Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2016/0039

 

2016 оны 1 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2016/0039

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, Ж.Б*******, хариуцагч Х.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагчийн 2013 оны 9 сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар манай компанид нийт 68474200 төгрөгийн албан татвар, торгууль ногдуулсаныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 263987 тоот актыг хэвээр үлдээх шийдвэр гаргасныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч нар нь тус 263987 тоот актын илэрсэн зөрчлийн жагсаалт хэсэгтээ: 1. Хий бичилттэй НӨАТ-ын падаан ашиглан НӨАТ ногдох орлогоо бууруулсан, 2. ААНОАТ-ын тайлант орлого дутуу тусгасан, 3. НӨАТ-ын тайланд орлого дутуу тусгасан гэх нийт 474 646 400 төгрөгийн нөхөн татвар, 18 734 000 төгрөгийн хүү, нийт 68 474 200 төгрөгийн татвар төлүүлэхээр заасан байна.

1. С******* ХХК нь 2012 оны 10 сарын 30-ны өдөр Д******* ХХК-иас бараа материал худалдан авч 012340416 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 22 727 300 төгрөгийн падааныг хүлээн авч улмаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа худалдан авалт хэсэгт тусгасан болно. Тухайн үед падааны дугаар, компанийн нэрийг оруулан зохих журмын дагуу шивэн тайлангаа илгээсэн бөгөөд холбогдох татварын хэлтэс Татварын Ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3, 46.4 заасны дагуу хяналт шалгалтыг хийн ямар нэгэн зөрчилтэй гэсэн мэдээлэл гарч ирээгүй болно.

Гэтэл татварын байцаагч нар ийнхүү дараа нь хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоо бууруулж тайландаа тусгасан гэж үзэж нөхөн татвар ногдуулсныг Татварын Ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах комисс үндэслэл бүхий хэмээн дүгнэлт хийхдээ Д******* ХХК-ийн захирал албан тушаалтай Т.Н*******н мөрдөн байцаах ажиллагаанд сэжигтнээр өгсөн байцаалтыг хөтөлбөргүй нотлох баримт хэмээн үнэлж Саран жим ХХК-ийг буруутгасан нь үндэслэлгүй.

С******* ХХК нь Дархан наран сүлд ХХК-аас бараа материал худалдан авахдаа гэрээ хэлцэл байгуулаагүй, худалдан авсан бараа материалын нэр төрөл тодорхойгүй хэмээн дүгнэхдээ худалдан авалт бодитоор хийсэн байх, мөн худалдан авсан бараа материалын үнийн дүн чухал болохоос нэр төрөл чухал биш бөгөөд аливаа бараа материалыг заавал гэрээ хэлцэл хийсний дараа худалдан авдаг юм шиг буруу ташаа ойлгож буруутгасан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Д******* ХХК нь ч тухайн сарынхаа нэмэгдсэн өртөгийн албан татварын тайландаа борлуулалт хийсэн гэж тусгасан байх бөгөөд Татварын байцаагч нар ийнхүү зохих журмын дагуу тус падааныг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулан хуурамч болохыг тогтоолгоогүй, хуурамч болох нь С******* ХХК-тай холбогдох эсэх талаар дүгнэлт хийгээгүй байж, тухайн падааныг хуурамч гэж үзэж нөхөн татвар ногдуулсан.

2. Мөн С******* ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай компани бөгөөд ийнхүү
тус үүсгэн байгуулагч болох М.Ц******* миний бие компанийхаа захирлын
ажлыг өөрөө гүйцэтгэдэг болно. С******* ХХК нь БГД-ийн 6-р хороо, 10-р хорооллын Бэгдү хотхонд 15
айлын орон сууцны захиалагчаар ажилласан бөгөөд ийнхүү тус 15 айлын орон сууцны барилга ашиглалтанд орох үед өөрийн болон нөхрийн ар гэрийхэнд тодорхой метр квадрат байруудыг тухайн үеийн өртгөөр нь тооцон өгсөн болно. Тухайлбал:

