Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0698

 

                                                         С.У-ын нэхэмжлэлтэй

                                                        захиргааны хэргийн тухай

 

           Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2017/0569 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.У-ын  нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2017/0569 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн захирлын 2016 онд төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 59.8 оноо буюу F дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.У-ыг урьд эрхэлж байсан Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.У-ын ажилгүй байсан хугацааны цалин 4.370.738 /дөрвөн сая гурван зуун далан мянга долоон зуун гучин найман/ төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмжид авсан 1.218.320 /нэг сая хоёр зуун арван найман мянга гурван зуун хорин/ төгрөгийг хасаж, нийт 3.152.418 /гурван сая нэг зуун тавин хоёр мянга дөрвөн зуун арван найман/ төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж давж заалдах гомдолдоо: “...талууд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг үнэлсэн хариуцагчийн үнэлгээтэй холбогдуулан маргаж байгаа болно.

Нэг. Шүүх үр дүнгийн гэрээний үнэлгээ буюу илтгэх хуудсыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн захирлын 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд 59F буюу хангалтгүй үнэлгээ авсан тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд 59.8 оноогоор үнэлэгдэж хангалтгүй оноо авчээ. Энэхүү үнэлгээг сайд тавихдаа холбогдох үндэслэлээ төсвийн ерөнхийлөн захирагч илтгэх хуудсанд тодорхой дурдсан.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д F буюу хангалтгүй үнэлгээ авсан бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болгосон.

...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын гадагш чиглэсэн үйл ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасантай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээр байна.

Гэтэл захиргааны актын гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн байх шинжийг агуулаагүй үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудсыг шүүх хүчин төгөлдөр бус үнэлгээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг илтгэх хуудас буюу үнэлгээ нь Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 11.6-д заасан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ юм.

Мөн уг үнэлгээг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж, тайлбарыг авсан бөгөөд нэхэмжлэгч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг захиргааны байгууллагад мэдэгдсэн байтал нэхэмжлэгчээр зөвшөөрүүлж гарын үсэг зуруулаагүй тул хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлтээр нэхэмжлэгч үр дүнгийн гэрээгээ ямар үнэлэгдсэн, уг үнэлгээний дагуу төсвийн шууд захирагчид төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хариуцлага тооцсон нь зүйтэй эсэхэд дүгнэлт хийгдээгүй үлдсэн, үр дүнгийн гэрээг дахин үнэлэх үү, эсхүл нэхэмжлэгчийн 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэлгүй орхигдох уу гэдэг нь тодорхойгүй үлдсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчид үнэлгээний талаар мэдэгдэж тайлбар авахад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг тайлбар өгсөн нь хэрэгт авагдсан байгаа. Харин шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчид үр дүнгийн гэрээний үнэлгээ болох 59 оноо тавьсан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан. Мөн шүүх цахим шууданд үзлэг хийгээгүй хэрнээ цахим нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэж байгаа нь ойлгомжтой байна.

Хоёр. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн.

Гэтэл дээрх хуулийн заалтууд нь нэхэмжлэгчийг чөлөөлөх шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохтой хамааралгүй заалтуудыг баримталсан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д F буюу хангалтгүй үнэлгээ авсан бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болгосон.

Гэтэл шүүх ажлаас чөлөөлөхдөө хуулийн зүйл заалтыг баримтлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө F буюу хангалтгүй үнэлэгдсэн гэдэг тодорхой үндэслэлээр шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас чөлөөлөх зохицуулалтыг баримтлах боломжгүй бөгөөд хариуцагч энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3-д заасны дагуу эрх бүхий этгээдээс тогтоосон хэм хэмжээг баримталж, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Говьсүмбэр аймаг дахь политехник коллежийн захирал С.У-ыг “төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, F үнэлгээ авсан” гэж мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч С.У-аас эс зөвшөөрч “хариуцагч гэрээг дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1, 6.5, 6.7 дахь заалтыг зөрчсөн, тодруулбал, ярилцлага хийгээгүй, үнэлгээний талаар тайлбар гаргах боломж олгоогүй, хүчин төгөлдөр илтгэх хуудас байхгүй, ...үр дүнгийн гэрээнд тусгагдсан төлөвлөгөөг хангалттай сайн гүйцэтгэсэн” гэж маргажээ.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө  төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ”, 6.5-д “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно.Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн “Илтгэх хуудас”-нд тайлбарыг хавсарган төсвийн шууд захирагчийн Хувийн хэрэгт хадгалах  бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно”, 6.7-д “Гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан байна.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь нэхэмжлэгчийн 2016 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө түүнтэй ярилцлага хийгээгүй, чухам ямар үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэнээ тодорхой тайлбарлаж, энэ талаар тайлбар гаргах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй, гэрээний нэг тал болох нэхэмжлэгч илтгэх хуудсанд гарын үсэг зураагүй, улмаар үнэлгээ хүчин төгөлдөр болоогүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь дээрх журмын холбогдох заалтуудтай нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь политехник коллежийн захирал С.У-ын 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг F буюу “Хангалтгүй” гэж дүгнэсэн үнэлгээ хууль бус, хүчин төгөлдөр болоогүй болох нь тогтоогдож байх тул шүүхээс түүний Үр дүнгийн гэрээг 59,8 оноогоор үнэлсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудас буюу үнэлгээ нь захиргааны акт биш” гэх гомдлын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Үр дүнгийн гэрээний үнэлгээ нь гадагш чиглэсэн, нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрхэд нөлөөлсөн, төрийн албан хаагчийн хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэж, “хангалтгүй” гэж дүгнэснээр түүнд шууд эрх зүйн үр дагавар учруулсан, захиргааны актын шинжийг бүрэн агуулж байх тул анхан шатны шүүх С.У-ын “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

            Мөн түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн өдөр болох 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын Мэргэжлийн боловсрол сургалтын хэлтсийн дарга А.Халиунаагаас нэхэмжлэгчид 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээнд үндэслэн төрийн албанаас халах шийдвэр гаргах болсон тухай мэдэгдсэнийг  нэхэмжлэгчид үнэлгээний талаар тайлбар гаргах боломж олгосон гэж үзэх боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

            Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, мөн захиргааны актыг гаргах шаардлага, бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заах шаардлагыг хангаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад маргааны үйл баримтад шууд хамааралгүй хуулийн зүйл, заалтыг баримталсан, бичиглэлийн алдаа гаргасан, мөн 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болон хэнд даалгаж шийдвэрлэж байгааг тодорхой бичээгүй нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0569 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...11 дүгээр зүйлийн 11.6, ...35 дугаар зүйлийн 35.1.5,” гэснийг хасаж, мөн заалтын “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд...” гэснийг “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн...” гэсний дараа “46 дугаар зүйлийн 46.2” гэж, “...ажилгүй байсан хугацааны...” гэсний өмнө “2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх” гэж, “...хийхийг...” гэсний дараа “хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН