Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 784

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Б.А, Б.Ц нарт

            холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор А.Баясгалан,

            шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ,

            шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч С.Санжаажамц,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяаг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.А, Б.Ц нарт холбогдох 201726020168 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Тогруутан овгийн Бадарчийн Б.А, Хөвсгөл аймагт 1997 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг, Эрдэнэ, эрдэнэ 27а-12 тоотод оршин суух албан ёсны хаягтай,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: РЮ97042714/

 

2. Тогруутан овгийн Бадарчийн Б.Ц, Хөвсгөл аймагт 1991 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, эмэгтэй, 26 настай, боловсролгүй, тогооч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг, Эрдэнэ, эрдэнэ 27а-12 тоотод оршин суух албан ёсны хаягтай,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 71 дүгээр магадлалаар 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 cap хорих ял шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг тус тус баримтлан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих ялаар тогтоож, уг ялыг түүний биечлэн эдэлсэн 6 жил 1 сар 5 хоногийн хорих ялд нь оруулан тооцож сулласан,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар баривчлах ял шийтгүүлсэн. /регистрийн дугаар: РБ91040526/

 

Б.А нь 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Торгоны зам” худалдааны төвд цаа бугын арьсан гутал зардаг П.Бд төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч, өөрийн 90199864 дугаарын утсан дээрээс хуурамч мессеж үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,250,000 төгрөгийн үнэ бүхий 2 хос цаа бугын арьсан гутлыг шилжүүлэн авсан,

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Ачлал” их дэлгүүрт булган малгай худалдаалдаг Т.Бд төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч, түүний гар утсанд өөрийн гар утаснаас хуурамч мессеж 2 удаа илгээн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,066,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг булган малгайг шилжүүлэн авсан,

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвд булган шуба худалдаалдаг В.В.В.Тт “төлбөрийг мобайлаар төлнө” гэж хуурч түүний гар утсанд өөрийн 90199364, 90199864 дугаарын утаснаас хуурамч мессеж явуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,800,000 төгрөгийн булган шуба шилжүүлэн авсан,

2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “All star” нэртэй спорт барааны дэлгүүрийн худалдагч Д.Ст “төлбөрийг мобайлаар төлнө” гэж хуурч, түүний гар утсанд 90398541 дугаарын утаснаас хуурамч мессеж илгээж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2,070,000 төгрөгийн үнэ бүхий пүүз, куртик, футболк, өмд зэргийг шилжүүлэн авсан,

 

Б.Ц нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Ачлал” их дэлгүүрт булган малгай худалдаалдаг Т.Бд төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч, түүний гар утсанд өөрийн гар утаснаас хуурамч мессеж 2 удаа илгээн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,066,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг булган малгайг шилжүүлэн авсан,

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвд булган шуба худалдаалдаг В.В.В.Тт “төлбөрийг мобайлаар төлнө” гэж хуурч, түүний гар утсанд өөрийн 90199364, 90199864 дугаарын утаснаас хуурамч мессеж явуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,800,000 төгрөгийн булган шуба шилжүүлэн авсан,