Нөхөр Э.Г*******ын эмээ болох Бын Ц /ЧЛ46040361/-Д 35
мкв талбай бүхий 1 өрөө байр
, нөхөр Э.Г*******ын дүү болох Э.О /ЧЛ871О2071/-д 45.7 м.кв талбай бүхий 2 өрөө байр, өөрийн ээж болох Х.Э /УС54061809/-д 61 м.кв талбай бүхий 3 өрөө байр, Өөрийн ах болох М.Ц /ЧЛ76031176/-д 46.5 м.кв талбай бүхий 2 өрөө байр, мөн өөрөө нөхөр Э.Г******* /ЧК79020514/-ын хамт 155 м.кв талбай бүхий 5 өрөө байрыг тус тус өөрсдийн гэр бүлдээ авсан болно.

Өөрөөр хэлбэл нийт 1.384 м.кв талбайтай 15 айлын орон сууц нь 618 476 600 төгрөгийн өртөгтэйгээр боссон бөгөөд 1м.кв нь 449,050 төгрөгийн өртөгтэй болно.

С******* ХХК-ийн захирал М.Ц******* миний бие өөрийн болон нөхрийн аав ээж, ах дүү нарт дээрх орон сууцуудыг зах зээлийн өртгөөр нь тооцон шилжүүлсэн бөгөөд тухайн барилгыг баригдахад зориулж дээрх хүмүүсээс шилжүүлсэн орон сууцны өртөгтэй дүйцэхүйц мөнгийг өмнө нь С******* ХХК нь зээлж авч байсан нь тус компанийн холбогдох тайлан балансад тусгагдсан болно.

Өөрөөр хэлбэл С******* ХХК нь уг 263987 тоот актанд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дээрх хүмүүст зах зээлийн үнээр зарж борлуулан ашиг олоогүй учир Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан "үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний зориулалтын орлого" олсон гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

Учир нь тус Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Энэ хуулийн 8.1.1-т заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно" гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 14.4-т "Зээлийн хөрөнгөөр барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацаанд уг зээлийн хүүд төлсөн төлбөрийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэгт оруулж тооцох бөгөөд түүнийг ашиглалтад оруулсан үеэс зээлийн хүүд төлсөн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно" гэж тус тус заасан байна.

Татварын Ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 7.5 дахь заалтыг С******* ХХК нь зөрчиж хамаарал бүхий этгээдүүдэд орон сууцыг өөрийн өртгөөр нь зарсан нь буруу, хууль зөрчсөн хэмээн дүгнэхдээ нэгд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хоёрт өмчлөгчийн эрхэнд хөндлөнгөөс халдаж, эрхийг нь үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.

Тиймээс ийнхүү Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч нарын 2013 оны 9 дүгээр сар 19-ны өдрийн 263987 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй Саран жим ХХК-ийн Татвар ногдуулалт төлөлтийн байдалд Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Х.Б******* З.Ц нар 2008 оны 5 дугаар сарын 12 өдрөөс 2013 оныг дуусах хүртэлх баримтад иж бүрэн шалгалт хийсэн.

Шалгалтаар Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн мэдээлэл /2013 оны 04 дүгээр сарын 15-ны 26/898 тоот албан бичигт/-д Д******* ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 30 өдөр 012340416 тоот Нэмэгдсэн өртгийн падаанд 22727300 төгрөгийг хий бичүүлэн авч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан.

Саран жим ХХК нь 2011 онд 535165700 төгрөгийн борлуулалтын орлоготой, 2012 онд 73278800 төгрөгийн орлоготой нийт 609044500 төгрөгийн орлогыг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж татвар ногдуулан төлсөн байна.

