Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 202/МА2020/00007

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 137/ШШ2020/00009 дүгээр шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: “А” ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Б-д холбогдох,

Гэм хорын хохиролд 9 246 636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2017 оны 10 сарын 14-ний өдөр Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд 3 хоног үзлэг шалгалтанд орж 2017 оны 10 сарын 17-ны өдрийн орой гаалиас гарах зөвшөөрлөө авсан 00-78 УНН улсын дугаартай автомашинд ачигдсан манай барааг иргэн Р.Б нь цагдаагийн байгууллагад үндэслэлгүй худал гомдол гарган шалгуулж 2017 оны 10 сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл 20 хоног саатуулж шалгуулсан. Манай бараанд ямар нэгэн зөрчил илрээгүй бөгөөд харин манай бараа маш ихээр эвдэрч дутсан. Манай ажлыг олон хоног саатуулсан дараагийн захиалгын татан авалтын хугацаа хэтэрсэн байсан учир тухайн ачааг хөлсний 3 машинд шилжүүлж ачиж 00-78 УНН улсын дугаартай автомашиныг Замын-Үүдээс Эрээн рүү оруулж дараагийн ачилтаа хийсэн. Дээрх худал гомдлоор олон хоног саатуулсан хоол буудал болон нааш цааш явах бензин тээврийн зардал гээд нийт 8 446 636 төгрөгийн зардал гарсан. мөн 2017 оны 11 сарын 08-ны өдөр гаалиас гарах зөвшөөрлөө авч гарсан 00-78 УНН улсын дугаартай машинд ачигдсан манай барааг иргэн Р.Б нь цагдаагийн байгууллагад дахин зориуд үндэслэлгүй гомдол гарган шалгуулж, 2017 оны 11 сарын 10-ны өдөр Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх газраас манай барааг Улаанбаатар хотын интердисижн дэх гаалийн хяналтын бүсэд буулгуулж нэг бүрчлэн шалгасан. Манай бараанд ямар нэгэн зөрчил илрээгүй. Дээрх гомдлоос болж 500 000 төгрөгөөр грушиг хөлсөлж 300 000 төгрөгөөр машин хөлсөлж бараагаа авсан. Дээрх худал гомдлоор гарсан зардал нийт 9 246 636 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 162 896 төгрөг болсон тул худал гомдол гаргаж манай үйл ажиллагаанд саад учруулсан Р.Бгаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү…” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Р.Б нь 2017 оны 10 сард “А” ХХК-ийн 00-78 УНН улсын дугаартай автомашинд гаалийн хяналт шалгалтыг 3 хоног хийлгээгүй бөгөөд уг машин дээрх ачааг гэрээн дээрх ачаатай тулгаж нягталж үзүүлэлгүй явуулсан байсныг холбогдох хуулийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан. Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба уг мэдээллийг хүлээн авч үндэслэлтэй эсэхийг нягталж үзээд хүсэлтийг хүлээн авсан гэж бодож байна. Хэрэв энэ машины ачааг ямар нэгэн байдлаар зөрчилгүй гэж үзвэл цагдаагийн байгууллага шалгаж үзэхгүй байх эрхтэй ба хүсэлт үндэслэлтэй байсан учир цагдаагийн байгууллага шалгасан. Тухайн үед Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн эрүүгийн ахлах төлөөлөгч Н.Р, тус албаны дарга хошууч Н.М, Замын-Үүд дэх гаалийн байгууллагаас зөрчлийн байцаагч Н.Г нар шалгаад гаальд худал мэдүүлсэн гэж үзэж татвар нэмж төлүүлэхээр шийдвэрлэж хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгахаар болсон. Тухайн үед бараа бүтээгдэхүүнээс дутсан эвсэл эвдэрсэн эсэх асуудлыг хариуцагчийн хувьд огт мэдэхгүй бөгөөд хэрэв бараа материал эвдэрсэн гэвэл буулгалтын компани болон хувь хүмүүс, холбогдох шалгалт хийсэн гаалийн байгууллага болон цагдаагийн байгууллага хариуцна гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс бараа материалыг эвдэж сүйтгээгүй тул хариуцах ёсгүй гэж үзэж байна. Уг шалгалтыг эрх бүхий байгууллагаас хийгээд урьдчилсан байдлаар барааны зөрүү гарсан бөгөөд хариуцагчийн зүгээс гаалийн шалгалтыг хийдэг, уг шалгалтыг зогсоох болон гаалийн шалгалтаас машиныг гаргах зөвшөөрөл олгодог субъект биш юм. “А” ХХК-ийн захирал Э.Э нь 3 хоногт шалгаад дууссан бараагаа авалгүй яагаад 20 хоносон учрыг мэдэхгүй байна. Р.Б уг хэрэгт хариуцагч болохгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Б-гаас гэм хорын хохирол 6 356 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 890 136 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162 896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116 654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож,

Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, Нэхэмжлэгч нь 2017 оны 10 сарын 17-ны өдрөөс 11 сарын 06-ны өдрийг хүртэл Замын-Үүд гаалийн газарт шалгуулсан гэх бөгөөд гаалийн байгууллагад шалгуулахдаа нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрийн хооронд нэр бүхий Д.Д, Т.Л, Т.Д, Д.Н, Б.О гэх 5 хүнтэй 500000 төгрөгөөр, мөн 2017 оны 11 сарын 04-ний өдрөөс 05-ны хооронд Д.Д, Т.Л, Т.Д, Д.Н, Б.О, О.О гэх 6 хүнтэй 500000 төгрөгөөр буюу 2 удаа нийт 1000000 төгрөгийн хөлсөөр ажиллах гэрээ хийж ачаа бараагаа буулгаж ачуулсан гэх тус 2 гэрээ нь ор үндэслэлгүй хуурамч бөгөөд энэ нэр бүхий хүмүүс нь тус ачаа барааг буулгахад байгаагүй юм. Үүнийг нотлуулахаар хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж тухайн ачаа барааг буулгах үед 5 болон 6 ачигч байсан эсэхийг гаалийн шалгалт хийж тоололцсон Замын-Үүдийн гаалийн газрын зөрчлийн гаалийн улсын байцаагч Л.Г гэрчээр асуулгахад өгсөн мэдүүлэгтээ “Уг ачаа барааг буулгахад миний танихгүй 2-3 хүн л байсан, тэд буулгасан” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Иймд хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан хэргийн оролцогч үнэн зөв тайлбар гаргах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуцлуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн хөлсөөр ажиллах гэрээ нь хуурамч үндэслэлгүй, гэрч Л.Г-н мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг шүүх үнэлэлгүй хэргийн нөхцөл байдлын талаар буруу ташаа ойлгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын гаальд шалгуулсан гэх нэхэмжлэгчээс Улаанбаатар хотод шалгуулахаар 3 машинтай ачаа тээвэрлэх гэрээ байгуулж хөлсөлсөн гэх 4800000 төгрөг, мөн Улаанбаатар хотын гаальд дахин шалгуулсан гэх ачигчын хөлсөнд 500000 төгрөг, тээврийн зардалд 300000 төгрөг, нийт зардал 5600000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн хувьд хариуцагч Р.Бгийн зүгээс Улаанбаатар хот болон бусад цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл огт гаргаагүй, тус гаалийн газарт үнэхээр шалгуулсан эсэх, ямар үндэслэлээр шалгуулсан тус машинууд нь Улаанбаатар хотын гаальд шалгуулсан эсэх нь тодорхойгүй дан ганц нэхэмжлэгч нь хариуцагч Р.Бгийн гомдлоор шалгуулсан гэх бөгөөд хариуцагч Р.Бгийн гомдлоор шалгасан бол цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг бүртгэж авч тэмдэглэх, мөн тус үндэслэлээр гаалийн байгууллага шалгасан бол шалгасан төрийн байгууллага хэний гомдлоор хяналт шалгалт хийсэн тухай акт үйлдэх учиртай юм. Гэтэл энэ талаар тус хэрэгт авагдсан нэг ч баримт байхгүй байна. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн 115 нэр төрлийн ачаа бараа нь угаасаа Улаанбаатар хот орох байсан бөгөөд хариуцагчийн гомдлоор Улаанбаатар хотод байгаа барааг Замын-Үүдэд авч ирж шалгуулаагүй учир Улаанбаатар хот руу ачаа барааг ачуулсан гэх тээврийн зардал 4800000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ачаа барааг буулгасан гэх асуудалд хариуцагч нь ямар нэгэн хамааралгүй тул ачигчаар 2-3 хүн байсан гэж огт хэлж мэтгэлцээгүй бөгөөд анхан шатны шүүх нь хэргийнхээ нөхцөл байдлыг ойлголгүй буруу зөрүү дүгнэлт хийж шийдвэрлэсэн үндэслэлгүй тул тухайн баримтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхээс хариуцагчаас гаргуулахаар заасан 6356500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хоолны зардал, замын хураамж 256500 төгрөгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн баримтууд нь тус ачаа барааг ачсан, буулгасан гэх гэрээ болон машины дугаарууд нь зөрүүтэй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зохигчдын гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэсэнтэй нийцээгүй болно. Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр судалсан баримтуудаас асуухад энэ баримтууд дээр бичсэн бичиг Э.Э миний бичиг, би өөрөө энэ баримтуудыг бичсэн нь үнэн гэсэн мэдүүлэг өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасан нотолгооны чадвараа алдсанаас гадна шүүхийн шийдвэр эргэлзээгүй байна гэсэнтэй нийцэхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.Б гэдэг хүн нь Замын-Үүд суманд миний сонссоноор 22 жил хүмүүсийг гүтгэж, хохироож явдаг хүн байгаа. Би маш их гомдолтой байна. Надад нэг ч ширхэг хуурамч материал гаргаж өгсөн зүйл байхгүй. 2016 оноос хойш би өөрөө баримт бүрдүүлэлт хийгээд явдаг болсноос хойш Р.Б нь намайг маш олон удаа үндэслэлгүй шалгуулж байсан. Тэр болгонд нь би Р.Бд холбогдуулж өргөдөл гомдол өгөхөд хэн ч, хаана ч хариуцлага хүлээлгээгүй одоо болтол Р.Б нэг ч хариуцлага хүлээгээгүй байгаа. Р.Б нь намайг бизнесийн алдагдалд оруулж 20 хоног саатуулчихаад шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ачигчийн зардал гээд яриад байгаа нь 1 машинд 1000 хайрцаг бараа ачигддаг, Замын-Үүд суманд буулгаж байгаа барааг ачигч нар 700000-1000000 төгрөгийн хооронд буулгадаг, барааг ангилж хурааж ялгаж чаддаггүй. Тиймээс би Улаанбаатар хотод очоод ачаа бараа буулгадаг 5-6 хүнийг авчраад буулгуулсан нь зайлшгүй үнэн. Ачааг буулгасан хүмүүс бүгд гарын үсгээ зурсан нь нэртэйгээ байгаа. Хэн 2-3 хүн буулгасан гэдгийг нь нотлоод байгаа юм. Ачааг маань буулгасан хүнийг хэн хооллосон юм, Р.Б хооллосон юм уу 2-3 хүн тэр ачааг ангилж буулгаад буцаагаад ачиж чадахгүй. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буулгасан ачааг гаалийн байгууллага шалгаагүй явуулсан гээд яриад байгаа. Гаалийн байгууллага нь шалгаад акт, тэмдэглэл үйлдээд, зөрчлийн байцаагч нь хүртэл үзэж хараад гаргаад явуулсан. Р.Б машины дор хэвтэх нь холгүй байж байгаад Цагдаагийн байгууллагад гомдол гаргадаг. Цагдаагийн байгууллага нь үндэслэлтэй байсан болохоор шалгуулсан байх гэж ярьдаг. Дараагийн татан авалтыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үед хийх ёстой байсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл зогссон байгаа. Худал баримт нэг ч ширхэг бүрдүүлээгүй. Би гэрээг өөрөө бичиж үйлдсэн нь үнэн, намайг гэрээг хийсэн болохоор хуурамч гэж үзээд байх шиг байна, хуурамч гэдгийг нь хэн нотлоод байгаа юм. Р.Б нь Замын-Үүдэд гаалийн бүрдүүлэлт хийж улсын төсвөөс хулгай хийгээд 20 гаруй жил болж байгаа. 2 жилийн өмнө би бодит байдлыг олон нийтийн сүлжээгээр гаргаж орон даяар харуулсан. Р.Б нь хүний эд хөрөнгийг дураараа тоолно гэдэг энэ асуудлыг гааль болон цагдаагийн байгууллага болиулж чаддаггүй. Энэ асуудал нь нотлох баримттай байгаа. Улаанбаатар хотод шалгуулсан “А” ХХК-ийн ачааг Гаалийн Ерөнхий Газар шалгасан акт, тэмдэглэл нь байгаа...” гэв.      

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.Б нь Замын-Үүдэд гаалийн бүрдүүлэлт хийж амьдардаг юм байна лээ. Э.Э нь бизнес эрхлээд Р.Б гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг байсан. Р.Бгаас өөр хүнээр гаалийн бүрдүүлэлт хийлгэхэд дарамт шахалтанд ордог. Э.Э нь 1 удаа гаалийн бүрдүүлэлтийг Р.Бгаар хийлгээд Р.Б нь гаалийн бүрдүүлэлтийг дутуу хийгээд “А” ХХК өөрсдөө алдагдалд орж 10000000 төгрөгийн торгууль хүлээсэн байдаг. Э.Э нь өөрөө эдийн засагч мэргэжилтэй болохоор ингэж алдагдал хүлээж байснаас гаалийн бүрдүүлэлтээ өөрөө хийгээд эхэлсэн болохоор дарамт шахалтанд орж эхэлсэн. Ачааг нь зүгээр явуулдаггүй. Замын-Үүдээс хөдөллөө Гааль болон Цагдаагийн байгууллагад өгнө, замд машиныг нь явуулдаггүй үйлдлүүд хийдэг. Э.Э нь Цагдаагийн ерөнхий газар удаа дараа гомдол гаргаснаар Замын-Үүд дэх Цагдаагийн байгууллагыг шалгаад гаальтай холбоотой асуудлыг шалгахаа боль, гаалийн байгууллагатай холбоотой асуудлыг өөрсдөө шалгана гээд энэ асуудал цэгцэрсэн. Энэ асуудлыг цэгцлэхээс өмнө Р.Б нь нөхөр Өлзийбаяртай нийлж гаалийн бүрдүүлэлт өгөөд гарахад цагдаагийн байгууллагад хандаж замын бүх сумдын хэсгийн төлөөлөгч цагдаа руу утасдаж гаалийн бүрдүүлэлтгүй машин явж байгаа гэж алхам тутамд нь зогсоож, цагдаагийн хамгаалалттай Улаанбаатар хотод сүүлийн ачаа нь шалгагдсан. Баримт нь хэрэгт байгаа. Э.Э өөрийгөө шалгуулсан гээд яриад байна. Өөрийгөө алдагдалд оруулаад явж байх хүн байх уу. Улаанбаатар хот орох байсан ачааг гэрээ байгуулж өөр машинд ачиж хөлс нэхсэн байна гээд байна. “А” ХХК нь жолоочтойгоо гэрээ хийж, ачаа нь Замын-Үүдэд 20 гаруй хоносон байгаа, дараагийн ачаа ачих болоход жолооч үүргээ биелүүлсэн, Р.Б нь гомдол гаргаагүй бол ачаа Улаанбаатар хот орох байсан нь үнэн, 2 удаа орохоор хугацаа өнгөрсөн. Ачаа нь Замын-Үүдэд хүлээгдээд зайлшгүй дараагийн татан авалт хийх байсан болохоор дараагийн 3 машинтай гэрээ хийж Улаанбаатар хотод ачаа нь очсон байдаг. Улаанбаатар хотод гаргасан гомдол нь үндэслэлгүй ямар нэгэн зөрчил гараагүй гэдэг нь хавтас хэрэгт байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Р.Бд холбогдуулан худлаа гомдол мэдээлэл гаргаснаас болж эд хөрөнгөд учирсан хохиролд нийт 9246636 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр эс зөвшөөрч “... нотлох баримтууд хуулийн шаардлага хангахгүй, Э.Э өөрийн гараар хуулж бичсэн, ... Р.Б цагдаагийн байгууллагад дахин мэдээлэл өгч шалгуулсан зүйл байхгүй ...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй богож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр эс зөвшөөрч “...нотлох баримтыг ... үнэлэх журмыг зөрчсөн, ... Улаанбаатар хот болон бусад цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл огт гаргаагүй ..., анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

            Тодруулбал анхан шатны шүүх ачаа тээвэрлэлтийн гэрээг үндэслэн үнэ 4800000 төгрөгийг бүхэлд нь гаргуулсан, мөн ачигч нарын хоолны зардал, Улаанбаатар хотод дахин гаалийн байгууллагад шалгуулсантай холбоотой зардал 800000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн, мөн зарим шатахуун, түлш худалдан авсан зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэлгүйгээр үнэлээгүй зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслээгүй буюу энэхүү дүгнэлтүүд нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Р.Б цагдаагийн байгууллагад үндэслэлгүй худал мэдээлэл өгснөөс бизнесийн хувьд нэмэлт зардал гарч эд хөрөнгөд хохирол учирсан гэж тодорхойлжээ.

          Эндээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т үндэслэсэн буюу хариуцагч Р.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хор болох нэмэлт зардлыг нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн эд хөрөнгөд учирсан хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс болсон буюу үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх  нь гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэх үндэслэл болно.

           Өөрөөр хэлбэл хариуцагч Р.Бгийн гаргасан гомдол мэдээллийн агуулга, уг гомдол мэдээлэл нь үнэн эсхүл худлаа байсан, энэ нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үндэслэл болох эсэх, улмаар нэхэмжлэгчид хохирол учирсан байх нь хариуцагч Р.Б  нэхэмжлэгчид гэм хор учруулснаас үүссэн хохирол, зардлыг төлөх үндэслэл болно гэсэн үг юм.

         Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар иргэн хэн боловч төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байх боловч дээрх хуулиудад зааснаар ийнхүү гаргасан өргөдөл, гомдол нь үнэн зөв байх, худал мэдээлбэл түүнд хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

           Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Р.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст “А” ХХК-ийн талаар буюу гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг гаргаснаар “А” ХХК-ийн Монгол Улсын хил Замын-Үүд дэх боомтоор 00-78 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачин оруулж ирсэн 115 нэр төрлийн, 1136 хайрцаг ачаа, бараанд цагдаагийн байгууллага болон гаалийн байгуулллага гаалийн хяналт шалгалтыг дахин хийсэн боловч “А” ХХК нь гаалийн бүрдүүлэлтийг хийж ногдох татварыг төлсөн болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/52 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /хх-5/, Гаалийн улсын байцаагчийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-134/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

              Мөн зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Р.Б нь “... машин дээрх ачааг гэрээн дээрх ачаатай тулгаж, нягталж үзүүлэлгүй явуулсан ...” буюу нэхэмжлэгч “А” ХХК-ийг гаалийн татварыг зохих ёсоор төлөөгүй байхад ачааг хилээр нэвтрүүлсэн гэсэн агуулга бүхий гомдол мэдээлэл гаргасан байх ба ийнхүү гаргасан гомдол мэдээлэл нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар үнэн болох нь тогтоогдоогүй тул түүний гаргасан гомдол мэдээллийг үндэслэлгүй худал байсан гэж үзэх үндэслэлтэйн гадна хариуцагч нь ийнхүү гомдол мэдээлэл гаргасан зорилго болон үндэслэл зэрэг өөрийн гэм буруугүйг нотлоогүй байна.

            Энэ нь хариуцагч Р.Бг худал гомдол мэдээлэл гаргаснаас нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэл болох тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйн гадна Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч нь гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу нэхэмжлэгчээс гарсан нэмэлт зардлыг төлөх үүрэгтэй болно.

               Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч Р.Бг 2017 оны 10 дугаар сарын 17, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус худал үндэслэлгүй гомдол мэдээлэл гаргасан гэж дурдсан байх боловч Гаалийн Ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх газраас /хх-88/ 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн хяналт шалгалтыг хариуцагч Р.Бгийн гаргасан гомдол, мэдээллийг үндэслэсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэхүү үйл баримт тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй холбогдох зардлыг хариуцагчаас гаргуулсан нь буруу байна.

           Нэхэмжлэгч нь хариуцагчийн үндэслэлгүй худал гомдлоор гаалийн хяналт шалгалтыг дахин хийлгэснээс ачаа, барааг дахин дахин ачих буулгах, бараа эвдрэх, мөн бизнесийн хувьд хугацаа алдаж, дараагийн ачааг хугацаанд нь ачуулахад дахин тээврийн хэрэгсэл болон жолооч хөлсөлсөн зэрэг ажиллагааг хийж, улмаар үүнтэй холбоотой нэмэлт зардал гарсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж нийт 9246636 төгрөг нэхэмжилжээ.   

           Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага бүрийн нотлогдох хэмжээг тодорхойлбол:

  1. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх зочид буудлын төлбөр 2 хүн, 5 хоног, нийт 250000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 1 хоног, 6 хүн, нийт 110000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 2 хүн, 5 хоног, нийт 250000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 1 хоног, 8 хүн, нийт 170000 төгрөг, бүгд 780000 төгрөг тус тус нэхэмжилж, “Гүрт-Уул” ХХК-ийн “Хөвсгөл” зочид буудлын тооцооны тасалбар баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч энэхүү үйл баримт нь хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн “Г” ХХК-ийн “Х” зочид буудлын тооцооны тасалбарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр /хх-114/ үгүйсгэгдсэн буюу шүүхэд гаргаж өгсөн тооцооны тасалбар нь баримтыг анх олгосон байгууллагын санхүүгийн баримтанд хавсаргагдаагүйгээс нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй болсон байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.
  2. Нэхэмжлэгч нь хоолны зардалд нийт 367700 төгрөгийг нэхэмжилсэн байх ба хоол хүнс хэрэглэх асуудал нь хүний зайлшгүй биологийн нөхцөл шаардлага бөгөөд хариуцагчийг худал гомдол мэдээлэл гаргаснаар хоол хүнс хэрэглэх шаардлагатай болсон гэж үзэх үндэслэлгүй буюу энэ утгаараа энэхүү зардлыг нэмэлт зардал гэж үзэхгүйн гадна нэмэлтээр хүнс авч хэрэглэх шаардлагатай байсан гэж үзэх нөхцөл нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хангах үндэслэлгүй.
  3. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Р.Бг дахин гомдол гаргаснаар Улаанбаатар хотод дахин ачааг буулгаж ачигчийн хөлс болон тээврийн зардалд нийт 800000 төгрөг зарцуулсан гэх боловч энэхүү үйл баримтанд хариуцагч Р.Б гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.
  4. Гаалийн хяналтын бүсэд алга болсон эд зүйл тавгийн үнэ, олон буулгаж ачсанаас болж эвдэрсэн барааны үнэ нийт 435600 төгрөг нэхэмжилсэн байх боловч мөн энэхүү үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хангах үндэслэлгүй.
  5. Хариуцагчийн үндэслэлгүй худал гомдол мэдээлэл гаргаснаас болж нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Улаанбаатар хот Замын-Үүд хооронд явж нэмэлт зардал гаргасан буюу замын зардал, ачигч хөлсөлсөн замын зардал, зарцуулсан түлшний үнэд нийт 1300336 төгрөг нэхэмжилсэн байх боловч энэ талаарх зарим нотлох баримтууд тухайлбал харилцагчийн дансны хуулга баримт эх хувь биш /хх-30, 31/, бэлэн мөнгөний зарлагын баримт нь дангаараа хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ шаардлагаас нийт 281090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу олгосон төлбөрийн баримт болон хамаарах бэлэн мөнгөний зарлагын баримтыг үндэслэн шатахуун түлш худалдаж авсан 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 170000 төгрөг /хх-28, 29/, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 195008 төгрөг /хх-32, 33/, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 202203 төгрөг /хх-35, 36/, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 63020 төгрөг /хх-48, 49/, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 202000 төгрөг /хх-55, 56/, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 187015 төгрөг /хх-59, 60/ нийт 1019246 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
  6. Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу жолоочид төлсөн хөлсөнд нийт 4800000 төгрөг нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч тал энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаалийн хяналт шалгалтыг дахин хийснээс дараагийн ачаа хилээр нэвтрэх хугацаа алдах эрсдэлтэй болсон учир ачаа, бараа ачсан байсан 00-78 УНН улсын дугаартай автомашиныг буцааж БНХАУ-ын Эрээн хот руу гаргаж, улмаар Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу 3 автомашиныг жолоочийн хамт хөлсөлж нэмэлт зардал гаргасан гэж тодорхойлж, ачаа тээвэрлэлтийн гэрээ /хх-67, 69, 71/, бэлэн мөнгөний зарлагын баримтыг /хх-68, 70, 72/ ирүүлжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд тэрээр 00-78 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачааг тээвэрлэхэд жолоочид тээврийн хөлсөнд түлшнээс гадна 1500000 төгрөг төлөх байснаа үгүйсгээгүй, нэхэмжлэгч уг зардлыг нэмэлт зардал гарсан гэж тодорхойлсныг үндэслэвэл уг 1500000 төгрөгийн зардлаас илүү гарсан зардлыг нэмэлт зардал гэж үзнэ. Улмаар нэхэмжлэгч тээвэрлэлтийн гэрээг Ш, Э нартай тус бүр 1500000 төгрөгөөр, Г-тай 1800000 төгрөгийн хөлсөөр тээвэрлүүлэхээр гэрээ байгуулсан боловч Ганхуягтай байгуулсан гэрээнд Г гарын үсэг зурсан гэж үзэхэд эргэлзээтэй буюу нэг хүний гараар бичигдсэн болох нь илтэд байх тул уг гэрээг хуульд заасан шаардлага хангасан бичгийн нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна. Иймд тээвэрлэлтийн гэрээ ёсоор зөрүү 1500000 төгрөгийг /4800000-3300000/ болон автозам ашигласны төлбөр 13000 төгрөгийг /хх-73, 75-86/ нэмэлтээр гаргасан зардал буюу гэм хорын хохирол гэж үзэж хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй.
  7. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гомдол мэдээллийг үндэслэн цагдаагийн байгууллага болон гаалийн байгууллага ачааг шалгахаар дахин буулгаж ачих шаардлагатай болж ачигч хөлсөлсөн гэж нийт 750000 төгрөг нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч “А” ХХК-ийн хилээр нэвтрүүлсэн ачаанд гаалийн хяналт шалгалтыг дахин хийсэн, энэ зорилгоор ачааг дахин буулгаж ачсан, ийнхүү ачааг буулгаж ачихад ачигч хөлсөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хөлсөөр ажиллах гэрээ /хх-21, 61/, гэрч Л.Г-н мэдүүлэг /хх-155/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул дээрх 750000 төгрөгийг нэхэмжлэгчээс гарсан нэмэлт зардал гэж үзэж хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй.

      Нэхэмжлэгчээс бичгийн нотлох баримтаар “бэлэн мөнгөний зарлагын баримт”-уудыг ирүүлсэн, хариуцагч талаас уг баримтуудыг хуульд заасан шаардлага хангаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлдээ дурдсан байх ба энэ талаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заажээ.

           Улмаар Монгол Улсын Санхүү, эдийн засгийн Сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ыг /энэ заавар Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар хүчингүй болсон/ үндэслэвэл бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт нь дагалдах баримт бичгийн хамт нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болж холбогдох тайланд хавсаргагдах тухай агуулга тусгагдсанаас үзэхэд “бэлэн мөнгөний зарлагын баримт” нь дагалдах баримт бичгийн хамт хүчинтэйд тооцогдохоор байгаа тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт ирүүлсэн дагалдах баримттай бэлэн мөнгөний зарлагын баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн болно.

          Тухайлбал хөлсөөр ажиллах гэрээ /хх-21, 61/, ачаа тээвэрлэлтийн гэрээ /хх-67, 69/, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасны дагуу олгосон төлбөрийн баримт /хх-29, 33, 35, 49, 56, 60/ зэрэг баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлсэн бөгөөд харин дангаараа бэлэн мөнгөний баримт болон дагалдах баримт нь эхээрээ биш баримтуудыг /хх-30, 31, 34, 37/ дээрх хуульд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж үнэлээгүй болно. 

         Түүнчлэн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээг байгуулахад эдгээр хуулиудад хэлбэрийн шаардлагыг заагаагүй бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохирч амаар буюу бичгээр хийнэ.” 42.2-т зааснаар “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчээс ирүүлсэн хөлсөөр ажиллах гэрээ, ачаа тээвэрлэлтийн гэрээг шүүхээс үнэлэхгүй байх буюу хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй юм.

              Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Р.Бгаас нийт 3282246 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 5964390 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 137/ШШ2020/00009 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... 6.356.500 ...” гэснийг “3282246” гэж, “... 2.890.136 ...” гэснийг “5964390” гэж,

          2 дугаар заалтыг “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 67466 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

          4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                                ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                                      Н.БАТЧИМЭГ