2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “All star” нэртэй спорт барааны дэлгүүрийн худалдагч Д.Ст “төлбөрийг мобайлаар төлнө” гэж хуурч, түүний гар утсанд 90398541 дугаарын утаснаас хуурамч мессеж илгээж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2,070,000 төгрөгийн үнэ бүхий пүүз, куртик, футболк, өмд зэргийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас Б.А, Б.Ц нарын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А, Б.Ц нарыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А, Б.Ц нарт тус бүр 1 жил, 6 сар хорих ял оногдуулж, Б.А, Б.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Аын цагдан хоригдсон 58 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Б.Ааас 250,000 төгрөг гаргуулж хохирогч П.Бд олгож, Б.А, Б.Ц нар бусад хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-ийг хэрэгт хавсаргаж, 2 хос пүүз, хар өнгийн куртик, хар өнгийн өмд зэргийг Б.Ат буцаан олгож  шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “... өөрийн хийсэн хэрэг, энэ хэрэгт Б.Цг уруу татаж оролцуулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, харамсаж байна. Би прокурорын байгууллагад хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би хохирогч нараас гүнээ уучлалт гуйж, хохирлыг төлж, барагдуулсан. Анх удаагаа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн төлсөн, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг өөрчилж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч С.Санжаажамц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Ц, Б.А нар үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшдэг. Энэхүү эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчоор татагдсан П.Б 1,000,000 төгрөгийг Б.Ааас 2017 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авсан, хохирогч С.Цэрэнжаргалд 1,066,000 төгрөг, Т.Бд 2,070,000 төгрөг, В.В.В.Тт 1,800,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, хохирлоо тус тус төлсөн. Шүүхээс “шүүгдэгч Б.А, Б.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан шударга ёсны зарчим алдагдаж байна.

Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлаас дурьдвал Б.А, Б.Ц нар анх удаа залилан мэхлэх хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирогч нараас уучлалт гуйж, хохирлоо бүрэн барагдуулсан. Б.Ц нь сэтгэцийн хувьд эрүүл бус байж болзошгүй бөгөөд энэ гэмт хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдсон. Анх дүү болох Б.Аыгаа алт, самаранд яваад их мөнгөтэй болсон гэж ойлголт аваад мобайлаар иргэдээс эд зүйл худалдан авч байна гэсэн бодолтой явж байгаад уг гэмт хэрэгт холбогдсон байдаг. Гэрч Нямсүрэнгийн мэдүүлэгт “Б.Ц нь зан аашийн хувьд цагаахан, өрөвчхөн зантай, хааяа огцом уурладаг, багадаа галзуурч шархадны эмнэлэгт эмчлүүлж байсан, унаж татдаг, нэг хүүхэдтэй, хүүхэд төрүүлснийхээ дараа бас сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан. Шархадны эмнэлэгт нэг удаа хэвтэж эмчлүүлж байсан гэдэг.

Энэхүү мэдүүлгийг яагаад гомдолд дурьдах болсон шалтгаан нь гэвэл шүүх хуралдааны анхны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө улсын яллагч Н.Дамбадаржаатай миний 2 үйлчлүүлэгч уулзаж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд мэтгэлзэхгүйгээр хэргийг хурдан шийдвэрлүүлье, бүх хохирогч нарынхаа хохирлыг барагдуулсан, торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгууль оногдуулах ялаар яллаж өгнө үү” гэж саналаа хэлэхэд улсын яллагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд Б.Ц, Б.А нартай уулзаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм уу гэхэд миний 2 үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байна гээд шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдааны явцад Б.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа хэлсэн бөгөөд прокурорын асуусан асуултад Б.Ц нь эрүүл бус хариулт өгч, өөрөөр хэлбэл би энэ хэрэгт хамааралгүй дүүтэйгээ цуг л явж байсан гэж мэдүүлдэг. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ц нь сүүлчийн үг хэлэхдээ ч гэм буруугаа хүлээж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа хэлсэн боловч улсын яллагч Б.Цг гэм буруугаа хэлбэрийн төдий хүлээлээ хэмээн 2 жил 6 сарын ял сонсгосон. Энэ бүгдээс дүгнэхэд Б.Ц нь сэтгэцийн хувьд өөрчлөлттэй болох нь илэрхий байна. Мөн Б.Ц шүүх хуралдаан эхлэхийн өмнө л би жирэмсэн гээд жирэмснийхээ картыг үзүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд эх хувиар нь болон канондож гаргаж өгсөн боловч нотлох баримтаар үнэлээгүй.

Өмгөөлөгчийн зүгээс Цагдах хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс болон Баянгол дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмнэлэгт хүсэлт тавьсны дагуу тухайн байгууллагуудаас тодорхойлолт гаргаж өгсөн бөгөөд Б.Ц нь жирэмсэн болох нь тогтоогдсон. Иймд Б.Цд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасанчлан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх эсхүл 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалтыг баримталж оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү.

Мөн Б.А нь мэдүүлэг өгөх үеэсээ л гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан шүүх хуралдаанд ч гэм буруугаа хүлээж хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Түүний хувьд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.А урьд хорих ял шийтгүүлэн, ялыг тэнсэж 2 жилийн  хугацаагаар харгалзсан. Энэхүү ял нь 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдсан ба ялтай байдал нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар арилсан. Энэ нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй. Б.А нь гэм буруугаа үнэн зөвөөр мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн шатанд тогтвортой мэдүүлсэн. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогч П.Бгийн хохирлыг төлж барагдуулсан баримтыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж, танилцууллаа. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.

 

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.А, Б.Ц нар нь бусдыг хуурч, эд хөрөнгийг шилжүүлж авах буюу залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэм буруугийн талаар Б.А нь маргаагүй. Б.Ц нь анхан шатны шүүх хуралдаан болоход өөрийгөө жирэмсэн болохыг нотолсон баримт гаргаж өгөөгүй, удаа дараа ял шийтгүүлсэн болон хувийн байдлыг харгалзаад шүүх 1 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн тогтоогдож байгаа нөхцөл байдлаар Б.Ц нь 4 сартай жирэмсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа учраас түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх асуудал нь шүүхийн эрх мэдлийн асуудал гэж үзэж байна. Б.Аын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогч П.Бд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй. Түүний хувийн байдал, урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн байдал зэргийг шүүх харгалзан хорих ял оногдуулсан нь хувийн байдалд нь тохирч байгаа учраас энэ ялыг хэвээр үлдээх саналтай байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.А, Б.Ц нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бусад оролцогчид гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Б.А, Б.Ц нар бүлэглэн хохирогч нарт бараа худалдан авч байгаа дүр үзүүлэн, “үнийг гар утасны мобайл банкаар төлнө” гэж хуурч, гар утсанд нь өөрийн гар утаснаас банкны гүйлгээ хийгдсэн мэт хуурамч захиа илгээн зохиомол байдлыг бий болгох замаар:

- 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачлал” их дэлгүүрт булган малгай худалдаалдаг Т.Бгаас нийт 1,066,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг булган малгай,

- 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” дэлгүүрт булган шуба худалдаалдаг В.В.В.Тээс 1,800,000 төгрөгийн үнэтэй булган шуба,

- 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “All star” спорт барааны дэлгүүрийн худалдагч Д.Сээс 2,070,000 төгрөгийн үнэ бүхий пүүзнүүд, куртик, футболк, өмд зэргийг тус тус шилжүүлэн авсан,

- Б.А нь ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Торгоны зам” худалдааны төвд цаа бугын арьсаар хийсэн гутал зардаг П.Бгаас дээрх аргаар 1,250,000 төгрөгийн үнэ бүхий 2 хос цаа бугын арьсан гутлыг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- хохирогч В.В.В.Тийн: “... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үл таних эрэгтэй, эмэгтэй 30 орчим насны хоёр залуу орж ирсэн. Эмэгтэй нь “надад таарах малгайтай булган шуба байна уу” гэж асуухаар нь шубанууд үзүүлсэн. Тэд өмсөж үзээд “олон газар явалгүй эндээс авлаа, аавыг мөнгө шилжүүл гэж хэлье, утсанд маань нэгж байдаггүй та утсаа өгчих” гэсэн. Тэгэхээр нь би итгээд утсаа өгөхөд “ааваа эндээс шуба авахаар боллоо, та мөнгө шилжүүл” гэж ярьсан. Тэгээд миний утсыг буцааж өгсөнөө “өө дансны дугаарыг чинь өгөх юм байна” гэж хэлээд дахин миний утсыг гуйж аваад эмэгтэй нь нэг юм бичээд байснаа “за, за” гэж яриад гарсан. 5 минут орчмын дараа эргэж орж ирээд “эгчээ саяын шубыг ууталчих” гэхээр нь “мөнгөө авна” гэтэл “аав одоо данс руу чинь шилжүүлнэ” гэсэн. Тэгэхээр нь би “миний данс руу шижлүүлчих” гэхэд эрэгтэй нь “Би өөрийнхөө дансанд шилжүүлээд, дараа нь таны данс руу шилжүүлье” гэж хэлсэн. Тэгснээ “за, за орчихлоо” гэж хэлээд над руу шилжүүлж байна гэсэн. Миний данс руу мобайлдаж байгаа мэт бүх үйлдлүүдийг нүдэн дээр минь хийгээд явуулсан. Ингээд дансны үлдэгдэл дээр маань шубаны 2.150.000 нэмэгдэж орлоо гэсэн мессеж гар утсанд ирсэн. Тэгээд үлдэгдэл 2,210,776 төгрөг гэж гарч ирэхээр нь би “мөнгө ороод ирлээ” гэж бодоод шубыг өгөөд явуулчихсан. Маргааш нь очиж мөнгөө авах гэтэл байхгүй байна гээд байсан... Гайхаад өөрийн утсыг үзтэл миний утсан дээр 90199364, 90199864 гэсэн дугаарыг +131917 гэдэг нэр өгч хадгалаад, тэр хоёр дугаараар мессеж надад ирэхэд “ХААН” банкаар гүйлгээ хийгдэж байгаа мэтээр харагдаж, дотор нь гүйлгээ хийгдлээ гэж яг л мобайл банкаар мөнгө шилжиж ирж байгаа мэт мэдээлэл бичсэн байсан. Бас миний дансны үлдэгдлийг харчихаад шубаны үнийг нэмж шилжүүлж байгаа мэт харагдахаар мессеж бичиж явуулсныг мэдэж авсан...” /1-р хх- 47, 48/,

- хохирогч С.Цэрэнжаргалын: “... 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өглөө манай спорт барааны лангууны худалдагч Д.С над руу орлого хийх гэсэн чинь өчигдөр орой 2,800,000 төгрөгийн үнэ бүхий бараа эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд залилуулчихлаа гээд уйлаад ярьсан... “Тумбааш” дэлгүүрийн камерийн бичлэгээс 19 цагийн орчим эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай дэлгүүрээс бараа авч байгаа бичлэгийг “Си Ди” дээр буулган авсан...” /1-р хх-65/,

- хохирогч П.Бгийн: “... Торгоны зам худалдааны төвийн 2 давхрын цаа бугын арьсан гуталын лангуун дээрээ байж байтал 16 цагийн орчим 30 орчим насны 175-178 см өндөртэй, хар бараан өнгийн куртиктэй, малгай өмссөн, хар нүдний шил зүүсэн, хүзүүндээ шар өнгийн өргөн гинж зүүсэн, хуруундаа өргөн шар өнгийн бөгж зүүсэн бор царайтай залуу орж ирээд цаа бугын гутлын үнийг асуугаад “42 размерын гутал авна, та бүх 42 размерын гутлаа гаргаад ир” гэсэн. Тэгэхээр нь би бүх гутлыг гаргаж үзүүлсэн. Тэгтэл тэр өрөөсөн гутал өмсөж үзээд шууд авахаар болсон... тэр залуу банкны карт уншуулах гэхээр нь “манайх карт уншихгүй, ойрхон “ATM” зөндөө байгаа” гээд хамт “Миний дэлгүүр”-т ороход тэр залуу АТМ-д картаа уншуулаад “мөнгө гарахгүй байна” гээд над руу мобайлаар шилжүүлэхээр болоод миний нэр болон дансны дугаар аваад өөрийн гар утсан дээрээ бичсэн. Тэгээд удалгүй надад мессеж үзүүлээд “та хараарай, гүйлгээ амжилттай боллоо” гээд 1.485.000 төгрөг шилжлээ дансанд үлдэгдэл 500.000 төгрөг гэсэн мессеж үзүүлсэн. Тэгээд би итгээд түүнээс гар утасны дугаарыг аваад өөрийн гар утаснаас тэр дугаар руу залгахад миний дуудлага тэр барьж байсан гар утсанд очихоор нь итгээд лангуу руугаа явсан. “ХААН” банк орж дансаа шалгахад ямар ч орлого ороогүй, гүйлгээ хийгдээгүй байсан...” /1-р хх-86/,  

