабиндаа ганцаараа 3 дугаар эмнэлэгийн автобусны буудлын орчим замаар зүүнээс баруун зүгт буюу Сапорро тал руугаа замын 1 дүгээр эгнээгээр явж байтал замын голд нэг хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь шууд 102 руу залгаж замын голд хүн хэвтэж байна. Машинд дайруулсан байж магадгүй байна гэж дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79 дүгээр хуудас/ Гэрч С.Ануужингийн “Би 2017 оны 05 дугаар сарын 14-ний орой би найз залуу Д гийн хамт тэдний гэрт байсан. Тэднийд байж байгаад манай гэр рүү явахаар бид хоёр түүний машинаар явж байсан. Улсын 3 дугаар эмнэлгийн урд талын зам дээр явж байхад үнэндээ урд талд юу ч харагдаагүй. Тэгтэл миний талын цонхны шил хагараад хүн гараараа тохойлдох шиг болоод шил хагараад л би шоконд орсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 81 дүгээр хуудас/ “Хохирогчийг би ерөөсөө хараагүй гэнэт тас гээд урд салхины шил хагарсан тэр үед би над руу шил үсрээд би гайхаж балмагдаад зүүд л юм шиг санагдаад хүн шиг л харагдсан. Тэгээд би хүн мөргөчихсөн юм шиг байна гэсэн чинь Д  хүн биш ээ гэсэн тэгээд л нэг мэдэхэд 21 дүгээр хороололд манай эгчийн гэрийн гадаа очсон байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 82 дугаар хуудас/ Гэрч Ц.Ням-Осорын “2017 оны 5 дугаар сарын 14-ний орой 3 дугаар эмнэлэг дээр хүүхдээ сахиж байгаад гарч автомашины зогсоол дээр тамхи татаад зогсож байтал тас хийх чимээ гарсан. Тэгэхээр нь машин мөргөчихлөө гэж бодоод саад руу алхсан чинь Чейзер маркийн бололтой автомашин зогсчихоод хөдлөөд явж байсан ба замын голд алаг юм харагдахаар нь нохой мөргөчихлөө дөө гэж бодоод эргээд явсан. Тэгсэн машинууд их удаан яваад байсан ба ачлагын машин ирж зогсоод жолооч нь буугаад ирэхээр нь сонирхоод яваад очиход хүн байна хүн хэвтэж байна гэж нөгөө ачлагын машины жолооч хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 110 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг цуглуулжээ. Эдгээр баримтууд нь үйл явдал болсоныг нотлосон боловч шүүгдэгч Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээны актыг зөрчсөн ...” гэдгийг нотлосон баримтууд биш юм. Иймд шүүгдэгч Д д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхэд ирүүлсэн хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар Д  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй гэж дүгнэж энэ үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргах нь зүйтэй байна. Шүүгдэгч Д  энэ хэрэгт цагдан хоригдсон таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сувдмаагийн энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. Шүүхээс шүүгдэгч Д д холбогдох хэргийг түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан тул түүнд холбогдох шийдвэр болох Прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 156 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт цуглуулсан дүрс бичлэгийг бэхжүүлж ирүүлсэн нэг ширхэг компакт диск болон Д ы жолоочийн 1031638 дугаартай жолоочийн үнэмлэхийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 6, 36,3. 36,4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д г гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д д холбогдуулан үйлдсэн 2017 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 156 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасугай.

3. Энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. 4. Д  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл хангах зорилгоор Д гийн эд хөрөнгийг битүүмжилсэн арга хэмжээ авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, Д гийн №1031638 дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус хэргийн хамт прокурорт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