Тус компанитай холбоотой мэдээллийг Баянгол дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1235 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд 15 байрыг нийт 865680000 төгрөгөөр худалдан борлуулсан гэрээ ирүүлсэн. Уг мэдээллийг үндэслэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан борлуулалтын орлого 227188700 төгрөгийн дутуу, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 224730300 төгрөгийн орлого дутуу нь шалгалтаар нотлогдсон тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл "8.1 Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.1 Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого" гэсэн заалтыг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл "Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ" 7.1.1 "Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, 74.1 74.2 74.3-т заасны дагуу нөхөн татвар, алданги, торгууль нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17 дугаар зүйл, 17.2, 17.1.1, 17.1.2-д заасны дагуу нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулж шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар[1] С******* ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж, нийт 68474200 төгрөгийн төлбөр ногдуулсныг тус компани эс зөвшөөрч Нийслэлийн болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд тус тус хандсаны дагуу дээрх актыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

1.Маргаан бүхий актаар тогтоосон Д******* ХХК-иас 2012 оны 10 сарын 30-ны өдөр 012340416 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 22,727.3 мянган төгрөгийн падаан хий бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийн талаар:

Хариуцагч нар Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2б/898 тоот албан бичиг[2], Татварын ерөнхий газрын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хяналт шалгалт хийх удирдамжийг[3] үндэслэн С******* ХХК-д хэсэгчилсэн шалгалт хийж, Д******* ХХК-иас 2012 оны 10 сарын 30-ны өдөр 012340416 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 22,727.3 мянган төгрөгийн падаан хий бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар 3155,4 мянган төгрөгийн хариуцлага ногдуулжээ.

Саран Жим ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д******* ХХК-аас 25,000,0 мянган төгрөгийн үнэтэй арматур худалдан авсан талаар нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын тайланд тусгасан, түүнчлэн санхүүгийн анхан шатны баримтууд болох 0012340416 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Д******* ХХК-ийн орлогын ордер[4] зэрэг баримтаар худалдан авалтыг хийснээ нотолсон байтал татварын улсын байцаагчид бараа материал худалдан авсан, борлуулсан талаарх мэдээллийн үнэн зөвийг татварын хяналт шалгалтаар тогтоогоогүй байна.

Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т заасан татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт холбогдох бусад баримт үйлдэх үүргээ татварын хяналт шалгалт явуулсан байцаагч нар биелүүлээгүй, тодруулбал С******* ХХК нь Д******* компаниас бараа худалдан авч, үнийг төлсөн эсэх, падаан болон бусад баримтуудад бичсэн үнийн дүн нь бодит байдалтай тохирч байгаа эсэх, нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь үндэслэлтэй эсэхийг анхан шатны баримтуудтай тулган тогтоолгүйгээр Улсын мөрдөн байцаах газрын мэдээллээр нотлогдсон гэж үзэж нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар Д******* ХХК-иас 2012 оны 10 сарын 30-ны өдөр 012340416 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 22,727.3 мянган төгрөгийн падаан хий бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэн 3,155.4 мянган төгрөгийн хариуцлага ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, актаар тогтоосон төлбөрийг бууруулж шийдвэрлэлээ.

Харин холбогдох байгууллагаас маргаан бүхий актад дурдагдсан Д******* ХХК-ийн 2012 оны 10 сарын 30-ны өдөр 012340416 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичилттэй эсэхийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

2. Маргаан бүхий актаар тогтоосон 2012 онд 227,188.7 мянган төгрөгийн орон сууц борлуулсан орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 2012 онд 224,730.3 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчлийн талаар:

Маргаан бүхий актаар С******* ХХК нь 2012 онд 227,188.7 мянган төгрөгийн орон сууц борлуулсан орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 31,542,0 мянган төгрөгийн хариуцлага, 2012 онд 224,730.3 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 33,777.0 мянган төгрөгийн хариуцлага ногдуулсан байна.