- хохирогч Т.Бн: “... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд “Ачлал” их дэлгүүрийн 2 дугаар давхрын 311 дүгээр лангуунгаа ажиллуулж байсан юм. Тэгтэл 30 орчим насны, цэнхэр өнгийн куртик өмссөн, доогуураа жинсэн өмдтэй, ноосон малгайтай эрэгтэй, 30 орчим насны, хөх өнгийн урт куртиктэй, шаргал өнгийн ноосон малгай өмссөн эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэд булган малгай худалдаж авна гээд малгай үзсэн. Эмэгтэй нь өөртөө малгай үзэж байгаад хар өнгөтэй саравчтай чихтэй 330.000 төгрөгөөр зарж байсан малгайг сонгоод “мобайл банкаар мөнгө шилжүүлнэ” гэж миний дансыг асуугаад “шилжүүлчихлээ” гээд хүлээгээд байсан. Тэгтэл орж ирэхгүй байсан болохоор нь “яасан юм бол шалгаадах” гэсэн чинь “миний утас нэгжгүй болохоор шилжээгүй байна, би ааваасаа нэгж аваад шилжүүлье” гээд миний утсаар залгаж ярьж байх шиг байсан. Ярьж дуусаад миний утсыг буцааж өгөөд жаахан байж байтал надад мессеж ирсэн. Хаанаас ирснийг нь хараагүй боловч 330.000 төгрөг таны дансанд орлоо гэсэн утгатай байх шиг байсан. Тэгээд би малгайг нь өгөөд явуулсан. 30-40 метр яваад нөгөө хоёр хүн буцаж ирээд “ерөөсөө ээж, аав хоёртоо малгай авна” гээд эрэгтэй буудаг хар малгай, эмэгтэй 71 загварын хар малгайг авахаар болж 736.000 төгрөг бас мобайлаар шилжүүлэхээр болсон. Миний утсанд мессеж ирэх шиг болсон боловч би яг харснаа сайн санахгүй байна. Түүний дараа утсаараа яриулаач гэхээр нь гар утсаа өгсөн. Нэг хүнтэй ярих шиг болоод буцаагаад өгсөн. Ингээд тэд малгайнуудаа аваад гарсан. Би 20 орчим минут өнгөрсний дараа өөрийн дансаа шалгатал над руу эхний 330.000 төгрөг болон сүүлийн 736.000 төгрөг шилжиж ороогүй байсан. Ямар учиртайг нь “ХААН” банкны лавлахаас асуухад ямар ч гүйлгээ хийгдээгүй байна гэсэн... 2-3 хоногийн дараа манай бэр фейсбүүк дээр “гранд плаза” төвөөс залилуулсан гээд сэжигтэй этгээдүүдийн зургийг тавьсан байна гэхээр нь үзтэл нөгөө намайг залилсан этгээдүүд яг мөн байсан...” /1-р хх-94-95/,

- гэрч Д.Сийн: “... 2017 оны 1 дүгээр сарын 15-ны оройн 18 цаг 45 минутын орчим “All star” нэртэй спорт барааны дэлгүүртээ сууж байтал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бараа сонирхож байгаад эрэгтэй нь хоёр пүүз өмсөж үзээд “энэ пүүзийг авмаар байна, ер нь сонголтоо хийчихлээ, эгчээ та пүүзээ сонго, аав мобайл банкаар мөнгө шилжүүлнэ гэсэн” гээд хоорондоо ярьсан. Тэгтэл хамт байсан эгч гэх эмэгтэй нилээд олон эмэгтэй пүүз сонирхож үзэд “давхар нөхөртөө пүүз авна” гээд эрэгтэй пүүз давхар үзсэн. Харин дүү нь гэх залуу “дүүдээ дахин нэг пүүз сонгон авна” гээд хайж байгаад эрэгтэй нь 360,000 төгрөгийн үнэтэй “гранет-2” загварын 42 размерын ягаан, 400,000 төгрөгийн үнэтэй цагаан өнгийн пүүзнүүд, 25,000 төгрөгийн үнэтэй хөх өнгийн эр фудболк, 50,000 төгрөгийн үнэтэй биеийн тамирын саарал өнгийн өмд авсан. Энэ хооронд эрэгтэй нь эмэгтэйдээ “эгчээ аав руу залгах гэсэн чинь гар утасны нэгж дуусчихлаа, таньд нэгж байна уу” гэхэд эмэгтэй “эгчийнх нь нэгж бас дуусчихлаа, яанаа” гэсэн. Эрэгтэй нь “аавтайгаа ярих гэсэн юм” гээд миний гар утсыг гуйж авсан. Энэ хооронд эмэгтэй нь 350,000 төгрөгийн үнэтэй найк загварын 40.5 размерийн эрэгтэй, 360,000 төгрөгийн үнэтэй “гранет 2” загварын ягаан өнгийн 41 размерын эрэгтэй, 360,000 төгрөгийн үнэтэй хар өнгийн 43 размерийн пүүзнүүд, 50,000 төгрөгийн үнэтэй биеийн тамирын хар өнгийн өмд, 100,000 төгрөгийн үнэтэй найк брэндийн хар өнгийн куртик, 25.000 төгрөгийн үнэтэй фудболк зэргийг тус тус авна гэж уутанд хийлгэсэн. Эрэгтэй, эмэгтэй хоёр нийлээд 5 пүүз, 2 өмд, 1 куртик, 2 фудболк авч нийт 2.800.000 төгрөг болсон. Энэ үед эрэгтэй нь “аав гар утсаа авахгүй байна” гээд миний утсыг буцаан өгсөн. Би тооцоогоо хийх гэсэн чинь эрэгтэй нь “эгчээ би өөрийнхөө авсан зүйлийн тооцоог хийлээ шүү” гээд надаар тооцоог бодуулаад 510,000 төгрөг болоод нөгөө залуу “олон юм авч байхад та хямдруулахгүй юм уу” гэхээр нь “500,000 төгрөг өгчих 10,000 төгрөг хаслаа” гэсэн чинь нөгөө залуу “мобайл банкаар тооцоог хийнэ” гээд миний “ХААН” банкны 5029596311 дугаарын дансыг авсан. Тэгтэл миний гар утсанд “ХААН” банкны +131917 гэсэн дугаараас таны дансанд 500.000 төгрөгийн гүйлгээ орлоо гэсэн захиа ирсэн. Харин эмэгтэйгийн тооцоо 1.210.000 төгрөг болсон. Тэгтэл эмэгтэйн гар утас дуугарч ярьж байснаа гар утсаа унтраасныхаа дараа дүү гэх залуудаа “аав чиний данс руу мөнгө хийсэн гэж байна, чи данснаасаа миний тооцоог хий” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө дүү гэх залуу нь “за” гэж хэлэн мөн өмнөх аргаараа миний дансны дугаарыг аваад 1.210.000 төгрөг хийсэн гэсэн захиаг миний утсанд илгээсэн байсан. Би тооцоо хийгдсэн гэж бодсон. Маргааш өглөө 11 цагийн орчим 2.080.000 төгрөгөө авах гэсэн чинь миний дансанд ямар нэгэн гүйлгээ ороогүй, залилуулснаа мэдээд гар утсаа сайн харсан чинь нөгөө залуу миний гар утсаар ярих гэж аваад өөрийнхөө гар утсны дугаарыг +131917 дугаараар хадгалаад над руу худлаа “ХААН” банкны өмнөөс мөнгө орлоо гэсэн захиа явуулан хууран залилсан болохыг мэдсэн...” /1-р хх-69-72/ гэсэн мэдүүлгүүд,

- Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-53, 76-77, 87, 97/,

- Б.А, Б.Ц нар хохирогч нарын гар утсанд өөрийн гар утасны дугааруудыг “+131917” гэсэн нэрээр хадгалж, “ХААН” банкны мобайл банк үйлчилгээг ашиглан гүйлгээ хийсэн мэтээр өөрсдийн гар утаснаас хохирогч нарт захиа илгээсэн байдлыг бэхжүүлсэн гэрэл зургууд /1-р хх-74-75/,

- “All Stars” спорт барааны дэлгүүрээс Б.А, Б.Ц нар бараа худалдан авч буй байдал хяналтын камерийн бичлэгт бичигдэн үлдсэнийг үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл, бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /2-р хх-64, 67/,

- Б.Аын сэжигтэн, яллагдагчаар байцаагдахдаа үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүхээс Б.А, Б.Ц нарыг “хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар эд хөрөнгийг нь залилан авсан” гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ц нь хохирогч нараас бараа худалдан авч байгаа мэт дүр үзүүлэх, мобайл банкны үйлчилгээг ашиглан төлбөр тооцоогоо хийхээр итгүүлэх зэргээр залилах гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр оролцсон болох нь хохирогч В.В.В.Тийн “... Эмэгтэй нь “надад таарах малгайтай булган шуба байна уу”... “өө дансны дугаарыг чинь өгөх юм байна” гэж хэлээд дахин миний утсыг гуйж аваад эмэгтэй нь нэг юм бичээд байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Т.Бн “... Тэд булган малгай худалдаж авна гээд малгай үзсэн. Эмэгтэй нь өөртөө малгай үзэж байгаад хар өнгөтэй саравчтай чихтэй 330.000 төгрөгөөр зарж байсан малгайг сонгоод “мобайл банкаар мөнгөө шилжүүлнэ” гэж миний дансыг асуугаад “шилжүүлчихлээ” гээд хүлээгээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Сийн “...эмэгтэй нилээд олон пүүз сонирхож үзээд “нөхөртөө пүүз авна” гээд эрэгтэй пүүз давхар үзсэн... эмэгтэйн гар утас дуугарч ярьж байснаа дүү гэх залуудаа “аав чиний данс руу мөнгө хийсэн гэж байна, чи данснаасаа миний тооцоог хий” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдож байх тул өмгөөлөгч С.Санжаажамцын “... Б.Ц нь Б.Аыг алт, самарт яваад их мөнгөтэй болоод мобайлаар иргэдээс эд зүйл худалдан авч байна гэж ойлгосон ...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч Б.А, Б.Ц нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол хор уршгийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв. Хэдийгээр шүүгдэгч Б.Ц нь 17-18 долоо хоногтой жирэмсэн байх боловч удаа дараа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, залилах гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэрэг нь оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүргэлээ.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “хорих ялыг тэнсэж, хянан харгалзах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Харин хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдах хугацаанд хохирогч П.Бд олгохоор шийдвэрлэсэн 250,000 төгрөгийг шүүгдэгч нар төлсөн байх тул энэ тухай магадлалд дурьдсан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.А нь хохирогч П.Бд 250,000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

                                    ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

М.ПҮРЭВСҮРЭН