Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 248

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хөдөлмөр,

халамжийн үйлчилгээний газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         П.Соёл-Эрдэнэ

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, энэ хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111/ШШ2018/0003 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0213 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Ц.М, өмгөөлөгч Ч.Н,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Д.М нар,

Нэхэмжлэгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111/ШШ2018/0003 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.М-ыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 7.722.141 төгрөгийг нэхэмжлэгч Ц.М-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үүрэг болгосон байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0213 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг баримтлан Ц.М-ын Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “...Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, энэ хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт анхан шатны шүүх ... уг зөрчлийг гаргасныг шалтаглан бусдаар гаргуулсан гэх хүсэлтийг үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу юм гэж дүгнэжээ. Би нэхэмжлэлийн шаардлагадаа урьд гаргасан зөрчлийн талаар маргаан үүсгээгүй, энэ талаар хариуцагч байгууллага энэ зөрчлийн талаар гаргаж тавьж байгаа миний гаргасан гэх зөрчил нь баримтууд болох У, Х нар нь дээрх гомдол мэдээллийг өөрсдөө гаргаагүй, дээрх баримтууд нь хуурамч нотлох баримтууд болох нь шүүхээс шаардан гаргуулсан баримтуудаар тогтоогддог. Тийм учраас хариуцагч байгууллага дээрх асуудлаар шалтаглан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн даргын зөвлөлийн хурал гэх нь болсон асуудлын үнэн бодит байдлын талаар хэлэлцэхийн оронд дарга Д.А нь зөрчил гаргасан хоёр баримтыг гарган тулгаж ажлаас гарахыг шаардаж байсан талаар тэмдэглэлд тусгаагүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр намайг дуудан ирүүлж хамтарч ажиллах хүний нэр дотор чиний нэр байхгүй, өргөдлөө өгөөд гар, 3 сарын тэтгэмж өгнө, үүнээс хойш тэтгэмж авах боломж байхгүй, хамгийн гол нь одоо л чамд тэтгэмжтэй гарах боломж байна гэх мэтчилэн дарамт шахалт үзүүлж байсан.

4. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол чөлөөлнө гэж заасан бөгөөд томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь санаачлагаар төрийн албанаас чөлөөлөхөд гаргасан хүсэлтийг төрийн албан хаагч өөрөө бичиж гарын үсэг зурсан байх шаардлагыг хуулиар тавиагүй тул дээрх хүсэлтийг Ц.М бичиж гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгах нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй ба хариуцагчийн давж заалдах гомдолдоо “...шүүхийн зүгээс хуулийн “өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт” гэдгийг заавал өөрийн гараар бичсэн байх гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна” гэх гомдол нь үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

5. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь санаачлагаар төрийн албанаас чөлөөлөхөд гаргасан хүсэлтийг өөрөө бичиж гарын үсэг зурсан байх шаардлагыг хуулиар тавиагүй ч гэсэн томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох Д.А нь өөрийн бичиг хэргийн ажилтнаар дамжуулан удаа дараа өргөдлөө бичиж өгүүлэх талаар утсаар шаардуулж шахалт, дарамт үзүүлж байсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх, Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, 16 дахь хэсэгт зааснаар итгэл үнэмшилтэй байх, үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг эрхийг хязгаарлаж миний үндсэн эрхүүдийг зөрчсөн гэж үзэж байна.

6. Өөрийн итгэл үнэмшил, хүсэл зоригоо илэрхийлэн өргөдөл гомдлоо гаргаж, төрийн байгууллага албан тушаалтнаар шийдвэрлүүлэх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо чөлөөлөгдөх хүсэлт гэдгийг заавал өөрийн гараар бичсэн байх гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэснийг анхан шатны шүүх шийдвэртээ заавал гараар бичсэн байх гэсэн дүгнэлтийг гаргаагүй байна. Иймд аргагүй байдалд орж өөрийн танил П.Б-р өргөдөл бичээд өгөөч гэж гуйсан нь үнэн боловч томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан өргөдөлд дурдагдсан зүйлийг нарийвчлан шалгаж, тал бүрээс нь судлан дүгнэж, шийдвэр гаргах ёс зүйтэй байх ёстой гэж үзэж байна.

7. Төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан хүсэлтийг чин сэтгэлээсээ дүгнэн өөрийнх нь хүсэлт мөн эсэхийг нарийвчлан шалгаж, нөхцөл байдлыг зөв тогтоож дахин санал авах эрхийг хамгаалах үйлдэл хийгээгүйд гомдож байна.

8. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажил хүлээлцсэн акт нь Ц.М-ын өөрийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байсан гэдэг нь тогтоогдож байна гэж дүгнэжээ. Ажил хүлээлцэх явц нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээдээр оролцсон Д.Ц гэгчийг дагуулан ирж миний эрхэлж байсан ажлыг хүчээр хүлээлгэн өгсөн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажил хүлээлцсэн акт гэдгээс харахад намайг ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө буюу 3 сар 22 хоногийн өмнө ажил хүлээлцсэн акт гэгчийг гарган өгч хэрэгт хавсаргасан хуурамч нотлох баримт юм.

9. Мөн намайг ажлаас чөлөөлсөн тушаалийн хуулийн үндэслэлд Монгол Улсын засаг захиргаан, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийг баримталсан нь тушаал шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг зөрчиж байгааг анхаарч үзэхийг хүснэ.

10. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь дүгнэхдээ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0213 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны дугаар 111/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөх гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол” гэдгийг төрийн албан хаагч өөрөө заавал хүсэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурсан байхыг бус, харин хүсэлт гаргагчийн “хүсэл зориг” ямар нэгэн байдлаар илэрхийлэгдсэн байна гэж ойлгох нь зүйтэй.

13. Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч Ц.М нь нэхэмжлэлдээ “...П.Б-г миний өмнөөс өргөдөл бичээд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын нарийн бичигт хүргээд өгөөч гэж гуйсан...” гэж дурдсан, мөн үүнийг нотолсон гэрч П.Б-ын мэдүүлэг, “...Ц.М нь сонсох ажиллагааны дараа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргая, энэ алдаа дутагдлаараа ажлаас чөлөөлөгдмөөргүй байна, ... гэсэн тул түүний хүсэлтийн дагуу шийдвэрийг гаргасан” гэх утгатай хариуцагчийн тайлбар /үүнийг үгүйсгэх боломжгүй байна/, мөн нэхэмжлэгчээс “аргагүй байдалд орсон учир өөрийн танилаар өргөдөл бичүүлсэн” гэх утгатай шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээс үзвэл тэрээр төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ огт илэрхийлээгүй байхад нь түүнийг чөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин П.Б-р дамжуулан өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Нэгэнт нэхэмжлэгч Ц.М-ын хүсэлтийн дагуу П.Б нь түүний өмнөөс хүсэлтийг бичиж өгсөн, үүнийг нь үндэслэн хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан үйл баримт тогтоогдож байхад “би хүсэлтээ чин сэтгэлээсээ гаргаагүй, гэтэл шүүх миний хүсэлт мөн эсэхийг нарийвчлан шалгаж, нөхцөл байдлыг зөв тогтоож дахин санал авах эрхийг хамгаалах үйлдэл хийгээгүйд гомдож байна” гэх утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-7-д заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

15. Энэхүү маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь бус, харин тэрээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан эсэхийг тогтоох нь ач холбогдолтой бөгөөд энэ нь дээр дурдсанаар тогтоогдож байх тул “миний гаргасан гэх зөрчлийн баримтууд болох У, Х нар нь гомдол, мэдээлэл гаргаагүй, эдгээр нь хуурамч баримтууд...” гэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, мөн “ажил хүлээлцсэн акт хуурамч” гэх Тодорхойлох хэсгийн 8-д заасан гомдлын дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

16. Мөн маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийн удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэснийг баримталсан нь хууль бус гэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан гомдлыг хангах боломжгүй. Учир нь, хуулийн уг зүйл нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл биш, харин тухайн тушаалыг гаргах хариуцагчийн эрх хэмжээ, тушаалыг албажуулах тухай зохицуулалт байх тул үүнийг үндэслэсэн нь буруу гэдгээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

17. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагаа” нь иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хангасан тохиолдолд хийгдэхгүй байж болох тул /28 дугаар зүйлийн 28.1.3/ нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн гарсан маргаан бүхий актын хувьд “сонсох ажиллагаа явуулаагүй нь хууль бус” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болохыг дурдах нь зүйтэй.

18. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0213 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