С******* ХХК 2012 онд орон сууц захиалан бариулж худалдсан орлогыг 621, 480.3 мянган төгрөгөөр тайлагнасан нь Баянгол дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1235 дугаар албан бичгээр ирүүлсэн Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт-д[5] захиалагч нарт 15 байрыг нийт 865,680.0 мянган төгрөгөөр худалдсан талаарх баримтаас зөрсөн гэж үзэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан борлуулалтын орлогыг 227,188,7 мянган төгрөгөөр бууруулж тайлагнасан, 224,730.3 мянган төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу төлсөн гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ... захирал М.Ц******* өөрийн компанийн захиалан бариулсан 15 айлын орон сууцнаас зарим байрыг өөрийн хамаарал бүхий хүмүүст зах зээлийн өртгөөр нь тооцон шилжүүлсэн бөгөөд тухайн барилгыг барихад зориулж дээрх хүмүүсээс шилжүүлсэн орон сууцны өртөгтэй дүйцэхүйц мөнгийг өмнө нь С******* ХХК нь зээлж авч байсан нь тус компанийн холбогдох тайлан балансад тусгагдсан болно.

С******* ХХК нь уг 263987 тоот актанд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дээрх хүмүүст зах зээлийн үнээр зарж борлуулан ашиг олоогүй учир Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого олсон гэж үзэх боломжгүй гэж тайлбарладаг.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ, 6.1.1-д энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг, 6.1.2-т ногдол ашиг, ашгийн хуваариалалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй, 6.1.3-т аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог гэж заажээ.

С******* ХХК-ийн үүсгэн байгуулах шийдвэр болон дүрмээр Саран Жим ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, 1 гишүүнтэй, өөрөөр хэлбэл М.Ц******* тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд компанийн бүх эрх, үүргийг өөрийн нэрийн өмнөөс хариуцахаар зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ хамаарал бүхий этгээд гэж тодорхойлсон С******* компанийн захирал М.Ц*******ын гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүсийг тус компанийн хамаарал бүхий этгээд гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 8.1.1-т заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно, 14.4-т Зээлийн хөрөнгөөр барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацаанд уг зээлийн хүүд төлсөн төлбөрийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэгт оруулж тооцох бөгөөд түүнийг ашиглалтад оруулсан үеэс зээлийн хүүд төлсөн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэсний дагуу хасагдах ёстой, татвар ногдох орлого биш гэсэн боловч маргаан бүхий актаар зээлийн хүүд төлсөн төлбөрт татвар ногдуулаагүй, харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 "Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа" гэсний дагуу С******* ХХК-ийн захиалан бариулсан орон сууцыг бусдад худалдсан орлого буюу Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасан үнээр татвар ногдох орлогыг тодорхойлох ёстой гэж үзэж Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, 74.1 74.2 74.3-т заасны дагуу нөхөн татвар, алданги, торгууль нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17 дугаар зүйл, 17.2, 17.1.1, 17.1.2-д заасны дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 227,188.7 мянган төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 22,718.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 6,815.6 төгрөгийн торгууль, 2,007.4 мянган төгрөгийн алданги, 224,730.3 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 22,473.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 11,236.5 мянган төгрөгийн торгууль, 67,4 мянган төгрөгийн хүү ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзлээ.

Маргаан бүхий актаар тогтоосон зөрчилд ногдуулсан хариуцлага /торгууль алданги, хүү/ нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж зааснаар татварын улсын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар С******* ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж, нийт 68,474.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулснаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 227,188.7 мянган төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд ногдуулсан 6,815.6 төгрөгийн торгууль, 2,007.4 мянган төгрөгийн алданги, мөн 224,730.3 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 11,236.5 мянган төгрөгийн торгууль, 67,4 мянган төгрөгийн хүү, маргаан бүхий актаар тогтоосон 22,727.3 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас хий бичилттэй падаанаар хасалт хийсэн зөрчлийг хүчингүй болгосонтой холбогдуулан уг зөрчилд ногдуулсан 3,155.4 мянган төгрөг, нийт 23,282.3 мянган төгрөгийн хариуцлагыг актаар тогтоосон төлбөрөөс бууруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар С******* ХХК-д 68,474.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг 23,282.3 мянган төгрөгөөр бууруулсугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН