Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01313

 

2021           11            02                                          001/ХТ2021/01313

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 137/ШШ2020/00009 дүгээр шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 202/МА2020/000007 дугаар магадлалтай,

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

............д холбогдох

Гэм хорын хохиролд 9,246,636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Энхцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ............ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2017.10.14-ний өдөр Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд 3 хоног үзлэг шалгалтанд орж 2017.10.17-ны өдрийн орой гаалиас гарах зөвшөөрлөө авсан 00-78 УНН улсын дугаартай автомашинд ачигдсан манай барааг иргэн ............ нь цагдаагийн байгууллагад үндэслэлгүй худал гомдол гарган шалгуулж 2017.10.17-ны өдрөөс 2017.11.06-ны өдрийг хүртэл 20 хоног саатуулж шалгуулсан. Манай бараанд ямар нэгэн зөрчил илрээгүй бөгөөд харин манай бараа маш ихээр эвдэрч дутсан. Манай ажлыг олон хоног саатуулсан дараагийн захиалгын татан авалтын хугацаа хэтэрсэн байсан учир тухайн ачааг хөлсний 3 машинд шилжүүлж ачиж 00-78 УНН улсын дугаартай автомашиныг Замын-Үүдээс Эрээн рүү оруулж дараагийн ачилтаа хийсэн. Дээрх худал гомдлоор олон хоног саатуулсан хоол буудал болон нааш цааш явах бензин тээврийн зардал гээд нийт 8,446,636 төгрөгийн зардал гарсан. мөн 2017.11.08-ны өдөр гаалиас гарах зөвшөөрлөө авч гарсан 00-78 УНН улсын дугаартай машинд ачигдсан манай барааг иргэн ............ нь цагдаагийн байгууллагад дахин зориуд үндэслэлгүй гомдол гарган шалгуулж, 2017.11.10-ны өдөр Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх газраас манай барааг Улаанбаатар хотын интердисижн дэх гаалийн хяналтын бүсэд буулгуулж нэг бүрчлэн шалгасан. Манай бараанд ямар нэгэн зөрчил илрээгүй. Дээрх гомдлоос болж 500,000 төгрөгөөр грушиг хөлсөлж 300,000 төгрөгөөр машин хөлсөлж бараагаа авсан. Дээрх худал гомдлоор гарсан зардал нийт 9,246,636 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 162,896 төгрөг болсон тул худал гомдол гаргаж манай үйл ажиллагаанд саад учруулсан ............гаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:............... нь 2017.10 сард ............ ХХК-ийн 00-78 УНН улсын дугаартай автомашинд гаалийн хяналт шалгалтыг 3 хоног хийлгээгүй бөгөөд уг машин дээрх ачааг гэрээн дээрх ачаатай тулгаж нягталж үзүүлэлгүй явуулсан байсныг холбогдох хуулийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан. Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба уг мэдээллийг хүлээн авч үндэслэлтэй эсэхийг нягталж үзээд хүсэлтийг хүлээн авсан гэж бодож байна. Хэрэв энэ машины ачааг ямар нэгэн байдлаар зөрчилгүй гэж үзвэл цагдаагийн байгууллага шалгаж үзэхгүй байх эрхтэй ба хүсэлт үндэслэлтэй байсан учир цагдаагийн байгууллага шалгасан. Тухайн үед Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн эрүүгийн ахлах төлөөлөгч Н.Раднааханд, тус албаны дарга хошууч Н.Мягмарсүрэн, Замын-Үүд дэх гаалийн байгууллагаас зөрчлийн байцаагч Н.Ганхүү нар шалгаад гаальд худал мэдүүлсэн гэж үзэж татвар нэмж төлүүлэхээр шийдвэрлэж хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгахаар болсон. Тухайн үед бараа бүтээгдэхүүнээс дутсан эвсэл эвдэрсэн эсэх асуудлыг хариуцагчийн хувьд огт мэдэхгүй бөгөөд хэрэв бараа материал эвдэрсэн гэвэл буулгалтын компани болон хувь хүмүүс, холбогдох шалгалт хийсэн гаалийн байгууллага болон цагдаагийн байгууллага хариуцна гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс бараа материалыг эвдэж сүйтгээгүй тул хариуцах ёсгүй гэж үзэж байна. Уг шалгалтыг эрх бүхий байгууллагаас хийгээд урьдчилсан байдлаар барааны зөрүү гарсан бөгөөд хариуцагчийн зүгээс гаалийн шалгалтыг хийдэг, уг шалгалтыг зогсоох болон гаалийн шалгалтаас машиныг гаргах зөвшөөрөл олгодог субъект биш юм. ............ ХХК-ийн захирал Э.Энхцэцэг нь 3 хоногт шалгаад дууссан бараагаа авалгүй яагаад 20 хоносон учрыг мэдэхгүй байна. ............ уг хэрэгт хариуцагч болохгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 137/ШШ2020/00009 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ............гаас гэм хорын хохирол 6 356 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 890 136 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162 896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116 654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 202/МА2020/000007 дугаар магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 137/ШШ2020/00009 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ... 6.356.500 ... гэснийг 3282246 гэж, ... 2.890.136 ... гэснийг 5964390 гэж, 2 дугаар заалтыг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............гаас улсын тэмдэгтийн хураамжид 67466 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ............ ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Энхцэцэг хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. 1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, тодруулбал нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Тус шүүх “............” ХХК-ийн нэхэмжлэлтэй ............д холбогдох гэм хорын хохирол гаргуулах хэргийг 2020.01.07-ны өдөр хэлэлцээд 7 тоот шийдвэрийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч Э.Энхцэцэг шүүхийн шийдвэрийг 2020.01.14-ний өдөр гардаж авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4-т заасны дагуу нэхэмжлэгч нь шийдвэрийг 2020.01.14-ний өдөр гардаж авсан, тэрээр мөн хуулийн 120.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор буюу 2020.01.28-ны өдрийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020.02.05-ны өдөр хэлэлцэх товыг нэхэмжлэгч талд 2020.01.29-ний өдөр мэдэгдсэн. Шүүгчийн туслахаас хэзээ ирсэн гомдлын дагуу хэргийг хэлэлцэх талаар тодруулахад 2020.01.28-ны өдөр ирсэн гэх хариу өгсөн. Үүнээс үзэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх нь нэхэмжлэгч “............” ХХК-ийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байгаа нь тогтоогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах эрхийг хангахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэгчийн 9,246,636 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3,282,246 төгрөгийг хангаж, үлдэх 5,964,390 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шийдвэр, магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “............” ХХК-ийн 2017.10.14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гаалийн хяналтын бүсэд 3 хоног үзлэг шалгалтанд орж 2017.10.17-ны өдөр гаалиас гарах зөвшөөрлөө авсан 00-78 УНН улсын дугаартай автомашинд ачигдсан барааны талаар иргэн ............ нь Цагдаагийн байгууллагад үндэслэлгүй гомдол гаргасан. Хариуцагч ............гийн гаргасан үндэслэлгүй гомдлын дагуу 2017.10.17-ны өдрөөс эхлэн 2017.11.06-ны өдрийг хүртэл 20 хоног барааг саатуулан шалгасны эцэст бараанд ямар нэгэн зөрчил илрээгүй бөгөөд харин ийнхүү шалгах явцад барааг ачиж буулгаснаас бараа их хэмжээгээр эвдэрч дутсан юм. Ийнхүү барааг шалгах гэж олон хоног саатуулснаас дараагийн бараа татан авах хугацаа хэтэрсэн учир тухайн ачааг 3 амбаартай машинд шилжүүлэн ачиж 00-78 УНН улсын дугаартай автомашиныг Замын-Үүдээс БНХАУ-н Эрээн хот руу буцаан оруулж дараагийн ачилтаа хийсэн. ............гийн үндэслэлгүй гомдлоор барааг олон хоног саатуулснаас хоол, буудал, нааш цаашаа зөөвөрлөн авч явах шатахуун, тээврийн зардалд 8,446,636 төгрөг зарцуулсан. Үүний дараа ............ нь дахин 2017.11.08-ны өдөр гаалиас гарах зөвшөөрлөө авсан 00-78 УНН улсын дугаартай автомашинд ачигдсан барааны талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас дахин шалгуулах болсон. Ингээд 2017.11.10-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газраас манай барааг Улаанбаатар хотын интердисижн дэх гаалийн хяналтын бүсэд буулгуулж нэг бүрчлэн шалгасан бөгөөд шалгалтын явцад дахин ямар нэгэн зөрчил илрүүлээгүй. Энэ үндэслэлгүй гомдлын улмаас 800,000 төгрөгийн зардал гарсан. ............гийн 2 удаагийн үндэслэлгүй гомдлын улмаас нийт 9,246,636 төгрөгийн хохирлыг манай компанид учирсан. 2. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “Гүрт-Уул” ХХК-ийн “Хөвсгөл” зочид буудалд байрласан 750,000 төгрөгийн зардлыг тооцооны тасалбарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр үгүйсгэгдсэн, анх олгосон байгууллагын санхүүгийн баримт хавсаргагдаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон ............гийн үндэслэлгүй гаргасан гомдлын дагуу барааг шалгуулснаас нэхэмжлэгч дараах зардлыг гаргасан. Үүнд: Нэхэмжлэгч Э.Энхцэцэг, жолоочийн хамт 2017.10.17-ны өдрөөс 2017.10.21-ний өдрийн хугацаанд 2 хүний 5 хоногийн төлбөрт нийт 250,000 төгрөг, 2017.10.20-ны өдрөөс 2017.10.21-ний өдрийн хугацаанд 1 хоногт жолооч, ачигчийн хамт 6 хүний нийт 110,000 төгрөг, 2017.10.30-ны өдрөөс 2017.11.03-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 хоногт 2 хүний нийт 250,000 төгрөг, 2017.11.04-ний өдрөөс 2017.11.05-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 хоногт 8 хүний нийт 170,000 төгрөг буюу бүгд 750,000 төгрөгийн зардал гаргасан. Гэтэл дээрх баримтыг хариуцагч нь баримтаар няцаагаагүй бөгөөд тухайн хуулийн этгээдээс олгосон баримтыг нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон бөгөөд уг хуулийн этгээд тэдгээр баримтыг санхүүгийн баримтдаа хавсаргаагүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Энэ зочид буудалд Э.Энхцэцэг миний бие болон бусад жолооч, ачигч нарын хамт байрлаж үйлчлүүлсний нотолгоо болгож, төлбөр тооцоо хийсний илэрхийлэл болох “Гүрт-Уул ХХК”-ийн “Хөвсгөл” зочид буудлын нэр бүхий тасалбарт тухайн компани тамга тэмдгээ дарж баталгаажуулсан, санхүүгийн баримтаа өгсөн. Эдгээр баримтыг нэхэмжлэгч хуурамчаар бүрдүүлэх боломжгүй, хууль бус аргаар цуглуулаагүй, тухайн компаний тамга тэмдгийг хуурамчаар хийх боломжгүй, “Хөвсгөл” зочид буудал ч ямар компаний эзэмшилд байдгийг мэдэхгүй юм. Зардлын баримт өгсөн тухайн компани санхүүгийн баримтаа хэрхэн санхүүдээ хадгалдаг санхүүгийн баримтаа хэрхэн хөтөлдгийг миний зүгээс хяналт тавих боломжгүй. Нэхэмжлэгч Э.Энхцэцэг миний бие жолооч, ачигч нарын хамт Замын-Үүд суманд өвлийн ид хүйтэнд гудамжинд хоноогүй нь тодорхой. Мөн эдгээр хүмүүсийг хооллох нь тэднийг хөлслөн ажиллуулж байгаа миний үүрэг учир хоолны зардал гарсан. Гэрээний дагуу төлсөн хөлс бол зөвхөн ажлын хөлс бөгөөд эдгээр хүмүүс гэртээ байсан бол манай компаниас нэмэгдэл хоол, хүнсний зардал гарахгүй байсан. 3. Хариуцагч ............ нь 2017.11.10-ны өдөр дахин үндэслэлгүй гомдол гаргаснаар Улаанбаатар хотод ачааг ачиж буулгах, тээврийн зардалд 800,000 төгрөгийн хохирол учрахад түүний гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж үзэн хангахаас татгалзжээ. Дорноговь аймаг Замын-Үүд сумын гаалийн хяналтын бүсээс гарсан “............” ХХК-ийн 00-78 УНН улсын дугаартай автомашиныг Улаанбаатар хот орохоор явж байх замд нь Дорноговь аймгийн Айраг сумын цагдаагийн албан хаагчид ............ гэдэг хүний мэдээллээр саатуулах болсон гэдэг үндэслэлээр Улаанбаатар хотын гаалийн хяналтад шилжүүлсэн. Гэтэл уг ачаанд ямар нэгэн зөрчил илрээгүй болох нь Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх газрын дарга Ононгийн Дорноговь аймгийн прокурорын газарт хүргүүлсэн хариу мэдэгдсэн албан бичгээр тодорхойлогдоно. Хариуцагч ............гийн удаа дараа гаргасан үндэслэлгүй гомдлын улмаас ачаа тээвэрлэлтийн гэрээг 3-н жолоочтой байгуулсан бөгөөд хэрэв тэрээр худал мэдээлэл өгч ачаа барааг шалгуулаагүй байсан бол манай компаниас 4,800,000 төгрөгийн тээврийн нэмэлт зардал гарахгүй байсан гэж үзэж байна. ............гийн үндэслэлгүй гомдол, мэдээллийн улмаас нэхэмжлэгч “............” ХХК-ийн хуульд заасны дагуу гаалийн бүрдүүлэлт хийсэн ачаатай машин гааль дээр 20 хоног саатсан, үүнээс болж 3 машиныг жолооч, ачигчийн хамт хөлслөн бараагаа ачиж, буулгах, үүнээс үүдэлтэйгээр буудал, хоолны зардал гаргаж байж Улаанбаатар хотод хүргэсэн зэрэг нь түүний үйлдэлтэй холбоотой учир түүнээс учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Манай компани нь өөрийн зүгээс гаргасан бодит зардлыг л нэхэмжилсэн бөгөөд үүнтэй холбоотой дагалдан гарсан бусад зардлыг нэхэмжлээгүй болно. Ер нь бол Замын-Үүд сум дах ачигч нар арай өндөр үнэ хөлстэйгөөр барааг ачиж буулгадаг, үүнээс гадна буулгасан бараагаа ангилан ачдаггүй, бараанд эвдрэл гэмтэл их учруулдаг тул Улаанбаатар хотоос ачигч нарыг арай хямд үнэ хөлстэйгөөр хөлслөн авчирч, өөрсдөөс гарах зардлаа аль болох хямд байхаар тооцдог. Нэхэмжлэгчийн зүгээс гарсан зардлын талаарх баримтыг хуурамчаар болон хууль бусаар бүрдүүлээгүй, бодитоор гарсан зардал болох нь баримтаар тогтоогдож байгаа болно. Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч ............д холбогдуулан гэм хорын хохирол 9,246,636 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч гэм буруугүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчаас 6,356,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх 3,282,246 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаанд Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн хүлээх үүргийг хэмжээг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болсон, магадлалыг хэвээр үлдээхдээ хариуцагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл ............ нь 2017.10.17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст “............” ХХК-ийн талаар буюу гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг гаргаснаар Замын-Үүд дэх боомтоор 00-78 УНН дугаартай тээврийн хэрэгслээр “............” ХХК-ийн ачин оруулж ирсэн 115 нэр төрлийн, 1136 хайрцаг ачаа, бараанд цагдаагийн болон гаалийн байгууллага хяналт шалгалтыг хийсэн боловч “............” ХХК нь зөрчил гаргаагүй, гаалийн бүрдүүлэлтийг хийж ногдох татварыг төлсөн болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2017.11.29-ний өдрийн 5/52 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх-5/, Гаалийн улсын байцаагчийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-134/ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

“............” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “............... нь цагдаагийн байгууллагад манай компанийг гаалиар бараа оруулж ирэхдээ татвараас зайлсхийсэн гэж үндэслэлгүй худал мэдээлэл удаа дараа өгснөөс нэмэлт зардал гарч, хохирол учирсан” гэсэн байх ба давж заалдах шатны шүүх хариуцагчийг 2017.10.17-ны өдөр худал мэдээлэл өгсөн буруутай, харин дахин 2017.11.10-ны өдөр мэдээлэл гаргасан нь нотлогдоогүй гэж үзжээ. Хариуцагчийн мэдээлэл үнэн зөв байх ёстой гэж үзэж, энэ шалгуураар гэм буруутай эсэхийг тогтоох нь хэт өрөөсгөл болно.

Хариуцагч хууль бус зүйлийн талаар мэдээлэх нь буруу биш боловч тодорхой үндэслэл, баримт байгаагүй тохиолдолд мэдээлэл гаргах нь бусдын эрхийг зөрчих бөгөөд хариуцагч нь гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул хохирлын зарим хэсгийг хариуцуулсан шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, хариуцагч магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, зөвшөөрсөн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн буруутай үйлдэл, гэм буруу, гэм хор учирсан шалтгаант холбоо, хохирлын хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 202/МА2020/000007 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 110,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                            Х.СОНИНБАЯР

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД